“Буруу хөл дээрээ босвол өдөржин бүтэлгүйтнэ”

2015 оны 09 сарын 30

Ийм нэг хошин хэлц үг байдаг даа. Буруу гэдэг нь аль талын хөл юм бүү мэд. Гэхдээ үүнийг өглөөг буруу угтвал өдөржин бүтэлгүйтнэ гэж “хөрвүүлэн” ойлгож болох юм. Британийн судлаачид ажил эхлэх цагийг зөв тооцохгүй бол ёстой л өдөржин “бүдэрдэг” гэж мэдээлсэн байна. Тэд баталж буйгаар бол өглөө 10 цагийн үед ажлаа эхэлбэл хүний биологийн цагтай тун сайхан зохицдог гэнэ. Тодруулбал, шөнийн турш амарч, суларсан булчингууд өглөө хэвийн ажиллагаанд ортлоо бас жаахан “эрхэлж, нялхамсаж” 10.00 цагийн үед үүргээ “ухамсарладаг” аж.

Харин эртэч буюу эл цагаас өмнө боссон хүмүүс багагүй зүйл амжуулж болох ч, өдөржин тавгүйрхэх магадлал өндөр гэнэ. Үүнээс гадна британи эрдэмтдийн мэдээлснээр сургуулийн насны хүүхдүүдийг арван цаг хүртэл тайван унтуулж, 18.00 цаг гэхэд ачааллыг нь багасгаж хэвшвэл сурах болон тогтоох чадвар нь 20 хүртэл хувь нэмэгдэх юм байна.  

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.