АВТОБУС “УХААЖСАН”, ОДОО ИРГЭДИЙН ЭЭЛЖ

2015 оны 07 сарын 30

“Автобусанд карт уншуулж, эсвэл бэлэн 500 төгрөг өгч зорчиж байна” гэх залуугийн яриа чих дэлсэв. Бас цаана нь “Солонгост яваа юм шиг санагдаад, юу билээ гэж бодлоо” хэмээн нэгэн бүсгүй ойр дотныхоо бололтой хүнтэйгээ утсаар ярина. Ийн тэд шинэ мэдээллээ бусадтайгаа хуваалцах мөчид жолооч “Урд хаалгаар суугаарай. Карттай нь картаа уншуул. Байхгүй бол 500 төгрөгөө энэ хайрцганд хийгээрэй” хэмээн орилж, иргэдийн төлбөрөө төлж байгаа эсэхэд кондуктор хяналт тавьж байв.

Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээлэл, цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн нээлт өнгөрсөн баасан гаригт болсон хэдий ч үйл ажиллагаа нь жигдрээгүй, зарим автобусны карт уншигч ажиллахгүй байсан юм. Харин өчигдрөөс энэ ажил жигдрэх ёстой байв. Гэвч зарим автобусны карт уншигч ажиллахгүй хэвээр, мөн иргэд 500 төгрөгөө урьдчилан бэлтгээгүйгээс мөнгөө задлуулан, дараагийн автобус хүлээхээс өөр аргагүй байдал үүсэв. Тэр дундаа өглөөгүүр хүн ихтэй чиглэлд автобусанд суух гэж шахцалдах, тэдний карт уншуулах, мөнгөө хайрцганд хийхийг хүлээсээр жолооч нэг буудалд 10 гаруй минут зогссон тохиолдол ч гарчээ. Түүнчлэн карт борлуулах, цэнэглэх төвүүдийн талаар иргэд ямар ч мэдээлэлгүй байлаа.

Иймээс олонх нь картгүй, жолоочийн дэргэд байрлах хайрцганд 500 төгрөгөө төлж зорчиж харагдсан. Зорчигч тээврийн нэгтгэлийн 6Б чиглэлийн автобусны кондуктор Б.Мөнхчулуун “Өглөөнөөс хойш энгийн карттай нэг л хүн үйлчлүүллээ. Карттай хүмүүсийн олонх нь өндөр настан байсан. Хэдий тасалбар таслахгүй болсон ч ажлын ачаалал хэвээр байна. Зарим нь арын хаалгаар суугаад байх юм. 500 төгрөггүй, бүхэл мөнгөтэй хүмүүс олон үйлчлүүлсэн. Юмыг яаж мэдэх вэ гээд бутархай 30 мянган төгрөг авч гарсан маань хэрэг боллоо. Сүүлдээ бутархай мөнгөгүй болоод зорчигчдоороо мөнгөө задлуулсан.

Карт уншуулахад жолооч төхөөрөмж дээр тохиргоо хийж байгаа учраас бага зэрэг хүндрэл гарч байна. Иргэд хүсвэл төлбөрийн баримт авч болно. Тасалбар хэвлэвэл бүр ч түвэгтэй болох шинжтэй. Хүн ихтэй чиглэлд хэцүү байна гэсэн” хэмээн ярив. Жолооч баруун гар талдаа байрлах төхөөр өмжөөс урдаа болон хойноо яваа автобусны хоорондох зай, хугацааг харах боломжтой аж. Тус чиглэлийн жолооч М.Батбаяр “Хоёр удаа сургалтад хамрагдсан.

Тоног төхөөрөмж нь сайн ч олон үйлдэл хийхээр будлиад байна” гэлээ. Нийслэлийн хэмжээнд карт борлуулах, цэнэглэх 500 цэг байгуулахаас одоогийн байдлаар 300 орчимтой нь гэрээ байгуулсан гэнэ. МУБИС-ийн автобусны буудлын дэргэдэх карт борлуулах цэгийн ажилтан С.Амаржаргал “Картны үнэ 3600 төгрөг. Үүн дээр нэмээд үйлчилгээний хураамж 100 төгрөг авч байгаа. Картаа 1000-9000 төгрөгөөр цэнэглүүлбэл 100, 10.000 төгрөгөөс дээш бол 50 төгрөгийн хураамж авна. Бид үйлчилгээний хураамжаараа цалинжих юм.

“Улаанбаатар смарт” компанийнхан ингэж хураамж аваарай гэсэн. Бид бэлэн мөнгөөр картаа авч, урьдчилгаа мөнгийг дансанд байршуулж байж төхөөрөмжөө суурилуулсан. Төхөөрөмж 1.2 сая төгрөгийн үнэтэй. Урьдчилгаа 200 мянган төгрөг төлсөн. Төхөөрөмж суурилуулаад 10 гаруй хоносон ч иргэд карт бараг аваагүй. Өнөөдрөөс л карт авч, одоогийн байдлаар 946 мянган төгрөгийн орлого оллоо. 200-гаад карт борлуулаад байна.

Карт борлуулах саналыг “Улаанбаатар смарт” компаниас анх тавьсан” гэв. Тэрбээр картаа алдвал ямар ч аргагүй гэдгийг хэллээ. Гэхдээ удахгүй байгуулагдах Хэрэглэгчийн төвд бүртгэлтэй бол картыг сэргээж өгөх юм байна. Иргэн В.Тунсагдорж “Хорооноос хөнгөлөлттэй зорчих картаа авсан. Автобусанд суутал кондуктор уншуулаад өгчихлөө. Одоохондоо дүгнэж хэлэхэд эрт байна” гэсэн бол иргэн Х.Оюунтуяа “Карт авахад үйлчилгээний хураамж 100 төгрөг авч байна. Цэнэглэх бүртээ ийм хэмжээний мөнгө төлнө гэхээр багагүй өртөг гарах нь. Картаа 10 удаа цэнэглэхэд л нэг талхны мөнгө.

Нэг айл сард 30 талх авдаг байсан бол одоо багаар бодоход 29- ийг авдаг болох нь. Банкны үйлчилгээг онлайнаар авахад хурдан, шуурхай байдаг шиг энэ үйлчилгээ ч бас тийм байх ёстой. Нэгэнт л “ухаалаг” болж байгаа юм чинь хүндээ ойртох хэрэгтэй. Гэтэл энэ үйлчилгээ харин ч дарамт болж байна. Карт авсан хүн бэлэн мөнгөө өгөөд зорчиж байгаа хүнээс илүү зардал гаргаж байна. Угтаа карт авч байгаа хүмүүсийг 450 төгрөгөөр зорчуулах, эсвэл ямарваа нэг хөнгөлөлт эдлүүлэх хэрэгтэй. Одоо банкны картгүй хүн байхгүй болсон. Ийм өндөр үнээр автобусаар зорчих карт авч байхаар банкны картаар төлбөрөө төлж болох л байсан” гэв. М:55 чиглэлийн автобусанд нэг эмээ хөнгөлөлттэй зорчих хуучин картаа үзүүлсэн ч кондуктор буулгачихав.

“Авто терминал трейд” компанийн кондуктор Т.Үржинханд “Өндөр настнуудын картыг тараагаад бараг дууссан гэсэн. Гэтэл зарим иргэн картаа авахгүй, хойрго хандаж байна. Иймээс нэг удаадаа зорчуулахгүй бол картаа хурдан авна. Бидэнд дээрээс ийм үүрэг өгсөн. Харин цагдаагийн алба хаагч нарт карт өгөхгүй байгаа юм билээ. Хариулт мөнгөгүй учраас бүхэл мөнгөтэй иргэдийг дараагийнх нь буудал дээр буулгаж байна. Бусдаар асуудал үүссэнгүй” гэж ярилаа. Оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, энгийн гэсэн таван төрлөөс иргэд сонгон картаа авна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэд картаа хорооноосоо авах юм.

Ахмад настнууд иргэний үнэмлэхний хуулбар, Худалдаа хөгжлийн банк, эсвэл Төрийн банкинд картны үнэ 3600 төгрөг тушаасан баримтаа авчирч карт авах бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрх материалуудаас гадна хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгийг батлах баримтын хуулбарыг авчрах хэрэгтэй. Карт нэг жил хүчинтэй аж. Одоогийн байдлаар хөнгөлөлттэй зорчдог иргэдэд төдөн удаа зорчино гэсэн хязгаар тогтоогоогүй бөгөөд яваандаа сард хэдэн удаа зорчихыг тооцох юм.

Энгийн болон хүүхдийн картыг ойролцоох автобусны буудал, томоохон худалдааны төвүүдээс авах боломжтой. Дашрамд дурдахад, цахим төлбөрийн систем нэвтэрснээр ирэх наймдугаар сарын 15-наас чиглэлийн давхцалыг арилгаж, шинэ маршрут гаргахаар төлөвлөжээ. Тодруулбал, Энхтайвны өргөн чөлөөнд чиглэлийн өөрчлөлт хийн, богино эргэлт бий болгоно. Ингэснээр олонх автобус Офицеруудын ордон, Зүүн дөрвөн зам, X хороолол, Саппоро, Таван шарын уулзвараар богино эргэлт хийх юм байна.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.