Үзэл бодол хоёр хуваагдана

2014 оны 12 сарын 05

Тийм ээ үзэл бодол хоёр туйл руу тэмүүлнэ ... Хаха ер нь яах ёстой юм бол ? Болохгүй бүтэхгүй бүх зүйл рүү “Ярий” гэж хэлчихээд “Болно, бүтнэ” гээд өөдрөг алхах ёстой юм болов уу ? Эсвэл сайтын мэдээ, саар болгоныг амьдралдаа тусган “Монголд амьдрах арга алга” гэж хий дэмий шогшрон суух нь зөв юм болов уу ? Энэ хоёр туйлд голч шугам байна уу ... 

Өргөө кинотеатрын үүдэнд нэг хүүхэд олон хоног дараалан суухыг харлаа. Кино тарах цагийг андахгүй хүлээж байгаад ээжийн тухай дуу дуулах юм. Гэр нь хол гуйлга гуйж эмээ дүү нараа тэжээдэг гэнэ. Тэсэхийн аргагүй өвлийн хүйтэнд хэдэн ч цаг энэ нимгэн хувцастайгаа сууж байгаа юм бүү мэд ... Байгаагаа сарвайх өрөвч сэтгэлтэй оюутан охин байхад дайрчих шахам зөрөөд өнгөрөх пальтотай залуус хэдэн арваараа ... Гэхдээ яана гэсэн үг вэ ? Түүнд 100 төгрөг өгсөн нь сайн хүн болоод үлдсэн зарим нь муу хүн болно гэсэн үг үү ? ... Өргөө кинотеатрын замын эсрэг талд Монголын хүүхдийн төлөө үндэсний газар байдаг ... 

Орон гэргүй тэр эмээг ...  гуйлга гуйх энэ хүүхдийг нийгмийн хэцүү асуудал гэж үзье. Нийгэм дээр ийм хэцүү асуудал хэдэн мянга бараг тоолж баршгүй. Бүгдээрээ нийлээд нэг хүүхдэд туслалаа гэж бодоход цаана нь хэдэн мянган хүүхдүүд өрөвдөлтэй хоцорч л байгаа. Гэлээ гээд нэг ч болтугай лаа асаасны буруу гэж үгүй. Гэхдээ л бодох төсөөлөх үед хэцүү санагдана ... Аль нэг хандивын аяныг ердөө судлаж ч амжаагүй байхад тийм төрлийн хүсэлт, постер, аяны зар өдөртөө хэдэн 10 ширхэг ирдэг. Явж явж гараа сунгаж байгаа хүмүүсийн дийлэнхи нь хүүхдийн ээжээс ялимгүй сайн амьдралтай ялгаагүй ядарсан хүмүүс байдаг ... Тэд нийлсээр хамжсааржаахан юм цуглуулсан нь хүүхдэд очих ёстой байсан мөнгийг идэж уусан хүмүүсийн гадаадад зугаацаад ирэх зардлын дайтай мөнгө болдог ... 

Тэгтэл бүх амьдрал бас тийм орвонгоороо эргэчихээгүй ээ. Болсон болоогүй улс төр, ялгаа нь байхгүй хэрүүл маргааныг огт тоохгүй, нийгэм дээр байгаа сайн сайхан бүхнийг өөртөө нялзаан өөдрөг сэтгэлээр амьдрах гэж зүтгэвэл болохгүй юм ердөө байхгүй. Явж явж үхэл биднийг өргөөд явчихаагүй цагт хүн ямар ч зовлонг туулаад л гардаг, тэр тусмаа хатуужиж хурцлагдаж байдаг гэдгийг бодолцож үзвэл хорвоо дэлхий хоёр талтай, өдөр шөнө хоёр өнгөтэй ... Өвөл болж цас будран шинэ жил хаяанд ирсэн энэ үед дулаахан орой гудамжны хямдхан кофе хүртэл романтик санагдана ... 

Хэцүү хялбар, хар цагааны голч шугам хаана байна вэ ? Хамгийн зөв арга бол гэрэл түгээж сүүдрийг дарах юм. Муу муухай бүхэнд бухимдаж хувийн амьдралаа хорлосны хэрэггүй /гол нь нөлөөлж чадахгүй зүйлдээ шүү дээ ! / Тэглээ гээд шударга бус зүйлийн хажуугаар сохор хүн мэт гарах ёсгүй. Хөөрхий нэг эмэгтэй хүчтэнд дээрэлхүүлж хөгийн залуус гудамжинд тойрч зогсоод сонирхож байвал хүч чинь хүрэхгүй ч ХӨГИЙН АМЬТАД гээд орилчих зоригтой байх хэрэгтэй. Өөрийнхөө нөлөөлж чадах хэмжээг зөв тооцоолон тэр хэрээрээ гэрлийг түгээж, сүүдрийг дарах ёстой. 1000 хүн нэгэн зэрэг утгагүй туйлширсан зүйлийг шээр хийж олонд түгээн 10 хүн л таны зөв эрүүл гаргалгааг анхаарахтай үгүйтэй байлаа ч та бичиж түгээж гэрлийг цацах хэрэгтэй. 

Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.15.209 Өөрийнхөө нөлөөлж чадах хэмжээг зөв тооцоолон тэр хэрээрээ гэрлийг түгээж, сүүдрийг дарах ёстой. Би энэ өгүүлбэрийг цээжилнээ. :-). Би ч гэсэн санал нэг байна.
112.72.13.14 saihan bichijee. Iim bodoltoi zaluus bdag gj bodhoor saihan bnshuu

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн