Сериалаар тарьсан буудайг мэсээр хураах аян /Солонгос солиорол/

2014 оны 12 сарын 21

  Улиг болсон яриаг орхицгооё. Угаасаа Монголчууд бид Солонгос Драмын солиоролд автаж медиагаар дамжиж орж ирсэн Хангүг соёлын нөлөөнд нэгэнт живсэн улс юм. Бид гэхдээ буруу хүмүүс руугаа чичлээд байх шиг. Солонгос кино үзэж байгаа үзэл бодол нь төлөвшөөгүй хэдэн хүүхдүүд руу дайрч давшлах биш харин тэдний толгой руу өдөр шөнө, өглөө оройгүй хүчээр шахам гадны хог шаар болсон зүйлсийг шүүлтүүргүй чихиж үүнийхээ төлөө үхэн хатан өрсөлдөж байгаа хэдэн зуун телевиз, гайгүй сериал оруулж ирээд дундуур нь дорвитой хэдэн реклам шахчих гэсэн салбарын доройтол, энэ арчаагүй байдал руу л буруугаа чихмээр юм шиг.

Хүчээр шахам үзүүлчихээд үзлээ гэж яллах зөв үү ? ...  За би үүний талаар ярих гээгүй юм аа. Солонгос сериал бол эхний шат байлаа. Одоо түүний үр нөлөө, түүгээр хүмүүжсэн түүнд тархиа угаалгасан бүхэл бүтэн залуусын үе, соёл гарч ирж байгаа талаар ярих гэсэн юм. Сайн соёл нь уусаг хамаагүй, новшын ганц нэг зүйлийн талаар хэлье.  “Царайлаг”, “Хөөрхөн” гэсэн гоо сайхны ойлголтууд яг Солонгос жишгээр явж эхлэлээ. Тарьсан ногоогоо хураахаар борооны дараахи мөөг шиг Солонгос мэс заслийн эмнэлгүүд ч олширлоо. Тэд судалгаа хийсэн гэнэ “Монгол хүүхнүүдийн эрүү нүүрний хөгжил буруу” гэнэ, яаралтай засах хэрэгтэй гэнэ ээ. Ер нь л манайхан болохгүй байна гэнэ, тэдний “Хөөрхөн” гэдэг шаардлагад нь нийцэхгүй байна гэнэ ээ. Үүнийгээ төлбөртэй нэвтрүүлгээр дамжуулан үргэлж хойморт минь заларч байна.

Ерөнхийлөгчийн орсон нэвтрүүлгийн араас кофе уугаад чалчиж байна. Ингээд Солонгос кинон дээр гардаг одууд шиг хөөрхөн болохоор өсвөр насны охидуудаас авахуулаад ээж нарынх нь цуваа үргэлжиллээ. Бурхан түүнийг буруу бүтээж гэнэ, эцэг эх нь муухай төрүүлж гэнэ ээ ! Сүүлдээ энэ бүхэн бүр даамжирч “Царай муутай охидуудыг хөөрхөн болгодог” Солонгосын шоу нэвтрүүлэг яг тэр чигээрээ орж ирж байна, удахгүй та нар үзэх биз. Энэ мөхөл шүү !!! Моод Монголоор дуусдаг гэдэг шиг хөөрхөн охины солиорол аль хэдэн жилийн өмнө дэлхийг шуугиулаад өнгөрсөн юм. Байгалаараа, өөрийнхөө төрсөн онцлогоороо, өөртөө итгэлтэй байдлаараа гоо сайхнаа тунхаглаж, гайхуулдаг эрин үе эхлэсэн. Гэтэл бид болсон болоогүй хүмүүсээр өөрсдийгөө сийчүүлсээр, үүнийгээ гоо сайхан гэж эндүүрсээр ...

Франц, Европ дэлхийн алдартай зурагчид Монголд ирэхдээ өөрийн төрхөөрөө, онгон байгалаараа байгаа бидний гоо үзэсгэлэнг дүрсэндээ буулгахаар л хүсэж тэмүүлж ирдэг юм. Эгэл даруухан хээрийн сархинд борлосон энгийн нэг Монгол охиныг хараад уулга алдан дурладаг юм. Харин Солонгосын мунхруулга дэлхийд ховорхон үлдсэн бидний сайхан төрхийг муухай харагдуулахаар оролдож, тархи угаан бизнес хийх гэж байна, мэс барин мөнгө олох гэж байна !  Би өөрөө Солонгос улсад суралцаж, амьдарч, кимчитэй шөл хоосон будаа идэж явсан хүн. Би энэ замаар явах юм бол хаана очиж төгсөх, хүн чанар хүний хамгийн сайхан зүйлс юунд халхлагдан худалдагдаж болохыг гадарлана. Тиймээс ч эмээж байна.

Царай муутай бол ажилд авдаггүй /тэдний жишгээр шүү дээ, яагаад гэвэл тэнд хэвлээд тавьчихсан юм шиг “Царайлаг” гэдэг томьёо бий/ , хөдөө тариаланд хүүхэн тогтдоггүй, мөнгө өнгөөр бүхнийг хэмжих гэсэн, өвгөд баатруудынхаа өлсөж, үхэж бүтээсэн огцом хөгжил золиосон дээр туульж яваа арчаагүй Солонгос залуус олон !  Харин Монгол бүсгүйчүүд бол юун Солонгос цаашаа шүү. Үндэсний хувцасны шинэ загвар орчин үед хүч түрэн орж ирж байна, Монгол охид бүсгүйчүүд дэлхийн тавцанд нэрээ дуурсгаж эхлэлээ, авьяас чадвар гоо үзэмжээрээ бид хэнээс ч дутахгүй байна, өдөр ирэх тусам бид өөрсдийн гэсэн зүйлээ үнэлж нандигнах, түүгээрээ гоёж бахархах боломжтой болж байна.

Яагаад бид гадны гэсэн болгоныг шүтэж мунхаглах ёстой юм бэ ? Яагаад бид өөрсдийн гэсэн болгоноо хэт дөвийлгөж туйлшрах ёстой юм бэ ? Алдсан ч хийх гэсэн нэгнээ дэмжиж яагаад болдоггүй юм бэ ? Бидэнд бусдад байхгүй түүх, соёл, уламжлал, хил, хэл байна шүү дээ !  Хүндэтгэсэн Чадраабалын Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.22.1 Байгалаараа, өөрийнхөө төрсөн онцлогоороо, өөртөө итгэлтэй байдлаараа гоо сайхнаа тунхаглаж, гайхуулдаг эрин үе эхлэсэн гэдэг үнэхээр үнэн. Өргөн шанаа булцгар хацар маань биднийг Солонгос, Хятадаас ялгагдах онцлог гэж би боддог
202.131.234.50 манайд гардаг солонгос сериалууд тэндээ гаргахаа больсон,одоо бол хүн чанарыг харуулсан сериал гардаг гэж солонгост амьдардаг хүн ярьсан.Манай залуус үнэхээр оюуны ядууралд орж,зөв амьдарч яваа залуус гаднаасаа л сайхан харагддаг.Манай хошин шог гэж бас нэг хэцүүхэн урлаг байнаа. 4 Урилга нэвтрүүлгийг үздэг болоод байгаа,Танд амжилт хүсье
107.77.75.60 Та юу гэж бодож байна ...za ene hunii ugiig sain sonsoj bai zaluusa.. bainga bichuulj yariulj bai ene zaluug
82.26.210.162 Та юу гэж бодож байна ...zovoo zov

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн