Улаан тэнгист хоёр шинэ арал бий болов

2015 оны 05 сарын 27

Улаан тэнгист галт уул дэлбэрсний улмаас хоёр арал бий боллоо гэж ВВС мэдээлэв. Үүнээс өмнө 2011, 2013 онд тус тэнгист орших,  Йемен улсад хамаардаг Эз-Зубайр арал газар хөдлөлтөөс болж хоёр хэсэгт хуваагдаж байжээ. Энэ нь тэнгис дор “нойрсох” галт “лууг” сэрээж эхэлсэн байх магадлалтай гэж мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Улаан тэнгис дэх гал уул өнгөрсөн арванхоёрдугаар сараас идэвхжиж эхэлсэн бөгөөд дэлбэрэх явцыг ALI хиймэл дагуулаас бичиж авсан бөгөөд уг шинэ арлууд үүсэх үзэгдлийн талаар “Nature Communication” сэтгүүлд нийтэлсэн байна.

Далай, тэнгист арал бий болох нь тун сонирхолтой ховор үзэгдэлд тооцогддог юм байна. Гэхдээ геологичдын мэдээлж буйгаар ийм үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэнэ. Жишээ нь, 2013 онд Японы Огасавара арал галт уулын дэлбэрэлтээс болж хоёр хуваагдсан бол энэ оны гуравдугаар сард Номхон далайн өмнөд хэсэг,  Тонгагийн вант улсын нийслэл Нукуалофоос 45 км  газарт дэлбэрсэн галт уулын нөлөөгөөр далайд нэгэн шинэ арал “мэндэлсэн” аж.

Дашрамд дуулгахад, галт уул үүсэх тэр дундаа далайн гүнд аритаат уулс бий болох механизмыг эрдэмтэд хараахан бүрэн тайлж чадаагүй байгаа аж.

 

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.