ОГТОРГУЙН ХҮҮХДҮҮД

2016 оны 04 сарын 06

“Нэр нэгтийн чих нэг” булан маань нэр хүндтэй, олон түмэнд танигдсан амидай нарт ижил асуултууд тавьж, тэдний адил болон ялгаатай тал, дотоод ертөнцийг бага боловч нээхийг зорьдог уламжлалтай. Энэ удаагийн гурван зочны маань нэгийг монголчууд төдийгүй олон улсад андахгүй.

Тэр ч бүү хэл “Саран, наран хоёртой саатан уулзаад ирсэн” түүнийг огторгуйн од, эрхэс ч “мэднэ”. Тэр бол Жүгдэрдэмидийн хүү, Монголын сансрын нисэгч, хоёр улсын баатар Гүррагчаа. Харин түүний хоёр амидай олны танил биш. Шинжлэх ухаанд нэвтэрхий суутан, улс төрийн зүтгэлтэн ч биш, бусдын адил жирийн л нэгэн.

Гэхдээ тэд өөрсдийн зам мөрөөр зөв сайхан явж, улс эх орныхоо ачааг үүрэлцэж буй идэр залуус. Гэр бүл, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө зүтгэж яваа бахархалт аавууд. Бас монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг цаг үргэлж сануулахаар 1981 оны гуравдугаар сарын 22-нд Монгол Улсад бүл нэмсэн тэнгэрийн элчүүд. Тиймээс аав, ээж нь хөвгүүдээ Гүррагчаа гэж нэрлэсэн.

Гомбосүрэнгийн Гүррагчаа, Ням-Осорын Гүррагчаа хоёр бол 35 жилийн тэртээд Жүгдэрдэмидийн Гүррагчааг сансарт ниссэн өдөр Монголд мэндэлсэн 206 хүүхдийн төлөөлөл.

Сонирхуулахад, тэр өдөр хорвоод ирсэн тэдгээр хүүхдийн 15-д аав, ээж нь ийм нэр хайрласан юм билээ. Бас “од эрхсийн” 206 хүүхдийн 97 нь эрэгтэй, 109 нь эмэгтэй. Тэдний дунд хоёр ихэр хоёр, гурван ихэр нэг байжээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд буюу монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойн арга хэмжээний үеэр гурван амидайг “олзлон, байцааснаа” та бүхэнд хүргэж байна.

Баатрын амидай Г.Гүррагчаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Өдгөө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т боловсрол хариуцсан мэргэжилтэн. Эхнэр, хоёр хүүхэдтэй.

Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрж, өссөн Н.Гүррагчаа өдгөө Өмнөговь аймагт “Энержи ресурс” компанид тээврийн жолооч хийж байна. Эхнэр, хүү, охины хамт амьдардаг. Ж.Гүррагчаа мөн л хоёр хүүхэдтэй. Ингээд бодохоор гурван амидайд адил зүйл байгаа биз. Үүнээс гадна зочдын маань хариултуудаас ч адил “үнэр” ханхалсан. Тэд...

  • Тавилан төөрөг, хувь заяа гэдгийг та хэрхэн ухаж ойлгодог вэ?
  • Та амьдралын утга учрыг чухам юу гэж боддог вэ?
  • Энэ нийгмийн эд, эсийн хувьд өнөөгийн ийм хүнд нөхцөл байдлаас хэрхэн гарвал дээр гэж харж байна вэ. Таны гаргалгаа юу байна.
  • Өөрийн ямар зан чанарыг үнэлдэг вэ. Мөн ямар зан, эсвэл зуршлаа засахыг хүсдэг вэ?
  • Ачлал, энэрэл гэдгийг товчхон тайлбарлана уу?
  • Эх орон гэж юу вэ?

гэсэн асуултад ийнхүү хариулсныг болгооно уу.

Ж.ГҮРРАГЧАА: БИД СЭТГЭЛИЙНХЭЭ ХОГНООС САЛМААР БАЙНА

  • Нухацтай бодох асуулт байна даа. Тавилан төөрөг, хувь заяаны зураг, зам гэдэг зүйлд би итгэдэг. Хүн өөрөө түүнийгээ өөрчилж, сайн тал руу нь эргүүлж чаддаг байх нь чухал. Тэрнээс биш, миний төөрөг ийм л юм гээд явбал амжилтад хүрч чадахгүй.
  • Амьдралын утга учрын талаар дэлхийн ухаантнуудын хэлсэн сайхан үг олон бий. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад ямар нэгэн харамсах зүйлгүйгээр өнгөрүүлсэн бол энэ амьдралынхаа замыг зөв туулжээ гэж бодож болно. Энэ асуултад хүмүүс янз бүрээр л хариулах байх. Жишээ нь, хүн амьдралдаа мод тарих ёстой гэдэг. Энэ нь цаанаа их гүн утгатай юм.

Байгаль эх дэлхийгээ хайрлах учиртай гэсэн санаа. Ер нь хүн зөвхөн өөрийнхөө төлөө биш, бусдад тусалж явбал утга учиртай амьдарч байгаа хэрэг юм болов уу. Бид амьдрал нэгээр дуусдаггүй гэж итгэдэг ард түмэн шүү дээ. Тиймээс буян хийж, байгаль орчиндоо зөв хандах ёстой. Энэ бүхэн эцэстээ зөв зүйтэй, харамсахааргүй амьдрах утга учир байх.

  • Энэ хорвоод ирээд нэлээд оймс элээлээ. Хөндлөн гулд нэлээд явлаа. Олон хүнтэй уулзаж, олон ч сайхан найз нөхөртэй болжээ. Амьдралыг ингээд харж байхад бидэнд засаж, залруулах зүйл маш их байна. Монгол орноо, монголчуудаа бид гэж тодотгож байгаа юм. Бид сэтгэлийнхээ хогноос салмаар байна аа. Сэтгэл маань их булингартай болж. Олон түмнээ гэхээс түрүүлээд өөрийгөө л бодож байна.

Би авто замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийн авир араншингийн талаар байнга ярьдаг. Нэгнээ огт хүндлэхгүй юм. Урдуур нь дайрч түгжрэл үүсгэж, өөрөө ч уурлаад, бусдыг ч бухимдуулна. Хөмсгөө зангидсан ийм дүр төрх бидний амьдралын нэгээхэн хэсэг. Хүний мөс чанартай холбоотой асуудал л даа. Тиймээс сэтгэл доторх хар толбонуудаа арилгаад, олноо бодож амьдрах хэрэгтэй байна. Үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ ч үүнийг анхаармаар. Дараагийн үеийнхэн маань үргэлж инээмсэглэж, нэгнээ хүндэлж, сайхан үг хэлж, дэмэндээ амьдраасай.

Ахмадаа хүндэлдэг уламжлалт сайхан чанараа хадгалмаар байна. Энэ нь зөвхөн хүмүүн хоорондын харилцаа төдий зүйл биш, маш том сургууль, сайхан уламжлал, гайхалтай соёл юм. Сайхан сэтгэлийн угт сүү гэдэг шүү дээ. Сэтгэлээ цэвэр байлгавал монгол хүний нэр хүнд өснө, эх орон маань сайхан болно. Тэрнээс биш маргааш пал хийтэл мөнгө орж ирээд л улсаа хөгжүүлчихнэ гэвэл буруу. Жижиг зүйлээс, тэр тусмаа өөрөөсөө эхлэх учиртай. Өөрөөсөө эхлэхдээ сэтгэлээсээ өөрчлөгдөх ёстой шүү.

  • Би өөрийнхөө тухай ярьж чаддаггүй юм. Ер нь чамайг хэн бэ гэдгийг найз нөхөд, хажуу хавиргынхан, олон түмэн хэлэх учиртай. Би нийтийн жишгээр л олны дунд овойж онцгойролгүй, бас хүний хойно оролгүй явахыг хүсдэг. Миний муу чанар гэвэл хүн таньдаггүй юм. Монголчууд малд нүдтэй хүн гэдэг дээ. Би хөдөө төрж, өссөн учраас малд жаахан нүдтэй. Харин хүн таньдаггүй талтай. Энэ нь нөхөр, дайсан хоёрыг ялгадаггүй гэсэн үг биш.

Хэдэн сарын өмнө уулзаж, нэр усаа мэдэлцэн танилцсан хүнээ тодорхой цаг хугацааны дараа онож, таньдаггүй байхгүй юу. Энэ нь нөгөө хүнд их эвгүй сэтгэгдэл төрүүлж “Энэ ёстой биеэ тоосон амьтан байна” гэж бодоход хүргэдэг байх. Хэдийгээр би бүгдийг таньдаг, намайг хүн болгон мэддэг байх албагүй ч гэсэн танилцаж, ярилцаж явсан хүмүүсээ болж өгвөл мартахгүй байх сан.

1981 онд сансрын нислэгийн дараа манай хөлгийн дарга Владимир Жанибеков надад “Чи одооноос их олон найз, танилтай болно. Тэглээ гээд хуучин анд нөхдөө мартав. Тэднийг мартвал чи хүн биш болно шүү” гэж зориуд анхааруулж хэлсэн. Энэ их чухал шүү. Би сургуулийн найз нараа, хамтдаа амьдрал туулсан андуудаа мартахгүй гэж боддог. Тэдэнтэйгээ хамт байхыг хүсдэг.

  • Том агуулга, их өргөн хүрээ хамрах зүйл бол ачлал, энэрэл юм. Хамгийн түрүүнд аав, ээжийн ачлал байна. Дараа нь олон түмний ач, энэрлийг бодох ёстой. Түмний дэмээр би амьдарч, оршин байгаа. Усыг нь ууж, агаарыг нь амьсгалдаг нутаг орныхоо ачлалыг бодож, хариулах ёстой. Энэ бүхэн эргээд л байгаль эх дэлхийтэйгээ холбогдоно. Ингэж явсаар, цааш ухвал би энэ гаригийн хүн. Тэгэхээр дэлхийдээ ачлал, энэрэлтэй явах ёстой. Энэ бүхний эцэст хайрлах, энэрэх бодол гэдэг нь хамгаалах бодлоготойгоо хамт явах учиртай.
  • Эх орон гэдэг бол зөвхөн газар шороогоор хязгаарлагдахгүй, чамд хамаатай бүхэн юм. Ёс заншил, уламжлал, түүх соёл, уул, ус, аав, ээж, ахан дүүс, найз нөхөд, үр хүүхэд гээд их уужим сэтгэл, хайртай бүхэн чинь юм. Монгол хүний нэрийг, өөрийгөө, бас төрөө хайрлах нь ч үүнд хамаатай.

Н.ГҮРРАГЧАА: СЭТГЭЛ ДУТСАН УЧРААС Л ҮНЭНЧ БАЙЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БОЛОВ УУ

  • Тавилан төөрөг гэж үнэхээр байдаг. Хүн төрөхдөө л заяа төөргөөрөө ирдэг гэдэгт би ч итгэдэг. Би төөрөг зургаараа түүхэн өдөр төрсөн, сайхан шүү дээ.
  • Аав ээжээ баярлуулж, зөв сайхан явахад л амьдралын утга учир оршдог гэж боддог. Хийх ёстойгоо журмаар нь сайн хийх нь ч амьдралын утга учир юм.
  • Зөв шударга байхын зэрэгцээ чанартай төр баймаар байна. Хэлсэн ярьсандаа хүрдэг гэсэн үг. Сэтгэл дутсан учраас л үнэнч байж чаддаггүй юм болов уу. Өнөөдөр хэлснээ маргааш нь өөрчилдөг байж боломгүй. Тиймээс нийгмээ зөв залж чадвал хүнд нөхцөлөөс ажрахгүй л гарна.
  • Би их найзархаг хүн. Бусадтай их амархан хэл амаа ололцдог. Энэ маань авууштай зан юм болов уу. Харин засах гэх үү, бодох хэрэгтэй зүйл гэвэл би жаахан түргэн загнах гээд байдаг талтай. Бодоод байгаа хэрнээ л түргэдчих гээд байдаг юм. Тэрийгээ л засахыг хичээнэ дээ. Дотроо бясалгаж байгаа. Болох байх аа.
  • Үнэнч сэтгэлийг л ачлал, энэрэл гэх байх. Аав, ээжээ болон ер нь аливааг энэрч хайрлах нь хүний сэтгэлийн сайхан чанар юм.
  • Би хөдөө төрж, өссөн болоод тэр үү, уул хангай, ус голоо хараад эх орон минь гэж эрхгүй боддог шүү дээ. Ер нь хөдөө нутгаас минь л эх орон эхэлдэг.

Г.ГҮРРАГЧАА: ТӨР, ЗАСГИЙН ЭРХМҮҮД МААНЬ ЗӨВ БОДЛОГОТОЙ, ҮНЭНЧ ШУДАРГА БАЙГААСАЙ

  • Тавилан төөрөг, хувь заяа бол бурхны зурсан зураг гэж ойлгодог. Тухайн хүн яаж явахыг цаанаас нь заяадаг гэдэгт итгэдэг. Би ч гэсэн тэр зургийнхаа дагуу л ирсэн гэж боддог доо.
  • Хүн хүнээ гэсэн сэтгэлтэй, хайраа дээдэлж, зөв явахад амьдрал аяндаа болох байх аа. Буруу зүйл хийхгүй, нэгнийгээ баярлуулж, утгатай амьдрахад учир нь байгаа болов уу.
  • Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэсэн сайхан үг бий. Энэ утгаараа төр, засгаа удирддаг эрхмүүд маань аль болох ард түмэндээ өгөөжтэй, зөв бодлого баримтлаад, үнэнч шударга байгаасай. Гаргаж байгаа шийдвэр бүр нь хүний төлөө байвал ямар ч үед хүнд нөхцөлөөс гарч чадах байх.
  • Би хүнтэй хэл амаа амархан ойлголцож, орчиндоо хурдан дасан зохицдог. Мөн тусархуу зантай. Муу тал гэвэл, нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлчихээр бусад юмыг бараг анзаарахаа больдог доо. Энийг л муу зан, эсвэл зуршил гэх болов уу даа.
  • Ачлал нь ч, энэрэл нь ч хүний сэтгэл юм даа.
  • Эх орон гэдэг их өргөн утгатай. Улсын хил хязгаар, ёс заншил, газар нутгаас гадна хүмүүсийн сэтгэл ч эх орон юмболов уу. Мөн эх орныхоо төлөө гэсэн жижиг ажил, суртал ухуулгад хүртэл энэ үгийн утга учир оршдог байх. Тиймээс би хүүхдүүддээ эх орон гэдгийг аль болох өргөн агуулгаар ойлгуула хыг хичээдэг.

Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.