Орос тэрбумтан харь гаригийнхантай уулзахаар яарч байна

2015 оны 07 сарын 26

Оросууд нэг хэсэг алмасны эрэлд гарч билээ. Нэр нөлөө бүхий хүмүүс нь ШУА-ийн гишүүдтэйгээ зам нийлж, алмасны “мөрөөр” явж, эрэлд оролцож багагүй мөнгө хаяж байсан. Тэгвэл энэ улсын тэрбумтан, 53 настай Юрий Мильнер Британийн эрдэмтэн Стивен Хокингтой хамтран харь гаригийнхныг илрүүлэх  “Breakthrough listen” төсөл хэрэгжүүлэхээр 100 сая ам.долларын санхүүжилт амласан байна. Тэд Лондонд хэвлэлийн хурал хийж “Сансар огторгуйн хаа нэгтээд өөр гаригийн иргэншил байж л таараа. Тэдэнтэй бид уулзахыг хүсэж байна”  гэж  мэдээлжээ. Харийн нөхдөө хайх орос, англи эрчүүдтэй америк сансрын нисэгчид нэгдэхээ амласан аж. Америкийн сансрын нисэгч Фрэнк Дрейк 55 жилийн өмнө мөн л харийнхныг олох “Search for еxtraterrestrial Intelligence” (SETI ) төсөл санаачлан, өдгөөг хүртэл хайсаар буй ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Гэсэн ч  тэрбээр энэ санаанаасаа хэзээ ч буцахгүй гэдгээ олон удаа мэдээлсэн. Өөрийнх нь ахалж буй төсөл санхүүгийн хямралтай байгаа учраас тэрбээр  SETI-ийн гишүүн,  Америк, Английн сансрын нисэгч Сет Шостак, Жеффри Марси Мартин Рис болон НАСА-гийн судалгааны төв “Эймс”-ийн ажилтан Питер Уорден нарын 10.000-гаад гишүүнтэйгээ “Breakthrough listen” төсөлд нэгдэх болсон гэнэ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.