Олон улсын сансрын станц хогтой мөргөлдөх шахжээ

2015 оны 09 сарын 28

Огторгуй дахь дэлхийн оффис болсон Олон улсын сансрын станц асар том хэмжээтэй хаягдлаас амжилттай бултаж чадсан талаар Барууны хэвлэлүүдэд нэлээд шуугиантай мэдээлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн ням гариг буюу энэ сарын 27-нд (Монголын цагаар ойролцоогоор 20.00) ОУСС руу дөхөж ирсэн сансрын хаягдлаас зайлсхийхийн тулд багийн гишүүд станцын байрлалаа хэдэн арван метрээр доошлуулсны хүчинд болзошгүй аюулаас зайлсхийжээ. Шинжээчдийн дүгнэлтээс үзвэл ОУСС-д ажиллаж буй “Роскосмос”, НАСА-гийн хамтарсан багийнхан ердөө таван минутын хугацаанд маш самбаатай ажиллаж, сансрын хаягдлаас зугтаж чадсан учраас дэлхийн офиссийг хумхын тоос болохоос аварсан байна. Өдгөө станц тогтсон байрлалдаа, хэвийн горимоороо ажиллаж байгаа гэнэ.

Дашрамд дурдахад, гурван жилийн өмнө  Америкийн “Иридиум 33” хиймэл дагуулын хэлтэрхийгээс болж тойрог зам дахь ОУСС-ын байрлалыг өөрчилж, барагцаалбал нэг км дээшлүүлж байжээ.  Үүнээс өмнө ч 14 удаа ийм аюулаас бултаж, тодорхой хэмжээгээр “нүүсэн” байдаг.

АНУ, Бельги, Бразил, Герман, Дани, Испани, Итали, Канад, Нидерланд, Норвеги, ОХУ,  Франц, Швейцарь, Швед, Япон гэсэн таван улсын сансрын агентлагийн оролцоотойгоор 1998 онд дэлхийн тойрог замд угсарсан, 450 тонн жинтэй Олон улсын сансрын станц дэлхийгээс 420 км өндөрт, цагт  27.700 км хурдтайгаар аялдаг бөгөөд нэг өдрийн дотор цэнхэр гаригийг ойролцоогоор 15 удаа тойрдог.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.