Л.ДҮГЭРЖАВ: ЯГ Л ӨӨР ГАРИГТ ИРСЭН МЭТ САНАГДСАН

2014 оны 12 сарын 19

Ууланд осгох, одой байх, аянганд ниргүүлэх, хүйсээ солиулах, саран дээр очих, сансарт нисэх, мөс өн туйлд хүрэх, үхээд сэхэх... Ийм онцгой тохиолдлуудад хүн ер нь яадаг бол? Мэдээж, сайхан зүйлтэй учирсан нэгний сэтгэл хөдлөл туйлдаа хүрч, баярлана. Харин бусдаас гаж байгаадаа гутарсан нэг нь магадгүй хааяахан үхэлтэй “ярьдгийг” үгүйсгэхгүй. Үхэлтэй тулж үзсэн нэг нь бол амьдрал руу тэчъяадан тэмүүлж, шунан дурласан байгаа. Энэ мэтээр ургуулан бодвол янз бүрийн л дүрслэл гарах биз. Гэхдээ өөрийн биеэр туулж мэдээгүй л бол яаж ч таамаглаад тухайн зүйлийг мэдэрсэн хүнийх шиг сэтгэгдэл, мэдрэмж төр өхгүй л болов уу. Тэгвэл тийм ховор зүйлтэй учирч, эерэг, эсвэл эсрэг шокийн туйлд хүрч үзсэн хүмүүсээс тэр үед ямар байсан, юу мэдэрснийг нь асуувал илүү бодитой, сонирхолтой байх нь мэдээж. Хачирхалтай, сонин, бахархам гээд янз бүрийн үйл явдлыг биеэрээ туулж, мэдэрсэн хүмүүсийн сэтгэл хөдлөлийн ертөнцийг тольдуулах зорилготой “Мэдрэмжийн шок” энэ удаа Антарктид судлаач, профессор Л.Дүгэржавтай холбогдлоо.

Мөн аянганд ниргүүлээд, амьд үлдсэн хүний сэтгэгдлийг дамжуулах болно. Түүнийг Макс Диринг гэдэг. Тэрбээр 47 настай бөгөөд дууны найруулагчаар ажилладаг байжээ. Өөрсдийг нь өлгийдөн авсан Дэлхий хэмээх гаригаа хүн төрөлхтөн хэр мэддэг билээ. Нарны аймгийн гурав дахь гариг, 4.57 тэрбум гаруй жилийн өмнө үүссэн, нэг дагуултай гэхчлэн ерөнхий ойлголт хүн бүрт байдаг ч далай, тэнгисийн гүнд нь, Өмнөд, Хойд туйлд нь, өндөр уулсын оргилд нь чухам ямар үүх түүх, өв соёл, амьтан, ургамал нуугдан буйг мэдэхгүй. Гэхдээ энэ бүхнийг мэдэхийн төлөө эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд судалж, шинжилж, зах зухаас нь хариулж буй. Тэдний нэг бол Л.Дүгэржав. Ертөнцийн зулай хэмээгддэг Антарктид буюу Өмнөд туйлд Монгол Улс эзэмшил газартай болох эхлэлийг тавихад энэ хүний оролцоо, зүтгэл их байсныг онцлон дурдах ёстой. Туйлд хүрсэн цөөхөн монгол хүний нэг түүний нэрээр нэрлэсэн газар Антарктид тивд бий бөгөөд газрын зурагт “Дүгэржавын оргил” хэмээн тэмдэглэгдсэн нь Монголыг таниулах бас нэгэн сурталчилгаа билээ. Энэ гаригийн долоон тэрбум гаруй хүнээс туйлд очиж, судалгаа хийсэн нь 5000-аас хэтрээгүй аж. Дан тоогоор хөөцөлдвөл энэ нь их мэт боловч, үнэндээ хөлдүү тивийг судалж, үүцийг нь задлах их үйлсэд бол тийм ч хангалттай бус үзүүлэлт юм.

Дашрамд өгүүлэхэд, Монголын эрдэмтэн Ж.Цэрэндэлэг 1972 онд Антарктидад хүрч, мөсөн туйлыг зорих монголчууддаа салхи хагалж өгчээ. Түүний дараа 1982 онд Д.Чулуунбат энэ тивийг зорьсон байдаг. Тэрбээр туйлыг “Тэнгэр, газар нь ялгарахгүй, цас бужигнасан Антарктидийн мөсөн уулс яг ёотон шиг харагддаг” гэж сайхан зүйрлэсэн. Салхигүй үедээ өвөлдөө дунджаар хасах 74, зундаа “гэсэж” хасах 34 градус болдог “чанга” газарт очоод осолдсон ч гомдолгүй гэж гарын үсэг зураад, амиараа дэнчин тавин байж мөрөөдлөө биелүүлсэн өнөөдрийн зочин маань туйлыг хэрхэн мэдэрсэн бол.

-Олон улсын сансрын станцыг “Сансар дахь дэлхийн оффис” гэдэг шиг туйлыг дэлхий дэх бичил огторгуй гэж болмоор санагддаг. Бөөрөндөө байгаа тэр тивийн талаар хүн төрөлхтөн ямар мэдээлэлтэй билээ, хэр судалсан билээ гэсэн үүднээс ингэж бодлоо. Тэгэхээр тэр тивд анх хөл тавихад чухам юу мэдрэгдэж, ямар сэтгэгдэл төрсөн бэ. Агаар нь, цас нь гээд бусад газрынхаас өөр үү. Ялангуяа сүрлэг мөсөн уулсыг нь хараад юу мэдэрсэн бэ?

-Цас, мөсөөр битүү хучигдсан, хүнд хэцүү нөхцөлтэй, ертөнцийн мухарт орших, бүрэн танигдаагүй энэхүү газар үеийн үед судлаачдын анхаарлыг татсаар ирсэн. Техник, технологи өндөр хөгжиж буй энэ цаг үед ч дэлхийн хамгийн бага судлагдсан хэсэг хэвээр байна. Антарктидад зундаа 4000 орчим, өвөл 1000 хүрэхгүй судлаач ажилладаг. Би тэдний нэг болон хөлдүү, онгон байгальд хүрсэндээ өөрийгөө азтайд тооцдог. Антарктид бол 13.8 сая ам км газрыг хамардаг асар уудам нутаг. Өвлийн цагт эрэг хавийн мөстэй нь тооцоод үзэхэд бараг хоёр дахин их талбай эзэлнэ. Тус тивийн 98 хувийг мөс бүрхсэн. Дунджаар 2400 метр зузаан мөсөн давхарга шүү дээ. Тивийн мөсөн тэнгисүүд байнгын хөдөлгөөнд байдаг. Тиймээс заримдаа тэнгисээс мөсөн уулс салан оддог. Хэмжээний хувьд харилцан адилгүй ч мөсөн уул үүсэх үзэгдэл үнэхээр сүртэй. Жилд том хэмжээний 5000-10.000 мөсөн уул үүсдэг. Заримынх нь орой усны түвшнээс 30 хүртэл метр цухуйх ба доод тал нь усандаа 200 метр хүртэл живсэн байдаг. Жил бүрийн хоёрдугаар сарын сүүлчээр намрын өдөр эрс богиносдог юм. Энэ үед агаарын температур буурч эхэлнэ. Далай, тэнгист хөвөх мөсний хэмжээ томорч, удалгүй ус хөлдөнө. Мөс усан доор ч үүсдэг. Мөстөлт зуу зуун км үргэлжлэх бөгөөд тэнгис өдөрт дөрвөн км буюу цагт ойролцоогоор 150 метрээр талбайгаа тэлдэг. Эхэндээ мөсөн бүрхүүл тийм ч бат бөх биш. Далайн давалгаа мөсийг эвдлэх боловч салхи гарвал дахин бүрхэж эхэлнэ. Энэ мэтээр яриад байвал мөсөн тивийн мөн чанарыг хэдхэн хуудсанд багтаан илэрхийлэх боломжгүй. Тэгэхээр хахир хатуу энэ нутагт хүн гэдэг амьтан сул дорой, хамгаалалтгүй юм шиг болдог. Хамгийн гайхамшигтай нь “0” цэг. Туйлын цэг ч гэдэг. Ер нь энэ цэгийг тойрно гэдэг дэлхийг бүхэлд нь асар богино хугацаанд тойрлоо гэсэн үг л дээ.

-Туйлд нар мандаж, жаргах үзэгдэл жилд ганц тохиодог гэсэн. Ер нь хүн, амьтны луужин болсон нар жаргаж, мандахыг харахгүй болохоор давчидмаар хачин санагдах байх даа. Эсвэл үгүй юү, таны хувьд ямар байсан бэ?

-Өмнөд туйлд нар жилдээ ганц удаа мандаж, жаргадаг. Туйлын өдөр 183, шөнө нь 182 хоног үргэлжилнэ. Гуравдугаар сарын сүүлчээр нар жаргаснаар тэнд түнэр харанхуй ноёлж, нүүр нүдгүй цасан шуурга нүдсэн зургаан сар үргэлжилдэг. Ер нь хоёрдугаар сараас л харанхуйлаад, шуураад эхэлдэг. Тиймээс ихэвчлэн нар мандсан зуны “дэлгэр” цагт судлаачид туйлыг зорьдог. Гэхдээ зуны улиралд ч тэнд шуурч л байдаг юм. Ер нь жилийн 360 хоногт шуургатай. Миний хувьд туйлын ид зунаар буюу өдрөөрөө байдаг үед нь очсон. Нар баруунаасаа зүүн тийш ойролцоогоор 45 хэм (газрын гадаргуутай)- д синусоид хэлбэрээр эргэдэг. Мэдээж, шинэ орчинд дасна гэдэг амаргүй. Гэхдээ мөрөөдөл минь биелж, Антарктидад хүрсэн нь туйлын баяр баясал төрүүлсэн. Ямар нэгэн өөр гаригт ирсэн мэт санагдаж байсан. Бас дэлхийнхээ хамгийн өмнөд цэг дээр зогсож байхдаа 100 жилийн өмнө энд анх ирсэн хүмүүс, тэдний гавьяаны өмнө толгой бөхийн, Монгол Улсынхаа далбааг мандуулсан.

-Туйлд баазаа байгуулсан улсуудад “атаархаж”, хэзээ нэгэн цагт манай бумбагар цагаан гэр-бааз ч энд бий болно гэж бодохоор сэтгэл хэр огшдог бол?

-Антарктид тивд баазтай 29 орон байдаг. Том улсуудын бааз байнгын ажиллагаатай. Гэхдээ цөөхөн л дөө. Ер нь дийлэнх нь улирлын чанартай бааз бий. Мэдээж, туйлд бааз байгуулах амаргүй. Гэхдээ 2009 оны арванхоёрдугаар сард Ливингстоны арал дээр анх монгол гэрээ барьсан. Тэр гэр маань Монгол Улсын анхны бааз юм шүү. Бид тун удахгүй Ливингстоны арал дээр, далайн түвшнээс 40 метр өндөрт Чингис хааны нэрэмжит Монгол Улсын бааз босгоно. Монголчууд олон улсын Антарктидийн гэрээнд нэгдэн орж, өөрийн баазаа байгуулж, тэнд үндэсний судалгааны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг өдгөө мөрөөдөл биш болсон. Дашрамд сонирхуулахад, Амундсен-Скоттын цэгээс 10 гаруй км зайд Америк тэрбум ам.доллараар баазаа босгосон бол БНСУ мөн хэмжээний хөрөнгөөр хоёр бааз байгуулсан гэнэ. Хятад тэнд хэдийнэ “Цагаан хэрэм” баазаа байгуулжээ. Монголын баазыг Ливингстоны арал дээр Болгар, Испанийн баазын дунд байгуулахаар төлөвлөсөн юм байна.

МАКС ДИРИНГ: ТЭНГЭРТ “ТААЛУУЛАХ” НЬ ХҮСЭХ ЮМ БИШ

-Аянга бууна гэдэг байгалийн аймаар үзэгдэл. Таниар тэнгэр даажигнаж, “ташуурдаад”, тэгээд таалагдахаар нь амьд үлдээсэн байх. Кино зохиолчид жаахан даажигнавал нэг иймэрхүү зураглал гаргаж магадгүй. Ер нь аянганд ниргүүлэхэд ямар байдаг, юу мэдэрдэг юм бол?

-Долдугаар сарын баасан гаригт болсон явдал л даа. Нар шарж, цаг агаар тогтуун, сайхан, тэнгэрт цав цагаан үүлс яг л хөвөн шиг харагдсан. Би ажлынхаа дөрвөн залуугийн хамт гольф тоглохоор Дархем (Английн зүүн хойд хэсгийн жижиг хот) руу явж байлаа. Тавдугаар гарамд хүрдгийн даваан дээр гэнэт ширүүн бороо асгаж эхлэхэд бид жижиг асарт хоргодохоор гүйцгээсэн. Тэр үед агаар нэг их өвөрмөц, яагаад ч юм бэ амттай гэмээр сэнгэнэж байсан.

Үүнээс цааш юу болсныг санахгүй байна. Нэг л мэдэхэд би шавар дунд хэвтэж байсан. Маш их даарч байгаа хэрнээ биеийн аль нэг хэсэгт гал ассан мэт сонин мэдрэмж төрөөд байсан. Яг хаана, юу шатаад байгааг мэдрээгүй. Дараа нь нэг л сонин, бүр гайхалтай гэмээр дуу чимээ сонсогдсон. Урьд нь хэзээ ч тийм чимээ сонсож байгаагүй санагдана. Тэгээд нөгөөх чимээ улам чангарч, хэнгэрэг хагарах нь уу гэлтэй болсон. Чихэн дээр хогийн савны төмөр таг хавсарчихав уу гэмээр. Би гар, хуруу, хөлөө хөдөлгөхийг хүссэн ч туухай зүүсэн юм шиг хүнд оргиж, хамаг бие тэсэхийн аргагүй өвдөж байсан. Бүх эд, эс, тэр бүү хэл үс, сормуус ч өвдсөн байх. Тэгж л санагдсан.

Борооноос хоргодож байсан саравчны хажууханд байсан шон дээр аянга буусан юм билээ. Тэр хавьд нь нэлээд том нүх үүсэж, цахилгааны утаснууд тасарчихсан, бас манай ажлын Терри түрүүлгээ хараад хэвтэж байсан. Тэр маань газар дээрээ нас барсныг дараа нь мэдсэн. Эмч нар намайг азтай, бие чинь илааршсан гэдэг ч гурван жилийн турш би яг л амьд хүүхэлдэй шиг байна. Тэд надаас ямар нэгэн юм нуугаад хэлэхгүй байгаа нь лав. Би амьсгаатай байгаа нь л үнэн. Надаар тоо бодуулж, тоолуулах гээд үзээрэй, ёстой цагаа дэмий барна. Нэг иймэрхүү л явна даа, тэнгэр таалснаас хойш. Тэр тэнгэр гэдэгт “таалуулах” нь хүсэх юм биш.

Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Антарктидад анхны гэрээ барилаа, 2009 он

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.