АЯГАНЫ ХАРИУ ӨДӨРТӨӨ

2015 оны 07 сарын 29

 

“Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэсэн сайхан зүйр үгийг хэрээ мэддэг бололтой. Найман настай Габи Манн охин гэрийнхээ гадаа ирээд, сургуулийн автобуснаас буухдаа хайрцагтай жигнэмгээ унагачихжээ. Тэгтэл юу юугүй хоёр хэрээ нисэж ирээд амттаныг нь тоншиж эхэлсэн гэнэ. Габи тэднийг сонирхон харж байснаа, жигнэмгийг жижиглэн дайлж. Тэр өдрөөс хойш охин гэрийнхээ довжоон дээр амттан тавьж нөгөө хоёр хэрээг дайлдаг болжээ. Тэр бүү хэл юунд илүү дуртайг нь хүртэл мэддэг тул өдөр бүр  “ширээнд” нь самар тавьдаг болсон гэнэ. Хэсэг хугацааны дараа хэрээнүүд хоол идэхээр ирэхдээ янз бүрийн гялалзсан зүүлт, жижиг түлхүүр, сувс, шигтгээ зэрэг зүйлийг зууж ирдэг болсон нь талархаж буй хэрэг аж. Хэдийгээр энд тэнд  гээгдсэн, эсвэл хаягдсан хэрэггүй зүйл ч гэсэн нисдэг найз нарынхаа бэлгийг Габи нандигнан цуглуулж, тусгай хайрцагт ангилан хийж, хадгалдаг гэнэ. Нэг удаа хэрээнүүд гайхалтай бэлэг авчирч өгсөн нь охины ээж хэдэн долоо хоногийн өмнө гээчихээд олоогүй зургийн аппаратны жижиг таглаа байжээ. Бас нэг өдөр зүрхэн хэлбэртэй, шаргал шигтгээ авчирч өгсөн нь Габийг маш их баярлуулсан бөгөөд тэрбээр “Хэрээнүүд минь надад хайртайгаа хэлэх гэж зүрх авчирч өгсөн” хэмээжээ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.