Гурав дахь хүйстний эх нутаг Самоа

2015 оны 11 сарын 06

Тусгаар тогтносон Самоа улс /Independent State of Samoa/ гэж бий. Монгол болон Самоа улсын хооронд  2011 онд дипломат харилцаа тогтоожээ. Дэлхийн хамгийн тарган хүмүүс чухамхүү тэнд санаа зовох зүйлгүй амар амгалан аж төрдөг. Илүүдэл жин гэдэг зүйлийг тэд бараг тоодоггүй гэхэд болно. Учир нь Номхон далайн өмнөд хэсэгт орших арлын улсын хүн амынх нь 90 хувь тарган, тэр дундаа хэт тарган нь дийлэнх учраас тэр. Угаас самоачууд тарган эмэгтэйг сайханд тооцдог юм байна. 1962 онд Шинэ Зеландаас туурга тусгаарласан, парламентын засаглалтай хаант улсын уриа нь “Самоаг бурхан бүтээсэн”. Өөрийн гэсэн уриатай улс дэлхий дээр өөр байхгүй.  1976 онд НҮБ-д элссэн, 2832 ам км нутагтай Самоа түүхэндээ “Германы Самоа”, “Баруун Самоа”, “Америкийн Самоа” гэхчлэн олон “угтвартай” байжээ. Учир нь нөгөөх л цагаан арьстнуудын түрэмгийлэлтэй холбоотой. Самоачууд их дайчин, халуун цустай хүмүүс. XIX зуунд нутагт нь халдсан Франц, Британи, Герман, Америкийн цэргүүдтэй ана мана үзэлцэж байжээ. Харамсалтай нь, цагаан арьснуудын гишгэсэн газар бүрт нутгийн иргэд хохирч байсан түүх энд мөн л давтагдсан. 1899 онд Самоа арлынхан хоёр хуваагдаж, нэг хэсгийг нь “Америкийн Самоа” гэх болсон нь өдгөө ч хэвээр. Мэдээж, Нэгдсэн  улсад харьяалагддаг. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 хүрхрээгийн нэг Сопоага Самоад бий. 30 метр өндрөөс унадаг хүрхрээ тус улсад багагүй мөнгө хуримтлуулж өгдөг байна.

Энэ улсад өөр нэгэн сонирхолтой, бүр  хачин гэмээр зүйл бий. Тэр нь  гурав дахь хүйстэй хүн буюу фаафафина (fa`afafine). Фаафафина гэдэг нэр томъёо эртний полинезчуудаас улбаатай. Багаас нь эмэгтэй хүүхэд шиг өсгөж, нийгэмд ч тэр хэв маягаар нь явуулдаг хэсэг эрэгтэй хүнийг ийнхүү нэрлэдэг юм байна. Шүтлэг, сүсэгтэй нь холбон тайлбарлавал бурханд таалуулсан буюу онцгой хүмүүс гэнэ. Байгалиас эрэгтэй төрсөн хэрнээ “бурхны таалснаар” фаафафина болсон хүмүүсийн үүргийг эртнээс маш тодорхой зааж, уламжлагдан ирсэн аж. Тэд гэр бүлийнхнээ асран хамгаалж, үр хүүхдээ хүмүүжүүлэх ёстой. Мөн настан буурлууд болон өвчтэй хүмүүсийг асарч тойглох нь тэдний л хийх ажил. Нэг үгээр хэлбэл, фаафафина нарыг гэр ахуйн ажилд л зориулан тийнхүү багаас нь бэлтгэдэг гэнэ. Самоачуудын хувьд тэднийг гурав дахь буюу онцгой хүйстэн гэж хүндэлдэг. Фаафафинаг ижил хүйстэн гэж ойлгох нь туйлаас ташаа ойлголт гэж үздэг.  Гэхдээ фаафафина хүсвэл эрэгтэй хүнтэй ч гэр бүл болох эрхтэй. Эмэгтэйг ч сонгож болно. Бүр өөр нэгэн фаафафинатай ч гэрлэхэд асуудалгүй.

Ер нь яагаад хүүхдээ ийнхүү “тамладаг” заншилтай болсон түүх нь их сонирхолтой. Эрт үед полинезчууд буюу самоачуудын өвгийн үед хүн амын хүйсийн тэнцвэр алдагдаж л дээ. Тэр үед эр, эм хүний ажил, үүргийн хуваарь маш нарийн байж. Эрчүүд хатуу хүтүүг л хийнэ. Тогоо шанагатай зууралдахыг цээрлэдэг. Эмэгтэйчүүд гэр орны ажлаа авч явна. Гэтэл эрэгтэй хүүхэд давамгайлан төрөөд байжээ. Ийм л нөхцөлд байдалд тодорхой хүрээнийхэн фаафафина “төрүүлж” хөвгүүдээ охин “болгон” өсгөж эхэлжээ. Цагийн аясаар энэ нь олон нийтэд ил болж, ард иргэд уламжлалт ёс болтол нь дэлгэрүүлсэн юм байна. Самоан уламжлалаар бол эмэгтэйчүүд банзал өмсөж, үсээ урт ургуулдаг. Фаафафина ч адил урт гэзэгтэй. Харин өмд өмсдөг. Тэд бүсгүйчүүдийн адил нүүрээ энгэсэгдэж, гооддог. Ийм хүмүүс хүнийх, өөрийнх гэж ялгалгүй өвчтөнүүдийг асарна. Сүүлийн үед тус арлыг зорих жуулчид нэмэгдэж байгаатай холбогдуулан “гэрийн ажилтнууд” өөрсдийн эрхийг хамгаалж, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор  нийгэмлэгтэй болжээ. Тэд өөрсдийг нь сонирхон, шохоорхох гадаадынхны халааснаас “хөөрхөн” мөнгө салгах болсон байна. Тэндий бизнес нь урлагийн тоглолт. Тэд намуухан хөгжмийн аянд дуулж, бүжиглэдэг юм байна. 

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.