Г.Ариунбаатар П.И.Чайковскийн уралдааны шилдэг наймд туналаа

2015 оны 06 сарын 29

 

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны дуулаачдын төрөлд түрүү байрын төлөө өрсөлдөх найман дуучны нэгээр тодорлоо. Тэрбээр уралдааны болзол ёсоор хоёрдугаар шатны шалгаруулалтад заавал дуулах сонгодог гурван бүтээлээс гадна Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн ламын ари, ардын дуу “Хулсан ташуур”-ыг энэ сарын 29-ний 01.30 /Монголын цагаар/ цагт шүүгчид болон үзэгчдийн өмнө дуулсан юм. Манай дуучин залуу гурав буюу эцсийн шалгаруулалтад тунаж үлдсэн, эсэхийг мэдэхээр өчигдөр өглөө эртлэн интернэт ухлаа. Тэрбээр эмэгтэй дөрөв, эрэгтэй гурван дуулаачийн хамт шилдэг наймын нэгээр тодорсон байна. Уралдааны тэргүүн байрын төлөө ур чадвар сорих сопрано Мане Галоян (Армен),  Юлия Маточкина, Антонина Весенина, Светлана Москаленко (ОХУ) болон Дмитрий Григорьев (ОХУ), Чуань Юэван (БНХАУ), Хан Сын Ю (БНСУ), Г.Ариунбаатар нар өнөөдөр Санкт-Петербургийн “Мариинский” театрын концертын их танхимд тус бүр симфони найрал хөгжимтэй дуулж, хэн болохоо харуулан өрсөлдөх юм.

Энэхүү уралдааны гоцлол дуучдын төрлийг Жон Фишер, Лариса Гергиева, Юань Ченье, Тобиас Рихтер, Михаил Петренко, Деннис О’Нил, Томас Квастхофф, Михаил Казаков, Дебора Войт, Ева Вагнер-Паскье, Ольга Бородина нар шүүж буй.  

Дашрамд, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны дөрвөн төрөл буюу төгөлдөр хуурч, хийлч, челист, дуулаачдын шилдгүүдийн нэгдсэн тоглолт долдугаар сарын 1-3-нд Москва, Санк-Петербург хотод болно.   

 

 

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.