харанга дэлдэх амьтан, ургамал

2015 оны 04 сарын 07

 

НҮБ-ын шийдвэрээр өнгөрсөн оны гуравдугаар сараас дэлхийн онгон байгалийн өдрийг жил бүр баяр болгон өргөн тэмдэглэж байна. Дэлхийн дулаарал, байгаль болон хүний хүчин зүйлээс шалтгаалан олон ургамал, амьтан мөхлийн ирмэгт ирснийг олон нийтэд сонордуулж, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хүн бүр өөрийн чадлаар нэмэр болохыг уриалсан энэ өдөр WWF буюу Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан сонирхолтой олон материалыг дэлхийн хэвлэлүүдэд мэдээлж, тайландаа  дурджээ. 100 улсыг эгнээндээ нэгтгэсэн тус  байгууллагад байнгын бүртгэлтэй таван сая гаруй сайн дурын ажилтан бий. Тэд дэлхийн хэмжээнд байгаль хамгаалах 1300 томоохон төсөл хэрэгжүүлж буй. Тус байгууллага онгон байгалийг хамгаалах дэлхийн өдрийг 1973 онд санаачилж, 80 улстай хамтран СИТЕС буюу зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци баталсан.Үүнд хуурай газар болон далайн 5000 гаруй төрлийн амьтан, 28.000 зүйл ургамалыг нэр дурдан багтаасан байдаг аж. Тэдгээрээс өдгөө нэлээдгүй нь устаж үгүй болсон нь харамсалтай. 

Өнгөрсөн жил энэ конвенцид 177 орон нэгдэж, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хамтарч байна.

Дэлхийн амьтан, ургамлын тоо толгой,  хүн төрөлхтөн байгалийн баялгийг хэрхэн ашиглаж байгаа, эрчим хүчний нөөцөө сэргээгдэх эх үүсвэрээр бүрдүүлдэг, эсэх,  цэвэр усны хэмжээ, нөөц зэрэг олон хүчин зүйлд тургуурлан WWF хоёр жил тутамд тайлангаа гаргадаг юм. “Амьд ертөнц” хэмээн нэрлэдэг эл тайлангийн ээлжит хугацаа ирэх онд болно. Тиймээс тайланд оруулах амьтан, ургамлын жагсаалтыг эхнээс нь гаргажээ. Тэдгээрээс заримыг нь танилцуулъя.

Ирвэс

Цасны бар, бас ирвэс ч гэгддэг эл амьтан Дэлхийн улаан номны “Мөхлийн ирмэгт тулсан” хэмээх ангилалд бүртгэлтэй. Дэлхийн хэмжээнд Төв Азийн 12 орны нутаг дэвсгэрт 4000 хүрэхгүй ирвэс байгаагаас  1000 орчим нь Монголд бий. Бид энэ амьтныхаа тоогоор дэлхийд ОХУ-ын ард хоёрдугаар ордог. Дээрх 12 орны санаачилгаар жил бүрийн аравдугаар сарын 23-ныг Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр болгосон юм. Өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан бол ирвэс. Монголд байдаг болохоор нь манайхан ирвэсийг тэр бүр тоодоггүй янзтай. Гэтэл хөрш зэргэлдээх улсуудаас ь нутагт нь орж ирсэн ирвэс, бар мэт нэн ховор амьтдыг хамгаалахын тулд хятадууд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй шахуу байна. Эл амьтан тун сэрэмжтэйгээс гадна хад асгатай, өндөр уулаар хэрэн тэнүүчилдэг учраас их нууцлаг. Эрэгчнийг гэнд, эмэгчнийг гинс, үр төлийг нь гүем гэдэг. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсын нутагт орших  “Сайлюгем” үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн камерт гурван цасны барын зураг буужээ. Энэ бол эл амьтан нутаг сэлбэж, тэнд очсоныг баталж буй хэрэг аж. Одоогоор гурван л ирвэс бүртгэж авсан талаараа тэд мэдээлсэн байна. Өдгөө тэдгээр амьтны эзэмшлийн нутаг дэсгэрийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Хулсны лемур

Хулсаар хооллодог цор ганц лемур бол өргөн хамарт лемур юм. Мадагаскарын “уугуул” энэ амьтан мөхлийн ирмэгт ирээд буй бөгөөд дэлхийн хэмжээнд ердөө 200 гаруйхан бий. Хэдийгээр урт сүүлт мичний төрөлд хамаардаг ч, бие даасан ганц зүйл гэж үздэг. Манай мазаалайтай адил гэсэн үг. Мазайлаа баавгайн төрөлд багтдаг ч, говьд амьдардаг ганц төрөл гэдгээрээ онцлог билээ. Өргөн хамартын олон зүйл нэлээд эрт дэлхийн хөрснөөс арчигдсан бөгөөд өөрийн төрлөөс торойж үлдсэн ганц нь энэ юм. Биеийн урт нь ойролцоогоор 45 см, сүүл нь 48 см. Жингийн хувьд дээд тал нь хоёр кг хагас татна. өдрийн ихэнх хугацааг модон дээр өнгөрүүлдэг, шөнийн амьдралтай. Идэш тэжээлийнх нь 98 хувь хулс. Эрдэмтэд одоог хүртэл энэ амьтан хулсны ишинд ихээр агуулагддаг  цианидыг хэрхэн боловсруулдгийг тайлж чадаагүй аж.

Мануул

Монгол, Хятад,  Иран, Армен, Казахстан, Киргизстан, Туркменистан, Узбекистан, Афганистан, Пакистан, Төвд зэрэг Төв Азийн уулархаг бүс нутагт тархсан мануулыг палласын муур ч гэдэг.  Мийгийн төрөлд багтах бөгөөд гэрийн муурны дайтай, урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жин татна. Маш шигүү үстэй. Хүүхэн хараа нь хүнийх шиг дугуй байдаг нь хачирхалтай.  Улирлаа даган үсний өнгөө өөрчилдөг. Мануулууд өргөн уудам нутагт эзэмшлээ тогтоон бие биенээсээ дөлж амьдардлаг нь дархлааны системтэй  нь холбоотой гэнэ. Учир нь нутаг ойртоод ирэхээр нэгэндээ өвчин тараадаг муухай золигнууд юм байна. Эмэгчин нь төлөө хоёр сар гаруй тээж, төрүүлдэг. 3-6 ногоолой гаргадаг ч дархлаа сул учраас тэн хагас нь амьдрах чадваргүй байдаг аж. Дунджаар 10 жил амьдарна. Мануулын дайсан нь хүн. Учир нь түүний арьс, үс маш дулаан, үжирч унахгүй олон жил болдог гэнэ.

Калифорнийн аварга тас

Америк тивийн зарим газарт л харах боломжтой үлэмж биет тас ХХ зууны сүүлчээр мөхөх шахсан. 1987 онд онгон байгальдаа үлдсэн энэ төрлийн сүүлчийн ганц тасыг барьж, амьтны хүрээлэнд авчирчээ. Тус хүрээлэнгийн аварга тастай нийлүүлж, тоо толгойг 27  болгосны эцэст 1992 онд эргүүлэн байгальд нь тавьсан аж. 2012 оны байдлаар АНУ-ын Калифорни, Аризон муж болон Мексикт  аварга тас 405 байснаас  226 нь онгон байгальд амьдарч байгаа аж. Цагаан сөд бүхий хар өдтэй тун сүрлэг шувуу жигүүрээ дэлгэсэн үедээ өргөөшөө гурав хүртэл метр болдог ч биеийн урт нь ердөө  125 см, жин нь14 кг. Ердөө ганц өндөг гаргаж, аав, ээж нь хамтдаа 45 хоног дарна. Ангаахай, дэгдээхэй үеэ өнгөртөл буюу 12 сарын турш эрх “жаал” хэвээр байдаг бөгөөд гурван жилийн дараа нас бие гүйцдэг гэнэ. Аав, ээжийн харьяанд өнгөрүүлэх хугацаа урт байгаа биз. Тиймээс л энэ тасыг элбэрэлтэй гэдэг аж. ийм урт хугацаанд ганц үрээ эрхлүүлдэг болохоор хоёр жилд нэг удаа үүрээ засдаг. Өөрөөр хэлбэл, өндөглөх хугацаа нь хоёр жилийн зайтай гэсэн үг аж.

Алжир жодоо

Мөхлийн ирмэгт тулсан эл модны латин нэршил нь аbies numidica сarr. Монголоор Алжир жодоо юм байна. Нарсны овогт хамаардаг, боргоцойтой эл мод 15-20 м өндөр ургадаг  аж. Хүрээлэнд, хүний арчилгаатай ургуулсан Алжир жодоо үүнээс хавьгүй өндөр болдог гэнэ. Боргоцой нь цилиндр хэлбэртэй, голч нь 4-6 см, 20 хүртэл см урт болдог. Манайхаар бол нэг ёсондоо самар юм. Сул, шимтэй хөрсөнд  ургадаг. Мөнх ногоон бөгөөд хөрсний нягтаршил ихтэй газарт огт ургахгүйгээс гадна агаарын бохирдлыг тэсвэрлэж чаддаггүй эмзэг эд аж. Африкийн хойд хэсэг, Алжирын Бабор, Талаборын өндөрлөгт л ургадаг байна.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.