“СӨӨСГӨР ХҮҮ”

2015 оны 09 сарын 01

“25 настай Бааст ямар залуу байж вэ. Он гараад би 95 хүрнэ”

Хүүхэлдэйн театрт наймдугаар сарын эхээр болсон нэгэн арга хэмжээнд Монголын утга зохиол, урлаг, соёлын олон төлөөллийг урьсан байлаа. Цагаасаа өмнө ирсэн зочид суудлаа эзэлж, дэргэд суугаа нэгэнтэйгээ намдуухан ярилцана.

Зургийн аппаратны “чиг чиг” гэх чимээг эс тооцвол танхим ерөнхийдөө “унтаа”. Ингэж байтал арын суудлынхан гэнэт жигтэйхэн дуу шуу орлоо. Эргээд хартал өвгөн зохиолч Б.Бааст морилжээ. Хүлээлгийн танхимд энгэрт нь зүүж өгсөн тэмдгийг тэрбээр нүдээ онийлгон эргүүлж тойруулан харснаа бусдынхтай жишиж үзээд чихрээ голсон хүүхэд шиг “Өө, адилхан л юм байна шүү дээ” гэв.

Тэгснээ ийш тийш саравчлан хэсэг зогссоноо “Сүрэнжав ирээгүй юм уу, хаашаа юм” гээд сандлуудын дундуур сүлжиж, хөгшин, залуу, таньдаг, таньдаггүй бараг хүн бүртэй мэндлээд урагш зүтгэв. Ингээд хайсан хүнээ олж хараад арынх нь сандал дээр суугаад дуудлаа.

Нөгөөх нь сонсохгүй байгаа бололтой эргэж харсангүйд гоморхон “Хүүе, Сүрэнжав аа, чи намайг тоохгүй байхдаа яадаг юм. Их зантай болчихоо юу” гэж үг хаяв. Тэгснээ тэссэнгүй суудлаасаа өндийгөөд зохиолч найзынхаа мөрнөөс угзарч харагдана. (Уг нь Сүрэнжав гуай түрүүлж ирээд “Бааст ирээгүй байна уу” гэсээр урд эгнээнд тухалсан).

Б.Бааст гэдэг хүн хар багын л ийм хөдөлгөөнтэй, нийтэч, зохиолын гол баатар шиг нэгэн гэдгийг ахмадууд хэлдэг. Зуу шахсан насандаа түүн шиг ийм цовоо цоглог, саруул ухаантай, гүйж харайж явах хувь хүн бүрт заяахгүй шүү. Бахархмаар, бас хайрламаар. Инээж, гомдох нь нүүрэн дээрээ энэ буурлыг харах бүртээ би хүүхэд шиг өхөөрдмөөр санагддаг юм.

Аавыгаа үгүйлэн санасан сэтгэл минь тэр биз. Дээрээс нь Б.Бааст гуай жижигхэн биетэй, бас “З” үсгийг “Ж” шиг дууддаг нь улам хүүхэд шиг болгодог байх. Ийм нэгэн хүнийг “Хоймор”- тоо урилаа.

Б.БААСТ: Төв эмнэлгийн эмч намайг

галзуугийн больницод очих шаардлагатай гэсэн

Бид олон насны зөрүүтэй ч, нэгнийгээ “Найз” хэмээн дотносдог гэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт найз маань утасдаад “Би зуслангаасаа түр ороод ирлээ. Манайд ир, хамтдаа цай ууя” гэхээр нь чавхдаад хүрлээ. Сар гаруйн өмнө ярилцлага авахыг хүсэхэд өвгөн цааргалсаар өдий хүрсэн юм. Ёсыг бодож, настай хүнд сүү авахаар дэлгүүрт хэсэгхэн сааттал араас утасдаж “Маягтай хүүхэн минь, хурдан ир” гэж зарлигдав.

Бааст гуай орцныхоо үүдэнд гараад зогсчихож. Намайг тэр хавийн дэлгүүрээр хайж гэнэ. Ийм л хүн дээ, найз минь. Долоон сайхан хүүхэд нь ач, зээг нь тэврүүлж, тэднийх нь үр удам ачинцар, зээнцрийг нь өвөөдөө өлгийдөж өгсөн гэхээр энэ хүн дөрөв дэх үеэ үзсэн буянтай. Гэсэн ч “Өндөр наслах нь нэг талаар дэмий юм. Үр хүүхдээ үхэхийг харлаа” гэх. Тэрбээр хоёр сайхан хүүгээ өвчин, архи хоёрт тавиад туусан гэдэг.

49 настай охиноо автын ослоор алдсандаа туйлаас харамсдаг тухайгаа үргэлж ярьдаг юм. Бааст зохиолчийнхоор орж, гарсан хүмүүс тосонд умбаж, торгонд хөлбөрнө гэдэг шиг кофенд “согтож”, номынх нь санд “сэлдэг” гэвэл хэтрүүлэг болохгүй. Гэртээ оронгуутаа л өвгөн сурсан зангаараа “За, эхлээд гараа угаацгаая” гээд, дараа нь өтгөн сайхан цай, кофе, өөрийнхөө дуртай баавгайтай чихрээр дайлдаг зуршилтай.


Айлд орсон хүн яарч байсан ч аяганы амсар зуух ёстой гэнэ. Найз маань заримдаа сонссон ч дүлийгээрээ далимдуулах нь бий. Энэ удаа тийм “гажиг” нь хөдөлчихөж. Асууснаас тэс өөр юм яриад, тэгснээ “Сонсохгүй болохоор хоёулаа ярихаа больё доо. Битгий хүн шалгаагаад бай, зүгээр л цай ууя” гэж “бултах” мөртлөө хоёр үгээр хариулчих зүйлийг дэлгэрүүлж хуучлах нь бас ч гэж ярилцахаас татгалзахгүй байгаагийн шинж аж.

Тэрбээр юу ч ярьсан Удвал даргынхаа тухай заавал хавчуулдаг зантай. Бараг зуршил болчихсон гэмээр. Яг энийг нь далимдуулаад ярилцлагынхаа сэжүүрийг тавьж, настай найзаараа тоглож “Та ам л нээвэл Удвал гэх юм. Эр хүнийхээ хувьд тэр эмэгтэйг хайрладаг байсан юм уу” гэж асуухад “Тэр хүн олон жил миний дарга байлаа. Орос руу дээд курст намайг явуулж өгсөн, бас Удвал даргынхаа үед л Зөвлөлтөд хоёр удаа явж амарсан шүү дээ.

Бид хамтдаа зөндөө уран бүтээл хийсэн. Тэгэхээр намайг үзэж, харж, тоодог хүн байсан учраас би хүндлэх нь зүй ёсных. Удвал намайг “Чи хүн их загнадаг. Чамд би загнуулахгүй шүү” гэдэг байж билээ” хэмээгээд жигтэйхэн инээлээ.

-Одоо байгаагаар тань төсөөлөхөд хүн загнадаг байсан гэхээр нэг л буухгүй юм. Яагаад хүн загнадаг байсан юм бэ?

-Загнана шүү, загнахгүй бол ажил явахгүй байгаа юм чинь. Хийсэн нь сэтгэлд хүрэхгүй, нийцэхгүй болохоор л загнана шүү дээ.

-Аавын тань нэр Бөх. Алдар тань Бааст. Тийм ч түгээмэл нэр биш байх. Ер нь яагаад ийм хөөрхөн “хүүг” Бааст гээд нэрлэчихдэг байна аа. Танай ах дүүсийн дунд сонин, хачин нэртэй өөр хүн байсан уу?

-Ах, дүү нар дунд минь над шиг сонин нэртэй хүн байхгүй. Харин манай нутгийнхан дунд Бааст, Шээст, Ноост гэсэн нэр зөндөө шүү дээ. Дандаа л тэгж нэрлэсэн байдаг, их хачин. Дөрвөн эр тааралдаад ярих юм бол гурав нь тийм нэртэй байх жишээтэй.

Би нэг удаа нэрээ өөрчилж, Баясгалан болох шахсан. Улсын Бага Хурлын дарга Бумцэндэд өргөдлөө өгөхөөр явж байгаад замаараа “Үнэн” сониноор орж, саваагүйтээд Ринчен гуайд нэрнийхээ тухай хэлтэл “Аав, ээжийнхээ энхрийлж өгсөн нэрийг сольж болохгүй” гэхээр нь нөгөө өргөдлөө урчихаад, буцаад явчихсан.

Энэ талаар би зөндөө ярьсан. Гэхдээ хамгийн гол нь Ринчен гуайн тухай ярих гээд дурсчихлаа, сая. Тэр их энгийн хүн байж билээ. Өрөөндөө нэг муу жижиг ширээтэй. Өөрөө бол их нуруулаг, сүртэй шүү дээ. Тэгээд ширээнийхээ доогуур хөлөө жийгээд суучихаар нэг их урт, суначихсан юм шиг харагддаг байсан.

-Таны төрсөн ах дүүс бүгд урт насалсан гэл үү. Урт наслахад удам бас нөлөөлдөг байх нь. Аав тань хэд насалсан бэ?

-Би аав, ээжээс 16-уул байсан. Бүгд эсэн мэнд өсөж, олонх нь 90, 100 гараад хорвоогоос явсан шүү дээ. Хамгийн богино насалсан нь 80 шахсан. Саяхныг хүртэл долуулаа байлаа. Харин одоо цор ганцаараа хоцорчээ.

Гэхдээ бас хоёр дүү минь сэрүүн байгаа шүү. Манай аав 70 гаруй насалсан. Намайг төрүүлсэн ээжээс хойш нэг дөрвөд эмэгтэйтэй сууж, дөрвөн хүүхэдтэй болсон юм. Би сургууль соёлын мөр хөөгөөд хот бараадсан учраас тэр ээжээс хол өссөн.

Гэхдээ дөрвөн сайхан дүүтэйгээ холбоотой байсан. Хойд эхийн хоёр хүүхэд нас барж, хоёр нь бас сайхан насалж байна аа.

-Бааст хүү нь Монголдоо нэртэй зохиолч, олондоо хүндтэй хүн болсныг ээж, аав тань тэнгэрээс хараад их л баярласан байх даа?

-Чи ёстой золигийн хүүхэн шүү... Нээрэн баярласан л байж таарна. Муу ээж минь хамгийн бага хүүхдээ гаргаад, удалгүй нялхын халуунаар явчихсан шүү дээ. Нас барахаасаа хэд хоногийн өмнө аавд ингэж хэлсэн гэсэн. “Энэ сөөсгөр хүү чинь л бусдаасаа амандаа тостой нь байх шүү” гэж. Үнэхээр ах дүү нар дундаа над шиг гэгээрч, сэхээрч явсан хүн байхгүй дээ.

Би бага байсан ч ээжийнхээ тухай ерөнхийд нь санадаг юм. Нэлээд өвдсөн. Тэр үед эмнэлэг энэ тэр байхгүй бүдүүлэг цаг. Эцсийн найдвар Хүрээнд очиж, ламд үзүүлэх л байлаа шүү дээ. Аав маань ээжийг лам бараадуулахаар хахир цагаар Хүрээнд ойрхон буусан юм.

Аавын ах Жанцан ламын гэрийг бариад хэдэн хүүхдийг тэнд байлгасан. Аавын ээж гэж хахир чавганц биднийг тэнд хорьчихоод түлээ, мөсөнд л явуулдаг. Ээжийн байгаа гэр лүү зүглүүлэхгүй. Нэг өглөө надад аз таарлаа. Чавганц хар цай чанаад, домбонд хийснээ “Аав, ээждээ аваачиж өг” гэлээ.

Би тав орчим настай юм уу даа, домбоноос нэг их томгүй л байсан санагдах юм. Хаяа хатавчаар нь салхи сийгчихсэн, хариугүй муу гэрт аав маань ээжийг тэвэрчихсэн сууж байсан. Би цайгаа газарт тавьчихаад, айгаад, хуруугаараа оролдоод зогсож байтал ээж нэг юм хэлээд байгаа бололтой аав тонгойгоод сонсож байна.

Тэр үед би ээждээ үнсүүлж амжсан шүү дээ, азтай байгаа биз. Ээжийн уруул мөс шиг цэв хүйтэн мэдрэгдсэн. Тэгэхэд л ээж намайг онцгойлон захисан гэж аав хожим хэлсэн. “Эх хүний зөн совин худлаа хэлээгүй байгаа биз” гэснээ өвгөн найз минь уймарсан уу, эсвэл ядарсан уу, гэнэтхэн л зангаа хувиргаж, “Чихний аппаратны өрөөсөн нь нухаад, өвтгөж, алчих гээд байна. Чи ёстой янзын авгай юм аа, цай ч уулгахгүй” гэж гомдоллов.

Өвгөн зохиолч хар талхан дээр гахайн утсан мах тавьж, жижиглэн хэрчээд амандаа хийлээ. Кофеноосоо ч хэд балгав. Тэгснээ онгод нь оров уу гэлтэй “За жаал жуул юм ярья. Жаахан сонирхолтой юм асуу. Шархадны сэтгэцийн эмнэлгийн хүүхдийн их эмч, ач охин маань өнөөдөр намайг зусланд хүргэж өгөх юм. Түүнийг иртэл ярьж болно” гэх.

-Таны хүүхэд шахуу амьтан байж ийм зүйл асуух болсондоо эхлээд хүлцэл өчье. Гэхдээ заавал асуухыг хүссэн юм аа. Учир нь би таныг өмөөрдөг ухаантай. Юу гэхээр, таныг шаггүй мэддэг хүмүүс “Бааст хүүхэмсэг, энд тэндээс баздаг” гэх юм билээ. Энэ бол харагдах байдлаас л хийсэн өнгөц дүгнэлт болов уу гэж боддог. Та эрээ цээргүйдээ, элдэв явдал, бодолтойдоо бус, зүгээр л тоглоом наргиа болгож эмэгтэйчүүдийн энд тэнд хүрдэг байсан болохоор хүмүүс тэгж ярьдаг юм болов уу?

-Юу гэнэ ээ, солиотой юм бэ. Чамайг Шархадны эмнэлгийн төмөр тортой өрөөнд хэвтүүлчихнэ шүү, одоо охиноо ирэхээр. Тэгээд би ганцаараа л эргэж очно, за юу.

-Та сонирхолтой юм ярья гэсэн биз дээ. Тэгээд л таныг хүүхэмсэг муу эр биш, зүгээр л аман дээрээ “аалигүйтдэг” гэдгийг л хэлэх гээд ийм юм асуучихлаа.

-Чи үнэхээр солиотой юм... Би 1942 онд нэг эмэгтэйтэй гэрлэсэн ч тэр минь 1945 онд нас барчихсан. Жинхэнэ хүрээ хүүхэн байсан, их гоё оо. Хүүхэн маань УБХ-ын бичээч, эрдэм чадалтай гэж жигтэйхэн. Шинэ үсэгт шилждэг тэр жил хүүхнийг минь Радио хороо руу шилжүүлсэн. Монгол бичгээр ирсэн бүх материалыг шинэ үсгээр бичгийн машинаар цохиж, бэлдэнэ.

Тэгж явсаар цахилгаан менингит болоод, хань минь өнгөрсөн шүү дээ. Түүнээс хойш би гурав, дөрвөн жилийн дараа энэ хэдэн хүүхдийнхээ ээжтэй суусан юм.

-Та анхныхаа ханиас хагацсаны дараа сэтгэлийн гүн хямралд орж, эмчлүүлж байсан гэл үү?

-Хямарсан юм уу, яасан юм бүү мэд, ямар ч байсан намайг галзуугийн больницод очих шаардлагатай гэсэн.

-Хэн?

-Төв эмнэлгийн эмч. Тэр эмнэлэгт Цэдэнбалын анхны хүүхэд өнгөрсөн юм. Төрөх газар гэж байгаагүй үе. Миний нэг эмэгтэй дүү хүүхдээ сахиад тэнд хэвтэж байхад Бал даргын комиссар хүүхэд тэвэрчихсэн, орос авгай дагуулаад ороод ирсэн.

Тэгээд тэндээ хэд хоноод өнгөрчихсөн. Бид тийм л ядуу байсан цаг үе. Бод доо, Цэдэнбал даргынхаа хүүхдийг тусдаа өрөөнд хэвтүүлж чадахгүй байсан.


Б.Бааст гуай ном болгон дээрээ “хөөрхөн зургаа нааж” тамгалдаг

-Тэгээд та галзуугийн больниц руу явсан уу?

-Үйлдвэр комбинатын баруунтаа, Яармагийн гүүрний наад талд нэг жижигхэн цагаан байшинд галзуугийн эмнэлэг гэж байсан. Одоогийнхоор бол сэтгэцийн эмнэлэг л дээ. Тэндхийн мэдрэлийн, орос эмчид үзүүл гэсэн юм. Тэр эмэгтэй эмч намайг үзээд, “14 хоног пивоны хөрөнгө уу” гэсэн.

Архи, пивоны үйлдвэрт нэг литрийн бидон барьж очоод дүүрэн хөрөнгө авч, гэртээ хариад том аягаар уучихдаг байлаа. Дороо л согтоод уначихна шүү дээ. Ингээд 14 хоногийн дараа дахиад үзүүлтэл “14 хоног хонины тархи идээд ир” гэж байна.

Тэр үед хонины толгой шиг элбэг юм байгаагүй. 14 хоногт 14 хонины тархи шарж идчихээд больницод очлоо. Дахиад 14 хоног тогонд цохиулаад ир гэнэ. Нуруу, хүзүү, толгойд цахилгаантай утас залгаад жирэлзүүлэхийг хэлж байгаа юм.

Үүний дараа дахиад л 14 хоног зөвхөн толгойдоо тэр утсыг залгуулаад, тэгээд эмчилгээ дууссан. Тэрнээс хойш ёстой өвдөж хавдахыг мэдэхгүй болж, шавхруугүй эдгэсэн дээ. Тэр үеийн орос эмч нар мөн лут байжээ. Ёстой мэдмээр. “Пийв” чинь муу зүйл биш юм. 10-аад жилийн өмнө миний шээс хаагдаад баларсан.

Түрүү булчирхай гэж аюултай юм. Тэгэхээр “пийвийг” бага багаар ууж байхад гэмгүй шиг байна.

-Одоо толгой, хүзүүгээр тань огт өвдөхгүй юү?

-Үгүй. Харин нойронд тааруухан болсон.

-Өдөрт гурван удаа өтгөн кофе уугаад нойроо хулжаагаад байгаа юм болов уу?

-Кофенд буруу байхгүй ээ. Би 1962 оноос хойш л кофе ууж байна. Муу нэртэй ч, хамгийн сайн ундаа бол энэ шүү дээ. Сүүлийн үед гуя дагаж, яс жаахан янгинаад байсан. Тэгсэн ач охин минь нэг эм авчирсныг уугаад бүр овоо шүү.

Монгол адууны яснаас гаргаж авсан эм гэсэн. Манайхан ч одоо юм хийдэг болжээ. Мундаг эм байна лээ.

-Та Улаанбаатар хотын түүхэн товчоо шахуу болсон хүн. Хувьсгалын дараах үеийн монголчууд хэрхэн амьдарч байсан талаар хүүхэд, залууст сайхан түүх ярьж өгөөч.

-Яршиг. Та нар миний ярих зүйлийг хэвлэхгүй шүү дээ.

-Яагаад?

-За тэгвэл, сонс. Би 1940 онд Улаанбаатарт орж ирснээс хойш 75 жил болсон байна. Тэгэхээр 1940-1950-иад онд нийслэл хот ямар байсныг ярихад их сонин. Хоёр давхар байшин арван хуруунд багтахаар, тэр чигтээ эсгий хот байлаа шүү дээ.

Тэр үед энэ хотыг ямар хүмүүс амьдруулж, хөдөлгөж байсан юм бэ гэхээр хэдэн муусайн хятадуудын тухай ярих болно. Ардын хувьсгалын өмнө, хойно Монголд явган нүцгэн, жинчид дагаж ирсэн, амь зуух гэсэн, хар буруу санаагүй, голдуу настай хятад хүмүүс хотыг авч явж байсан юм.

Амьдралын төлөө л зүтгэсэн, зүдэрсэн хүмүүс, тэд. Тэр үед Улаанбаатарын тээвэр юу байв, морин тэрэгтэй хэдэн хятад. Би галзуугийн больницод очихдоо тэр л унаагаар явдаг байсан. Тэнд өдрийн хагас болсон ч хятад тэрэгчин намайг хүлээгээд л сууж байна. Учир нь би мөнгийг нь буцахдаа өгнө гээд буучихаж байгаа юм.

За, тэгээд нөгөө тэрэгтэй хятадууд хотынхонд ус түгээнэ. Нэг захаас нөгөө рүү явж айлуудыг усаар хангадаг байлаа. Гуравт, нүүрс. Муусайн хятадууд л айлуудад нүүрс хүргэж өгнө. Би “Үнэн” сонины томилолтоор Налайх хүртэл нүүрсний вагоны хоосон тэвшинд суун очиж, сурвалжлага хийж байлаа.

Орой буцахдаа вагоны тэвшин дээр овоолсон нүүрсэн дээр суугаад, ирсэн. Хөө шиг пад хар, халтар амьтан л бууж байлаа шүү дээ. Ингэж ачиж ирсэн нүүрсийг Сүхбаатарын станц дээр буулгаж байхад тэрэгтэй хятадууд, явган нүцгэн монгол хүмүүс чадлынхаа хэрээр саваа дүүргэдэг байхгүй юу.

Тэднийг хөөж, тууж, хүүе хаая гэхгүй, мөнгө ч авахгүй шүү дээ. Тэндээс ачсан нүүрсээ хятадууд айлуудад хүргэж өгнө. Ингээд зогсохгүй, хотынхон хятадуудаар түлээгээ хөрөөдүүлдэг байлаа. Түлээний хэд хэдэн зах дээр жинчид хөдөөнөөс мод ачиж ирнэ.

Бүдүүн моднуудыг нөгөө л хэдэн хятад хөрөөднө. Тэд гудамжаар явж “Мод хөрөөд” гээд л хашгирна. Хөөрхий дөө, өөр шигээ мухар болчихсон хариугүй муу ямаан хөрөөтэй. Би “Ямаан хөрөө” гэдэг өгүүллэгтээ хөрөө, эзэн хоёрын амь явж явж нэг л өдөр тасрах байх даа гэж бичсэн юм.

Зайлуул, айлаас цай, хоол горьдохгүй, хөрөө нь халж, зуурахаар хааяахан аяга ус гуйна. За, хавар газар гэсэхээр айлууд хятадуудаар жорлонгоо ухуулна. Ингээд зогсохгүй, үсчин, оёдолчин, зурагчин, будагчин, тогооч гээд бүгд хятад.

Архийг ч хятад хүмүүс л зардаг байлаа. Шөнө хэдэн цагт ч хамаагүй хятад мухлагийн үүд балбахад “Аяа, яасан хэцүү вэ” гээд л архи гаргаж өгдөг. Авсаа хүртэл хятадуудаар хийлгэж байсан үе шүү дээ. 1950-иад он хүртэл энэ мэт бүх юм хятад иргэдийн нуруун дээр байсан. Ингэж явсаар хэдэн цүзгэр хөх “автуус” үзэгдэх болсон. Улсын унаатай болж байгаа нь тэр.


-Зун болохоор л Та Шадүвлингийнхаа хэдэн болжмор, хэрээтэй “ярилцаад” тэр болгоныг нь тэмдэглэж аваад завгүй байдаг. Энэ жил танайх нэг бүжинтэй болсон гэв үү?

-Чи тэр зуслангийн нэрийг зөв бичээрэй. Шадүвлин шүү. Лин гэдэг нь хийд гэсэн үг. Хүмүүс буруу нэрлэж, бичээд сурчихаж. Энэ зун зусландаа 10 гаруй жижиг өгүүллэг бичлээ. Нэг нь боргоцойны тухай. Танай сонинд өгнө. Бас бүжингийн тухай ч бий.

Тэр хөөрхөн бүжинг муур бариад идчихсэн, муухай амьтан. Манай зуслангийн байшингийн хажуугаар ганц туулай гүйгээд байсан юм. Тэгтэл удалгүй зээ хүү, бэр хоёр маань нэг өдөр бүжин аваад ирлээ. Хажуу айлын муур зуучихсан явсныг арай хийж салгаж авсан гэнэ.

Тэгээд цусыг нь угааж, цэвэрлээд, жижигхэн хайрцгаар оромж хийж, хэвтүүлээд, сүү өгсөн чинь хошуугаа хүргэсэн гэнэ. Таван салаа түүгээд өгсөн чинь бас идэж байна аа. Маргааш өглөө мал эмнэлэгт эмчлүүлнэ гээд л бид хэд баярлаад, сүйд боллоо.

Өглөө босоод хартал нөгөөх чинь мажийчихаж. Ер нь тэр бүжин хаанаас гараад ирэв гээд асууж сураглатал энэ тэрүүгээр гүйгээд байсан нөгөө ганц туулай хажуу байрны дор дөрвөн бүжин гаргасныг тэр муу золигийн муур түүж идээд дуусгачихсан. Аймаар байгаа биз.

Б.БААСТ: Талхны мөнгө өгчихвөл манайхан гараа өргөчихдөг. НӨГӨӨХ НЬ ДАРАА САЛААВЧААР ХАРИУ БАРИНА

Ингэж хэлээд “сөөсгөр хүү” хамраа үрчийлгэлээ. Тэгснээ “Муурыг бас муухай гэж болохгүй ээ. Эзнийхээ аминд орсон муур алийг тэр гэх юм. Газар хөдлөх гээд байгааг мэдээд эздээ сэрээж, аварсан түүх зөндөө. Балбад нуранги дор хүүхэд байгааг мэдсэн муур газар малтаад, уйлж, гийнаад байсан гэсэн, өрөвдмөөр.

Ингэхээр амьтныг хайрлахгүй байхын аргагүй”. Амьтан, ургамлаа хараад хүүхдүүд баясаж, хайрлах сэтгэлтэй болох учиртай. Гэтэл манай хүүхдүүд тэгж чадахгүй юм. Яагаад тийм болчихдог байна аа, сонин. Байгалиа хайрлах учиртайг хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй байна.

-Та харсан, үзсэн болгоноо “чулуу” болгож, тэмдэглэдэг зантай юм аа?

-Монголын хамгийн хайрлууштай мод бол хуш. Манайхан самрын модоо хядаад дууслаа шүү дээ. Одоо захаар дүүрэн түүхий боргоцой байна. Энэ тухай “Боргоцой” өгүүллэг бичлээ. Хүний гар хүрэхгүй модны орой дээр үлдсэн ганц, хоёр боргоцойг авах гэж шунаж байгаад нэг хүү амиа алддаг тухай.

БОНХАЖЯ гээд нэг том газар байна. Ядахдаа Улаанбаатарын ойролцоох ой, усаа хамгаалж чадахгүй байгаагийн нэг жишээ нь тэр хүүгийн амь юм гэж бичсэн. Ийм явдал зөндөө болж байгаа.

-Тэгэхээр та болжмор, боргоцойгоор дамжуулаад нийгэмдээ хандаад байна аа даа, янз нь?

-Тийм шүү дээ. Хүрээлэн байгаа орчноо хайрлаж, хамгаалахыг мэдэхээ больжээ. Тэгж явсаар байгалиа гомдоогоод дууссан хойноо “Ээ харла, хайран юм байж” гэж ухаарах уу. Манай зусланд гэхэд л зурам, үхэр огдой, чогчиго байлаа. Одоо бараг харагдахаа больж. Чогчиго их сонин шүү дээ.

Яг адуу тууж яваа хүн шиг исгэрдэг. Тэгээд зурам харангуутаа нуруун дээр нь мордчихно. Нөгөөх нь авч давхисаар нүх рүүгээ шуртхийгээд ороход чогчиго хосыг нь шувтраад үлдчихдэг юм.

-Хүн нас ахиад магтаалд дуртай болдог муу талтай. Жаахан онгироогоод хөөргөчихвөл өөрийгөө магтдаг муухай зантай болчихдог нийтлэг дүр ажиглагддаг гэж Д.Бямбасүрэн гуай ярьсан. Та магтаалыг юу гэж боддог вэ?

-Тэр үнэн шүү. Гэхдээ магтах ёстой үед нь магтаад өгөх хэрэгтэй. Магтаал сонсохгүй байсаар хорвоог орхиж буй сайхан хүмүүс байгаа нь эмгэнэлтэй. Магтаж, товойлгох юм байвал хэлэх ёстой. Хүн гэдэг амьтан бүтээхийн төлөө төрсөн.

Эцсийн бүлэгт улсынхаа төлөө явж байгаад өнхөрдөг. Миний бодлоор үсчин, худалдагч, гудамжинд хог цэвэрлэж байгаа эгэл хүмүүсийг сайн магтаж, сурталчилж, үгийг нь сонсох хэрэгтэй. Хамаг хар бор ажлыг тэд л нугалж байгаа. Тэдний хүчээр улс урагшилж байна. Ихийг биш, багыг бод. Энгийн юманд эрдэнэ байгаа шүү.


Чогсом бид хоёр “Муу хөгшнөө зогсоо зайгүй инээлгэж байгаад гарна шүү” гэж тохиролцсон

-90 гарсан энэ насандаа эргээд харахад хийж амжуулаагүй зүйл үлдсэн дээ гэж харамсах, эсвэл тэгэх байсан юм гэж засаж залруулахыг хүсдэг зүйл бий юү?

-Би энэ засаг, төрд голоо тасартал гомдоод байгаа. Ер нь Монголын ард түмэн их азгүй. Өвөг дээдэс маань юм юмтай нутаг өвлүүлж өгсөн. Гэтэл одоо хар. Тавантолгой, Оюутолгой, цаашлаад хаана нь, хэн яаж онгичиж байгааг бид мэдэхгүй. Ёстой л талыг там болгож, төмөр хумсаар маажиж, өдөрт хэдэн мянган тонноор нь гадаад руу зөөгөөд дууслаа.

Хэн, яагаад зөөлгөөд байгаа юм бэ. Зөөсөн юмны оронд ирсэн мөнгө хаана байна. Бидний ходоод руу юм орохгүй, улам доройтоод, ажилгүйдээд, үнэ нь өсөөд байна шүү дээ. Яагаад банк мөнгөгүй, дампуурч, бас дампуурах ирмэгт очоод байгаа юм. Яагаад олон сая долларын өртэй байгаа юм.

Манай ард түмэн унааны хөгшин морь шиг, хонь шиг номхон, тэнэг юм. Талхны мөнгө өгчихвөл сонгуульд гараа өргөчихнө. Нөгөөх нь дараа салаавчаар хариу барина.

С.Баярцогт гишүүн саяхан нэг ярилцлагадаа гадаадын банкинд доллар хадгалуулаагүй гэж өөрийгөө хамгаалсан, арга ядсан элдэв тайлбар хийснийг нь уншлаа. Хариуцлага хаана байна. УИХ-ын дарга З.Энхболд саяхан Оюутолгойд очсон. Тэр тэнд юу хийх юм, юу ч мэдэхгүй байж.

Тэгээд ирснийх нь дараа “Тавантолгойн хөзөр З.Энхболдод шилжих шиг боллоо” гэж сонинд бичсэн байсан. Тийм л юм хийхээр очсон хэрэг. Энэ төр ийм хувиа хичээсэн хэдхэн хүний гар дамжсаар байгаад бид баялгаа ч идэж чадахгүй, бүсээ чангалсаар сүүлдээ шоргоолж болж, тасраад дуусвал яана аа.

Бааст гуай ууртай байна. Арга ч үгүй биз. Хөгшин хонины насгүй болсон гээд хэлээ хазаад, өдөр хоног өнгөрөөх хүн биш шүү дээ, энэ буурай. Иргэн хүн бүр нийгмийнхээ төлөө чадлынхаа хэрээр үгээ хэлж, ярьж, дуугарах учиртай гэж тэрбээр үздэг. Тиймээс л хойч үеийнхнийхээ талхны төлөө өвгөн зохиолч сэтгэлээ чилээж, үзэг, цаасаа нийлүүлсээр яваа.

Тэрбээр “Харамсах зүйл зөндөө байна” гэсэн. Тэгээд л жаахан бухимдсан. Монголчуудын уламжлалт ухаан гэж гайхалтай өв соёл бий. Ботгоо голсон ингийг хуурдаж, уйлуулж чадаж байгаа биз дээ. Тэр мэтээр нарийн ухааныг өвөгчүүл маань амьдралаасаа ургуулсан байтал хойч үеийнхэн нь орхиод, гээгээд, мартаад дуусах нь, харамсмаар.

Ер нь монгол хүн 100 наслалгүй үхэх учиргүй. Гэтэл дэлхий дээрх хамгийн богино настай улс болох нь. Энэ утаа, угаар, ус, малаасаа олон болж буй машин, хоол хүнс гээд хэцүү байна шүү. Өвгөн ийнхүү харамсана. Өөр нэг зүйл гэвэл, насаараа ном зохиол бичсэнийх наад зах нь дурсамж, дурдатгал, хэвлүүлээгүй байгаа зохиол тэргүүтнээ багтаасан 25 ном гаргахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар 19-ийг нь гаргасан. Бүгдийг нь хэвлүүлэх гэхээр мөнгөнд “дөнгөлүүлчихээд” хэцүү байдаг гэнэ. Тэрбээр 2004 он хүртэл нимгэн, зузаан нийлээд 130-аад ном хэвлүүлжээ. 95 насныхаа ойг угтан хоёр зузаан ном гаргахаар төлөвлөсөн гэнэ. Тэр бол зохиолч Б.Баастын дурсамж, дурдатгал, захидал, ярилцлага, шинэ зохиолууд гэсэн. “Манай Бааст ер нь бусдаас түрүүлж сэтгэж, хүмүүсийн дуулаагүйг урьтаж сонсдог, уншдаг хүн” гэж түүнийг сайн мэдэх ахмадууд, зохиолчид ярьдаг.

Тэрбээр номон дээрээ өөрийн “хөрөг”, гарын үсэгтэй тамгаа дардгийг уншигчид маань мэдэх биз. Үнэхээр л арай өөрөөр сэтгэсэн, янзтай хөөрхөн эд шүү. Энэ талаар ярьж, өвгөн найзынхаа сэтгэлийг жаахан тайвшруулаад яриагаа үргэлжлүүллээ.

-Таныг мөнгөтэй, жаргалтай, элбэг дэлбэг, хүний төлөө сэтгэлтэй, шударга нийгэмд очоод насаа элээ гэвэл явах уу?

-Явахгүй ээ. “Шараа голын гурван хаан” жүжгийн Гэсэр хаан ингэж хэлдэг юм. “Өргөстэй ч гэсэн өнхөрч хэвтэхэд өсөж, төрсөн нутаг минь сайхан” гэж. Тэгэхээр би хүний нутагт яаж амьдрах юм. Болохгүй шүү дээ. Би эндээ л үхнэ.

Манайхан сүүлийн үед сав л хийвэл гадаад руу явж, эмчлүүлнэ гэх юм. Өөрт байгаагаа бараад, үр хүүхдийнхийгээ дуусгаад, төрөл саднаасаа аваад л гадаад руу явж байна. Тэгсэн ч удахгүй л байна шүү дээ. Ингэж хавийн амьтныг хөлдөө чирч, үйлээ үзэж үхээд яана аа. “Опен доор”-д өгсөн ярилцлагадаа би “Монгол нутагт төрж чадсан юм яагаад Монголдоо үхэж чадахгүй байгаа юм” гэж хэлсэн.

Монголын эмч нар гадаадынхнаас дутахгүй эрдэм чадалтай болж байна шүү. Лувсаншарав маань сүүлд эмнэлгээс гараад ингэж ярьсан. “Хоёрдугаар эмнэлэг аргаа өөрчилчихжээ. Монголын сор болсон улсууд тэр эмнэлэгт л амьсгаа хураагаад байхаар “Хүн алдаг газар” гэсэн нэрнээсээ салахаар шийдэж, үхэхийг нь мэдээд л гэрт нь гаргадаг болчихож” гэсэн.

Хошин ч гэсэн хатуу үнэн шүү дээ. Би энэ тухай номондоо бичсэн, чи уншаарай.

-Та нээрэн найзаа сайхан үдэж өгсөн гэж сонссон. Хүн инээлгэх нь бас л нэг буян шүү, тийм ээ?

-Лувшаншаравыгаа өөд болохоос долоо хоногийн өмнө ардын зураач Чогсом, бид хоёр очсон юм. Өөрөө ч бас дуудуулсан байсан. Бид хоёр “Муу хөгшнөө зогсоо зайгүй инээлгэж байгаад гарна шүү” гэж тохиролцоод орлоо.

Гэрт нь гурав, дөрвөн цаг шахуу болохдоо дандаа хөгийн юм яриад зөндөө инээлгэсэн. Сүүлдээ амьтны “сээкс” ярилаа. Би “Бор болжмор нэг минутад зургаа, долоон удаа авчихна шүү дээ” гэхэд Лувсаншарав “Хөөе, хөөт минь, чи инээлгэсээр байгаад элэг авах нь ээ” гээд элгээ дараад, нулимсаа арчсан.

-Та ер нь ямар хоолонд дуртай вэ?

-Би монгол хоолондоо л дуртай. Ресторан, гуанзаар орохгүй шүү, номонд хазгай. Нуруу цоройндоо наалдах гэж байсан ч гадуур хооллохгүй. Гэхдээ хоёр зээ маань хааяа “Номадс” бил үү, тийш нь дагуулж ордог. Би бас шимийн архи, айраг, элдэв шүүс ерөөсөө уухгүй.

Гурилтай хоол, чанасан мах идэж, шар, цагаан будаатай цайгаа уудаг.

-Бааст гуай хүн нас ахихаар жижгэрдэг. Та ингэхэд залуудаа хэр өндөр байв. Одоо биеийн өндөр тань хэд орчим байх шиг байна?

-Метр жар байх аа. Тээр жил сурвалжлагчаар Вьетнамд очсон юм. Америктай дайтаж, хэн болохоо үзэлцэх шийдвэрлэх тулаан хийж байх үед нь шүү дээ. 14 хоногийн томилолттой байсан ч сар гаруй болчихоод эх орондоо эсэн мэнд ирсэн хүн дээ.

Тэнд очоод жингээ үзэхэд 50 кг байсан. Буцахад минь дахин хэмжихэд 55 кг болчихож. Олигтой юм идээгүй байж жин нэмчихдэг юм байх даа гэж бодтол үгүй юм билээ. Усан хавантай байж. Вьетнамаас Бээжинд хүрээд жингээ үзтэл эргээд тавийг зааж байсан. Одоо бол 50 орчим кг байгаа байх аа.

-Хүний газарт, тэгээд дайнтай цагт сурвалжлага хийсэн баатар юм байна шүү дээ. Ер нь айдас гэж юу вэ. Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Дайн аймаар шүү. Америкийн онгоц хэзээ ч хамаагүй ороод л ирнэ. Радиогоор ард иргэддээ дайсны онгоц хэр ойртож байгааг мэдээлж, 100 км дөхөөд ирэхээр нь түгшүүр зарлана. Буутай хүн бүр гарч зогсоод, тэнгэр рүү буудаж гарна даа, аймаар. Намайг тэнд байх хугацаанд 100- гаад удаа агаарын түгшүүр зарлаж, тэр болгонд янз бүрийн газарт амиа хамгаалах гэж айж, түгшиж, бухимдаж явсан тухайгаа одоо хүртэл бичиж амжаагүй л явна.

Эх орондоо ирэхэд Удвал дарга маань өрөөндөө угтаж аваад, намайг тэврээд “Би их тэнэг толгой юм. Хэрэв чи тэнд алуулчихсан бол чиний долоон хүүхэд, догшин шар авгайг яаж тэжээх байсан юм бол. Тийм юм ч бодохгүй чамайг явуулчих гэж” гээд л уйлсан шүү дээ.

Айдас гэж юу вэ гэсэн үү, сонин л асуулт байна. Айдас гэж их олон юм. Одоо гол айдаг зүйл минь дэлхийн дулаарал. Энэ бол ганц намайг ч биш, хүн төрөхтнийг түгшээсэн айдсын харанга дэлдсээр айсуй сүйрэл шүү.

30-50 жилийн дараа галба юүлнэ ч гэх шиг. Энэ бүхэн бол аймшигт түгшүүр. Сэтгэл амар байх аргагүй бөөн зовлон боллоо л доо.

-Долоон хүүхдийнхээ ээж, сайхан ханийнхаа тухай дурсана уу. Юу хийдэг, ямар хүн байв. Удвал гуай яагаад “догшин шар” гэж хэлсэн юм бол?

-Миний ханийн нэр Аюуш. Тодорхой мэргэжилгүй, сургууль соёлын мөр хөөж базаагаагүй хүн байсан. Номын сан, Төв шуудангийн Бичиг, захианы салбарт түр ажиллаж байсан юм. Олон хүүхэд цувуулж, гаргасаар бүх амьдралаа дуусгасан даа. Ер нь, хэлэмгий, санаж бодсоноо хэнээс ч айхгүй ярина.

Жаахан аманцар талдаа хүн байсан л даа. Бас их сэргэлэн, гайхалтай ой санамжтай хүн шүү. Хорвоогоос яваад 20 гаруй жил болжээ.

-Багшийн эрдэм шавьд гэдэг. Ц.Цэдэнжав багш таныг уран бүтээлчийнх нь хувьд илүү задалж, нүдийг тань нэлээд нээсэн мэт санагддаг?

-Тийм шүү дээ. Ц.Цэдэнжав багш маань над шиг уран бүтээлийнхээ л мөрийг хөөгөөд явсан бол Монголын хамгийн том зохиолч байх тийм л мундаг хүн байсан. Гэтэл шатарчин болно л гэнэ. Ногоочин, жимсчин болно л гэнэ.

Зүг бүр лүү хамаг эрдэм мэдлэгээ цацсаар сайхан авьяасаа үрэн таран хийсэн. Цэдэнжав багш бид хоёрын хамтарсан анхны уран бүтээл “Мандухай сэцэн хатан” жүжиг. Баян-Өлгийгөөс хотод ирчихээд удаагүй байхдаа нэг өдөр хотын гал командын байшингийн буланд багштай яг таарчихсан.

Тэгтэл багш “Чи зохиол оролддог бил үү” гэхээр нь “Оролддог санаатай” гэчихлээ. “Чи жүжиг бичих үү” гэж байна. Одоо бодох нь ээ, би гэж их мундаг, мангар амьтан шүү “Бичье” л гэчихлээ. Багш тэр үед ШУ-ы хүрээлэнгийн Түүхийн тасагт ажиллаж байсан юм.

Тэгээд Мандухай хатны тухай судалсны эцэст жүжиг бичих сэдэл төрсөн шиг байгаа юм. Жүжгийн төлөвлөгөө бичсэн сурагчийн дэвтрээ өгөөд “Унш” гэсэн. Мандухай хатны тухай би анх удаа сонсож, уншиж байгаа нь тэр. Олон удаа тулаанд явсан, зоригтой, дайчин, үнэн гайхамшигтай эмэгтэй байж.

Багш “Энэ тухай жүжиг бичих үү” гэхээр нь нэрэлхээд “Бичье” гэчихлээ. Тэгтэл “За тэгвэл бэлтгэл хийнэ ээ. Улсын номын санд суу. Шекспирийн жүжгүүдийг унш” гэж байна. Үнэндээ бол тэр нь ямар хүн байдгийг би мэдэхгүй шүү дээ. “Чадна” гэчихсэн хүн яах билээ. Номын санд очлоо.

“Багш намайг Шекспир гэдэг хүний жүжгийг унш гэлээ” гэхэд номын сангийн Жадамба гуай “Чи тэгээд орос хэл мэдэх үү” гэх юм. Яаж мэдэх вэ дээ. Тэгтэл “Цэдэнжав ямар өвчтэй юм бэ. Юу ч мэдэхгүй хүүхдэд Шекспир уншихыг даалгаж” гээд уншлагын өрөөнд суулгаад, баахан зузаан ном авчирснаа “Ядаж жүжгүүдийнх нь нэрийг мэдчихээд багшдаа оч” гэсэн

 

Ингэж хоёр, гурван өдөр номын санд суугаад тэр хүний 37 жүжгийн зохиол байдгийг мэдэж авлаа. Тэгээд багшид “Би 37 жүжгийн нэртэй л ирлээ” гэсэн. Тэгтэл “За одоо Хятадын “Алтан бумбан дахь лишийн цэцэг”-ийг уншаад ир” гэж байна.

Хятадын баахан сурвалж бичиг, уран зохиолын талаар бас унших хэрэгтэй боллоо. Муутуу цаасан дээр монгол бичгээр орчуулж, буулгасан болохоор ядах юмгүй. Уншиж эхлээд л амтанд нь орсон. Ёстой гоё шүү дээ. Тав, зургаан эхнэртэй, 27 настай ганц эр л зохиолын гол баатар.

Богд хаан хүртэл тэр зохиолыг орчуулуулаад уншиж байсан гэдэг. 5000-аад жилийн түүхтэй Хятадад хайр сэтгэлийн явдал хэрхэн өрнөж, хөгжсөн, эр, эмийн ажлын соёлыг үзүүлсэн зохиол гэх үү дээ. Би багшийн хэлсэн зохиолуудыг уншлаа. Үүнээс гадна өөр зөндөө юм уншиж, судалсан.

Жишээ нь, Марко Пологийн тэмдэглэлийг хүртэл уншаад, конспект (товчилсон тэмдэглэл) бичсэн. Багшийнхаа зөвлөж, хөтөлж явснаар багаасаа жаахан гэгээрсэн ухаантай байгаа биз. Тэгж их зүйл уншиж, мэдсэн нь үнэхээр багшийн нөлөө, ач шүү дээ. Тэгээд судалгааны ажил дууссан бололтой багш “Нэг сарын дотор зохиолоо бичиж дуусга” гэсэн.

Тэгээд л ёстой санааны зоргоороо гөвлөө, аймаар. Би мундаг тэнэг амьтан байгаа биз. Тэгээд аваачаад өглөө. Сарын дараа багш дуудлаа. Хоёулаа “Бөмбөгөр ногоон”-д очиж, уншина” гээд дагуулаад гарсан. Бүх жүжигчний урд гараад Цэдэнжав багш уншиж эхэлтэл Э.Оюун “Бичсэн юмаа уншиж чаддаггүй юм уу” гэснээ “Бааст унш” гэж байна.

Миний унших байдал бас л гологдсон бололтой, өөрөө шүүрч аваад жигтэйхэн уран уншлаа. Дунд хэрд нь мань хүн уйлаад уншиж байсан. Жүжигчид ч сайхан хүлээж авсан.

-Тэр жүжгийг хэдэн удаа тоглосон бэ?

-Энэ явдлаас хэдэн сарын дараа намрын адаг сар шувтарч байхад би “Бөмбөгөр ногоон”- ы хажуугаар явлаа. Хашааны булан дээр “Мандухай цэцэн хатан” жүжгийн зарлал гаргачихаж. Ц.Цэдэнжав багшийнх руу гүйхээрээ очоод энэ талаар дуулгаад “Та бид хоёрын нэр тэр зарлал дээр алга” гэчихлээ. Багш уурлаж, жүжгийг үзэхгүй гээд сүйд болсон.

Тэгж байтал нэг нөхөр ирээд маршал Чойбалсан, Төв хорооны тэргүүлэгчид орой жүжгийн нээлтэд очих тул зохиолчдыг заавал дууд гэсэн хэл дамжуулаад, та хоёр очно шүү гэж сануулсан. Багш баахан цамнаж байгаад сүүлдээ зөөлөрч, бид явах болсон.

Гэтэл надад өмсчих олигтой хувцас алга. Багш нэг цагаан цамц, костюм, зангиатай өглөө. Том юм аа. Өмсөөд л гарлаа. Маршал ирээд бидэнтэй гар барилаа. Их сургуулийн бэлтгэл ангийн оюутан Бааст гэж өчүүхэн амьтан тэгж маршал Чойбалсантай анх гар барьсан шүү дээ.

Жүжгийн дундуур маршал янз бүрийн юм асуугаад, би айсандаа усан хулгана болтлоо хөлөрчихсөн байсан. Жүжиг дуусахад маршал “Дайнтай энэ хүнд цагийн чухал үед ард түмнийг эх оронч, баатарлаг хүмүүжилд уриалсан сайхан жүжиг болжээ” гээд дахин гар бариад явсан.

Энэ жүжгийг яг хэдэн удаа тоглосныг би нарийн мэдэхгүй. Гэхдээ маршал партизануудтай ярилцахдаа “Манай хүмүүс урлаг, уран сайхныг сүрхий ойшоож, үздэг юм байна. Тиймээс үзэх, харах юмыг нь элбэгшүүлэх хэрэгтэй. “Учиртай гурван толгой”-г 25, “Мандухай сэцэн хатан”-ыг 19 удаа үзсэн хүнтэй би уулзсан” гэж дурдсан байдаг юм.

-Тан шиг хүүхдийн зохиол, дуу, шүлэг, үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиол гээд бүх төрлөөр бичдэг хүн тийм ч олон биш байх. Эдгээрээс хамгийн ярвигтай нь аль вэ. Эсвэл онгодоороо л бичээд байдаг болохоор ялгаагүй юу?

Өвгөн найз минь зальтай нь аргагүй инээгээд, хариулах гэж яаралгүй толгойгоо гилжийлгэн, ширээн дээрх талх руу хараад суучихлаа. “За, тайван орхиё. Цайгаа уу” гэхэд хүүхэд шиг талхаа амтархан зажлангаа манай зурагчныг сонжих.

Бид номын сан, ханан дээрх зургуудыг сонирхох зуурт Бааст гуай ундлаад дууссан бололтой босоод, бидний хажууд зогслоо. Юм асуухаар аанай л дуугарахгүй юм. Тэгж байснаа “Ам жавгүй байна аа” гэх нь хэлээ хаздаг эрх хүүхдийг санагдуулав. Ингээд бодох нь ээ, нас ахихаар хүн хүүхэд шиг болдог гэдэг нь үнэн аж.

Буурал зохиолч зуслан руугаа яараад өндөлзөөд, дахиж ярих шинжгүй боллоо. Түрүүнээс хойш байсхийгээд л жижиг цагаан алчуураар ширээгээ арчаад байсан. Одоо талх, чихрээ хураагаад явах болсноо сануулаад байх шиг. Тэгснээ гэнэт нэг юм санасан бололтой.

Нээрэн их сонин шүү, гудамжинд явж байхад хааяа огт танихгүй хүмүүс “Та Бааст гуай мөн үү” гэдэг. Тэгэхээр нь би “Адилхан л юм байна” гэж тоглохоор гарыг минь толгойдоо хүргэдэг. Их сонин. Адис авч байгаа юм уу даа, янз нь” гэснээ нөгөөх алчуураа аваад ширээгээ дахиад л арчлаа.

“Бааст гуай, та байнга л ингэж арчиж, зүлгэх юм” гэхэд “Сурчихсан юм аа. Гараа угаадагтайгаа адилхан ингээд л арчаад байдаг юм. Чи надтай нэг үед төрөхгүй, азгүй юм. Тэгсэн бол учрахгүй юу, хоёулаа. Би ч бас азгүй юм” гээд хүүхэд шиг инээгээд духаа илэв. Гараа угаахыг амьдралынхаа нэг зарчим болгосон энэ хүн инээж, наадах нь эм болдог гэдгийг гаргууд мэднэ.

Тиймээс л яриан дундуураа элдэв “хачир” хавчуулдаг нь заримдаа хүмүүст буруу ойлголт төрүүлдэг бололтой. Эвий дээ, ийм хөөрхөн буурайн насыг нь бодсон ч, туулж өнгөрүүлсэн замналыг нь харсан ч муулж, гоочилж бус, өмөөрч, хайрламаар биш гэж үү.

Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
118.173.228.151 Үнэхээр гоё сурвалжлага болжв Сэтгэл маань хөдлөөд бүр зарим хэсэгт нь ганцаараа инээж, зарим хэсэгт нь аньсага маань норж кино үзэж байгаа мэт л сэтгэлд бууж байна. Мундаг шүү, хэн миньь /:))/ Сарын шагнал авсанд тань баяр хүргэе, улам улам сайхан мэдээ, сурвалжлага хийж байгаарай.
103.9.90.2 сайхан ярилцжээ. аятайхан зөв асуулт асуудаг сурвалжлагч байна. баярлалаа. амжилт хүсье
103.9.90.2 сайхан ярилцжээ. аятайхан зөв асуулт асуудаг сурвалжлагч байна. баярлалаа. амжилт хүсье
112.72.8.234 Yostoi sonirholtoi yariltslaga bolj. Bichlegiin helber n ih goy yum, mash ih taalagdlaa. BUhiin Baast gej aguu hvnii zohioluudiig l medeh bolohoos, yamar hvn be gedgiig unshigchid maani tudiilun medehgvi. Huwi hvn talaas n, tegeed setgvvlch n uuriinhuu bodliig goloor n shigtgeseneer yariltslagaa ilvv amid, engiin, doorhi hvmvvsiin bichseneer ZOHIOL SHIG BOLJEE... Zochin, setgvvlch 2 vneheer gaihaltai hvmvvs yum
27.123.214.120 Хахаха сэргэлэн өвгөн, бас чадал байсан бол нухах нь. Нэг үед төрөхгүй гэж их харамсаж хөөрхий.
27.123.214.120 Хахаха сэргэлэн өвгөн, бас чадал байсан бол нухах нь. Нэг үед төрөхгүй гэж их харамсаж хөөрхий.
112.72.13.206 Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ чи шүүүүү баярлалаа
112.72.13.206 Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ чи шүүүү баярлалаа
112.72.13.206 Баярлалаа сайхан ярилцлага болж. Зохиол шиг л ярилцлага болж гэдэгтэй санал нэг байна. Би нэг хором ч салж чадсангүй. Гай болоод байхаар нь бүр зурагтаа сулаллаа./уг нь их сонирхолтой миний үздэг юм гарч байсан юм/ САЙХАН......
202.179.20.199 зохиол шиг л ярилцлага болж.
103.10.22.30 Uneheer Shan yariltslaga bn.Nastan buurluud maani urt nasalj zurgaadai tayag tulaarai. Hun burtei huurulduj ineed,nas nemj yavdag buurainuud min uhuurdum goyo shuu.
103.10.22.30 Uneheer Shan yariltslaga bn.Nastan buurluud maani urt nasalj zurgaadai tayag tulaarai. Hun burtei huurulduj ineed,nas nemj yavdag buurainuud min uhuurdum goyo shuu.
103.10.22.30 Uneheer Shan yariltslaga bn.Nastan buurluud maani urt nasalj zurgaadai tayag tulaarai. Hun burtei huurulduj ineed,nas nemj yavdag buurainuud min uhuurdum goyo shuu.
150.129.143.52 Saihan hyn shyy.. Ih nyambai hynyydee.. Ard ni bgaa uutnuud hogiin sav ni yum boluu.. Saihan hyn..
202.179.20.201 Сайхан ярилцлага. Эхлэл үнэн урамтай эхэлжээ. Үлгэр жишээ.
103.26.194.8 Ene hun delhiin tuluu sanaa zovj bda harin bi
202.170.71.100 Сэтгэлд гэрэл нэмсэн сайхан ярилцлага байлаа. Баярлалаа.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.