Өндгийг гадилаар оруулж болно

2015 оны 09 сарын 14

Өөрийн биеэр хийж, туршиж үзсэн өөрөөр хэлбэл, амьдралаас ургасан арга ухаан гэж айхтар зүйл бий. Практик туршлага ч гэж болох. Мөн монголчууд жор мэддэг эмчээс зовлон үзсэн чавганц дээр ч гэдэг шүү дээ. Тэгвэл тун энгийн хэрнээ санууштай, мэдүүштэй хэдэн зөвлөгөө хүргэе.


Котлетны махыг  илүү амттай болгох

Бид ихэвчлэн махаа амтлаад л тэр дор нь котлетоо хийчихдэг шүү дээ. Тэгвэл махыг сонгино, давс, перцээр амтлаад хөргөгчид 5-6 цаг байлгасны дараа котлетоо хийвэл илүү амттай болдог аж. учир нь амтлагч болон сонгины ааг маханд шингэхээс гадна энэ хугацаанд мах уалм зөөлөрч, шүүслэг болох юм байна.


Төмсийг хурдан болгох арга

Чанаж буй төмстэй усанд бага зэрэг цөцгийн тос хийхэд хурдан болно.


Өндгийг гадил орлоно

Жигнэмэг, пирогны зуурмагт хийх өндгийг гадилаар орлуулаад үзээрэй. Ингэхдээ тал гадил нэг өндөгтэй тэнцэхээр  тооцох учиртай аж. гайхалтай амттай, бас үйрмэгтсэн зуурмаг болдог аж.


Шошийг хурдан болгох

Хар, шар, цагаан шош, вандуй зэргийг нэг өдрийн өмнө дэвтээж, нэлээд хэдэн цаг чанахгүй бол амархан зөөлөрч, болдоггүй шүү дээ. Тэгвэл шошны төрлийн бүх бүтээгдэхүүнийг давсгүй усанд чанах бөгөөд буцалснаас хойш 7-10 минут тутамд хоолны хабагаар нэг хүйтэн ус нэмээд байх хэрэгтэй гэнэ. Тэгэхэд болох хугацаа дор хаяж 20 минутаар наашилна.


Галыг хөгжөөхөд зомгол биш, чипс илүү

Гал түлэх амаргүй ажил шүү. Баахан цаас шатааж, арай хийж асаасан гал хөгжихгүй, унтарчих гээд байдаг талтай. Тийм зовлонг мэдэхгүй хүн лав байхгүй биз. Тэгвэл чипс буюу шаржигнуур төмсийг хийгээд үзээрэй. Унтрах гэж “аашлаад” байсан гал чипсний ачаар дүрэлзэх болно.


Шүдний оо түлэгдэлтэд тустай

Хуушуур хайрч байхад тос үсэрч, гараа түлэх тохиолдол бишгүй. Бас санамсаргүй халуун ус татаж, бага зэрэг түлэгдчих нь бий. Гэхдээ жаахан гэлтгүй түлэгдсэн тэр хэсэгт гал авалцах шиг болж, хорсож, шаналгаж, өвддөг. Тэгвэл элсэн чихэр түрх, хүйтэн усанд цохиул, давс цац гэхчлэн хүн бүр зөвлөгөө өгдөг.  Хэрэв бага зэрэг түлэгдчихвэл та шүдний оог тэр хэсэгтээ түрхээд туршаарай. Тэрүүхэн хэсэгтээ час хийх шиг болоод л өвдөлт нам дарагддаг гэнэ. Мөн улайсан хэсгийн арьс дороо өнгө засдаг юм байна.


Гутал норвол яах вэ

Гутал норчихоор дотрыг нь аваад,  дор хаяж нэг хонуулахаас нааш хатахгүй зовоодог. Тэгвэл өөр арга байна. Цэвэрхэн, зузаан оймсыг богино долгионы зууханд халаасны дараа дотор нь давс хийж, норсон гутал дотроо байрлуулаад хэдэн цаг болоход л чийг даасан гутал хуурай, бас цэвэрхэн болдог аж.


Шинэ гутлыг “номхотгох”

Шинэ гутал заавал барьдаг бичигдээгүй хуультай.  Тэгвэл шинэ гутлаа эхлээд зузаан оймстой өмсөөд, үсний сэнсний халуун уураар 10 минут үлээлгээд өгөөрэй. Яг л хөлд хэвшсэн гутал шиг номхорно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.