Хамгийн том шийтгэл бол гэмшил

2015 оны 04 сарын 30

Би бага байхдаа ганц ширхэг аяга хагалчихаад маш их гэмшиж өдөржин аав ээж хоёрын ирэх цаг битгий болоосой гэж цаг руу хардаг байлаа. Одоо бодоход ганц муу аяга ...

Бид эцэг эхээсээ эмээдэг байлаа. Гэтэл эцэг эх маань биднийг зодож, хашгичиж, чичилж байсан удаа тун цөөхөн билээ. Тэд ердөө л би болоод миний эгч дүүд сайн муу, болно болохгүй гэдэг зүйлийг маш сайн ойлгуулж, ялгаж сургасан юм. Энэ нь гэхдээ хэзээ ч зодуур байгаагүй юм. Шилжилтийн тэр он жилүүдэд нэг ширхэг аяга гэдэг шөнө оёдлын машин түчигнүүлэн бээлий оёдог ээжийн минь нойр, өглөө уутанд хийгээд зах руу явдаг аавын минь хөлс байсан, түүнийг нь бид хардаг сонсдог мэдэрдэг байсан, тэр чимээнд нь унтдаг тийм үнэ цэнээр ирдэг зүйл гэдгийг нь мэддэг байсан учраас санамсаргүй аяга хагалсан ч буруу зүйл хийчихлээ гэж гэмшдэг байжээ. 

Гэтэл би огт алганы амт үзэж байгаагүй хүн үү гэвэл бас үгүй ээ. Хаяа үнэхээр зураас хэтэрсэн хэрэг тарьж банга хүртдэг байсан. Тэр нь ихэнхидээ тарьсан хэргийнхээ төлөө биш түүнийгээ нуусан ял байсан юм. Миний хүү худалч, хуурамч хүн болох нь гэж сургасан шийтгэл байсан юм болов уу ? Ийм тохиолдол маш цөөхөн, жилдээ хуруугаар тоолох уу үгүй юу л байдаг байсан. Хэзээ ч хэзээ ч би ээжийнхаа ёвроод авсныг, аавынхаа ганц ороолгосныг ХҮЧИРХИЙЛЭЛ гэж ойлгож байсан удаа байсангүй ээ. Яг үнэнийг хэлэхэд намайг тийм аргаар шийтгэхээс аргагүй болсондоо эцэг эх маань өөрсдөө их гэмшилтэй харагддаг байсан. 

Хүүхдийг хүчирхийлэх ... Хар элгийн танихгүй хүн биш бүр эцэг эх нь өөрсдөө хүчирхийлэх, хүсэл бодлыг нь сонсохгүй хүчирхийлэх, хулгайч мэт харьцаж гудамжны хараал урсгах, хүүхэд өсгөж байгаагаа ял мэт эндүүрэн “Би чамайг тэжээж байна” гэж тэнэглэх, хүүхдийг зодох, тэр ч байтугай хүндээр зодож бэртээх, хүчиндэх, зүй бусаар хүрэх шүргэх, өөрсдийн гэр бүл буруу төлөвлөснөөс болж хүүхдийг өнчин хоцроох, сургууль завсардуулж боловсролгүй хүн болгох, хүнд ажил хийлгэх, тэр ч байтугай хөдөлмөр хийлгэж хүүхдээрээ тэжээлгэх ... 

Энэ бол ГЭМ ЗЭМ юм. Хуулиар үгүй ч жамаар үүрэх ял юм. Хүүхдийг зодож байна, үзэн ядаж хүчирхийлж байна, хүүхэд гэдэг цагаахан цаасан дээр юу ч хамаагүй сараачиж байна гэдэг бол “Ирээдүйг” хүчирхийлж байна гэсэн үг юм. Биднээс үл хамааран ирээдүй цаг ирнэ, хүүхэд томроно, тэд нийгмийг улс орныг авч явах цаг ирнэ. Бид тийм чухал ХҮМҮҮСИЙГ хүмүүжүүлэх хамгийн том үүрэг хариуцлагатай хүмүүс. Энэ бол улс орны хөгжлөөс түрүүнд тавигдах ёстой. Улс гэж үнэндээ юу юм, нийгэм гэж чухамдаа хэн юм ? Хүн л биз дээ ? Хүн гэж тэгвэл юу юм ? Хүүхэд л биз дээ ? Үүнийг уншиж байсан том хүн та нар дунд хүүхэд насыг алгасаж ирсэн учрал байна уу ? Энэ бүхнээс холдоод хэлвэл зүгээр л төрүүлсэн аав нь ээж нь учраас бид хүүхдээ хайрлах, зөв хүмүүжүүлэх, зодож биш ойлгуулж ухааруулж өсгөх, буруу зүйл хийгээд өөрөө гэмшдэг ХҮН болгох үүрэгтэй, хариуцлагатай, азтай хүмүүс юм. 

Өнөөдөр хүүхдийг зодож хүмүүжүүлэхгүй байх дэлхийн өдөр гэнэ. Хүүхэддээ цаг гаргаад хүсэл мөрөөдлийг нь сонирхоод үзээрэй, гэр бүлээрээ тойрч суугаад халуун хоол идээрэй. Яг үүнийг уншсан аавууд гараа гаргаад хүүдээ хоол хийж өгөөрэй. Аавын хоол ховор мөртлөө хамгийн амттай байдаг юм шдээ. Хамгийн том шийтгэл бүр түүнийг зодох биш буруу зүйл хийсэн үедээ өөрөөр нь гэмшүүлж сургах юм шүү. 

Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн