“Цус сорогч” камерт өртжээ

2015 оны 09 сарын 08

Цус сорогч хэмээх тодотголтой нэгэн зүйл хэрмийн дүрс анх удаа камерт өртсөн нь судлаачдын хувьд салют буудуулах хэмжээний том нээлт болсон талаар олон орны хэвлэлүүдэд онцлон мэдээлжээ. Дэлхийн гурван том арлын нэг  Калимантан буюу Борнео аралд байдаг эл амьтан буган дээр мордоод цусыг нь сордог талаар нутгийнхан ярьдаг ч үүнийг нь батлах баримт байхгүй. Тэр ч бүү хэл гэрэл зургийг нь авсан түүх байгаагүй аж. Тиймээс бичлэгт буусан дүрсийг нь ийнхүү шуугиантайгаар мэдээлжээ. Нууцлаг амьтны “патиарыг” анх удаа буулгасан баатрууд нь АНУ-ын Мичиганы их сургуулийн судлаачид. “Science” сэтгүүлд мэдээлснээр энэ зүйлийн хэрэм өөрийн төрөлдөө хамгийн биерхүү буюу сүүлний хамт 70 см урт аж. Тус аралд байрлуулсан 35 видео камерын нэгд ийнхүү “баригдсан” тэр амьтан идэш хайж, навч, самраар хооллож байгаа нь тод бичигдсэн байна. Мөн жижиг мэрэгчдийг ч ангуучилдаг гэдгийг нь бичлэгийн тусламжтайгаар мэдэж авчээ.
Дашрамд, Борнео арал Индонез,  Малайз,  Бруней гэсэн гурван улсын нутаг дэвсгэрт хамаардаг бөгөөд онгон байгалиараа алдартай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.