Өршөөлийн хууль ба улс төр, хоосон хүлээлт

2015 оны 08 сарын 10

2013 оны 10 сард миний бие Хорих 421-р анги, Хүүхдийн хорих, Эмэгтэйчүүдийн хорих 407-р анги, Хаяг тогтоох, “111” гэх мэт газруудад баримтат нэвтрүүлгийн төсөл дээр ажиллан тэр цаг үе нь “Өршөөлийн хууль” маш эрчимтэй хэлэлцэгдэж байсан үетэй давхцдаг билээ. ШШГЕГ-н харьяа Тогтоол гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгээр хорих ангийн “Зоо” болон дотоод бүсэд чөлөөтэй нэвтэрч ялтан, хүмүүжигч, хянагч, шоронгийн дарга, нийгмийн ажилтан хүмүүстэй нүүр тулж уулзан 3 сар орчим болсон юм. Тэр үед миний бие “Өршөөлийн хууль” батлагдахыг дэмжиж байлаа. Одоо ч гэсэн тэр байр суурь маань хэвээрээ байна. Дэмжих шалтгаан минь бодит үндэслэлтэй юм.

Шалтгаан нэг – Ялын зүйл ангийг харгалзан суллана
Өршөөлийн хуулийн гол зорилго нь анх удаа буюу санамсаргүй гэмт хэрэг үйлдсэн хөнгөн болоод хүндэвтэр зүйл ангитай хүмүүст төрийн өршөөл үзүүлж амьдралаа дахин эхлэх, алдаагаа засах боломж олгох юм. Үүнийг нийгэм тэр чигээрээ алуурчин, хүчингийн гэмт хэрэгтэн, харгис гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдийг нэг өдөр олноор нь суллах гэж байна гэж ташаа ойлгон айж байгаа нь зүй хэрэг юм. Жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэж байгаа ялтануудын ихэнхи нь танхайн зүйл ангиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн 20 гаруй насны залуус бий. Хэдэн мянгаараа хэд дүү сайхан залуус шоронжин байхыг харах эмгэнэлтэй. Тэдэнд өршөөл үзүүлж болмоор санагдана. Давлиун, ойворгон насан дээрээ архи дарс буруу хэрэглэн, найз нөхдөө буруу сонгосноос болж алдаа гаргажээ. Ийм залуусыг “Гяндан, онцгой” дэглэмтэй хорих ангиас олон жилийн турш дэглэм буурч жирийн дэглэмт хорих ангид орж ирсэн жинхэнэ “Шоронжсон” нөхдүүдтэй нэг өрөөнд хийж орхих нь мэргэшсэн гэмт хэрэгтнийг төрүүлж байгаа хэрэг гэж харж болно.

Шалтгаан хоёр – Эдиийн засгийн нөхцөл
Монгол улс өнөөдөр санхүүгийн хямралтай байна. Улсын хэмжээнд нийт 7000 шахсан ялтан хоригдож байна гэсэн тоо байдаг. Тэдний нэг өдрийн хоол, дулаан, ус, захиргааны зардлыг тооцоход л хэдэн зуун сая ч билээ төгрөг болдог гэж уншсан.
Хоёр дахь хүчин зүйл бол өршөөлийн хуулийн сургаар “Залилан”-гийн гэмт хэрэг үйлдсэн ялтнууд, мөн хохирол барагдуулах ёстой ялтнууд маш идэвхитэй бусдын хохиролыг барагдуулж байгаа нь бодит дэвшил юм. Учир нь өршөөлийн хуулийн зүйл заалтанд хохирол төлбөрөө барагдуулсан байх ёстой гэсэн шаардлага бий. Хохирогчид дунд энэ мууг шоронд хатаая гэхээсээ илүү хэдэн төгрөгөө төлүүлээд авчих юмсан гэсэн бодолтой хүн олон бий.

Шалтгаан гурав – Хүүхэд эмэгтэйчүүд
Эрэгтэй хүүхдүүд зайсанд, эмэгтэй хүүхдүүд 407-р ангид хоригддог. 2009 оны өршөөлийн хуулиар бүх хүүхдүүд суллагдаж байсан гэдэг мэдээллийг хорих ангийн даргаас авсан. Хүүхдүүд ихэнхидээ хулгай хийсэн байдаг. Тэдний түүхийг сөхвөл бүтэн өнчин, улсаас болон эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүд байх нь олон. Ийм нөхцөлд тэдний хулгай хийснийг шууд буруутган шоронд хийх нь муйхар арга шиг санагдана.

Эмэгтэйчүүдийн хувьд залилан болон хүн амины хэргээр хоригдогсод дийлэнхи хувийг эзлэдэг. Нөгөө л улиг болсон гэр бүлийн хүчирхийллийн сэдэв. Алсан л бол алсан “Амиа хамгаалсан, хүүхдийнхээ амийг аварсан, өрсөж алсан, 10 жил тэвчсэн” гэдэг заалт ямар байх биш.

Харин улсын их хурал дээр гишүүдийн ярьж байгаа гол зүйл нь авилга авсан нөгөө намын нөхдийг суллуулахгүй байх, албан тушаал, улс төр гэдэг талийг хэтэрхий дөвийлгөж ач холбогдол өгөн дээр бичсэн зүйлсийг мартсан байна. Хуулиндаа тэр заалтаа нэмэлтээр оруулаад нарийвчлаад өгвөл болох зүйл дээр хуулийг тэр чигээр нь гацааж, удаашруулж 2 жилийн нүүрийн үзлээ.

7000 хоригдлын цаана 50000 ар гэр, эцэг эх горьдлого тавин хүлээж байгаа, батлахгүй юм бол тэдний сэтгэлээр тоглож хоосон хүлээлт үүсгэхээ болих хэрэгтэй. Тэгэхийг шаардаж байна !

Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн