Гадилыг хальстай нь идэхийг зөвлөв

2015 оны 11 сарын 09

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр аливаа зүйлийн тухай ойлголтод өөрчлөлт орж, бас баяжиж, шинээр олон нээлт хийж буй. Энэ утгаараа олон орны хүнс судлаачид жимс, ногооны хамгийн их шим тэжээл нь хальсандаа агуулагддаг гэдэгтэй санал нэгдсэн. Мөн хальсанд нь тухайн жимс, ногоонд нь ч байхгүй аминдэм, ислэг байдгийг сануулсаар буй.

Тэгвэл Британийн хүнс судлаач Элла Оллредийн зөвлөснөөр гадилыг хальстай нь идсэнээр илүү эрдэс бодис, аминдэм авахаас гадна цусан дахь ашиггүй холестириний хэмжээ буурах учраас жин хасахаас эхлээд олон тустай гэнэ. Мөн гадилын хальсанд агуулагдах нэгэн төрлийн бодисын нөлөөгөөр сэтгэл өөдрөг, нозоорохгүй байдаг аж.

Э.Оллредийн мэдээлснээр  А, В6, В12, магни, калигаас гадна ислэг, уураг болон триптофан хэмээх аминхчил агуулдаг учир хүний серотонин дааврын ялгаралд сайнаар нөлөөлдөг байна. Серотонин мэдрэлийн системийн эрүүл байдлын “манаанд” чухал үүрэгтэй учраас сэтгэл санаа тайван байхад нөлөөтэйн дээр нойргүйдлээс урьдчилан сэргийлдэг байна.

Өөр нэг чухал зүйл гэвэл, гадилын хальс илчлэг багатай хэрнээ өег учраас өл даах чадварыг нэмэгдүүлдэг аж. Энэ чанарыг нь ашиглан Энэтхэг зэрэг оронд гадилын хальстай хоолоор үйлчилдэг зоогийн газрууд бий болсон гэнэ.

Энэ мэдээтэй холбоотой сонирхолтой, ашигтай, мэдэхэд илүүдэхгүй зөвлөгөөнүүдийг хүргэе.

1. Мөнгөн эдлэл болон ган халбага, сэрээ, хутга, сав суулгыг гадилын хальсаар арчаад үзээрэй. Яг л хүнсний содоор цэвэрлэсэн мэт гайхалтай өнгө орно. Заримдаа савны ёроолыг түлчихдэг шүү дээ. Тэгвэл хальсыг бага зэрэг устай миксердээд,  савандаа хийгээд хэсэг байлгаарай.


2. Өглөө, оройдоо шүдээ угаасны дараа гадилын хальсаар 1-2 минут үрээд 14 хоногийн дараа үр дүнг нь мэдэрч болно. Тогтмол ингээд сурчихвал цайруулагч ой энэ тэр гэхгүй амар. Дээрээс нь ямар нэгэн хор нөлөөгүй шүү дээ.


3. Хуруу, гараа исгэх, цохих, эсвэл хумсаа буруу авснаас хөндүүрлэж улайх нь бий. Тэгвэл гадилын хальс тавиад нэг хонуулаарай. Хальсны найрлагад агуулагддаг ферментийн нөлөөгөөр өвдөхгүйгээс гадна хавдаж, идээлэхээс сэргийлнэ.


4. Сахлын нүхнүүд харлаад байна уу. Байнга хуссаар байгаад арьс тань хуурайшиж, бас товруутаад байна уу. Тэгвэл гадилын хальсаар өдөрт нэг удаа 10-20 минут бигнүүр тавиад үзээрэй. Мэдээж, тэр дороо үр дүн нь гарахгүй ч 14-30 хоног уйгагүй бигнүүрдээрэй. Тэгвэл арьс тань зөөлөн, хар нүх, товруу ч үгүй болсныг мэдрэх биз ээ. Мөн арьсны идээт үрэвсэл, загатнуур ч алга болно.

 


5. Гадилын хальс кали,  фосфор, магни, азотоор баялаг учир тасалгааны ургамал болон ногооны талбайд хамгийн сайн бордоо болно. Ингэхийн тулд хальсыг жижиглээд хөрсөн дээр тавиахад л хангалттай.  Үүнээс гадна тасалгааны ургамлыг арчаад үзээрэй. Тоосонд амсархан дарагдахгүй болдог гэнэ.


6. Тахианы махыг шарах, жигнэхдээ гадилын хальс хийгээрэй. Шүүслэг болдог аж.


7. Арьсан гутлыг гадилын хальсаар өнгөлөхөд яг л тосолсон мэт болно. Мөн амархан тоос, шороонд дарагддаггүй аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.92.171 ЗӨВ ШҮҮ

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.