Н.ГАН-ОД: БИ МОНГОЛД ТӨРСӨНДӨӨ БАЯРЛАДАГ

2016 оны 04 сарын 01

Би түүнд “Гомдож, үзэн яддаг уу. Амьдралдаа хэн нэгнийг буруутгаж, зүхдэг үү” гэсэн асуултыг олон удаа тавьсан. Тэр болгонд “Үгүй” гэж хариулсан. Энэ хүн цайлган, элдэв маяггүйгээр санаснаа шууд хэлчихдэг зантайг нь бага сага гадарладаг хэрнээ л “Үгээ цэнэж, байна даа” гэж хардсанаа нуухгүй. Гэтэл тэрбээр урьдын адил цагаан цайлган хэвээр аж. Хүйсээ өөрчилж, нас нэмсэнээс биш, үе үе толгойгоо хаялж, “аальгүйтдэг” нь ч янзаараа.

Хорь гаруй жилийн тэртээд энд тэндхийн бүжгийн уралдааны тэргүүн байруудыг ёстой л хамдаг байсан буржгар толгойтой, туранхай шар залуу өдгөө бүсгүй болоод өмнө минь сууж байна. Нэр нь Ганболд биш, Ган-Од болсон гэнэ. Урт хар үсээ шууж, хавчаад, уруулаа улаанаар будсан нь тун зохижээ. Богино банзал, урт түрүүтэй гутал, булган шуба, бас цамцных нь цаанаас товойх хоёр “бондгор” гээд хаанаас нь ч харсан сайхан эмэгтэй болж.

Тэрбээр 2012 онд хүйсээ солиулж, дараа жил нь хөх хийлгэх мэс засалд орсон юм байна. Тэгээд 2014 онд Сөүлд гоо сайхны хагалгаа хийлгэж, эрүү, хамар, арьс, нүд гээд цогцоор нь янзлуулж, улам эмэгтэйлэг төрхтэй болсон тухайгаа ярилаа. Хүүхэд байхаасаа л мөрөөдсөнөө биелүүлж, “тасархай” хүүхэн болохын тулд насны намартайгаа хэдийнэ золгосон энэ үедээ таван жилийн хугацаанд есөн том хагалгааг даваад, ядарсан ч шинжгүй цовоо харагдах энэ хүн ер нь хэзээ “томоожих” бол.

-Та нэг бодлын тэнэг, эсвэл их зоригтой хүн юм аа. “Эрсдэл гарвал яах вэ” гэж айгаагүй юү?

-Жаахан байхаасаа л эмэгтэй хүн болохын төлөө явсаар ирсэн хүн юунаас айх юм бэ. Есөн хагалгаа хийлгэж, есөн эрүү шүүлтээс ч илүү юм үзлээ. 200.000 гаруй ам.доллар зарлагадсан байна. Гэхдээ туйлын хүсэл мөрөөдлийнхөө төлөө даваад л гарсан. Ерөнхийдөө сайхан эдгэж, аятайхан болж байна. Гэхдээ бас л болоогүй ээ.

-Төрсөн биедээ “тэрсэлж”, заавал эмэгтэй болох гэж зүтгэсний учир юу юм бэ?

-Би төрөхдөө л хооцгон байсан. Маш ховор тохиолддог төрөлхийн содон бэлгийн эмгэг гэсэн. Нэг үгээр хэлбэл, надад эсрэг хүйсийн эрхтэн хоёулаа байсан гэсэн .

-Хүйсээ солиулаад эмэгтэй болсон гэхээр шинэ хүн гэсэн үг. Дахин мэндэлсэн бүсгүйн мэдрэмж ямар байна вэ?

-Энэ биеэ эдэлж, хэрэглээгүй л байна. Бүрэн эдгэртэл нь “аальгүйтэхгүй” хүлээх ёстой. Эс бөгөөс суумгай болно гэж эмч хэлсэн. Тэгэхээр шинэ хүн болохоор дуншаад л явна.

-Таныг саяхан нэг газарт 10 сая төгрөгөөр бүжиглэсэн гэж сонссон, үнэн үү?

-Нэг уул уурхайн компанийн залуучуудын ажлыг дэмжих зорилготой арга хэмжээнд оролцож, бүжиглэсэн. Мөнгөний нарийн дүнг хэлэх шаардлагагүй байх аа.

-Ингээд бодохоор та эрэлттэй хэвээрээ л юм байна. Уучлаарай, таныг энд тэнд бүжиглэлээ гэхээр биеэ үнэлсэн мэтээр хүлээн авч, эвгүй ханддаг хүн олон. Бас насаараа шахуу зочид буудлаар гэр хийсэн гэхээр буруу ойлголт төрүүлдэг байх. Үнэн хэрэгтээ зүгээр суугаад хэн нэгнээс мөнгө гуйгаагүй, хөдөлмөрийн хөлсөөрөө амьдарч байхад тань тийнхүү гутаан доромжлоход гомдолтой байдаг уу?

-Үнэн, би хүний мөнгөнд хөлбөрөөгүй шүү дээ. Шоу менежерээс эхлээд сурталчилгааны менежер гэхчлэн өөрийн чаддагийг хийгээд, буудлын өрөөнийхөө төлбөрийг хөнгөлүүлэх зэргээр боломжийнхоо хэрээр амьдарч ирсэн. Бүжиглэхийн хувьд ч ялгаагүй. Бааранд бүжиглэнэ гэхээр заавал биеэ үнэлдэг гэж ойлгож болохгүй. Наанатай цаанатай шүү дээ.

-Сүүлийн үед мэргэжил, боловсролтой залуучууд гэртээ сууж байхад танд ажлын саналууд ирж байгаа гэсэн. Таны давуу тал юу вэ?

-Би ямар ч ажлыг чин сэтгэлээсээ чанартай хийж чаддаг. Тэр мөн чанарыг минь үнэлсэн учраас ажлын санал тавьж байгаа юм. Тэрнээс биш, өч төчнөөн залуучууд байхад 60 гарчихсан надаар яах юм бэ. Би өмнөх нийгмийн үед ажлыг яс хийж сурсан. Өнөөгийн залуучууд ямар ажил хийхээ асуухгүй шахуу байж, цалинг нь эхлээд сонирхдог. Уг нь бол тэр ажлыг би хийж чадах уу, үгүй юү гэж өөртөө бас шаардлага тавих ёстой байтал зөвхөн хувийн эрх ашгаа хардаг өрөөсгөл хандлагатай болжээ.

Тэгээд болоогүй ээ, баахан гэрчилгээ, диплом үзүүлнэ. Ажил хийж чадах, эсэх нь чухал болохоос ямар дипломын хавчуурга байх нь сонин биш. Би хоёр, гурван байгууллагад давхар ажилладаг. Энэ бол миний давуу талаас гадна бас нөлөөлөх чадвар.

-Саяхан Британийн “Guardian” сонин дэлхийн хамгийн нөлөөтэй залуучуудын жагсаалт гаргахдаа нөлөөлөх чадварыг чухал үзүүлэлтийн нэгээр тавьсан байна лээ. Тэгэхээр нөлөөлөл гэж юу вэ. Та бага залуугаасаа л бүжиглэж ирсэн. “Ундраа”, “Хараацай” зэрэг чуулгад байхдаа хамгийн сайн бүжигчин байсныг тэр үеийнхэн мэднэ. Харин сүүлийн үед тэр чанарыг тань бус, харагдах байдал, амьдралын нөхцөл байдал зэргийг л түлхүү сонирхож, дуулиан, шуугианы эзэн болгоод байх шиг санагддаг.

-Үнэхээр тийм шүү. Хэдэн хагалгаа хийлгэсэн, хэнтэй амьдарч байна гэхчлэн л сонирхдог юм. Би ер нь хаана ч, ямар ч ажил хийсэн нөлөөлөл сайтай гэж өөрийгөө дүгнэдэг. Би олон янзын ажил хийж үзсэн. Онцгой байдлын 26 дугаар анги, мах комбинат, хүүхдийн зуслан, телевиз, баар цэнгээний газарт гээд хийж үзээгүй ажил бараг үгүй дээ. Хүүхдийн урлан бүтээх төвд оёдол, эсгүүрийн мастер хийнгээ давхар бүжгийн хичээл заадаг байлаа. Энэ мэтээр олон газарт багшилж, олон сайхан шавьтай болсон. Энэ бол миний нөлөөлөх чадварын илэрхийлэл гэж боддог.

Өнгөрсөн долоо хоногт фэйсбүүкээр шавь нараасаа зөндөө гоё захиа авч, хүүхдүүдийн дурсамжаар хөглөгдөж, халгиж өнгөрлөө. Үнэхээр сайхан байсан. Бүжгийн урлаг хүнийг хамт олонч, эвсэг, нийтэч, багаар ажиллах чадвартай болгодог. Би тэтгэвэрт суучихсан шүү дээ. Гэхдээ хаана ч явсан сайн хүмүүсээр хүрээлүүлж, тэдний тус дэмийг авдаг. Энэ ч гэсэн миний нөлөөлөх чадвар. Хэрэв би бусдыг өөртөө татах чадваргүй байсан бол өнөөдөр хэн ч биш, ёстой “уучлаарай” л байхгүй юу. Гадаадад ч, Монголд ч надад ажлын байр олддог нь их чухал. Жишээ нь, Шведэд байгаа монголчууд намайг урьсан. Тэнд бүжиглэнэ. Учиргүй их мөнгө олохгүй ч гэсэн далимд нь газар үзэнгээ сайхан амраад ирэх санаатай байгаа.

Бас ирэх зургадугаар сард Япон явахаар төлөвлөсөн. Ер нь тэтгэврийн мөнгөөр амьдрах хэцүү дээ. Өөр нэг зүйл гэвэл, миний фэйсбүүкт олон хүн хандаж баярласан сэтгэлээ илэрхийлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй, суумгай, хүнд өвчтэй, хэзээ ч үр хүүхэд төрүүлэх боломжгүй хүмүүс, бас эрүүл саруул нь ч зовлон жаргалаа бичиж, зарим нь үхэхийг хүсдэг байснаа ч нуудаггүй. Тэд “Та ийм их зовлонг юу ч болоогүй мэт туулаад, зоригтой, цоглог амьдарч байгаа нь надад урам өглөө” гэдэг юм. Үүнээс харахад миний үйлдэл зохих хэмжээгээр бусдад нөлөөлдөг юм байна гэж би бас урам авдаг.

Өнөөдөр улс хямралтай, байгууллагууд цалин мөнгөө өгч чадахгүйд хүрч байна. Тэгэхээр ийм үед ажилдаа шалгарч үлдэхийн тулд сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй. Тэгж байж хүнд үеийг хамтдаа давж гарна шүү дээ. Мөнгө чухал уу, эсвэл оршин тогтнох орчноо бүрдүүлэх нь чухал уу гэдгийг бодох хэрэгтэй. Өнөөдөр цалингаа өгөхгүй байна гээд ажлаасаа гардаг нь тэнэг л байхгүй юу. Миний бодлоор бол хамтдаа бүсээ чангалаад хамтдаа даван туулах ёстой.

-Та хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ?

-Хэлмээргүй байна аа. Жаахан шүү дээ. Гэхдээ би тэтгэврийн мөнгөө сар бүрт нь авдаггүй. Яршиг зүгээр, баахан эмээ, өвөөтэй дугаарлаад зогсохоор сэтгэлээр уначихдаг юм.

-Хүний сэтгэл гэж юу юм бэ?

-Сэтгэлтэй, бас сэтгэлгүй хүн гэж бий. Миний хувьд хамгийн гол нь ажлаа үнэнч хийхийг сэтгэлтэй гэж хэлнэ. Удирдлагынхаа нүдэн дээр аймаар үнэнч, мундаг дүр гаргачихаад, эргээд харангуут нь сэтгэлгүй загнадаг хүн байдаг шүү дээ. Энэ бол ажлын сэтгэл, сэтгэлгээ байхгүй юу. Сард хийх ажлаа хэдэн сараар нь хийхгүй овоолчихдог хүн байна. Тэгсэн хэрнээ цалин бага энэ тэр гэж ярих дуртай. Цалин амьдралын чухал зүйл мөн л дөө.

Гэхдээ ажлаа сэтгэлгүй хийчихээд цалин нэхэх нь утгагүй биз дээ. Бас нэг зүйл хэлчих үү? Монголд Вьетнам, Солонгос, Хятад гээд олон орноос хүмүүс ирж ажиллаж байна. Гэтэл тэднийг ад үзээд “Бидний ажлын байрыг булаалаа” гэх юм. Хүмүүс яагаад тэр вьетнам засварын газарт очоод байгаа юм бэ. Машиныг нь сэтгэлээсээ янзалж, шуурхай үйлчилж байгаа учраас л тэр

шүү дээ.

-Өөрийн болон монгол хүний үнэлэмж гэж юу юм бэ?

-Аливааг үнэлэх сэтгэл хүнд их чухал. Сүүлийн үед хүмүүс Монголыг хөгжихгүй байна гэж ярих юм. Гэтэл хар л даа, хэдхэн улаан автобус, “Лада”, “Волга” л харагддаг байсан Улаанбаатар ямар болсон байна. Байшин барилгаар нь хэмжих юм бол өндөр хөгжилтэй орны жижиг хот, тосгон шиг байж болно л доо.

Гэхдээ хүмүүсийн оюуны хөгжил үнэхээр мундаг болсон шүү дээ. Хүн ер нь байгаадаа сэтгэл хангалуун амьдрах ёстой юм болов уу. Өөрийн үнэлэмж гэдгийг би бас л ажлаар жишээлье. Хүн өөрийгөө үнэлүүлэх хэмжээнд харуулж, ажиллах ёстой. Тэгж байж үнэлэмж нь гарна.

-Ажлаас болоод хүнтэй ам мурийх явдал гардаг. Тэр үед та яадаг вэ. Өөрийгөө хамгаалдаг уу, эсвэл буулт хийдэг үү?

-Удирдах, удирдуулах зарчим гэж бий. Хэрэв үнэхээр миний буруу байвал “Би алдчихжээ. Уучлаарай, буруугаа хүлээнэ” гээд шулуухан л хэлдэг. Харин миний зөв байхад буруутгаад байвал шууд л “асчихдаг”. Гэмгүй байж буруу шаардлага хүлээн авахыг би хүсдэггүй. Гэхдээ тэр асуудлыг хамт олны дунд хашгирч, янз бүрийн байдал гаргаж хэлдэггүй. Захирлынхаа өрөөнд ороод учир байдлаа тайлбарладаг.

Гэхдээ их хачин, ингэхээр зарим хүн “Ховлолоо, матлаа” гэж ярьдаг. Тэгэхээр нь хурлын үеэр хамт олны дунд пал хийтэл нь хэлчихдэг. Ингэхээр харин сүүлийн үеийн залуучууд “Хэнхэг авгай, шизотой” гэх жишээтэй. Залуучуудын сэтгэлгээ их өөрчлөгджээ. Дуугарахаар “шизотой” гээд, дуугүй намдуухан байхаар “дебил” гэх юм, хэцүү. Тэгээд хаагуур нь яаж явах ёстойг мэдэх арга алга.

Ингэж хэлээд тэрбээр амаа дараад баахан инээлээ. Үнэхээр түүний хэлдгээр ажлаас болж “шизотох” үе бишгүй л тохиолддог. Тэгэхгүй гээд “дебил” бололтой биш. Энэ хүний дотор гэнэн цайлган, бас хэрсүү охин байдаг юм болов уу. Үе үе ингэж хүүхэд шиг болсноо хоржоонтой яриа дэлгэх юм.

-Та заримдаа их ёжтой, хоржоонтой үг хэлэх юм. Хэнийг дуурайсан ийм цэцэн цэлмэг, хэлэмгий юм бэ?

-Аягүй хошин мэдрэмжтэй байгаа биз дээ. Манай эмээ бараг ам ангайх бүртээ зүйр цэцэн үг хэлдэг, юмны голыг олж, их донжтой ярьдаг хүн байлаа. Бас оройдоо үлгэр их ярьж өгнө өө. Тийм хүний дэргэд өссөн би жаахан ч гэсэн “шарласан” байлгүй. Багадаа хүүхдүүдтэй хэрэлдэхдээ “Удмаараа улцан, аймгаараа алцан” гэх мэтээр толгой холбоод авч өгдөг, ёстой хэрүүлийн аварга явлаа шүү дээ.

-Энэ амьдралыг туулах сэтгэлийн тэнхээ, ухаан өгсөн эмээдээ зориулаад нэг сайхан үг хэлбэл тэнгэрээс хараад баярлах байх даа.

-За байз, юу гэж хэлмээр юм бэ дээ. Ингээд тулгачихаар үг орж ирэхгүй байна аа. Эмээдээ зориулж үг хэлж байхаар зүгээр л түүний тухай сайхан дурсаад ярьчихъя. Манай эмээ Буриадын бөглүү тосгонд аав, ээжтэйгээ амьдардаг байжээ. Удамд нь хардаг, үздэг хүн байсан нь эмээд нөлөөлж, юмыг айхтар мэдэрдэг байж л дээ. Тиймээс нутгийнхан нь “шулам” гэж нэрлэдэг, залуус халдаж чаддаггүй байсан гэнэ лээ. Өөрөө ч нутгийн эрчүүдээ тоохгүй “Намайг Монголоос нэг ноён ирж авна” гэхээр хүмүүс шоолдог байсан гэсэн. Тэгтэл ан гөрөөнд явж байгаад хөлөө хугалж, төөрч, хил давсан гэх нэг монгол эр тосгонд нь ирж, эмээ түүнийг хоёр, гурван сар эмчилж, тойгложээ.

Тэгээд тэр хүн нутаг буцахдаа эмээг маань дагуулаад явсан гэдэг. Тэр нь манай өвөө байжээ. Таних мэдэх хүнгүй нутагт ирээд эмээ гурван хүүхэд төрүүлсний нэг нь хүн болж чадаагүй аж. Бас бага охиноо хүнд өргүүлсэн юм билээ. Тэр эмэгтэйг монголчууд андахгүй. “Шилмэл загвар”-ын Дунгаамаа шүү дээ, “Газар шороо” романы зохиолч Маам гуайн эхнэр. Тэгээд үлдсэн ганц охин нь миний ээж. Би багадаа рахитнаас болж жижигхээн цээжтэй, зантгар толгой, майга хөлтэй байж л дээ. Эмээ намайг зун голын урсгал сөргүүлэн зогсоож, элсээр хөл хучиж, бас янз бүрийн өвс ургамал хандалж, уулгасаар байгаад эмчилсэн гэсэн. Тэгээгүй бол би ёстой аймаар юм байхгүй юу. Ядаж байхад бусдаас өөрийг хэлэх үү.

Тэрбээр бас л чанга инээлээ. Нүд нь “Би ч бас азтай шүү” гэж хэлэх шиг. Тэр үед эмээ нь Ганболдод элдэв ургамал өвсний анагаах чадварын тухай хэлж, сургадаг байсныг анзаарч, тогтоож аваагүйдээ жаахан харамсдаг тухайгаа Ган-Од хуучлав. Хүйсээ солиулах хагалгаанд орохоор хийлгэсэн олон янзын шинжилгээний хариу “цоо эрүүл” гэж гарсан нь, одоо ингээд гялалзаж яваа нь ч эмээгийнх нь ач гэж талархдаг гэсэн. Тэрбээр орой бүр эмээтэйгээ “ярьж” хүслээ шивнэдэг гэсэн.

Өдгөө түүнд хамгийн чухал, тулгамдаад буй асуудал бол өөрийн гэсэн орон байртай болох явдал. Хүний царай харж, энд тэндээс хөөгдөлгүй санаа амар амьдрах хүслээ эмээдээ шивнэхэд “Холбогдох албаны хүмүүстэй нь уулз” гэж “зөвлөжээ”. Тиймээс Ган-Од С.Эрдэнэ сайдтай уулзахаар төлөвлөсөн аж. “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг. Би өөрийн гэсэн байртай болчихвол оёдлын машин аваад хүссэнээ урлаж, дуртай хоолоо хийгээд амьдралыг хөөрхөн цэцэглүүлнэ” гэж тэрбээр санаа алдсан.

-Та төрөлхийн бэлгийн эмгэгтэй төрсөн гэдэг утгаараа нийгмийн ямар нэгэн халамж, үйлчилгээнд хамрагддаг уу?

-Би л ганцаараа ийм төрчихсөн биш байх аа. Над шиг нь мэр сэр байж л таарна. Тэгэхээр ийм хүмүүсийг нийгмийн элдэв тэтгэмж, халамж, үйлчилгээнд ч хамруулдаггүй. Ёстой л хаягдсан гэж болно. Энэ асуудлаар би ХАХНХ-ын сайдтай уулзах бодолтой байгаа. Нийгмийн халамж хүрэх ёстой хүндээ ирэхгүй байгааг дуулгах гэсэн юм. Би улсад 30 гаруй жил ажиллаад тэтгэвэрт гарсан. 62 нас хүртлээ улсаас янз бүрийн юм нэхсэнгүй.

-Уучлаарай, та багадаа атаман залуусын хүчинд автаж байсан тухайгаа нэг ярилцлагадаа цухуйлгасан. Хэдийгээр таагүй боловч нэг зүйл асуумаар байна. Тухайн үедээ “Намайг ингэчихлээ” гэж эмээдээ, эмчид, эсвэл хэн нэгэнд зовлонгоо ярьсан уу?

-Би хэндээ хэлэх юм бэ. Санааг нь зовоохоос хэтрэхгүй юм чинь эмээдээ бол бүр ч нууцална шүү дээ. Намайг бага байхаас л хүмүүс “хүүхэн Гамбууш” гэж хочилдог байсан. Хааяа хичээл тараад гарахад 40 мянгатын атаман ах нар чирээд л явчихдаг байлаа. Тэгээд толгойд дэрний уут углаад л хүчинддэг. Манай байранд “генерал Батаа” гэж алдаршсан нэг эгч байсан юм. Нөхөр, хоёр хүүхэдтэй хэрнээ гадаадынхантай явдаг. Эмээ маань “Чи тэр Батаагаас л хол байгаарай. Тэрнээс олигтой юм сурахгүй, буруу замаар орно шүү” гэж захина аа.

Тэр эгч надад “Чи нэгэнт ийм төрсөн нь үнэн. Чамайг элдвийн хүн сонирхож, татаж чангаана. Ингэж яваад янз бүрийн хүний гарт орчихвол дэмий. Хоёрын хооронд байхаар гадаадынхантай танилц” гэсэн. Тэр эгч надад жийнс авчирч өгнө. Тэр үед бол ховор эд шүү дээ. За, унгар жийнс бол бүр “Баяртай” л үе байлаа. Тэгтэл Батаа эгч хосоор нь бэлэглэж байгаа юм. Хүүхэд байсан болохоор цаад наад учрыг нь ч мэдэхгүй ухаан жолоогүй баярлана. Аймаар ганган амьтан байлаа шүү дээ.

-Таны амьдралыг харахад энэ их зовлон, гутаан доромжлол, үл хүндлэлийг яаж давсан бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Аав, ээждээ гологдож, хамаатан саднууд нь нүүр буруулж, цэцэг цэврүү шиг насандаа хүчирхийлэлд өртөөд ямар их гомдоо бол. Ер нь хүнд үеүдийг яаж давж гарав. Таны сэтгэлийн тэнхээ юун дээр тогтдог юм бэ?

-Хүн ганцхан л амьдарна. Тэгэхээр өөрт ногдсон зовлонгоо үүрэхгүй, давахгүй гээд яах юм бэ. Ийм зовлонтой амьдрал ч гэсэн би хүн болж төрсөндөө баярладаг. Намайг төрсний дараа аав, ээж маань “Манай, танай удамд ийм хүн байгаагүй” гэж хэрэлдсэн гэдэг. Тэгээд л эмээ маань намайг өөр дээрээ авсан юм билээ.

Энд нэг зүйл онцлоход аав, ээж хоёр минь намайг яг ч орхичихоогүй юм шүү. Намайг томрох тусмаа нийгмийн сүүдэрт өртөнө гэдгийг эмээ маань мэдэж байсан учраас чадлынхаа хэрээр зөв хүмүүжүүлж, хар бараанаас хол байхыг захиж ирсэн. Над шиг хүн амиа хорлож, эсвэл архичин болчихож мэднэ. Би тийм зам сонгоогүй.

-Танай аав цагтаа их нэртэй эмч байсан. Монголд бараг анхны хувийн эмнэлэг байгуулсан гэдэг?

-Манайх 40 мянгатад байсан. Аавыг маань Нямдорж гэдэг. Арьс өнгөний эмчийнхээ хувьд Нямдорж, Долгор гээд цагтаа мандаж явсан хүмүүс. Долгор гуай одоо ч эрүүл саруул сайхан байгаа. Хувийн эмнэлгийн хувьд аав маань “Гран при”-г үүсгэн байгуулсан шүү дээ. Одоо манай дүү эмнэлгээ авч явна.

-Та үргэлж л цог золбоотой, гуниглаж, ганцаарддаггүй мэт харагддаг. Гэхдээ хүн л юм хойно хааяа ганихарч, ганцаардана биз?

-Үгүй шүү. Би ерөөсөө ганцаардаж, ганихардаггүй. Би нялх багаасаа л ганцаардаж өссөн. Тэр байдалдаа бүр дасаад, ийм л байдаг гээд ойлгочихоор ганцаардал эсрэгээрээ аз жаргал болдог юм. Би ер нь их сонин. Элдвийн юм бодоод л “Яах вэ” гэж шаналаад байдаггүй. Өнөөдөр ч санаа зовох юмгүй л явна. “Тэнэгийн дотор уужуу” гэдэг дээ. Тэгсэн хэрнээ л аяндаа бүтээд, болчихдог. Эмээгийн удмын юм байдаг байх. Гэхдээ энэ бол үздэг, хардаг гэсэн үг биш шүү.

Өөртөө л болоод байдаг юм. Надад бас нэг сонин зан гэх үү, совин гэх үү, нэг юм бий. Би утаатай ч гэсэн Улаанбаатартаа байх дуртай. Олон орноор явж үзлээ. Сайхан л байдаг. Гэхдээ яагаад ч юм бэ, сэтгэлээс эх орон минь гарахгүй, яараад байдаг юм. Гэр оронгүй хэрнээ юунд нь тэгтлээ яардгаа мэдэхгүй.

-Аз жаргалыг та юу гэж боддог вэ?

-Зарим хүн насан туршдаа жаргасан гэж ярьдаг. Миний бодлоор аз жаргал гэдэг мөнхийн зүйл биш. Тухайн цаг, мөч, агшинд л байдаг мэдрэмж юм болов уу. Амьдралд зовлон, шаналал, цөхрөл, тэгээд жаргал нь байж л амттай. Ер нь сэтгэлдээ амар амгалан байвал тэр чинь жинхэнэ аз жаргал юм биш үү. Өнөөдөр монголчууд бөөн өрийн хооронд бухимдаж гүйсээр байгаад юун аз жаргал манатай. Тэгсэн хэрнээ их нэрэлхүү, бас хэлбэр хөөх юм. Харахад нэг л хангалуун, байхгүй юмгүй.

Гэтэл ард нь бөөн өр, лизинг. Банк нь бараг шорон шиг болчихсон. Энэ бол жирийн иргэдийн амьдрал. Дээгүүрээ бол бүр аймаар. Хэдэн тэрбумаар нь идэж, уучихаад илчлэгдэхгүйн тулд банк дампууруулаад л гүйцээ. Энэ завсарт зээлгүй цөөн хэдэн хүн байна аа. Тэд бол бэлгийн цөөнх. Ажилд орохоос эхлээд элдэв асуудал, хүндрэлтэй тулдаг тэднийгээ би өрөвддөг.

-Та хамгийн сүүлд хэзээ аз жаргалаар дүүрэн байсан бэ?

-Хүйсээ солиулах хагалгааныхаа мөнгийг босгочихоод нэг их баярласан.

-Та хэр бардам бэ?

-Аймаар бардам, сэхүүн шүү дээ. “Хоосон бардам” гэж ярьдаг даа. Тэр чинь би байхгүй юу. Манай дүү нар намайг “Хэтэрхий сэхүүн” гэхээр нь “Яагаад ийгээд” гээд мөчөөгөө өгөхгүй ээ. Тэгэхээр “Та гэр хороололд хашаанд амьдрахгүй гэдэг биз дээ” гэж байгаа юм. Гэхдээ байр өгнө гэвэл газрыг нь голохгүй авна шүү. Тийм юманд сэхүүн загнаад яах юм бэ. Нээрэн, би ТОСК-ын байрыг сонирхлоо. Материалаа бүрдүүлээд очтол батлан даах хүнгүй гээд хүлээж аваагүй.

-Итгэл найдвар алдрах үед өөрийгөө яаж зоригжуулдаг бол?

-Би ер нь хэзээ ч итгэл, найдвараа алдаж байгаагүй. Хэрэв алдсан бол ёстой “уучлаарай” болно биз дээ. Би заримдаа өөрийгөө тэнэг байх гэж боддог шүү дээ. Байртай болох хэмжээний мөнгө би босгосон. Гэхдээ үүнээс илүүтэй мөрөөдөлдөө хүрч бүсгүй л болохыг зорьсон.

-Номонд хэр хорхойтой вэ?

-Сүүлийн үед интернэтэд цаг зараад ном унших завгүй явна. Ер нь бол адал явдалт зохиолд, тэр дундаа Ж.Чейзийнхэд илүү дуртай. Мөрдөгчид болон гэмт хэрэгтнүүдийн бодол, таамаглал, логик сэтгэлгээ нь их сонирхолтой санагддаг. Надад тийм зүйл тохиолдвол яах бол гэж заримдаа бодож, задаргаа хийх гэж оролддог.

-Хүн чанарыг та юу гэж ухаж ойлгодог вэ?

-Хүн чанар өчүүхэн зүйлээс ч харагддаг. “Тэнхлүүн явахад тэмээгээр туслахаар тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг үг хүн чанарын том илэрхийлэл юм болов уу. Би урьд нь дүү нараа үгүйсгэдэг байлаа. Одоо бол тэдний ч, миний ч хандлага жаахан өөрчлөгдөж эхэлсэн. “Би дүү нартайгаа холбоогүй, тусдаа байдаг” гэж ярьдаг маань тэднийг өөрийн амьдралдаа хутгахыг, гай болохыг хүсээгүй учраас тэр. Энэ ч гэсэн хүн чанар мөн гэж боддог.

-Та өөрийнхөө тухай киноны зохиол бичиж байгаа гэсэн. Тэр юу болж байна вэ?

-“Өрөөсөн ээмэг” киноны зохиол маань бэлэн болсон. Ээж, хойт аав хоёр маань монгол хэлний багш байсан нь юм бичихэд бас их хэрэг болсон шүү. Кинонд хамтран ажиллах саналууд ирсэн. Эдийн засгийн байдал хэцүү үед эхлэх ямар бол гэж харзнаад л байна.

-Гэр бүлийн дулаан уур амьсгалыг хүсэхгүй хүн үгүй. Та ч гэсэн нэг ярилцлагадаа бүтэн гэр бүлтэй байхыг хүсдэг тухайгаа дурдсан байна лээ. Та нэг хүүг амьдралд хүргэсэн гэдэг. Одоо хаана, юу хийдэг бол?

-Бас л эмээгийн маань ухаан байхгүй юу. Алсдаа надад хань болгох санаатай 1985 онд гурван сартай нэг хүү өргөж авсан юм. Би 1998 онд Франц явахдаа түүнийг аваад явсан. Тэнд хоёр жил амьдрахдаа тэр хүүхдийг ямар ч байсан хариуцлагатай газарт нь бүртгүүлээд, түших тулах хүнтэй болгоод үлдээсэн. Тэр үед ваар хийдэг айлын дээд өрөөг би хөлсөлж байсан юм. Тэгээд вааран дээр нь зураг зурж өгдөг байлаа. Тэднийх нэг охинтой. Би их айхтар төлөвлөгөө боловсруулж байгаа юм чинь. Тэр охинтой нь нөгөө хүүгээ холбох санаа л даа.

Тэгээд л хүүдээ ил далдаар захиж байгаа юм. Дургүй ч байсан хамаагүй ваар яаж хийдгийг хараад зогс. Аяндаа сурна. Хүнд ар гэрийн амьдрал их чухал. Энэ хоёр хөгшний ажилд туслаад, бас охинд нь сайн хандаж бай. Надад зорилго байгаа учраас нутаг буцах хэрэгтэй боллоо. Чамайг аваад очихоор элдэв хэл ам салахгүй. Ганбуушийн хүүхэд гээд адлагдана. Тиймээс ухаантай байгаарай гээд л орхиод ирсэн. Буруу болоогүй ээ, одоо хүү маань сайхан амьдарч байгаа. Нөгөө айлын охинтой суугаад, хоёр хүүхэдтэй болсон.

-Та их буян хийжээ. Тэр хүүхэд танаар овоглодог байсан уу?

-Тийм. Эмээ маань сэрүүн тунгалаг байхдаа тэр хүүгийн эцэг эхтэй намайг танилцуулсан юм. Тэгээд “Хэрэв янз бүрийн хэл ам гарч, чиний эсрэг асуудал үүсвэл энэ хүүхдийг төрүүлсэн рүү нь явуулчихаарай” гэж захисан. Эмээ өнгөрсөн, би ч хүүг Увсад гэрт нь аваачаад өгчихсөн. Ерээд оноос л миний тухай хэвлэлээр элдвийн мэдээлэл гарч эхэлсэн шүү дээ.

Тийм байтал хажуудаа бас нэг хүүхэд дагуулчихвал бүр солиотой юм болно биз дээ. Тэгээд ч тэр хүүхэд хэрэв надтай байхыг хүсвэл буцаад ирнэ биз гэж бодсон. Бас хажуугаар нь амьдралын зах зухаас үзүүлэх санаа ч байсан. Бараг зургаан жил тэндээ амьдарсан шүү.

-Одоо та хоёр холбоогүй болсон гэж сонссон, үнэн үү. Хэрэв тийм бол түүнд гомддог уу?

-Юунд нь гомдох юм бэ. Тэр л жаргалтай явбал би ч жаргалтай. Тэр миний хүүхэд гэсэн үг шүү дээ.

-Танд яагаад гомдох сэтгэл төрдөггүй юм бэ. Үнэхээр энэ амьдралд гомддоггүй гэж үү?

-Гомдохдоо хүрвэл гомдох л байх. Гэхдээ би хүний өмнөөс амьдарч байгаа биш, гомдлоо гээд яах юм бэ.

-Ганцаараа байхдаа уйлдаг уу?

-Үгүй…

Хэдийгээр ингэж хариулсан ч түүний нүдэнд нулимс хурж, хоолой нь бага зэрэг зангирснаа мөдхөн зүгээр болчихов.

Бас л “Хүний өмнөөс амьдарч байгаа биш” гэдэг үгээ өөртөө хэлээд тайвширсан байх даа. Тэрбээр хоолойгоо зассанаа “Сайхан ярилцаж суугаад сэтгэл хөндчихөөр нулимс гарна аа. Бас уучихаараа жаахан уйлдаг юм. Эмээгээ нас барахад ёстой асгаруулсан. Бүр цурхирсан. Аав, ээжийгээ өнгөрөхөд ч тэгсэн. Тэр үед би оршуулгад нь оролцох “эрхгүй” байлаа.

Миний төрсөн дүү саяхан хорвоогоос явсан. Эмнэлэгт эргэж очоогүй. Оршуулахад нь ч байж чадаагүй. Надад тийм “эрх” олдоогүй. Ийм л байна” гээд дуугаа хураав. Хүн араатан амьтнаас оюун ухаанаараа ялгардаг гэдэг ч үнэндээ бол сэтгэл зүрхээрээ л амьдардаг шүү дээ. Энэ хүн ч ялгаагүй. Хүн л юм хойно сэтгэлийн мухарт нь гомдол байгаа. Эсвэл хүмүүс бид түүнийг гомдох эрхгүй болгочихсон юм болов уу. Аль эсвэл тэр өөрөө амьдрахын төлөө гомдохоо мартчихсан юм уу.

-Хүн бүр л анхны хайртай учирдаг гэдэг. Таны анхны хайр хэн байв?

-Хүүе, анхны хайртайгаа учраагүй л яваа шүү дээ. Өмнө нь эрэгтэй, эмэгтэй алинд нь дурлахаа мэдэхгүй, учраа олохгүй явлаа даа. Тэгээд ч хэн нэгнийг шохоорхох завгүй л хүчинд автдаг байсан. Дөнгөж л өсвөр, хүүхэд насандаа шүү дээ. Тийм болохоор эрэгтэй хүнийг хайрлах сэтгэл тэр үед үгүй болж, их жийрхдэг байсан. Харин энэ амьдралдаа тэр хайртай чинь учрах байх гэж найдаад, хүлээж байхаас.

-Таныг хүчирхийлж байсан хүмүүсийг үзэн яддаг байв уу?

-Нас бие гүйцсэн хойноо ч атамануудын хүчинд автсан тохиолдол цөөнгүй. Тэр болгоныг яриад яах ч юм. Би ер нь мангар байх. Миний амьдрал ийм л байх ёстой юм шиг хүлээж авч, намайг ингэчихлээ энэ тэр гэж бодож санадаггүй байсан. Гомдож, үзэн ядна гээд яах юм бэ. Одоо бодох нь ээ, тэр үед эрэгтэй хүүхэд хүчирхийлэлд өртлөө гэж мэдүүлбэл хуулийн байгууллага нь хүлээн авах байсан болов уу. Би эрэгтэй хүн гэсэн бүртгэлтэй байсан шүү дээ.

-Эмэгтэй байх гоё юм уу?

-Хэцүү юм байна аа. Сарын тэмдэг ирэхээс авахуулаад явдалтай юм билээ.

-Та өөрийгөө өнгөөр илэрхийлээч.

-Амьдралын завсрын өнгө саарлыг сонгоно. Саарал явлаа. Одоо бол тод өнгөтэй болж эхэлж байна.

-Та нэг хүмүүнлэгийн ажил эхлүүлж байгаа гэсэн. Тэр ямар учиртай юм бэ?

-Гадаад хүнтэй суусан эмэгтэйчүүдийг монголчууд тийм ч таатай хүлээн авдаггүй. Харийн бэр болсон тэд сэтгэлээрээ эх оронтойгоо холбоотой байж, үгүйлдэг юм билээ. Монголдоо бага ч гэсэн тус дэм болох хүсэлтэй нь цөөнгүй. Тэгээд надад “Биднийг Монголтой холбох гүүр болооч” гэсэн санал тавьсны дагуу би “Ухаант гэргий” төв байгууллаа. Тухайн улсынхаа хүмүүнлэгийн байгууллагуудын шугамаар янз бүрийн тусламж авах боломжтой гэсэн.

Би сургуулийн өмнөх насны боловсролын асуудалд анхаарвал илүү үр дүнтэй гэж бодоод дүүргүүдийн Боловсролын хэлтэстэй нь холбогдохоор төлөвлөсөн. Тэгээд хоёр орны цэцэрлэгүүдийг тодорхой түвшинд холбоно гэсэн үг. Азиас Япон, БНСУ-д суугаа хүүхнүүдтэй холбоотой явж байна. Удахгүй Швед явахдаа энэ ажлаа бас амжуулах санаатай байна даа.

-Үлдсэн амьдралаа тантай хуваалцъя. Гэхдээ надад мөнгө байхгүй гээд нэг сайхан сэтгэлтэй эр гараад ирвэл та хүлээж авах уу?

-Үгүй ээ, үгүй. Нээрэн, саяхан нэг сонин, гоё ч юм шиг явдал болсон. Би “Оргил”-д амарч байхдаа таяг тулсан нэг сайхан эмэгтэйтэй санаандгүй таараад ярилцлаа. Бараг миний үеийнх юм билээ. Таван хүүхэдтэй, орос хэлний багш байсан гэнэ. Зурагтаар намайг гарахаар сувгаа солилгүй үздэг, хүндэлдэг гэсэн.

Тэгээд 40 шүргэж яваа нэг хүү нь үр хүүхэдтэй болох боломжгүй учраас одоо хэр нь гэрлээгүй байгаа, та танилцах уу гэсэн. Гэртээ ч урьсан. Хүүхэдтэй, хүүхэдгүй өч төчнөөн эр л намайг эргүүлж байснаас эх хүн “бэр гуйх” юм чинээ бодоогүй явлаа. Намайг хүүхэд гаргахгүй болохоор тохирно гэж бодсон байх л даа.

Ган-Од ингэж хэлээд нүүр, хүзүүгээ тольдов. Тэрбээр 2017, 2018 онд бялдаржуулах спортын Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “бикини мисс”, “модель мисс” төрлийн 60-65 насны ангилалд оролцохоор төлөвлөсөн гэнэ. “Өрсөлдөгч нараа басаж болохгүй, шаргуу бэлтгэж, биеэ чангалах хэрэгтэй” гэж ярих тэрбээр хүйсээ солиулснаас хойш “чавганц” мах, төвөнх нь алга болсон талаар ч хуучлаад авлаа.

Бугалга, өгзөг, гуяны унжсан хэсгийг тэрбээр “чавганц” хэмээн егөөдөж, оноод хэлчихлээ. Энэ эмэгтэй үнэхээр хөгжилтэй юм. Ингээд зогссонгүй цамцаа тайлж, шинэ биеэ “гайхуулж”, овгор товгор хэсгээ харуулав. 60 нас гарсан гэхэд түүний арьс харьцангуй залуугаараа аж. Одоо бэлтгэлээ сайн базаагаад “бикини, модель мисс” болохын төлөө энэ эрч хүч, зориг тэвчээрээрээ улам урагшлаарай.

Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.193.125 saihan yariltslaga bn. setgel hundluu. hunee sn gargajee bayar hurgii
176.248.98.53 Uhaantai saihan emegtei shuu. Amjilt husey!
119.104.115.111 Setguulch Erdentsetsegt bayar hurgie.Yanz bureer dugnej,goochilj dord uzelguigeer saihan yariltsjee..
124.158.90.28 Ervvl enxiig xvsie vnexeer erch xvcheer dvvren xvn yumaa
103.57.93.210 Сайхан эмэгтэй, цэмцийгээд сууж байгааг нь зурагтаар харахаар өөрөөсөө ичдэгийн, хэхэ.
207.235.39.74 jujigchin Olziihyyg gej harlaa sh dee ehleed..
204.137.100.40 Saikhan yavj, jargaj amidarhiig husei.Mundag bujigchin dhuudee.Huuhed baihdaa amraltan deer bujiglej baihiig harjharj baisan.Bujigar ustei,tsagaan tsamts,har umedtei zaluu bsan.
73.22.95.194 teneg obgon chuny yun ber guikh ve ? oboo muny nambatai bai
202.21.106.112 Эрдэнэцэцэг унэхээр сайн ярилцжээ,хуний емнеес амьдарч байгаа биш юундаа ч гомдох вэ гээд л хатуужиж амьдарсаар ирж дээ,хун л юм чинь тэр тусмаа эмэгтэй хун болсон юм чинь гуниж туних юм байлгуй л яахав дээ,тиймээ зарим дээр нь емнеес нь уйлмаар харамсмаар санагдлаа,ТОСКд батлан даалт хийчих хун олдоосой,байрта
103.57.93.207 Танд эрүүл энхийг хүсье. Үлдсэн амьдралдаа жаргаарай
80.60.19.250 iim tom muruudulduu hursen hun busad zuil bol asuudal bish baihaa, amjit!
103.57.94.42 Mandag Shuu yag uuriinxuuruu baij Chadaj baigaa zorgii ni uneldeg mani met ni xunii tul uu amidarch bgaa yum shig baisaar Nasig barj baigaa ni urubdultei sanagddag yim gaixaltai mandah
103.57.94.42 Таны хариулт ...az jargal husie Chin setgeleesee Neeree huvi tavilangiin shiruunees suhrulgui udii dairai yvna gdg hun bur chadahgui shu Baharhmaar
  • 2016 оны 05 сарын 03
103.57.94.42 Таны хариулт ...az jargal husie howorhon hun
  • 2016 оны 04 сарын 02
103.57.94.42 Таны хариулт ...сэтгэлийн тэнхээтэй юмаа. Нээрээ л монгол эрчүүд гэж доожоогүй хирнээ их зантай хүмүүс бдаг юм тиймээс сайхан сэтгэлтэй гадаад залуус хүнийг байгаагаар нь хүлээж авч чаддаг хүмүүс бдгийм шигээ! Сэтгэлээ өвтгөж өдий насанд шаналж зовохгүйн тулд монгол эрийг бүү сонгоорой! Амжилт хүсье!
  • 2016 оны 04 сарын 02
103.57.94.42 tuimee saihan yariltslaga bn, ingej tursun ni ene hunii buruu bish shuu dee.
  • 2016 оны 04 сарын 01
202.131.234.243 zarim heseg deer ooriin erhgui nulims tsiilegnelee. Saihan yriltslaga bna
49.98.140.49 Saihan yariltslaga baina bayarlalaa Gan Od egchee eruul enhiig husye bas amjilt

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.