Эрдэмтдийн “төөрүүлсэн” үлэг гүрвэлийг олов

2015 оны 04 сарын 08

 

Португалийн палеонтологич Эмануэл Шопп нэгэн үлэг гүрвэлийн олдворыг судалснаар 100 гаруй жил төөрөлдсөн мэргэжил нэгтнүүдийнхээ төөрөгдлийг залруулсан байна. Юу гэхээр, тэрхүү олдворыг бүр XIX зууны сүүлийн хагаст Америкаас палеонтологич Офонил Марш олж, илрүүлээд бронтозавр хэмээн тодорхойлжээ. Тухайн цагт Филадельфийн Байгалийн шинжлэх ухааны академийн гишүүн Эдвард Коп, Йелийн их сургуулийн Байгалийн түүхийн музейн доктор  Офонил Марш гэсэн чинээлэг хоёр эрдэмтэн ид өрсөлдөж байсан бөгөөд үлэг гүрвэл судлалын түүхэнд  Үлэг гүрвэлүүдийн төлөөх тулаан буюу ясны дайчид хэмээн нэрлэгддэг үе юм байна. Офонил Маршийн  мэргэжил нэгтнүүд нь нөгөөх олдворыг бронтозаврынх биш, апатозавр буюу мэхт үлэг гүрвэлийнх хэмээснээр тэрбээр 1877 онд дахин нарийвчлан судалжээ. Ингээд чулуужсан яс гарцаагүй апатозаврынх гэж тодорхойлжээ. 1903 онд өөр хэдэн палеонтологич мөн л өнөөх ясыг судлаад, Офонил Маршийн дүгнэлттэй санал нэгдсэн байна. Урт хүзүү ба сүүл,  жижиг толгой гээд апатозавр болон бронтозавр хоорондоо нэлээд төстэй учраас ялгахад түвэгтэй байж л дээ.

Саяхныг хүртэл дээрх дүгнэлттэй маргах хүн бараг байгаагүй учраас бронтозавр “төрөл арилжиж” апатозавр гэсэн тодотголтой явсаар өнөө үетэй зогожээ. . Олдворуудыг ялгаж, таних шинэ аргачлал, техник технологи боловсронгуй болсоор, өдгөө гэхэд үлэг гүрвэлүүдийг анатомын бүтцээр нь ялгаж, харьцуулах 500 орчим нарийвчлалыг бий болгосон юм байна. Эдгээрийн  ачаар Эмануэл Шопп ХIХ зуунаас хойш “хэлмэгдсэн” бронтозаврыг бие даасан нэгэн төрлийн үлэг гүрвэл болохыг батлав. Ингэснээр бронтозавр өөрийн үндсэн төрөл, нэрээр түүхэнд үлдэх болжээ. Дашрамд, апатозавр 157-146 сая жилийн тэртээд Юрийн галвын үед хамаарах бөгөөд 23 хүртэл метр урт, өндөр нь есөн метр хүрдэг байж. Өвсөн тэжээлтэй, жингийн хувьд дунджаар 32 тонн байсан гэж мэргэжилтнүүд тодорхойлсон байдаг.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.