ДУУРИЙН ТЕАТР ба 411 ДҮГЭЭР АНГИ

2015 оны 09 сарын 14

Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Урлагийн ажилтны өдрөөрөө нэгэн буянтай үйл хийсэн нь насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангид зохион байгуулсан сонгодог урлагийн тоглолт юм. Жил бүр есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэдэг эл өдрийг Монголын соёл, урлагийн байгууллагынхан спортын өдөрлөг зохиох зэргээр өнгөрүүлдэг.

Тэгвэл энэ жилээс урлагийн байгууллагууд нийгэмд хандсан буянтай ажил өрнүүлэх болсон бөгөөд энэ хүрээнд ДБЭТ-ынхан ийнхүү санаачилгаараа тус ангийг зорьсон юм. Өсвөр насандаа болчимгүй зангаасаа болж эрхээ хасуулж, нийгмээс тусгаарлагдан, хүмүүжиж буй хүүхдүүдэд сонгодог урлагийн сайхныг мэдрүүлэх тоглолтын бүрэлдэхүүнд тус театрын шилдэг уран бүтээлчдийг багтаасан нь үнэхээр талархууштай байсныг зориуд дурдах хэрэгтэй болов уу.


Мэдээж, ДБЭТ-ын бүтэн бүрэлдэхүүн тэр газарт очих боломжгүй учраас өөрсдийг нь төлөөлөх тийм л залуучуудаа сонгон, илгээжээ. Тухайлбал, хэдхэн сарын өмнө Британид Кардиффийн тайзнаа Монголоороо овоглон бахархуулсан, гайхалтай баритон Э.Амарт үвшин болон гавьяат жүжигчин Э.Уянга, мөн бүжиг, хөгжим, найрал дууны ангийнхан гээд 30 гаруй уран бүтээлч 60 минутын концерт толилуулсан. Үүнээс гадна театрын тайз засал, техникийн ажилтнууд ч тэнд очсон юм.

2000 оны эхээр тус хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах санал солилцож байснаас биш, энэ мэтээр сонгодог урлагийн тоглолт зохион байгуулж байгаагүй юм билээ. Насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр ангид 16-18 насны 23 хүүхэд хүмүүжиж байна. Ид тэмүүлж, мөрөөдөж, сонирхож, “шатаж” байдаг өсвөр нас бол хүний амьдралын хамгийн эмзэг, эгзэгтэй үе.


Чухам энэ л үедээ буруу алхам хийсэн хөвгүүд энд иржээ. Хуссан үс, өндөр хашаагаар тусгаарлагдсан орчин нь л тэдний эрх хасагдсаныг илтгэнэ. Бусдаар бол хүмүүжигч гэдгийг нь мэдэж, ялгах аргагүй аж. Тэдний олонх их өсгөлүүн, бие бялдар сайтай юм. Гэсэн ч хүүхэд л юм хойно сандал, ширээ зөөж, ийш тийш гүйлдэн, ирсэн зочдыг сонирхон харцгааж байлаа.

Тус хорих ангид ерөнхий боловсролын 110 дугаар дунд сургууль байрладаг бөгөөд хүмүүжигч хүүхдүүд бусдын л адил сурах эрхээ эдэлж, бас мэргэжил олгох сургалтуудад хамрагдан үнэмлэхтэй болдог аж.

НАРТАЙ, САЛХИТАЙ, МӨНДӨРТЭЙ ТАЙЗ

Энэ өдөр гадаа нэлээд сэрүүхэн, бас тэнгэрт бараан үүлс хурсан байлаа. Дуурийн театрынхныг тайзаа засаж байх хооронд тэнгэр гэнэт жигтэйхэн цэлмэж, нар ээсэн нь байгаль дэлхий хүртэл тоглолт үзэх гэж яарах мэт. Өөр нэг онцлох зүйл гэвэл, тус ангийн хашааны эргэн тойронд сүндэрлэсэн өндөр байшин, барилгууд хориотой бүсэд байгааг мартуулах шиг санагдсан.

ДБЭТ-ынхан 411 дүгээр ангийн хүүхдүүдэд дэлхий болон Монголын сонгодог бүтээлүүдээс сонирхуулахын зэрэгцээ бүгдэд нь ном бэлэглэсэн. Театрын дарга Ч.Мөнхзул “ДБЭТ-ын 280 гаруй уран бүтээлчийн олонх нь та нар шиг шижигнэсэн залуучууд байдаг. Та бүхний дундаас алдраа дуурсгасан мундаг хүмүүс төрөхийг үгүйсгэхгүй.

Тиймээс бид дэлхийн сонгодог уран бүтээлийн дээжис болсон 50 номыг номын санд бэлэглэлээ. Заавал уншаарай гэж хүсэж байна” хэмээсэн. Тоглолтын салхийг гавьяат жүжигчин Э.Амартүвшин хагалж, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамилогийн ари, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” бүтээлийг хүргэсэн юм. Жирийн үзэгч, сонсогчид байтугай өндөр түвшний мэргэжлийнхнийг бишрүүлдэг сайхан хоолойтой залууг дуулж байхад зарим хүүхэд толгойгоо сэгсэрч харагдсан.

Үзэсгэлэнт бүсгүй Ө.Уянга эх орноо хайрлан, бахархахын сайхныг магтан дуулсан нь хүүхдүүдэд нэгийг бодуулсан нь илт. Зарим нь нэлээд бодлогоширсон байдалтай харагдана лээ. Тоглолтын хамгийн сонирхолтой хэсэг буюу балетчид “тайзнаа” гарч ирэхэд тэнгэр театрынхныг сорьж байгаа мэт гэнэт мөндрөөр “бөмбөгдлөө”.

Гэсэн ч тоглолтоо үргэлжлүүлсэн балетчин залуусыг энд магтах нь зүйтэй. Хүүхдүүд “мөндөртэй бүжгийг” алга нижигнүүлэн хүлээн авсан. Энэ мэтээр чин сэтгэлийнхээ тоглолтоор бэлэг барьсан театрынханд ч талархъя.


“ЯМАР АЙМААР ХҮЧТЭЙ ХООЛОЙТОЙ ЮМ БЭ”

Тоглолтын дараа гавьяат жүжигчин Э.Амартүвшин “Ёстой сайхан, буянтай, чухал ажилд оролцлоо. Хэдийгээр алдаж, эндсэн ч гэсэн энэ хэдэн хүүхдийг хүн ёсоор хүндлээд тоглолт зохион байгуулсан нь тун зөв зүйтэй ажил боллоо. Манай театрын удирдлага нүдээ олсон, сэтгэлээ шингээсэн сайхан үйлс хийсэнд талархаж байна. Биднийг энэ тоглолтод сонгосонд бас баяртай байна.

Өнөөдөр тэнгэр ч онцгой сайхан байна шүү дээ. Хоолой хүртэл гулгаад л сайхан гарлаа. Миний хувьд ийм орчин нөхцөлд анх дууллаа. Ер нь цаашид ч ингэж онцгой газруудад хүрч ажиллах хэрэгтэйг мэдэрлээ” гэсэн бол Ө.Уянга “Классик жем” хамтлагт байхдаа эмэгтэйчүүдийн хорих ангид очиж, уйлж, дуулаад мартахын аргагүй нэг өдрийг өнгөрүүлсэн.

Харин хүүхдийн хорих ангид анх удаа дууллаа. Сонгодог урлагийн тоглолт тэдэнд их сонирхолтой байх шиг санагдсан, их идэвхтэй үзэж байсан. Ер нь ганц өдрийг ч гэсэн ингэж дуу хууртай өнгөрүүлэх нь маш чухал. Үзэгч хүүхдүүдээс гадна уран бүтээлч бидний ч сэтгэл хөдөлж байна шүү. Өөрсөд шиг нь залуу хүмүүс сонгодог хөгжим тоглож, балет хийхийг хараад “Ийм болохсон” гэж мөрөөдөж байхыг үгүйсгэхгүй.

Үүгээрээ илүү ач холбогдолтой, өгөөжтэй тоглолт болсон гэж найдаж байна” гэлээ. Э.Амартүвшингийн хоолойн царааг магтан, толгой сэгсэрч байсан хүүгийн сэтгэгдлийг хувцаалцлаа. Түүнийг М овогтой М гэдэг, 18 настай.

-Өнөөдрийн тоглолт ямар байв. Ер нь сонгодог урлагийн концерт үзэж байсан уу?

-Урьд нь сонгодог урлагийн тоглолт үзэж байгаагүй. Их гоё, сонирхолтой санагдлаа.

-Э.Амартүвшин дуулж байхад чи дэргэдэх хүүхэдтэйгээ ярьж байгаа харагдсан. Хүүхдүүд хэр хүлээж авав?

-Ёстой гайхалтай хоолойтой юм билээ. Хажуугийнхаа хүүхдэд “Ямар аймаар хүчтэй хоолойтой юм бэ” гэж хэлэхэд тэр ч гэсэн биширч байсан.

-Чи өөрөө дуулдаг уу. Ер нь ямар дуу, хөгжимд дуртай вэ?

-Голдуу л зохиолын дуу сонирхдог. “Униар дундаа сүүмийн хөхрөх уулсын дундаа ээж минь суугаа. Уухын дулаан цайгаа самраад хүүдээ аягалан хүлээн суугаа...” гэсэн үгтэй дууг үргэлж аялж, дуулдаг. Гэхдээ заавал тийм ийм гэхгүй янз бүрийн л дуу сонирхдог.

-Одоохондоо ийм нэг хашааны дунд эрхээ хязгаарлуулаад, хүмүүжиж буй ч гэсэн чиний урд маш том ертөнц нээлттэй байгаа. Чи юу хүсэж, мөрөөддөг вэ. Амьдралд мөрөөдөл чухал гэдэг?

-Мөрөөдөл гэвэл...Юуны өмнө эндээс гараад аав, ээжийгээ баярлуулна даа. Өдий хүртэл өсгөж, хайрласан сэтгэлийг нь тоолгүй явсаар хүү нь ийм муухай газарт ирсэндээ харамсаж байна. Одоо бүхнийг ойлгож байгаа учраас хүү нь сайн байна аа. Манай ангид “Зорилгын самбар” гэж бий. Түүн дээр би зорилгоо бичсэн.

Хоёр дүүгээ харж хандаж, ахын ёсоор халамжлахыг хүсэж байна. Мэргэжлийн хувьд хүнд машин механизмаар сурвал ирээдүйд хоол минь болох болов уу гэж боддог.

-Хүн хэлэхээс нааш ухаардаггүй гэдэг. Үеийнхэндээ хандаж хэлмээр үг байна уу?

-Найзаа зөв олж, нөхөрлөөрэй. Ээж, аавдаа “Хүү нь та хоёртоо маш их хайртай. Муухай газраас гараад яаж амьдрахыг минь хараарай. Энд их зүйлийг ойлгож ухаарсаан, хүү нь” гэж хэлье.

Э.ХАНА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.20 sain baina
202.70.43.250 Сайхан үйл хийсэн байна.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.