Хүндлэл

2014 оны 12 сарын 09

Хүндлэл хүндлэл хүндлэл ... Бараг ингэж бичсээр байгаад бичвэрээ дуусгачихмаар санагдана. Хайр дурлал, үерхэлд хүндлэл маш чухал. Яахав дээ бид эхэндээ хайр дурлал дээр их л сүрхий байдаг юм. Учиргүй машины хаалга онгойлгож гүйгээд л, боловсон сайхан харьцаад л. Харин “Тэр минийх болчихлоо” гэж мэдрэх үедээ хүндлэлийг алдаж эхлэдэг. Үүнийгээ зарим нь “Дотноссоных” гэж эндүүрдэг, санаа нь амарч хайнга залхуу болдог, тоомжиргүй бүдүүлэг харьцдаг. Өөрийгөө ч хүндэлдэггүй, өөрийнхөө хайртай хүмүүсийг ч хүндэлдэггүй харин хаа хамаагүй дарга, огт танихгүй одонцоруудыг хүндлээд хөлөө хугалчих гээд гүйгээд байдаг хүмүүсийг би огт ойлгодоггүй юм. Шөнө дунд чам руу хамаагүй нэгэн залгавал боломжтой байсан ч өөрийгөө хүндлээд битгий ав л даа тэр утсыг. Хэнд ч зоригтойгоор “Би чамд туслаж чадахгүйнээ, би юу ч хийхгүй гэртээ нэг өдөр амармаар байна” гэж хэлж чаддаг байгаарай. Тэр хүн чамайг хүндлэхгүй, чиний эрүүл мэндийг хайрлахгүй уурлаж байвал тэр л биз.

Өөрөө өөрийгөө хүндэл, өөрийнхөө орон зайг тунхагла, өөр хэнээр ч битгий эвдүүл, бүү зөвшөөр ! Өөрийгөө хүндлэхийн утга учрыг бүрэн ойлгодог хүн л өрөөл бусдад хүндлэл үзүүлдэг, ойлгодог. Хүндлэлгүйгээр харилцаа хаа хол явах вэ дээ. Чамд итгээд илэн далангүй байсных нь төлөө түүнийг дорд үзэж болно гэж үү ? Чи бахь байдгаараа хүйтэн хөндий царайлан бие эрхтэн, харагдах байдлаас бусад хаалгаа цоожилчихож болох л байсан шүү дээ. Ямар ч муухай өрөө байсан хаалгаа нээсэн зочинд муухай ханддаг ёс байхгүй. “Өө чи муу нэг их цэмцийгээд л өөгүй цагаан өндөг шиг яваад байдаг байсан үнэн хэрэгтээ ийм л ...” ... Тийм ээ үнэн хэрэгтээ хүн бүр ЭНГИЙН Л ХҮН учраас ойртох тусам ХҮН төрх нь тодордог.

Хүндлэл гэж тэгвэл юу вэ ? Түүний “Давтагдашгүй” орон зайг хүлээн зөвшөөрөх бол хүндлэлийн чухал үзүүлэлт юм. Тэр чамаас муу ч биш сайн ч биш зүгээр л ондоо гэдгийг ойлгохоос хүндлэл эхэлнэ. Хайр дурлал дээр жишээ авья л даа. Чинийх болно гэдэг нь чам руу өөрөө татагдан, үргэлж чинийх байхыг хүсэх тэр мэдрэмжийг хэлдэг болохоос хүчээр тэр хайрцагт оруулдаг байж таарахгүй, тэгэж чадах ч үгүй. Зүрх сэтгэлийг нь өөртөө татаж, хүндлэлийг хадгалж чадахгүй бол угаасаа хэзээ ч чинийх болохгүй, байгаа ч үгүй. Хүүхэд төрүүлээд гэртээ суулаа ч, хамтдаа нэг орон дээр унтлаа ч тэр хүн чинийх биш. Ийм учраас найзууд аа, амьдрал дээр ч хайр дурлал дээр ч бусдыг, өөрийгөө, ялангуяа хайртай дотно хүмүүсээ илүү хүндэлж хайрлаж сурцгаая. Угаасаа миний сайн найз юм чинь гээд ганц удаа сэтгэл гаргаж залгахгүй байх, бүх насаараа хамт амьдрах юм чинь гээд тоохгүй зөнгөөр нь орхих, “За хамаагүй угаасаа намайг ойлгоно” гээд үргэлж уулзалтандаа хоцрох, энэ бүхэн бол хамгийн чухал хүмүүсээ мартчихсан төөрч яваагийн жишээ юм шүү.

Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.21.151 Та сайн уншвал найз биш ”Хамаагүй нэгэн” гэж тодотгосон байгаа билээ. Мэдээж найзынхаа чухал утсыг хэдэн цаг ч байсан авалгүй л яахавЧ.Ганжавхл
107.77.87.87 Та юу гэж бодож байна ...bi naiziigaa hundleed utsaa bolomjgui ch baisan avsan ni Hundlel gej bodoj baina
107.77.87.87 tiim shvv
  • 2017 оны 12 сарын 04

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн