Гадилыг хальстай нь идэхийг зөвлөв

2015 оны 11 сарын 10

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр аливаа зүйлийн тухай ойлголтод өөрчлөлт орж, бас баяжиж, шинээр олон нээлт хийж буй. Энэ утгаараа олон орны хүнс судлаачид жимс, ногооны хамгийн их шим тэжээл нь хальсандаа агуулагддаг гэдэгтэй санал нэгдсэн. Мөн хальсанд нь тухайн жимс, ногоонд нь ч байхгүй аминдэм, ислэг байдгийг сануулсаар буй. Тэгвэл Британийн хүнс судлаач Элла Оллредийн зөвлөснөөр гадилыг хальстай нь идсэнээр илүү эрдэс бодис, аминдэм авахаас гадна цусан дахь ашиггүй холестириний хэмжээ буурах учраас жин хасахаас эхлээд олон тустай гэнэ. Мөн гадилын хальсанд агуулагдах нэгэн төрлийн бодисын нөлөөгөөр сэтгэл өөдрөг, нозоорохгүй байдаг аж. Э.Оллредийн мэдээлснээр  А, В6, В12, магни, калигаас гадна ислэг, уураг болон триптофан хэмээх аминхчил агуулдаг учир хүний серотонин дааврын ялгаралд сайнаар нөлөөлдөг байна. Серотонин мэдрэлийн системийн эрүүл байдлын “манаанд” чухал үүрэгтэй учраас сэтгэл санаа тайван байхад нөлөөтэйн дээр нойргүйдлээс урьдчилан сэргийлдэг байна. Өөр нэг чухал зүйл гэвэл, гадилын хальс илчлэг багатай хэрнээ өег учраас өл даах чадварыг нэмэгдүүлдэг аж. Энэ чанарыг нь ашиглан Энэтхэг зэрэг оронд гадилын хальстай хоолоор үйлчилдэг зоогийн газрууд бий болсон гэнэ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.