Харвардаас би юу мэдэв?

2015 оны 04 сарын 06

Харвардад ирээд энэ мундаг залуустай уулзчихаад та бүхэнтэй харж, мэдсэнээ хуваалцахгүй бол амиа хичээсэн явцуу хэрэг болох биз ээ. Учир нь дэлхийн өнцөг булан бүрт, манай Монгол улсад ч энэ сургуульд орохыг мөрөөдөн тэмүүлдэг олон олон залуус байдаг билээ. Шөнө хагаслан буудалд хоноод өглөө Харвард руу хөдлөхийн өмнө бага зэрэг сэтгэл хөдлөн догдолж байлаа. Биднийг очиход Кенниди их сургуулийн улс төрийн ангид суралцдаг Оюун-Эрдэнэ гэдэг залуу тосож аван мэнд мэдэж, танилцахын завдалгүй түүний сонсдог өглөөний 10 цагийн хичээлд яаран амжиж суулаа.

Өмнө нь Канадын 2 том намын нэгнийх нь лидер байсан алдартай профессор “Бохир гар” нэртэй хичээл зааж байсан ба биднийг хараад Монголоос ирсэн гэдгийг сонсонгуутаа баяр хүргэж талархал илэрхийлсэн юм. Тэд ангиараа алга ташсан нь сайхан байсан. Мэдээж Оюун-Эрдэнэ өмнө нь зохицуулаагүй байсан бол ийм ховор боломж бидэнд олдохгүй байсан билээ. Ингээд л Харвардын аялал эхлэсэн юм даа. John Harvard-н хөшөө, дэлхийд 2-р зэрэгт ордог том номын сан, хуулийн сургууль, бизнесийн сургуулиудаар явж тус сургуулиудад суралцдаг Монгол оюутнууд нь биечлэн бидэнд анги танхимаа үзүүлж газарчиллаа.

Хуулийн сургууль нь хэрхэн сократын арга барилаар хичээлээ явуулдаг, бизнесийн сургууль нь яаж кейс дээр ажилладаг талаар гэх мэт 2-с дээш жил суралцаж буй “Амьдралыг нь туулсан” оюутнуудаар тайлбарлуулж явах үнэхээр бодитой бөгөөд бахархалтай байлаа. Харвардын их сургуульд нийтдээ нэг багш 6 Монгол оюутан суралцдаг ажээ. Гэхдээ бидний уулзалт зөвхөн Харвардаар хязгаарлагдсангүй. Орой нь илүү гайхалтай уулзалт болсон юм.

Орой 18 цагаас Тайланд хоолны ресторанд бид 10 хүний хоол захиалсан байсан ч Boston-д амьдардаг MIT, Brown-н их сургуулийн оюутнууд тусгайлан зорьж ирсэн юм. Тэдний дундаас Brown их сургуульд сурдаг Тукаг би онцолмоор байна. Түүнийг өмнө нь би 4 урилга нэвтрүүлэгтээ зочиноор урьж байсан бөгөөд маргааш өглөө нь шалгалттай байсныг нь ч үл хайхран цаг гарган холоос иржээ. Тука энэ жил төгсөж байгаа гэнэ. Тэр надад “Би төгсөөд Монголдоо очиж ажиллана” гэж нэвтрүүлэг дээр амласан бөгөөд би түүнээс ам асууж бичлэгээр баталгаажуулсан нэхэл хатуутай хүн.

Цаг хугацаа ч үнэхээр хурдан юм даа тийм үү ? Ингээд миний тэдэнд танилцуулахаар бэлдсэн “Лантуу хүү төсөл”, “Bright Mongolia” санаачлагын талаархи яриа буйдхан тэр ресторанд өрнөсөн юм. Гэвч 17 хүнд хүрч ярих нөхцөл хомс байлаа. Галбадрах ахын цаанаас жижигхээн цухуйсан тэр бүсгүй бол бидний дунд хамгийн “Том” хүн нь бөгөөд Харвардын их сургуульд багшилдаг Монгол профессор юм. Түүнтэй би 4 сард Монголд уулзахаар тохироод товчихон өөрийн төслөө танилцуулан, бусад залуустай нь суудал дамжин ярилцав.

Миний Монголд танихаас Алдрай гэдэг мундаг охин хамгийн хойно нь тэр улаан цамцтай залуугийн хажуугаас цухуйж байна. Түүнд нутгаас нь дайсан мэндчилгээг би амаараа хүргэлээ. Гэх мэтээр бүгдийг нь дэлгэрэнгүй танилцуулмаар байвч энэ бичвэр арай жулдаж бас уртдах байх. Бүгд мундаг, яалт ч үгүй Монголын хөгжилд чухам хувь нэмэр оруулах залуус. Маш энгийн, сайхан санагдсан. Хамгийн урд суусан залуу бол MIT-с ирсэн зочин. Богинохон боловч сайхан уулзалт байсан.  Ингээд буцах замдаа би хэсэг бодлоо.

Эндээс би юу олж мэдэв? Гарчигнийхаа гаргалгааг хамгийн сүүлд нь бичдэг би одоо ямар ч учиртай юм. Товчлон хэлэхэд хэцүү өгүүлбэр л дээ нэг үгээр “ХАРВАРДАД ӨӨРӨӨ ХИЧЭЭЖ ХӨДӨМЛӨРЛӨЖ ЧАДВАЛ ХЭН Ч ОРОХ БОЛОМЖТОЙ БӨГӨӨД ХЭРВЭЭ ТЭНЦЭЖ Л ЧАДВАЛ САНХҮҮГИЙН АСУУДАЛ ДАГААД ШИЙДЭГДЭХ БОЛОМЖ БАЙДАГ, МОНГОЛЧУУД АЛЬ ХЭДИЙН ЭНЭ ЗАМЫГ АЛХААД ЭХЛЭЧИХСЭН, ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫГ ЭЗЭМШИЖ ЧАДДАГ ГЭДГЭЭ ХАРУУЛЖ, ИРЭЭДҮЙН МОНГОЛ ЗАЛУУСТ ЭНЭ ЗАМААР АЛХАХ БОЛОМЖИЙГ ГАРГАЖ, ХАРУУЛЖ, БАТЛАЖ ӨГЧ БАЙНА” гэж би бодлоо. 

Мэдээж хүн болгон Харвардад сурах байх албагүй л дээ, гэхдээ хэрвээ дэлхийн тавцанд Монгол улс уул уурхайгаар биш ухаан бодлоороо уралдах гэж байгаа бол дэлхийн боловсролын хамгийн өндөр оргил болсон энэ газар луу тэмүүлэх, тэр хэмжээний мөрөөдөлтэй байх хэрэгтэй юм болов уу. Учир нь би өөрөө харлөө, энэ хаалга ХИЧЭЭСЭН, МӨРӨӨДСӨН бүх хүнд нээлттэй юм байна. Хөдөө сумын хүүхэд яаж энэ хүртэл явсан түүхээ надад ярьж өглөө.

Нүдээрээ харсан надад итгэхгүй байх шалтгаан байсангүй. Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Том мөрөөдөж талд нь унаарай кккк  Харвардад тосож авсан Оюун-Эрдэнэдээ, бусад залууст, Галбадрах ах, 16 цаг машин барьсан Цогоо ах, хөтөлбөрийн залууст бүгдэд нь талархал илэрхийлье. Уулзах хүмүүс уулздаг гэсэн тэр учрал бизээ, дахин уулзахын ерөөл дэвшүүлье. Эх орныхоо төлөө аль ч замаар явсан бид аль нэг газар огтлолцох бизээ. 

Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.50 гайхалтай

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн