Ж.ГҮРРАГЧАА: Буугч төхөөрөмж живэхээс өмнө 10-15 минутад амжуулах ёстой

2016 оны 03 сарын 21

Уншигч-сурвалжлагч Шаравын СҮРЭНЖАВ


Үг бүр нь сургаал, өгүүлсэн бүхэн нь түүх байдаг нэгэн эрхэм хүнийг “Өнөөдөр” сонин уншигч-сурвалжлагчаараа томиллоо. Тэр бол Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав.

Монгол хүн сансарт анх ниссэн үйл явдлыг алдарт “Останкино” цамхгаас шууд дамжуулахад оролцсон азтай, бас ховорхон хувьтай хүн. Монголын утга зохиол, урлагийн ертөнцөд “Ерэн баатрын дууль”, “Багш”, “Шөнө ургасан цэцэг” зэрэг найраглал, “Гарьд магнай”, “Тод магнай” гэсэн сайхан киногоороо тамгалагдсан энэ хүн монгол түмний үеийн үед бахархан, гайхуулан ярих түүхийн эзэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаатай хөөрөлдлөө.

“Өнөөдөр”-ийн зочин, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа дэлхийн тойрог замд нэг долоо хоног, 20 цаг 42 минут ажиллаж, цэнхэр гаригаа 124 удаа тойрохдоо шинжлэх ухаан, хүн төрөлхтний хөгжил дэвшилд ахиц авчрах олон янзын туршилт хийж, эх орныхоо нэрийг мандуулсан гарамгай баатар билээ.

Зочин, сурвалжлагч хоёр маань мэнд усаа мэдэлцэхээс эхлээд л бөөн инээдэм болж, сайхан дурсамж дэлгэлээ.

-Сайхан хаваржиж байна уу. Баатар, таны ажил үйлс өөдрөг үү?

-Та, тавтай сайхан хаваржиж байна уу, Сүрэнжав гуай. Уулзалгүй удсан байна шүү. За, нутаг орондоо очиж байна уу?

-Би зун бүр нутагтаа очдог юм шүү дээ.

-Авгай хадаар нутагтай ард Сүрэнжав би...

-Зундуйн Дорж муу өвчит намайг шоолоод алж байгаа юм шүү...

-Та тэр шүлгийг одоо санаж байна уу?

-Намайг “Хувьсгалт намын батлахтай, хувилгаан ламын сахиустай...” гэсэн шүү дээ. Би Москвад байхдаа хийморийн сан тавьсан хэргээр заяатай л авахуулчихаагүй. Сүйд болох шахсан. Социализмын үед хамгийн хориотой зүйл байхгүй юу, тэр чинь. Очиж очиж Москвад сан тавьчихаар тэгэлгүй яах вэ дээ. Тэгээд л намайг шоолсон хэрэг.

За, монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойдоо бэлдээд л байна уу. Хүн бүрийн бахархал болсон, биднийг ёстой донсолгосон явдал байлаа. Би тэр үед Москвад сурч байсан юм. Монголчууд хот, хөдөөгүй баярлаад бараг унтаагүй гэсэн сураг Москвад сонсогдсон.

Дамдинсүрэн гуай “Монголчууд Манжаас салах үедээ ингэж нэг баярласан юм гэнэ лээ” гэж зүйрлэж хэлсэн шүү дээ. Оддын хотхонд болсон хэвлэлийн хурлын үеэр Ганзориг та хоёрын зүсийг би анх харсан. Хэн нисэх нь нууц байсан, тийм ээ. Ер нь яагаад сансрын нислэгийн багт оров.

Малчны хүүхэд байсан нь нөлөөлсөн энэ тэр гэсэн үнэн, худал яриа байдаг шүү дээ. Тэрнийг нэг тайлж, ярьж өгнө үү. Ер нь тухайн явдлыг мэддэг хүмүүс нь амьд сэрүүн байхад худлаа яриад байдаг болжээ, сүүлийн үед.

-Тийм шүү, сансрын хөлгийн хүчин чадал, техникийн үзүүлэлт гэхээс илүүтэй монголчуудыг баярлуулсан түүхэн үйл явдлын тухай ярих нь зүйтэй болов уу. Сонирхуулаад хэлэхэд, сансрын зөөгч пуужин 20 сая морины хүчтэй гэхээр тэр үед монгол хүнд илүү ойлгомжтой бууж байлаа. Сансрын нислэгт оролцох хүмүүсийг сонгон шалгаруулах үйл явц 1977 оноос эхэлсэн.

Ингээд 1978 оны гуравдугаар сарын 14-нд шийдвэр гарч, Ганзориг бид хоёрыг Москва руу илгээсэн. Бид тэнд гурван жилийн турш бэлтгэл хийсэн. Сансарт найм хоног ажиллах нь анхнаасаа тодорхой байсан. Зөвхөн тэр найм хоногийн төлөө гурван жилийн турш бие, сэтгэлээ бэлтгэсэн гэхээр энэ ажлын ач холбогдол, хэр зэрэг хүнд хүчир болохыг илтгэх байх.

Гэхдээ энэ хугацаанд тодорхой хүрээнд л мэдэж байснаас олон нийтэд нууцалсан. Оддын хотхонд биднийг хүн амьтантай тэр бүр уулзуулахгүй, захиа занаа ч ховор ирнэ. Тэгээд нислэг товлосон хугацаа дөхөөд ирэхээр 1981 оны хоёр, гуравдугаар сараас л хэвлэлийнхэнтэй уулзуулж, зураг авахуулж эхэлсэн юм.

Тэгэхэд хэвлэлийн хурлын үеэр Та биднийг харсан байх. Гэхдээ өмнө нь би тантай нүүр тулж уулзаагүй ч, сайн мэддэг байсан. Таныг танихгүй, мэдэхгүй монгол хүн гэж үгүй шүү дээ.

-Тэр үед Дашбалбар бид хоёр Горькийн нэрэмжит сургуульд хамт сурч байсан юм. Тэгэхэд Төв Хорооны Үзэл суртлын хэлтсээс Ч.Даваадаш гуай ирээд намайг хичээлээс чөлөөлүүлээд, “Мир” буудалд байрласан. Ингэж л гэнэт сансрын нислэгийн үйл ажиллагааг сурвалжлах аз завшаан тохиосон. Нэг ийм шог яриа байдаг даа.

Зоргоороо ил задгай бие засаж байсан нэг нөхрийг зэмлэж “Чи яаж байгаа юм” гэхэд “Яадаг юм. Монгол хүн сансарт ниссэн юм чинь” гэж хээв нэг хэлсэн гэх. Монголчууд яаж баярлаж, онгирч байсныг харуулж байгаа юм, хэдийгээр буруу юм хийсэн хүний тухай боловч.

Гүррагчаа баатар аа, Та энэ зургийг хар даа. Сансрын нислэгийг удирдах төвд манай хэвлэлийн багийнхан авахуулжээ. Тэр багийг Чойжил дарга удирдаж байсан юм. Нээрэн, тэгэхэд нэг орос хурандаа халаасандаа гараа хийчихээд биднийг дагаж явсан.

Тэгээд бид “Халаас руугаа гараа явуулбал шууд л буудчихна шүү, наадах чинь” гэж сэмхэн нэг нэгэндээ хэлж, тоглоом хийж байсан. Тийм л чухал, бас нууц газар байхгүй юу, тэр төв чинь.

-Тэр үед л бид танилцаж, ойртсон доо, тийм ээ. Москвад, Байконурт ч хамт байсан.

-Бид нислэгийн дараа ч энд тэнд олон сурвалжилга хийсэн. Жишээ нь, Чойжил дарга намайг нэг удаа дуудаад “Бид Игорь Моисеевийг яриуллаа. Одоо Та, монголчууд их хүндэтгэдэг Расул Гамзатовыг олоод ирвэл сайн байна” гэсэн. Хариуд нь би “Тэр хүн Горькийн гудамжны 57 дугаар байранд амьдардгийг би мэднэ.

Бас Утга зохиолын ордонд очихоороо баруун, зүүн жигүүрийн аль нэг буфетэд нь ороод суучихдагийг нь ч мэдэх юм. Москвагаас гардаг замыг нь ч бараг мэдэх болохоор олоод ирж болно. Гэхдээ гар хоосон очилтой биш, надад нэг “Болор” архи өгөөд явуулаарай” гэсэн.

-Та тэгээд Расул Гамзатовичийг олсон уу?

-Олоод, бүр сэтгэгдлийг нь хэлүүлсэн. “Сансрын ахан дүүс” кинонд бичигдэн үлдсэн байгаа. Би залуу байсан болоод тэр үү, бичлэг хийж, авч үлдье гэх бодол ухаанд ороогүй нь харамсалтай.

Харин орчуулга нь надад байдаг юм. Юндэндоржийн хийсэн тэр кино архивт одоо байгаа болов уу. Хожим бас төгсгөл хэсгийг нь хасчихсан байна лээ. Муу Сүрэнжав Гамзатовтой ярилцсан байж таарахгүй гэсэн юм шиг.

-“Сансрын ахан дүүс” кино хөөрхий их зовлон үзсэн шүү дээ. Киног гаргасны дараахан улс төрийн янз бүрийн үйл явдал болсон. Б.Ширэндэв гуайг буруутгасан. Ж.Авхиа гуайг ч мөн адил. Тийм шалтгаанаар тэр киноноос тэдний дүрсийг хассан хэсэгт Та бас орчихсон байж л дээ. Тэгээд л “огтолчихож”. Расул Гамзатович их сонирхолтой хүн байсан биз?

-Тэр хүнээр тэгж яриулсан нь их зөв болсон. Их сайхан үг хэлсэн шүү дээ. “Монгол, Дагестан хоёул морь хүлэглэдэг ард түмэн. Морины нуруун дээр өссөн монгол хүү сансрын хөлөгт дөрөөлсөн нь сэтгэлийг минь их хөдөлгөж байна. Хэрэв би Монголд очвол түүнтэй заавал уулзана” гэсэн.

Их уран цэцэн үгтэй хүн байсан юм. Хэн нэгэн түүнээс “Расул Гамзатович, таны үс яагаад эрт бууралтав” гэж асуухад нь “Яах вэ дээ, архинд явуулсан хөвүүдийг хүлээсээр байгаад энэ” гэж хариулсан гэдэг. Бас нэг сонирхолтой дурсамж гэвэл, тэр хүн манай нэг эрхэм хатагтайд их сайн, ойр дотно явсан юм.

Түүнд бид нэг удаа “Улаанбаатарыг Азийн цагаан дагина гэдэг юм” гэж танилцуулахад “Үгүй, тэр чинь Удвалыг зүйрлэн хэлсэн үг юм биш үү” гэж билээ. Хатагтай ч түүнд сайн байсан. “Согтуу хөлчүү байхдаа ч амнаас нь алт, сувд бөмбөрдөг хүнийг харлаа” гэж Удвал ярьж л дээ.

Тэгэхээр цаадуул нь “Расул Гамзатовыг л хэлж байгаа юм” гэж явуулж шоглож байсан. Расулын нэг сайхан шүлэг бий, хатагтайд зориулсан. “Холын тэнгэрийг нь чамтайгаа хуваалцахгүй хонгор би чинь энд яаж байж чадах юм бэ” гэж.

-“Сансрын ахан дүүс” гэсэн сайхан кино бүтээлийг бүтэн авч үлдээд, үр хойчдоо үзүүлж байсан бол улам гоё шүү, тийм ээ. Ер нь хүн өөрийн бүтээлээр нэрээ мөнхлөх юм даа. Тэр хүний “Миний Дагестан”, “Тогоруун цуваа” зэрэг гайхалтай бүтээл бий.


-Дорнын цэцэн үгийг ёстой хэлсэн хүн байхгүй юу. Манай Д.Сэнгээтэй нэг ангид сурч байсан юм гэнэ лээ. Тиймдээ ч Р.Гамзатовын зохиол бүтээлийг тэр хүн монгол хэлнээ анх орчуулж, гаргасан юм. Ер нь амьдрал гэдэг сонин сайхан учралаар дүүрэн. Бид ч олон учралаар холбогдож байсан.

Баатар таны сонгуулийн ажлаар бид Гурванбулаг суманд очсоныг санаж байна уу. Тэгэхэд би хөгшидтэй нийлж байгаад аавын тань суваргын дэргэд хийморийн сан тавиад, олон юм ярилгүй “Танайд гурван Гүррагчаа бий. Хэсдэг Гүррагчаа, нисдэг Гүррагчаа, залгадаг Гүррагчаа гэж. Нисдэгийг нь сонгоорой” гэсэн.

-Тийм шүү. Олон үгнээс цөөхөн, жинтэй нь дээр гэж. Чанар гэдэг чинь тэр байх.

-Таныг сансарт нисэх үеэр аавынд тань сурвалжлагч нар очсон. Тэгэхэд Жүгдэрдэмид гуай хөөргөө үнэрлэж байснаа “Харла гэж, нөгөөдөхийг нь явуулчихгүй” гэж хэлсэн талаар домог шиг яриа байдаг.

-Тиймэрхүү юм байсан байх аа. Нислэгт бэлтгэх сонгон шалгаруулалтын эхний үед бид олуул байсан шүү дээ. Сүүлд нь М.Ганзориг, С.Сайнцог, Д.Сүрэнхорол бид дөрөв үлдэж, Москвад нарийн шинжилгээнүүд хийлгээд, ирсэн. Тэгээд гурвуул болсон. Дараа нь хоёул үлдээд, Оддын хотхонд бэлтгэл хийсэн.

Манай Сүрэнхоролын аав их сайхан хүн байсан. Нислэгийн шалгаруулалтын үеэр Даржаа гуай Булган аймгийн Сайхан сумандаа түлээн дээр суугаад тамхилж байтал мэдээ ирсэн гэнэ. “Сүрэнхорол үлдэх боллоо” гэж сонсоод “За яамай даа, санаа нэг амарлаа. Сэтгэл зовоод болохгүй байсан юм” гэж хэлсэн гэдэг.

-Сансарт нисэх бэлтгэл гэж энгийн зүйл биш байгаа. Бэлтгэлээ хэрхэн хийж байсан талаараа дурсан яривал сонирхолтой болов уу?

-Сансраас буцаж ирээд төлөвлөсөн ёсоор бол Казахстаны талд буух ёстой. Гэхдээ газардах явцад буугч төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарах зэргээр юу ч тохиолдож болно. Тиймээс хаана ч, ямар ч нөхцөлд бууж болзошгүй.

-Салхины аясаар залагдаад явчихаж ч мэдэх нь үү?

-Хамгийн гол нь хөдөлгүүрийн тохиргоо, ажиллуулж эхэлсэн хугацаа зэргээс шалтгаалаад төлөвлөсөн газартаа бууж чадахгүй тохиолдол нислэгийн түүхэнд цөөнгүй гарч байсан. Жишээ нь, Зөвлөлтийн сансрын хоёр нисэгч Тенгиз нууран дээр буусан. Нуур тас хөлдөж амжаагүй үе байж. Холбоо бариад байгаа хэрнээ тэндээс авч чадахгүй нэлээд ажил болсон гэдэг.

Мөн Леонов, Беляев хоёр Сибирийн тайгад цасан хунгарт буучихсан. Бараг хоёр хоног эрж, хайж байж олсон шүү дээ. Тиймээс болзошгүй тохиолдлыг тооцож, байгаль цаг уурын янз бүрийн нөхцөлд хэрхэн ажиллаж, төвтэй холбоо тогтоох вэ гэх мэтээр бэлтгэл хийдэг болсон. Тухайлбал, сансрын нисэгчдийг буугч аппараттай нь элсэн цөлд, далай дээр, хунгарт, тайгад гээд янз бүрийн нөхцөлд аваачаад “хаячихдаг”.

Тэдэнд том шүхэр, гурван литр ус, жаахан хүнс, шүдэнз гэх мэтийн бусад бага сага хэрэглээ байна. Тэгээд гарт байгаа зүйлээрээ ажил, амьдралаа залгуулаад, холбоо барина. Тэр бүхнийг самбаачлан хийнэ шүү дээ. Жишээ нь, далайн бэлтгэл гэж бий.

Би тэр бэлтгэлээ Крымд хийсэн. Буугч төхөөрөмжийг усан онгоцоор зөөвөрлөөд, далайн гадаргуу дээр орхичихно. Далай давалгаатай байвал их хэцүү. Ийш тийш бөндөгнөөд, савлаж байгаа төхөөрөмж дотор, умгар зайд хоёр хүн тодорхой хугацаанд скафандраа тайлж, хөвөгч хувцас өмсөөд, хамгийн гол зүйл болох судалгаа, шинжилгээнийхээ үр дүнгийн материалыг аваад тэндээс гарна.

Буугч төхөөрөмж асар хүнд учраас живэхээс нь өмнө ердөө 10-15 минутад энэ бүхнийг амжуулах ёстой.

-Тэгээд усан дээр үлдэх нь. Монгол хүн уснаас их айдаг даа.

-Ганзориг маань Тамирын голд загас жараахай хөөж явсан болохоор намайгаа бодвол усанд арай дээр. Манай багийн усны дасгалжуулагч Давыдов их биерхүү хүн байсан. Нэг удаа гарынх нь булчин улаан эрээн болчихсоныг хараад “Хэзээ, хаана, яагаад ингэв” гээд бодоод байж.

Тэгсэн би бэлтгэлийн үеэр сандраад гараас нь зуураад, базчихдаг байж л дээ. Тэгээд “Чи намайг ийм болгодог” гээд бөөн инээдэм болсон.

-Сандарсан үед яг тэгдэг юм билээ. Пүрэвсүрэн бид хоёр нэг удаа Хэрлэнд орсон. Би хөл алдаад, сандарсандаа Пүрэвсүрэнгээс зуураад авч билээ. За, энэ яах вэ. Сансраас эх дэлхийдээ бууж ирэхэд тохиолдсон нэг явдлын талаар Та жаахан тодруулж өгөөч.

Танай хөлөг эхний оролдлогоор станцаас салаагүй. Газар дээр байсан бид бүгд барайсан. Тэр үед Нислэгийг удирдах төвөөс А.Елисеев “Өөр программ явуулна аа. Санаа зоволтгүй” гэж хэлсэн. Үүний дараа В.Жанибеков та хоёрыг дэлхийд бууж ирэхэд л бид жаахан уужирч билээ.

-Сансрын хөлгийг станцаас салгах гурван боломж бий. Нэгдүгээрт, программын дагуу буюу автоматаар сална. Бидний хэрэглэсэн эхний арга энэ. Гэхдээ программ нь ороогүй. Ер нь буухаасаа хоёр тойргийн өмнө салгадаг ёстой. Тодруулбал, станцаас хөлгийг салгаснаас хойш дэлхийгээ хоёр тойроод, буудаг.

Хоёрдугаарт, хөлгийн бүхээгээс команд өгч салгах арга. Гуравдугаарт, газраас команд өгч, салгах боломжтой. Манай хөлгийг энэ аргаар салгасан. Тэгээд бид дэлхийг нэг тойроод, Африк тив дээгүүр өнгөрч байх үедээ тоормосын импульсээ өгсөн. Өөрөөр хэлбэл, уруудаж, гулсан буух явцдаа орно гэсэн үг. Тэгээд товлосон газартаа буусан. Мэдээж, биднийг хүлээсэн хүмүүс “Салахгүй бол яана” гэж санаа зовсон байх.

Ж.ГҮРРАГЧАА: Тэр үед хэдэн секунд яг л нидрүүлэг дээгүүр өнгөрөх шиг санагдсан

-Хөөрөхдөө цэнхэр өнгөтэй байсан аварга хөлөг, бууж ирэхдээ хөөтэй тогоо шиг жижигхэн бөөрөнхий хар юм болчихсон байснаас харахад сансарт нисэх амаргүй ажил гэж ухагддаг юм.

-Сансрын хөлөг 150 орчим км өндөрт гурван хэсэг салаад, асар их хурдтай уруудаж байгаа учраас агаарын үрэлтээс болж бүхээгийн гадарга 2000 хэм халдаг гэж байгаа. Буугч төхөөрөмжийг хатуугаас шууд хийн төлөвт шилждэг онцгой материалаар бүрдэг учраас халууныг дотогш дамжуулдаггүй юм.

Доошлох тусам агаарын нягтаршил илүү болдог. Хөлгийн цонхоор харж байхад эхлээд ганц хоёр оч хаяж байснаа галын дөл болоод дүрэлзээд ирсэн. Тэгснээ шатаж байгаа асар их дуу чимээ гарсан. Сансрын хөлгийн хурд дууны хурдыг давах үед их сонин. Тэр үед хэдэн секунд яг л нидрүүлэг дээгүүр өнгөрөх шиг санагдсан.

Надад тийм мэдрэмж төрсөн. Үүний дараа хөлгийн хурд буураад дууны хурдаас доошлоход тэр дуу чимээ сонсогдохгүй болчихдог юм билээ. За ингээд, хэт ачаалал гэдэг зүйл дахиад үүсдэг. Хурдатгал хүний биед хэт ачаалал, даралт болж ирж байгаа юм. Ингэж явсаар шүхэр задраад бууна.

-“Зовсны эцэст жаргадаг” гэж ардын үг бий. Та сансарт нисэхийн өмнөхөн нэг хагалгаанд орсон гэдэг. Амаргүй л байсан даа?

-Нисэхээс гурван сарын өмнө 1980 оны арванхоёрдугаар сарын 30-нд нэлээд хүнд мэс засалд орсон. 1978 онд бид Москвад бүх төрлийн шинжилгээ хийлгэсэн юм. Нус, цэр, хөлс, шээс, өтгөн бүгдийг нь шинжлүүлсэн. Хүний бөөрийг дурандаж харахын тулд йодтой уусмалаар тарьдаг. Тэр үед нүүр минь халуун оргиод памбайж, улайгаад хачин болсон. Тэгэхэд би “За даа, нисэх ч өнгөрлөө” гэж бодсон.

Харин эмч нар “Санаа зовох зүйлгүй. Танд йодын төрлийн эм тариа таардаггүй юм байна. Жаахан цочрол (реакция) өглөө” гэсэн. Тэр юм нөлөөлсөөр яваад бамбай булчирхайн нэг нь томорсон хэрэг. Хагалгаа хийлгэснээс дөрөв хоногийн дараа би хичээл сургуулилалтдаа орсон. 12 дахь өдрөөс нь ачаалалтай дасгалуудаа хийж эхэлсэн.

-Тэр үед бүтэн мэдээ алдуулалттай хагалгаанд орсон уу?

-Эхэндээ цээжин дээр хүнд зүйлээр дараад байх шиг, мэс заслын багажуудыг мэдрэх шиг болж байсан. Эмч нар надаас юм асуугаад ярьж байсан. Сүүлдээ бүтэн наркоз хийх шиг болсон.


-1981 оны тэр түүхэн үйл явдлын гэрч болохдоо үүнээс хойш олон монгол хүн сансарт ниснэ гэж бодож байсан. Гэтэл өдий хүртэл тийм түүх давтагдсангүй. Тэгэхээр ганц удаагийн явдал болж та бид хувь заяагаар холбогджээ.

-Нислэгийн үйл явцыг “Останкино”-гоос шууд нэвтрүүлэхэд хэлэх үгийг танд дээрээс бэлдэж өгсөн гэдэг. Гэтэл та өөрийнхөөрөө хөтлөөд явсан. Тэр бас сонирхолтой түүх шүү.

-Дэлхийн татах хүчнээс гарч яваа үйл явдалд урьдчилан бэлдсэн үг хэлж, дээд даалгавраар хөдөлнө гэдэг хэцүү шүү дээ. Тэгээд ч надтай хамт эфирт байсан орос сэтгүүлч Александр Тихомиров, телевизийн ажилтнууд бэлдсэн зохиолоор явахыг таашаагаагүй. Тэгээд л шууд өөрөө ярьсан.

Өмнө минь байсан төрийн далбаагаа хараад сэтгэл хөөрч, омогшоод, тэгээд шүлэгч юм болохоор зоригжоод шүлэглээд явчихсан. Тэр Саша Тихомиров өмнө нь Куба, Вьетнам, Чехословакийн сансрын нислэгийн шууд нэвтрүүлгийг хөтөлсөн мундаг амьтан байсан.

-“Хүсэл минь дэлхийдээ тогтохгүй байна

Хүч минь гаригтаа багтахгүй байна

Хөөрөх хөлөг зүү шиг зурсхийнэ

Хөхрөх тэнгэрт дуу шиг алсаана” гэж хэн хэллээ, Сүрэнжав гуай?

-Энэ Сүрэнжав хэлсэн. Би бас хүргэн Намсрайтайгаа “Алив хөлөг минь хөөрөөрэй” гэсэн дуу хийсэн шүү дээ. Намсрай тэр дуугаараа сансрын сэдэвт дууны уралдаанд гуравдугаар байр эзэлсэн. Нээрэн, таныг сансарт нисдэг өдөр мэндэлсэн хүүхдүүд надтай уулзсан. Тэд нэг дуу хийж байгаа гэсэн. Нууц задалчихлаа шүү.

Би тэдэнд “Энгийн үгээр бичвэл хүнд хүрнэ” гэж зөвлөсөн. Р.Энхбазар шүлэгч биш. Тэгсэн хэрнээ “Сансрын нисэгч ах аа, сайн яваад ирэв үү, саран наран хоёртой саатан уулзаад ирэв үү” гэж тун энгийн хэрнээ сайхан бичсэн нь хүмүүст илүү хүрч, хамгийн их дуулагдсан шүү дээ.

-Тэр тийм шүү. Энхбазарын “Сансрын нисэгч ах” дуу үнэхээр сайхан шүү. Ер нь монголчууд аливаа зүйлийн бэлгэдлийг их хардаг. Жишээ нь, Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын 101 дэх гишүүнээр элссэн. Монголын сансрын нисэгч дэлхийд 101 дэх нь болж таарсан. Бас л сонин юм шүү. Мөн манайх сансарт хүнээ нисгэсэн 10 дахь орон шүү дээ.

Үүнтэй утга нэг монгол хүн сансарт анх ниссэн өдөр төрсөн олон хүүхдийг Од, Сар, Нар, Сансар, Гүррагчаа гэх мэт нэрлэсэн байдаг. Тэр өдөр буюу 1981 оны гуравдугаар сарын 22-нд Монголд нийтдээ 206 хүүхэд мэндэлжээ. Тэдний 97 нь эрэгтэй, 109 нь эмэгтэй. Үүнээс гадна 206 хүүхдийн 178 нь Улаанбаатар хотод төрсөн байдаг. Би хотын захиргаанд хүсэлт тавьж, энэ талаарх мэдээллийг цуглуулсан.

Тэднээс 15-ынх нь нэр Гүррагчаа гэсэн судалгаа байна лээ. Ер нь тэр хүүхдүүд маань их санаачилгатай, сүрхий шүү. Фэйсбүүкээр нэгдээд, бие биенээ олж, хамтран ажиллаж байна. Бид холбоотой байдаг юм. Одоо 35 жилийн ойгоор санасан сэдсэн зүйл нэлээд байгаа гэсэн.

Гэтэл өнөөдөр манай төр, засгийнхан бүр лойчихож. Бид Монгол хүн сансарт ниссэн 35 жилийн ойг тэмдэглэх тухай энэ засагт хандсан, тоодоггүй юм байна. Хотын захирагч, Бат-Үүл баатарт хүсэлтээ тавьсан. Утсаар ярьж, мессеж илгээж, хүнээр ч хэлүүлсэн. Хариу алга.

-Бид ер нь төр, засаггүйтэй адил болчихсон цаг байна. Монголын бахархалт сайхан энэ түүхийг засаг нь тоохгүй ч монгол хүмүүс мартахгүй ээ. Мартах ч учиргүй юм. Адуучны хүүхэд сансарт ниссэн нь бид мэтийн улсад “Морин дэл дээр өссөн монгол адуучны хүү сансрын хөлгийн мөнгөн дөрөөнд дөрөөллөө” энэ тэр гэж ярих, хэлэх юмны сэжүүр гаргасан, сайхан явдал байсан шүү дээ.

Уншигч-сурвалжлагч маань албан ёсны ярилцлагаа ийнхүү өндөрлөж, Гүррагчаа баатар “Өнөөдөр” сонины хамт олонд тун их талархаж байгаагаа уламжилъя. Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлын 35 жилийн ойд зориулан та бүхэн тусгай булан нээж, олон сайхан нийтлэл гаргаж, түүх өгүүллээ. Энэ бол Монгол Улс, монгол түмэн сансарт ниссэн түүх юм шүү. Та бүхэнд амжилт хүсье” хэмээн сэтгэлийн үгээ хэлэв.

Томилолтоо дуусгасан Сүрэнжав гуай хамрын тамхиа “тамшаалангаа” баатар дүүтэйгээ элдвийг хүүрнэн, мөн л бөөн инээд ханиад боллоо.

Тэмдэглэсэн Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.140.95 Жаннибековын тухай нэг ч уг алга
103.57.93.88 Аргагүй жинхэнэ баатар шүү. Тв-ээр хөдөллөө гэж хэлээд л нисч билээ.24 настай би гээч Холбооны яамны сайдууд зарим ажилтан , Цэдэнбал даргатай цуг бууж ирж буй тэр агшинг шууд үзэж билээ. Маш аймшигтай байсан даа. Бөөрөнхий хар хайрцагнаас бараг ухаангүй болчихсон гарч ирдэг юм билээ. Баатар гуай танд эрүүл энх урт удаан жаргахын ерөөл өргөе. Та бол монголын байтугай дэлхийн БААТАР шүү.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.