12 жилийн давтамжаар хүйс нь солигддог хүүхдүүд байна

2015 оны 09 сарын 25

Геведосе хэмээх хувиралд ордог хүүхдүүдийн талаар BBC-2 телевизийн сурвалжлагч Майкл Мозли нэвтүүлэг хийсэн нь шинжлэх ухаанд шинэ нээлт болсон талаар барууны хэвлэлүүдэд шуугиж байна. Тэрбээр Доминиканы Лас Салинас тосгоны олон охины хүйс 12 настайд нь солигдож, нуудгайтай болдог тухай сонсоод тэр газрыг зорьж, нэвтрүүлэг бэлдсэнийг эмч, мэргэжлийнхэн судалсны дүнд геведосе хэмээх үзэгдэл хэмээн тайлбарласан байна. Махчлан орчуулбал “12 насан дахь нуудгай” гэсэн үг аж. Тосгонд ийм хачин 90 хүүхэд байгаа учраас үзэгдэл хэмээн нэрлэсэн байна. Тэднийг төлөөлүүлэн Мозли нэвтрүүлэгтээ 24 настай Жонни хэмээх залууг оролцуулжээ. Тэрбээр 12 жилийн өмнө эмэгтэй хүүхэд байсан бөгөөд нэрийг нь Фелисита гэдэг байсныг гэрчлэх хүн олон аж. Тосгоны нэг настан “Тэр охин сургуульдаа улаан даашинзтай явдаг байсан, бас их намжиртай, аалигүй зантай байсныг тод санадаг. Гэхдээ өсөж, том болохын хэрээр түүний сонирхол өөрчлөгдөж, хайртай хүүхэлдэйгээ тоглоомон буугаар сольж, хөвгүүдтэй нийлэх болсон. Түүнтэй адил гэнэт л хүйс нь өөрөөр солигдсон хүүхэд манай тосгонд олон” гэжээ. Түүний ярьсантай адил түүхийг өөр хүмүүс болон Жонни өөрөө ч ярьсан аж. Хаанаас нь ч харсан эмэгтэй байсан шинжгүй ийм нэгэн үйлийн үртэй хүүхдүүдийн талаар эмч нар “Зарим хүн 5-альфа-редуктаз хэмээх ферментийн дутагдалтай төрдөг. Эл фермент нь өндгөвч, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг зохицуулахаас гадна эстроген, прогестерон,  андроген гэсэн гурван дааврын ялгаруулалтад онцгой үүрэгтэй. Эдгээр нь буюу SRD5A1, SRD5A2, SRD5A3 ген нь тав ба хоёр дахь хромосомд нөлөөлдөг” гэж тайлбарлажээ.   Энэ нь хүйсийн хөгжилд нөлөөлдөг гэсэн үг аж.

Жонни өөрийн биед гарсан өөрчлөлтүүд, хувирлын тухай “12 настайгаас эхлээд л сонирхол минь өөрчлөгдөж, дор нэг зүйл ургаж эхэлсэнд эхлээд их айсан. Сүүлдээ эвлэрч, ангийнхан маань ч намайг эрэгтэй хүүхдээр хүлээж авсан” гэжээ.

Ийм хачин үзэгдэлд шинжлэх ухаанч тайлбар хийсэн хүн нь дотоод шүүрлийн эмч Корнелл Жулиан Императо бөгөөд тэрбээр “Үр хөврөлийн хүйс өндгөн эсийг ураг болгосон эр бэлгийн эсийн хромосомоос шалтгаалдаг. Хоёр эс нийлсэн эхний нэг долоо хоногт үр хөврөл эмэгтэй хүйстэй байдаг” гэжээ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.