ХБК-ийн зарчим “Авьяаст арын хаалга байхгүй”

2015 оны 07 сарын 01

 

Манай Хөгжим бүжгийн коллеж дотооддоо төдийгүй гадаадад нэлээд эрэлттэй болсон чанартай сургууль гэдгийг жил бүр элсэлтийн шалгалтын үеэр илүү мэдэрдэг. Франц, Хятад, Япон зэрэг орноос Монголыг зорин ирж, чухамхүү энэ л сургуульд сурдаг нь цөөнгүй. ХБК-ийн гадаад сурагч, оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж буй билээ. Тэгвэл Монголын сонгодог урлагийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэдэг уурхай болсон энэ сургуулийн шинэ хичээлийн жилийн элсэлт долдугаар сарын 1-3-нд болох юм. Энэ талаар тр ХБК-ийн уран сайхны удирдагч С.Энхбулагаас тодрууллаа.

-ХБК арвин амжилтаар хичээлийн жилээ дуусгаж байна. Шинэ хичээлийн жилийн элсэлтийн талаар уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?

-Юуны өмнө бид 2015 оны хичээлийн жилээ бид уран бүтээлийн өндөр амжилтуудаар өндөрлөлөө. С.Прокофьевын “Үнсгэлжин”, Ж.Бизегийн “Кармен”  балет, И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийг манай сурагч, оюутан, багш нар амжилттай тавьж, тоглолоо. Энэ нь коллеж нэртэй боловч бид академи, консерваторийн түвшинд очсоныг харуулсан үйл явдал гэж бодож байна. Манай сургуульд хөгжимчин, дуучин, бүжигчин, циркчин, хөгжим судлаач, хөгжмийн зохиолч зэрэг 40 шахам төрлөөр мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэдгээс гадна бага, дунд, ахлах анги болон бакалаврын гэсэн шаталсан сургалт явуулдаг өвөрмөц үйл ажиллагаатай. Мөн нэг жилд хоёр  удаа шинэ элсэлт авдаг.

-Одоогоор ХБК хэчнээн сурагч, оюутантай вэ. Танайх босго нэлээд өндөр сургууль шүү?

-Манайх 1200 гаруй оюутан, сурагчтай. “Авьяаст арын хаалга байхгүй” гэдэг зарчим  баримталдаг учраас манай шалгалтын босгыг өндөр гэдэг юм.

Бид оны эхээр буюу нэгдүгээр сарын сүүлээр зургаан настнуудыг төгөлдөр хуур, хийл, виолончель зэрэг утсан хөгжмийн нэгдүгээр ангийн элсэлтэд хамруулдаг. Мөн ерөнхий боловсролын тавдугаар ангид сурч байгаа авьяаслаг хүүхдүүдийг ардын болон үлээвэр хөгжим, бас ардын, сонгодог бүжгийн ангид шалгаруулж авдаг. Үүнээс гадна циркийн ангидаа жил алгасаж элсэлт авдаг юм. Харин бакалаврын хөтөлбөрийн элсэлт бусад их, дээд сургуулийнхтай адил хичээлийн жилийн эцэст явагддаг.

Яг одоо бол долдугаар сарын 3-ныг дуустал манай сургуулийн  дээдийн буюу бакалаврын бүртгэл явагдаж байна. Дараа нь 6-8-нд ур чадварын шалгалтаа зохион байгуулах юм.

Бүртгүүлэхэд бүрэн дунд боловсролын гэрчилгээ, элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын батламж, хувийн хэрэг, цахим үнэмлэхний хуулбар, цээж зураг гурван хувь байхад л болно.

-ЭЕШ-ын босго оноо харгалзах уу?

-400 байх ба монгол хэл, гадаад хэлний шалгалт өгсөн байх шаардлагатай. Харин уртын дууны анги сонгох хүүхэд монгол хэл, Монголын түүхийн хичээлээр шалгалт өгсөн байна.

-Танайх бараг үнэ төлбөргүй сургадаг бил үү?

-Манайх төрийн өмчит сургууль учраас бакалаврын сургалтын төлбөрийн хувьд өндөр биш, нэг сая төгрөг дотор багтдаг. Бага, дунд ангиудын хувьд ямар ч үнэ төлбөр байхгүй. Дээр хэлсэнчлэн “Авьяаст арын хаалга байхгүй” гэдэг зарчмаар манай элсэлт маш шударга явагддаг.    

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.24.37 Lol
122.201.24.37 Haha

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.