Солонгос дахь Монголчууд сайн байна уу? /2-р хэсэг/

2015 оны 02 сарын 04

11 жилийн өмнө 11, 16-хан настай хоёр охиноо орхиод Солонгос улс руу гэрээний ажил хийхээр явсан 40 гаруй насны нэг залуутай уулзаж хэсэг ярилцлаа. Газар товлоод уулзъя гэтэл “Өө болохгүй ахын дүү, гадуур баривчилгаа айхтар байгаа, чи хүрээд” гэсний дагуу метроны хэдэн шугам дамжин түүн дээр очсон юм. Бидний “Цусан зүгийнхэн” гэж нэрлэдэг Хятадын хойд нутгаас ирсэн хараар ажилладаг нэг хятад залуу Сөүл хотод хамт амьдардаг бүсгүйнхээ амь насыг харгисаар хөнөөсөн хэрэг олон нийтэд хүчтэй цацагдсанаар энд баривчилгаа чангарч 6 сарын онцгой байдал зарлагджээ. Мэдээж тэнд байдаг “Хараар” гэсэн тодотголтой ажилладаг 10 гаруй мянган Монголчууд маань энэ хомрогонд шууд өртөж таарна. Бид заримдаа Монголд хэт туйлширч гадаад гэсэн болгон руу дайрч давшилдаг. Хоёр орны хүмүүсийн харилцаа, соёл, эв найрамдал таагүй болвол гадаадад амьдарч буй олон мянган Монгол ахан дүүст маань шууд бус юм аа, гэхэд их таагүй нөлөө үзүүлнэ гэдгийг харин бид бодож үздэг болов уу ? 

Солонгост энэ өвөл цас их бага орсон гэнэ. Харин намайг метроноос буухад цас будран хаялж их бэлэгшээлтэй санагдлаа. Бид хоёр ойр зуурын юм ярисаар тэдний гэрт ортол аль хэдийн мах чаначихсан, бууз тавьчихсан, өрөм ааруул таваглачихсан жинхэнэ Монгол хүний найрсаг ёсоор сайхан угтаж авлаа. Би ч хэд хоноод л махсаж орхисон Улаанбаатарын утаа нь арилаагүй нөхөр юм болохоороо амаа мэдэхгүй мах зулгааж, сүүтэй цайнд өрөм хөвүүлэн суулаа. Ингээд бидний яриа эхлэсэн юм. 

Ч : За би ч одоо холоос зорьж ирсэн хүн есөн зүйлийн юм л асууна шүү дээ.

А: Өө асуу асуу, ах нь нэг сар гараад ерөөсөө ажил олдохгүй хэцүү л сууж байна.

Ч : Та анх яаж Солонгост ирсэн талаараа яриач?

А: 11 жилийн өмнө юм даа, 11, 16 настай 2 охиноо хөдөө орхиод л амьдралын эрхээр “Гэрээний ажилтан” болж энд ирсэн дээ. Одоо 2 охин минь нэг нь хүнтэй суугаад намайг өвөө болгочихлоо. Харинг бага охин минь сая их сургууль төгссөн. Ямар ч байсан олон жил зүтгэснийх 2 охиноо хотод авчиран дээд боловсролтой болгож одоо л нэг санаа амарлаа.

Ч : Та чинь тэгэхээр 11 жил гэртээ хариагүй яваа юм уу?

А: Тийм ээ, гэрээний 3 жилийн хугацаа дуусаад Монгол руугаа буцах болтол том охин минь их сургуульд орох болчихсон төлбөр нь нэхэгдээд, 2 охин маань хотод ороод ирчихсэн тэдний түрээсийн мөнгө, хувцас хунараас авахуулаад их хэцүү, хангалттай мөнгө хурааж амжаагүй миний хувьд бол шууд буцчихаж чадаагүй л дээ. Тэгээд л ойр зуурын өмсдөг хэдэн хувцсаа цүнхлээд зугтсан даа ер нь, одоо нөгөө хүмүүсийн хэлдэгээр “Харласан” гэдэг юм уу даа.

Ч : Та тэгээд хаачсан бэ?

А: Нэг Монгол хүнээр дамжуулан адууны бизнес хийдэг нэг Солонгосын дор ажилласан. Би өөрөө хөдөөний хүн л дээ, морь малийг бол дэндүү сайн мэднэ, тэгээд л надад арай ойр санагдсан хэрэг. Тэр Солонгос эзэн болохоор энд тэнд ааш нь эвдэрчихсэн адууг авчирч номхруулаад цааш нь зардаг тийм хүн байсан юм. Тэгээд л би тэр ажлыг нь гардаж хийсэн дээ. Гэхдээ их хэцүү, Монгол уламжлалт аргаар сургах гэхээр чихдэх гэх мэт аргыг хэрэглүүлэхгүй. Би тэгээд л үүрээр босож байгаад эзнийг хараагүй байхад жинхэнэ хулхийг нь буулгаж тавина даа. Адууны дэлэн дээр өссөн хүүхэд ганц чадах юм чинь одоо тэр юм байгаа биз дээ. Тэгээд л олон ажил сольсон дөө. Сая даавууны үйлдвэрт 7 жил тасралтгүй ажиллаж байгаад нэг жилийн өмнө л Сөүлд орж ирлээ. Энд ажил олдохгүй жаахан хэцүү л байна.

Ч : Гэснээс энд өрөм зардаг юм уу? Яг Монгол өрөм шиг л амттай юм.

А: Хүүе наадах чинь Монгол өрөм, хилээр бол яасан ч оруулахгүй л дээ, гэхдээ ах нь эрхбиш 11 жил энд байсан хүн байна даа аргыг нь олоод л захиад авчихдаг юм. Эдний хил дээр чинь бүр Монголын онгоц буулаа л гэвэл 4 нохой, заримдаа бүр 6 нохой тавина шүү дээ. Шуудай шуудайгаар нь хиам, ааруулаа хураалгана даа.

Ч : Хн, уул нь цагаан сар болох гэж байдаг, ядаж цагаан идээг нь оруулчихаж болдоггүй юм байх даа?

А: Тийм юм байхгүй ээ, гэхдээ тэгээд бас арга байна л даа /хамтдаа инээв/

Ч : Манайхны нэр хүнд энд ер нь хэр байна даа?

А: Нэг хэсэг хүмүүсийн гаргасан алдааг л нийтэд нь хамруулж яриад байгаа болохоос Монголчууд энд үнэхээр өдөр шөнөгүй хөдөлмөрлөж ар гэрээ тэжээж байна шүү дээ. Нэг ч Солонгосгүй айл нүүлгэдэг Монгол бригада хүртэл ажиллаж байна, хуучин тийм зүйл байдаггүй байлаа шүү дээ. Барилга нураалт, айл нүүлгэлт гэх мэт хүч шаардсан ажлыг бол ерөнхийд нь Монголчууд л базаж хамгийн сайн хийж байна шүү дээ. Мэдээж мэр сэр архидалт, хулгай гэх мэт зүйлс байгааг юуг нь нуухав, гэхдээ бүгдээрээ тийм биш шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй л дээ.

Ч : Та хэзээ Монгол буцах вэ ?

А: Нэг сайхан нартай өдөр л буцна даа, зээ хүүгээ одоо хүртэл хараагүй интернэтээр л үзээд баясаад байгаа. Өвөөдөө их сайн, заримдаа аав ээжийгаа байхгүй хооронд өөрөө асаагаад над руу ороод ирдэг юм. Өвөө хүү хоёр чинь их ярина өө, их ярина. Ямар ч байсан Шарга морьтод өөртөө таарсан нэг жижигхэн байшин бариулсан байгаа. Хотыг чинь их л утаатай болсон гэх юм, хотын утаанаас хол тэндээ сайхан амьдраад л үлдсэн насаа Монголдоо жаргалтай амьдрана даа.

Ч : Тэгэлгүй яахав, тэр ерөөл тань бат оршиг ээ

А: Баярлалаа ахын дүү, алив бууз ид дахиад цай уу хөөе ... 

Ийнхүү бидний яриа олон цаг үргэлжилсэн юм. Энэ хүний ярьсан тэр ажлуудыг би өөрийн биеэр хийж үзсэн, хүнд хэцүү байдгийг нь мэдэх учраас илүү сайн ойлгож байлаа. Ийм л хүмүүсээс бараг өдөр бүр шахам Монгол руу цэвэр үнэт цаасны хөрөнгө оруулалт сая, сая, сая төгрөгөөр хийгдэнэ. Зарим хүмүүс Immigration гэдэг “Мангаснаас” зугтан байж нуугдан олсон хэдэн төгрөгөө ар гэр луугаа илгээнэ. 20000 Монгол хүн сард гэр лүүгээ байр хоолоо хасаад нэг сая таван зуун мянган төгрөг явуулдаг гэвэл 30 тэрбум төгрөг. Энэ бүх мөнгө бол тэдний хөлсөө дуслуулан өдөр шөнөгүй хөдөлмөрлөж олсон мөнгө, энэ мөнгө бол Монгол улсын олон өрх айлыг тэжээж, сургаж, амьдруулж байгаа мөнгө. Тэдний хэн ч нь Монголоо голж Монголоос яваагүй, Монголд их сургууль төгсөөд сарын 400,000 төгрөгний цалинтай ажил олдохгүй байхад Солонгост хэдэн тавилга зөөгөөд өдрийн 180,000 төгрөг олж байна. Энэ бол бодит байдал. Цалингийн зөрөө ийм их мөртлөө юмны үнэ бараг адилхан, байрны түрээс бараг Солонгосын үнээс давсан.  Олон жил гадаадад ажиллаж, олон зуун мянган айлыг тэжээж, өөрийн үр хүүхэд эцэстээ Монголын ирээдүйг сургаж, өсгөж хүмүүжүүлсэн та бүхэнд баярлалаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
69.151.150.145 Та юу гэж бодож байна ...Yu gehee medehgui baina daa. Darga nar arai iluu heleh ugtei bol uu
112.72.13.87 Ямар ч байсан Шарга морьтод өөртөө таарсан нэг жижигхэн байшин бариулсан байгаа. Хотыг чинь их л утаатай болсон гэх юм, хотын утаанаас хол тэндээ сайхан амьдраад л ... гэжээ хөөрхий минь . 3-4 жилийн өмнө байх Шарга морьтоос цаана, бүр Хандгайтын цаана байгаа цэргийн амралтанд хоноод өглөө босоод харж байхад урдаас айлуудын утаа ороод ирж бна лээ шүү дээ. Тэгэхээр Шарга морьт ч утаан дунд л гэсэн үг дээ. Улс төрчид мань албан тушаалын эрх мэдэл булаацалдаж, улс орон ард түмнийхээ төлөө биш харин хоргодох байр болсон намынхаа төлөө л хоорондоо уралцахаас өөр юм хийхгүй байдаг болохоор ард иргэдийн чинь тодорхой хэсэг ингэж л эх оронгүй юм шиг зовж явна шүү дээ.
202.179.15.209 Яамаар ч юм бэ дээ
202.179.20.126 Аргагүй л үнэн хэлжээ. ”Монголд их сургууль төгсөөд сарын 400,000 төгрөгний цалинтай ажил олдохгүй байхад Солонгост хэдэн тавилга зөөгөөд өдрийн 180,000 төгрөг олж байна” гэж. Улс орон минь хөл дээрээ босож ард иргэд нь нутагтаа элэг бүтэн амьдрах өдөр хурдан ирээсэй.

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн