Кояма Саора: Монголчууд бие биенээ гэсэн гоё сэтгэлтэй

2015 оны 06 сарын 30

Шинэ танилын минь нэр Кояма Саора. Токиогийн “Сити балет” компанийн бүжигчин, 23 настай. Тэрбээр манай ДБЭТ-ын тайзнаа нэг жилийн хугацаанд бүжиглэсэн бөгөөд гэрээнийх нь хугацаа ирэх сард дуусах юм билээ. П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг Монголын тайзнаа тавьсны 40 жилийн ойн хүрээнд өнгөрөгч ням гаригт болсон тоглолтод салбадайн дүр бүтээсэн түүнтэй ярилцлаа. Монголын сонгодог урлагийн түүхэн үйл явдал болсон уг тоглолтод оролцсоноороо тэрбээр туйлын ихээр бахархаж байгаагаа “Өнөөдөр” сониноор дамжуулан илэрхийлснийг ДБЭТ-ын хамт олонд уламжилъя. Дөнгөж хорь гарч яваа гэхэд нэлээд хэрсүү, аливаад нухацтай ханддаг, бас их нээлттэй, хөгжилтэй, тэгсэн хэрнээ гэнэн хүүхдээрээ  зантай энэ залуугийн сэтгэлд монгол хүмүүс онцгой сэтгэгдэл төрүүлсэн гэсэн.  Түүний яриаг хүргэе.

-Яаж яваад Монголд ирж, бүжиглэх болсон нь сонирхол татлаа. Манай талаас урьсан юм уу?

-Монголд ирэхээсээ өмнө би Токио хотын “Сити балет” компанид бүжиглэж байсан. Тэнд дөрвөн  жил болохдоо бүх л тоглолтод оролцдог байлаа. Манай компанид Монголын  балетчин Б.Чинзориг бүжиглэдэг байсан. Бид их сайн найзууд болсон. Тэгээд би түүнд гадаадын тайзан дээр бүжиглэхийг хүсдэг тухайгаа хэлэхэд тэрбээр ДБЭТ-тай холбож өгсөн юм. Ингэж л Монголд ирсэн дээ.

-Монголд балетын жүжигчдийг тав, зургаан настайгаас нь бэлтгэдэг. Манай Хөгжим бүжгийн коллеж сонгодог урлагийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг алдартай сургууль. Японд балетчдыг хэрхэн бэлтгэдэг болон Кояма сан ямар сургууль төгсөж, энэ урлагтай холбогдсон бол?

-Би есөн настайгаасаа балетаар хичээллэсэн. Жирийн сургуулийн сурагч Токиод балетын студид дугуйлангийн журмаар сурч байгаад, дараа нь  мэргэжлийн сургуульд орсон. Монгол, Япон хоёрын сонгодог урлагийн мэргэжилтэн бэлтгэх систем нь нэлээд өөр. Манайд том театраа түшиглэсэн олон салбар студи бий. Хүүхдүүд ихэвчлэн тэдгээр студид сурдаг юм. Эхэндээ би сонирхлоороо балетаар хичээллэдэг байлаа. Тэгээд  өсвөр насандаа уралдаануудад орж, дажгүй амжилт гаргаж, шагнал авч эхэлсэн. Үүндээ урамшаад би мэргэжлийн балетчин болж, энэ замаар л хоолоо олж идье гэсэн зорилго тавьсан.

Тэгээд “Сити балет” компанид шалгалт өгөөд, тэнцсэн дээ.  Түүнээс хойш мэргэжлээрээ ажиллаж байгаад, 22 настайдаа Монголд ирсэн. Ирээд нэг жил болчихжээ. Цаг хугацаа үнэхээр хурдан юм.

-Манай дуурийн театрт тавигдсан  балетуудад тоглосон уу?

Мэдээж. Бүх жүжигт нь тоглосон.

-Монгол, япон балетчдын чадварыг харьцуулахад ямар байна вэ?

 

-Япон, монгол балетчдыг харьцуулахад танайхны бие бялдар үнэхээр гайхалтай. Урт, нарийхан хөл, ханхар гоё цээж, тэгээд бас жижиг нүүр гээд яг л энэ урлагт заяагдсан мэт. Тэдний бүжиглэх болон юмыг амархан сурч, тогтоох чадвар нь үнэхээр гайхалтай. Бас аливаа зүйлийг тусгаж авахдаа маш хурдан санагдсан. Япон бүжигчдийн хувьд  илэрхийлэх, хувирах чадвар маш өндөр байдаг. Манайхан дасгал сургуулилалтыг маш их хийдэг, чармайлттай.

-Манай балетчдаас Кояамагийн сэтгэлд үлдсэн эрэгтэй, эмэгтэй балетчин хэн бэ?

-Батчимэг. Одоо хүүхдээ төрүүлэхээр амралттай байгаа. Тэр үнэхээр сэтгэлд хоногшсон. Яагаад ч юм бэ, түүнийг хэнтэй ч харьцуулашгүй. Тэрбээр  жүжиглэх, бүжиглэхдээ чин сэтгэлээсээ, огт хуурамч зүйлгүй, өөрийн онцлогтой бүжигчин гэж боддог. Өөрийгөө илэрхийлэх чадвар нь ер бусын гайхалтай. Хэдийгээр өндөр чадвартай, мундаг байсан ч зөвхөн өөрийн гэсэн мөн чанарыг гаргаж, үзүүлэхгүй бол миний хувьд утгагүй санагддаг. Тэр утгаараа Чимка гайхалтай. Тйимээс би түүнийг маш их хүндэлж, бишэрдэг.  

-“Сити балет” хэчнээн бүжигчинтэй вэ?

-90-100 бүжигчинтэй. Улсаас бага зэрэг татаас  авдаг, Японы балетын таван том компаний нэг нь.

-Монголын том театрт ажиллаад хэр их  туршлага хуримтлуулав?

-Туршлага хуримтлуулсан гэхээс илүү маш их зүйл мэдэж, мэдэрч авлаа. Мэргэжлийнхээ хувьд ч, жирийн хүмүүсийн ахуй, соёл, ёс заншлын ялгаатай талыг ч. Ер нь монголчууд ямар нэгэн зүйлийг бодсон л бол тэр дор нь хийчихдэг гайхалтай чадвартай юм билээ. Тэр талаараа япончуудаас давуу санагдсан. Жишээ нь, байшин барина гэж бодъё. Япон хүн зураг, төслөө гаргахаас эхлээд бүх явц, тооцоог цаасан дээр бичнэ. Хэдэн ширхэг тоосго орохыг, хэчнээн литр будаг хэрэгтэйг нэгбүрчлэн нарийн төлөвлөнө. Тэр бүгдийн эцэст барих ажилдаа орно. Гэтэл монгол хүн байгаа материалаа ашиглаад л юмаа хийчихнэ. За энэ материалаа ашиглаад л, илүү зүйл шаардахгүйгээр, богино хугацаанд байшингаа босгочихно. Ёстой л гялс гэдэг чинь тэр. Гэтэл япон хүмүүс элдэв  эрсдэлийн талаар бодоод тийм ч амар хөдлөхгүй дээ.

-Тэгэхээр энэ хоёрын аль нь давуу тал, зөв  гэсэн үг вэ?

-Тэр нь, энэ нь сайн гэж хэлэх аргагүй. Гэхдээ байгаа боломжоо ашиглаад хийе, бүтээе гэсэн тэмүүлэл, эрсдэлээс айхгүй зоригтой чанар, өргөн сэтгэж байгаа монголчууд надад их таалгдаж, онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Монгол хүний сэтгэлийн тэнхээ, ма хүчийг би бага ч гэсэн олж авсан болов уу гэж бодож байна. Тиймээс би Монголд их хайртай. Танайд дахин ирж, удаан амьдрахыг хүсэж байна. Долдугаар сарын сүүлчээр  гэрээ минь дуусна. Тэгээд Япон руу, гэртээ харина. Тэндээсээ Америк явахаар төлөвлөсөн. Боломж олдвол Монголд дахин ирнэ.  

-Кояма ид дурлаж хайрладаг насан дээрээ яваа залуу хүн. Монгол охид, бүсгүйчүүд ямар санагдсан бэ?

-Монгол охид үнэхээр үзэсгэлэнтэй. Биеэ авч явж байгаа байдал, хувцаслалт, стил имиж нь их гоё. Япон охидоос хөөрхөн.

-Үнэхээр тийм гэж үү?

-Танай охид, бүсгүйчүүд өөртөө их итгэлтэй, бардам. Тэр байдал нь илүү эрхэмсэг, гоёмсог харагдуулдаг байх.

Тэгвэл монгол хоолноос юу таалагдсан бэ?

-Би ер нь хоол голдоггүй. Гэхдээ монгол хоолноос тефтельд дуртай.

-Тефтель бол монгол үндэсний хоол биш л дээ.

-Тийм үү, тэгвэл үндэсний хоолноос бууз гоё шүү.

-Монголын цагаан сараар айл их хэссэн үү. Ханатлаа бууз идсэн үү.

-Цагаан сараар таван найзынхаа гэрт очиж, золгосон. Буузыг ёстой идэх шиг болсон,  “пологдтолоо” гэдэг байх аа. Тэрнээс хойш буузанд дуртай байхаа больсон.

-Тэгвэл монголчууд бахархал болсон наадам  үзсэн үү. Наадмаар бид морь уралдуулж, бөх барилдаж, нум сум тавьж, бас айргаа уудаг юм.

-Удахгүй болох наадмын баярыг үзнэ дээ. Айргийг бол хөдөө явж байхдаа уугаад үзчихсэн. Монголчууд их нөхөрсөг, дорхноо л найз болчихдог, нээлттэй хүмүүс юм билээ. Бие биенээ гэсэн гоё сэтгэлтэй. Манай Японд ийм зан чанар дутуу санагдаж байна. Хувь хүний ямар нэгэн юманд халдаж болохгүй. Маш их нуугдмал, ганцаардмал байдаг. Гэтэл энд хүмүүсийн харилцаа их өөр, их дотно. Хөдөө айлд очоод би яг л өвөө, эмээгийндээ байгаа мэт санагдсан. Манайхан намар ургацын үеэр хөдөө өвөөгийндөө очиж тусалдаг юм.

-Монголын талаар олон сайхан зүйл ярилаа. Таалагдаагүй зүйл байна уу?

-Улаанбаатар хотын агаар их бохир. Үүнд санаа минь их зовсон. Энэ бол энүүхэндээ яриад өнгөрөх сэдэв биш. Танай улсын аялал жуулчлалын салбарт ч чухал нөлөөлөх хүчин зүйл гэж бодож байна.

-Монгол хүмүүс мах иддэг болохоор яс нь их хүнд байдаг гэх юм билээ. Эмэгтэй балетчдыг өргөхөд тэр нь мэдрэгдсэн үү?

-Эхлээд жаахан хүнд санагдсан шүү. Гэхдээ би  хонины мах их идсэн. Тиймээс одоо би хүчтэй болсон. Энд нэг зүйлийг хэлэхэд, Монголын ДБЭТ долоо хоног бүр дуурь, балеттай байдаг. Ингэхдээ нэг сарын хугацаанд дөрвөн өөр дуурь, балет тоглодог. Энэ бол ёстой гайхамшиг. Ийм шахуу хөтөлбөрөөр, долоо хоног бүр тоглолт хийнэ гэдэг бол танай уран бүтээлчдийн чадварыг харуулж байгаа хэрэг. Японд бол сард нэг удаа л тоглолт хийдэг. Мөн тухайн бүтээлийг жилийн турш гэх мэтээр удаан хугацаанд дагнан тоглодог. Монголчууд шиг тогловол бид лав чадахгүй. Бодохоос ч аймаар. Гэтэл монголчууд болохоороо л чадаж байгаа байх.  

-Бас манай театрын оркестр, дуулаачид мундаг байгаа биз?

-Үнэхээр мундаг. Гайхалтай л гэж хэлнэ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
193.13.87.194 Saihan yariltslaga boljee...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.