С.МӨНХБААТАРЫН “БҮРГЭД” ӨНДӨРТ “НИСЛЭЭ”

2016 оны 04 сарын 05

Олон улсын усан будгийн холбоо (ОУУБХ)-ноос зохион байгуулсан анхдугаар уралдааны 16-35 насны ангиллын тэргүүн байрт Монголын зураач С.Мөнхбаатарын “Бүргэд” бүтээл шалгарчээ. Иран улсад энэ сарын эхээр гол шалгаруулалт нь болсон аж. Энэ талаар С.Мөнхбаатараас тодрууллаа.

-Уралдаанд хэдэн орны уран бүтээлчид бүтээлээ сойсон бэ?

-Энэ уралдааны шалгаруулах журам нэлээд өвөрмөц юм билээ. Оны эхээр цахимаар бүтээлээ илгээгээд хүлээж байтал уржигдар миний зураг түрүүлсэн талаар ОУУБХ-ны сайтад мэдээлжээ. Би хоёр зургаа илгээсэн юм. Миний цахим шууданд ирсэн захидлаас “Бүргэд” минь шалгарсныг мэдсэн. Тиймээс яг хэдэн орны хэчнээн зураач өрсөлдсөнийг нарийн мэдэж чадаагүй л байна. Ямар ч байсан шилдэг бүтээлүүдээр олон улсад үзэсгэлэн гаргах юм билээ. Энэ уралдаан 16-гаас доош болон 16-35 насны хоёр ангиллаар явагдсан.

-Олон улсын тэнгэрт дүүлсэн “Бүргэд”-ээ хэзээ зурсан бэ. Хөрөг бүтээлийн нэр тань сонирхолтой санагдлаа.

-Он гараад зурсан шинэ бүтээл. Бүргэдийн хурц хараа, эрэмгий байдал зэргийг хөргийн баатартаа шингээхийг зорьсон.

-Канадад явагдаж буй наадамд бас бүтээлээ сойж байгаа гэл үү?

-Тэр наадмын нэгдүгээр шатных нь дүн гарсан. Би тэнцсэн байгаа. Дараагийн шатных нь дүн хараахан гараагүй байна.

Ж.ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.