Товч, тодорхой мэдээнүүд

2015 оны 10 сарын 02

  1. Найрлагадаа GLP-1 хэмээх даавар агуулдаг, чихрийн шижингийн хоёр дахь хэлбэрийн үед хэрэглэдэг эм бэлдмэл архийг жигшихэд  нөлөөлдөг болохыг Швейцарийн эрдэмтэд судалгааныхаа явцад тогтоосон байна.
  2. Францын эрдэмтэд үргүйдлийн улмаас эмчилгээ хийлгэж байсан зургаан эрэгтэйг судалгаанд хамрууж, эр бэлгийн эсийг нь гуурсанд “бойжуулах” туршилт хийхэд, амжилттай амьдарсан талаар мэдээлжээ.
  3. Америкийн судлаач Дэвид Грубер Номхон далайн Соломоны арлаас улаан, ногооноор гэрэлтдэг далайн яст мэлхий шинээр илрүүлэн, харьцангуй жижиг биетэй бисса хэмээх төрлийн яст мэлхийн нэгэн зүйл хэмээн шинжлэх ухаанд бүртгүүлжээ. 
  4. Олон улсын сансрын станцад хүчилтөрөгч, түлш, хоол хүнс, тоног төхөөрөмж зэрэг ачаа хүргэсэн “Прогресс М-29М” хөлөг станцтай амжилттай залгагдсан талаар “Роскосмос” өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ.
  5. ДЭМБ-ын шинжээчдийн мэдээлснээр 2050 он гэхэд дэлхийн хүн амын дунд эзлэх ахмад  настны тоо хоёр тэрбум давах төлөв байгаа аж.
  6. Ирэх жил буюу хэдхэн сарын дараа гэхэд Японы зарим хотын гудамжаар жолоочгүй такси үйлчилгээнд гарах гэнэ.
  7. Үргэлж залуугаараа байх хүсэлдээ автан орос эрдэмтэн А.Брушков өөрийн биед Сибириэс илрүүлсэн “мөнх наст” эртний нэгэн нянгийн эсийг суулгажээ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.