АЛДАРТНУУД

2015 оны 07 сарын 30

Түүхэнд нэрээ мөнхөлж, олон үед мартагдахгүй байна гэдэг хүн бүрт олдох завшаан, хувь тохиол биш. Тэгтэл баавгай, нохой, гахай, муур зэрэг зарим амьтанд дэлхийн түүхэнд мөнхрөх том аз тохиосон байх юм. Тэдний дунд сансрын баатар, аврагч, холбоочин, тагнуулчин, жүжигчин ч бий.


Кнут бол Берлиний амьтны хүрээлэнд мэндэлсэн жирийн л нэг бамбарууш байсан. Гэхдээ түүнийг дэлхий даяараа мэддэг болсон юм. Тус хүрээлэнд цагаан баавгайн төл тасраад 30 жил завсарласны эцэст Кнут гарсан учраас хүмүүс түүнийг онцгойлон угтаж авчээ. Хачирхалтай нь, эх нь түүнийг голоод үнэрлээ ч үгүй гэдэг. Түүнийг жуулчдад үзүүлж, орлогоо нэмэгдүүлж байгааг Германы амьтан хамгаалагчид эсэргүүцэж, цахим ертөнцөөр шуугиан тарьжээ. Тэднийг дэмжсэн олон орны амьтан хамгаалагчид болон хүүхэд, залуус Кнутыг таньдаг болж, шүтэн бишрэгчдийн бүлгэм байгуулж эхэлсэн байна.


Ингэж явсаар бүр Кнутмани хэмээн нэрлэсэн соёлын давалгаа олон орныг хамарсан байдаг. Судлаачид энэ явдлыг нийгмийн үзэгдэл хэмээн тайлбарласан нь бий. Тэр үед Кнутын дүртэй чихмэл тоглоом, цагаан баавгайн бамбарууштай сурталчилгаа, ном, DVD хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болж байжээ. Кнут ингэж Берлиний нэгэн бэлгэ тэмдэг, дэлхийн хамгийн алдартай амьтан болсон.

Харамсалтай нь, тэр амьтан ердөө дөрвөн настайдаа үл мэдэгдэх халдварт өвчний улмаас үүрд яваад өгчээ. Берлиний амьтны хүрээлэнд түүнд зориулан хөшөө босгож, “Кнут-мөрөөдөгч” хэмээн сийлсэн байдаг.


Цасхан буюу Флоке бол мөн л Германд тодруулбал, Нюрнбергийн амьтны хүрээлэнд 2007 онд төрсөн. Цагаан баавгайн бамбарууш Флоке Кнутээс дутахгүй нэрд гарч, хэвлэлийнхний дуранд өртсөн юм. Нэг настай байхад нь түүнд зориулан марк гаргаж, бас дүрээр нь чихмэл тоглоом хийжээ.

Оросын амьтны хүрээлэнгээс түүнд найз “хөвгүүн” олдсон нь эрэгчин бамбарууш Распутин байлаа. Флоке, Распутин хоёрыг 2010 оны хавар Францын Маринленд хүрээлэнд аваачжээ. Тэд өхөөрдөм төрхөөрөө олныг байлдан дагуулсан бол Виннипег харин авьяасаараа алдаршсан хүрэн баавгай.

Канадын армийн дэслэгч Гарри Колборн 1914 онд фронтод томилогдохоосоо өмнө нэгэн хулгайн анчнаас 20 “ногооноор” бамбарууш худалдан аваад, Виннипег гэж нэрлэжээ. Анчин түүний эхийг агнаж, төлийг нь Англид нууцаар авчирсан байж. Колборны төрсөн хотын нэрийг авсан бамбарууш цэргүүдийн дунд эрх хүүхэд шиг байсан ажээ. Эзэн нь Францын фронт руу томилогдсон учраас түүнийг Лондоны амьтны хүрээлэнд нэг настайд нь орхисон аж.

Тэнд 29 жил амьдрахдаа Виннипег олон хүний хайрыг татсан. Ялангуяа зохиолч А.Милний хүү түүнд маш их дасаж, хайрласан гэдэг. Тиймдээ ч аав нь хүүдээ зориулан Винни-пух хэмээх өхөөрдөм баатар бий болгож, Виннипегийг зохиолын дүр болгон мөнхөлсөн түүхтэй. Виннитэй танилцахдаа дөрвөн настай байсан Кристофер Робин Милн 1981 онд 61 настайдаа Лондоны амьтны хүрээлэнд нэгэн хөшөө босгосон юм. Тэр бол Виннигийн бодит хэмжээгээр бүтээсэн баримал байлаа. 1996 онд Канадын шуудангийн газар Винни болон түүнийг аварсан Колборны дүртэй марк гаргажээ.


Хүрэн баавгай Барт АНУ-ын Мэрилэнд мужийн Балтиморт 1977 онд төрсөн бөгөөд хамгийн алдартай жүжигчин-баавгай юм. Түүний өндөр 2.90 метр, 700 кг жин татдаг байсан гэхээр хэр сүртэй амьтан байсан нь илт. Барт “Цагаан соёот”, “Намрын домог” зэрэг нийт 16 кинонд дүрээ мөнхөлжээ. Түүний тоглосон “Баавгай” кино “Оскар” хүртсэн юм. “Чонон сүлд”-ийн найруулагч Жан Жак Анногийн найруулсан тэрхүү киног санаж байна уу, бамбарууш уулын муурыг архираад айлгачихлаа гэсэн чинь ард нь ээж баавгай нь сүрийг үзүүлэн зогсож байдаг даа. Тэр бол Барт юм. Харамсалтай нь, Барт нэгэн баримтат киноны зураг авах ажлын үеэр 23 насандаа амьсгал хураажээ. Жинхэнэ жүжигчин тайзан дээрээ амьсгал хураадаг гэдэг дээ

Коко бол Австралийн од, “Улаан нохой” киногоороо алдаршсан амьтан. Хамгийн ухаантай нохойны титмийн төлөө олон тэмцээнд орж, түрүүлж байсан түүнийг найруулагч Крив Стендерс 2011 кинондоо урьжээ. Нас барсан эзнээ хайж, урт, адармаатай зам туулдаг үнэнч нохойн тухай “Улаан нохой” кино бодит түүхэнд суурилсан юм билээ. Коко яг л хүн шиг найруулагчийн үгийг ягштал биелүүлж, дүрдээ орж тоглосон нь үнэхээр гайхалтай гэж кино багийнхан хуучилсан байдаг. Энэ дүр түүнд шилдэг нохойн дүр буюу “Алтан хүзүүвч” шагнал авчирсан юм. Коко 2012 онд долоон настайдаа зүрхний архаг дутагдалд орж, хөшөөгөө босгуулжээ.

“Бетховен” киног мэдэхгүй хүн үгүй биз. Гол дүрийн сонгон шалгаруулалтад олон үүлдрийн 12 нохой өрсөлдүүлснээс Крис нэртэй сенбернар найруулагчийн хайрыг татаж чадсан гэнэ. Тэр ухаан алдах тушаалыг хамгийн сайн гүйцэтгэж, бас их шаламгай байсан нь дүрээ кинонд мөнхлөхөд хүргэжээ. Бетховены дүрд тоглуулахын тулд түүнийг зургаан сар жүжигчин-амьтдын сургалтад хамруулжээ.

Кейко нэртэй халим олны хайрыг татаад олон жил болсон. 1993 онд “Виллийг сулла” кинонд үнэндээ бол Кейко орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэсэн аж. Аюулгүй байдлыг сахих үүднээс гол дүрд робот-халим “тоглуулсан” юм байна. Хүмүүс өөрөөс нь болгоомжлоод байгааг зөнгөөрөө гэх үү, эсвэл ухамсраараа ч юм уу мэдэрсэн Кейко зураг авалтын үед роботыг хараад тун их гайхаж байсан гэдэг. Энэ киноны дараа амьтан хамгаалагчдын шаардлага, шахалтаар түүнийг далайд нь тавьжээ. Ингэхдээ чиптэй хүзүүвч зүүлгэсэн юм байна. Ингээд Кейког 2003 онд Норвегийн Халас хотын эрэг дээр үхсэн байсныг олжээ. 27 жил амьдарсан эл аварга загас хатгалгаар үхсэнийг тогтоосон аж. Алдарт жүжигчин загасанд хөшөө босгосон нь Халаст бий. Кейког 1979 онд Исландын эрэг орчмоос барьж, тус улсын Хабнарфьордюр хотын усан хүрээлэн буюу аквариумд идээшүүлжээ. Гурван жилийн дараа Америкийн Онтариогийн аквариумд өндөр үнээр зарсан бөгөөд 1985 онд мөн л Мехико руу шилжин, тэндээ үзүүлбэрт оролцох болсон байна.


Кристалл нэртэй энэ сармагчин мань мэтийн жилийн орлогыг хэдэн өдрийн дотор л олдог гэж байгаа. Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчин-амьтнаар тодорсон, “Оскар” атгаж, улаан хивсний ёслолд ягаан даашинзтай алхсан амьтан даа. “Шарталт” киногоор нь хүмүүс түүнийг андахгүй. Шөнө музейд балладаг сармагчин чинь Кристалл шүү дээ. Энэ жил 21 нас хүрсэн эл амьтан бас “Доктор Хаус”-д ч тоглосон.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.