Төр ба иргэний үүрэг, “Түлээ” царайлсан эндүүрэл

2016 оны 02 сарын 23

Одоо үед гудамжинд хүн өөрөө бүдэрч уначихаад “Энэ муу 76-г яаая даа байз !” гэж хараадаг “Мода” маягийн юм дэлгэрчээ. Эсвэл Элбэгдорж, Ганбаатар, Уянга нар бүгдийг шийддэг мэт хаяглах болж.

Энэ нь маш товчхондоо хүмүүс төр юу хийх ёстой, иргэн ямар үүрэг хүлээсэн бэ ? гэдгийг ялгаж мэдэхгүй байна гэсэн үг юм. Гэтэл гандангийн дэнжээс Бөмбөгөр руу урууддаг хэсэгт нэг гүүр байх бөгөөд түүнд нь нүх гарч хүүхэд доош нь унаад өгсөн тохиолдол бий. Энэ хүүхэд бол ёстой өөрөө унасан хүүхэд биш “Төрийн унагасан хүүхэд”. Тэр нүхийг бөглөтөл дахиад хэдэн ч хүүхэд унаж мэднэ.

Ийм зүйл дээр иргэд жинхэнээсээ төрийг харааж зүхэх хэрэгтэй. Гэхдээ эцэг эхийнх нь үүрэг бол тэр гүүрээр хүүхдээ явуулахгүй байх үүрэгтэй. Хамгийн харамсалтай нь бидний тэмцэл “Хоосон харааж зүхэх”-с хэтрэхгүй болчихсонд бий. Өөр нэг жишээ дурдвал автобус кондуктаргүй болсноос хойш архичин, тэнүүлчин, гаж донтонгууд дураараа дургих болсон.

Охидын эмзэг хэсгээс нь базах, бүр харж байгаад “Гар хангалга хийсэн” тохиолдол хүртэл бодитоор гарсан. Өмнө нь автобусны “Атаман” кондуктар байхдаа тэднийг чангалдаг байсан бол одоо жолооч л хөдлөхгүй бол хяналтгүй орон зай тэнд үүсчээ. Үүнд төр иргэний үүрэг давхар яригдана.

Манайд хөгшин настай хүнийг гудамжинд зодож байхад хүртэл “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэдэг хандлага түлхүү болжээ. Олон ч илжиг жороолсныхоо горонд бусдыг өмөөрсөн биш өөрсдөө хэрэгтэн болоод дууссан байдаг.

Уул нь иргэд шударга бус зүйлийг зогсоодоггүй юм аа гэхэд мэдээллэх үүрэг бий. Тэгвэл тэр автобусанд хяналтын камер маш сайн суурилуулж өгөх нь төрийн хийх ёстой ажил мөн. 

Үүний дараа мэдлэгийн талаар яригдах ёстой. Төр ямар үүрэг хүлээсэн бэ ? Хороон дарга юу хариуцаж, нийгмийн ажилтан ямар ажил хариуцсан, тэд ямар хүнд гэр өгөх үүрэгтэй, УИХ-н гишүүн нь юу хариуцсан ... Энэ талаар иргэд мэддэг байх хэрэгтэй. Одоо үед интернэт зөв ашиглаж чадвал бүгд өөрсдийн сайттай үйлчилгээтэй болсон, мэдээлэл нээлттэй бий.

Ингэж мэдэж байж нөхөр УИХ-н гишүүнээ, та өөрийн хүлээсэн ийм үүргийн дагуу ингэж ажиллаачээ ! гэж шаардах учиртай. Уул нь өргөдлийн байнгын хороо, эсвэл өөрт нь хаягласан хүсэлт албан ёсоор илгээвэл тэд хуулийн тодорхой хугацааны дагуу хариу ирүүлэх, мэдээллэх үүрэгтэй.

Нэр төдий иймэрхүү зүйлсийг үйлдэж явбал нүүр номоор харааснаас илүү сүүлд нь барьцтай үлдэцтэй байдаг. Учир нь энэ бол хуулийн дагуу иргэн нь төрдөө хандаад хүсээд явж байгаа процесс болж байгаа юм. Түүнээс асуудал болгоныг шударга царайлсанд нь хаяглаад байж болохгүй.

Нэг хэсэг Магнай, Ганбаатар, Уянга нарт Монгол улсын бүх асуудлыг хаягладаг болчихсон байсан. Одоо бараг л Mongol Comment гэдэг нэвтрүүлэг Монголын асуудлыг шийдчих мэтээр муйхарлан хандаж байна. Ийм хэмжээний мэдлэг мэдээлэлтэй, хэн нь юу хийх ёстойг мэдэхгүй байдалтай байвал бид доромжуулсаар л байна.

Дээр нь иргэд өөрсдөө сонгуулиа идэвхитэй өгөөд, архи ууж бэлэн мөнгө харж хэвтэхээ болиод, өөрийн чадах хэмжээндээ “Төрийг хүлээлгүй” хөдөлмөрлөөд байвал аяндаа үр дүн гарах л болно. Түүнээс биш төр цэвэршихийг эсвэл реформ болохыг хүлээж сууж байгаад гэнэт бүх зүйл сайхан болсных нь дараа “Заза одоо хөдөлмөрлөж эхлэе төр сайхан болчихсон юм чинь” гэдэг үлгэр хаа ч байхгүй.

Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн