Хариулах хэрэггүй

2015 оны 07 сарын 22

Алдаагаа ухаарч чаддаг байх нь зөв хүмүүжлийн илэрхийлэл. Хүүхдийг багаас нь буруугаа хүлээдэг болгож сургах хэрэгтэй. Өөрийн гэм буруутайг хүлээн зөвшөөрч, уучлал хүсэх нь харилцааны соёлын чухал хэлбэр. Буруугаа мэдэрч гэмшдэггүй, уучлалт хүсдэггүй  хүмүүс хувиа хичээсэн, үл мэдэгчид байдаг”.

Суртал ухуулга мэт иймэрхүү сургаал гэх үү, ухаалаг үгсийг хаа саагүй сонсож, уншиж болно. Үнэхээр, буруугаа хүлээн зөвшөөрч чаддаг хүн бусадтай, нийгэмтэйгээ зөв харилцаж, эрүүл уур амьсгалтай амьдрах замаа тавьдгийг бид өдөр бүр харж, мэдэрдэг. Ийм чадварыг багаасаа эзэмших ёстой, эцэг эх нь зааж сургах ёстой гэж алдартай сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйчид зөвлөсөн байдаг.

Гэтэл Америкийн хэсэг эрдэмтэн хачин гэмээр нэгэн судалгааныхаа үр дүнг танилцуулжээ. Тэдэнд итгэх юм бол буруугаа мэдрэх нь хүүхдийн тархины багтаамжийг багасгаж, агшаадаг юм гэнэ. Усны урсгал уулын уруу биш, өгсөж урсдаг гэдэгтэй утга нэг сонсогдох энэ судалгаанаас гаргасан дүгнэлтэд “Томчуул үргэлж зааж сургаж, хүмүүжлийн хичээлээр бөмбөгдөн “Ингэж ч болохгүй, тэгэх нь ч буруу” гэдэг нь хүүхдүүдэд нэг талаар дарамт болж, сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм байдал ялангуяа сургуулийн өмнөх насныханд илүү ажиглагддаг бөгөөд тэд аав, ээжээсээ үргэлж уучлалт хүсэж “Миний буруу” гэж хэлэхдээ маш их бухимдаж, үүнээс үүдэн сэтгэл болон сэтгэцийн гүн хямралд орно. Энэ байдал ойрхон давтамжтай үргэлжилбэл багачуудын тархины хөдөлгөөн, хөгжлийг хазаарлан “тоормозлох” гол шалтгаан болж, хэмжээний хувьд давжаардаг” гэжээ.

Судалгаанд хамруулсан 3-6 насны 140 хүүхдээс 47 нь эрдэмтдийн анхаарлыг татжээ. Тэд аливаа зүйлд удаан, бусдын аяыг харан, идэвхгүй хандаж  байсны дээр үргэлж эргэлзэж, хулчийдаг зантай байсан гэнэ. Үүнээс гадна бүх хүүхдийн  тархины зургийг томографаар авч харьцуулахад нөгөөх 47-гийнх хэмжээгээрээ арай бага байжээ. Үүнээс үүдэн эцэг эхчүүдтэй нь хүмүүжлийн тухай яриа өрнүүлэхэд дээрх хүүхдүүд маш “дуулгавартай”, буруугаа үргэлж хүлээдэг, тэднээс тэгэхийг шаарддаг болохыг олж тогтоосон аж. Ингээд л эрдэмтэд хүүхдэд бурууг нь хүлээлгэх нь тийм ч зөв арга биш гэж үзэхэд хүрсэн байна.

Эндээс үүдээд хүн бүр өөрийн дүгнэлтийг хийх байх. Гэхдээ тэр нь зөв, энэ нь буруу гэж яаран дүгнэхээс өмнө ер нь буруугаа хүлээх ёстой гэж үү гэсэн асуулттай “ноцолдоод” үзье.

Томчуулын ярианд хөндлөнгөөс орсон, зочны өмнө тавьсан чихэрт гар “дүрсэн”, хичээлээ хийхгүй залхуурсан, айлын хүүхэдтэй тоглоомоо булаацалдаж, зодолдсон, цэцэрлэгийн найзынхаа хурууг хазсан, нүүрийг ннь маажсан гээд багачуудад “буруу” олон бий. Гэхдээ буруу гэж мэдэхгүй учраас буруу хөдөлдөг тохиолдол хүүхдэд байтугай томчуулд ч байдаг. Үүнийг зан төлөвийн доголдол, дутагдал гэж үзэх юм бол энэ дэлхий дээр хүмүүжилтэй сайн хүн олдохгүй нь лав. Тэгвэл хүүхдийн хувьд юуны төлөө алдаагаа ухаарч, буруугаа  хүлээ гээд байгаа нь ойлгомжгүй мэт. Өөр талаас нь харахаар үнэхээр тоглоомоо булаалдаж зодолдсон, найзынхаа хацрыг маажсан, томчуултай зэрэгцэж ярьсан  нь буруу үйлдэл байж болох ч юм шиг. Энэ мэтээр эсрэгцүүлэн, сөргөөгөөд байвал шүүхийн танхимд “уралддаг” шүүгч, өмгөөлөгч шиг элдэв үзэл бодол, таамаг, баримт дэвшүүлээд эх, адаг нь олдохгүй биз. Ийм “хэрүүл”-ийн эх үүсвэр нь америк эрдэмтдийн дүгнэлт учраас алс холд суугаа Азийн бидэнтэй нэг их хавиралдахгүй биз гээд оронд өвөг дээдсийнхээ сургаалиас улбаалан хүүхдийн хүмүүжлийн тухай, буруугаа хүлээх нь зөв, эсэхийг тунгаах гэвэл яадаг бол.

Тэгтэл “Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гээд хэлчихэж, тэд минь. Тэгвэл буруу өснө гэдэг нь яахыг хэлдэг юм бэ. Буруугаа мэдрэхгүй, зоргоороо өсөхийг хэлээд байна уу, бурууг нь хэлэхгүй, дураар нь байлгасныг шүүмжлээд байна уу. Дүгнэлтээс зайлсхийж, зөвхөн эргэцүүлэн тунгаах үүднээс элдэв асуулт ургуулаад, өөрийгөө бусадтай, өрөөлийг өөртэйгээ жишээд үзэхээр хүүхдийн хүмүүжил гэдгийн хариулт олдох болов уу. Миний хувьд нийгэм ба сэтгэл, авир араншин судлаач, эмч биш болохоор хариулт гэдэг дээр үзэгний үзүүр ч хүргэж чадахгүй нь. Бас өөр нэгэн шалтгаан гэвэл өөрөө хүүхдээ хүмүүжүүлэх ухаанд суралцаж яваа “хүүхэд” юм байна гэдгээ энэ мөчид ухаарлаа. Арай залуу байхад минь ийм сонирхолтой судалгаанууд гарсан бол... үгүй ээ, хүүхдээ бага байхад энэ талаар жаахан санаа тавьж судалсан бол гэж сэтгэл минь намайг загнаад байх шиг.

Америк эрдэмтдийн хийсэн судалгаанаас үүдэн ингэж элдвийг бодохоор хүмүүжил гэдгийн хариулт нь нэг биш, хоёр, магадгүй гурав, түүнээс ч олон  байх биз ээ. Эсвэл бүр огт хариултгүй үлдэж ч мэдэх юм. Үгүй ээ, хариулт хэрэггүй ч байж мэднэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.