Д.Бямбасүрэн: ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ БОЛ ЗӨВ ЗАМ ДЭЭРЭЭ ХҮЧЭЭ ТӨВЛӨРҮҮЛЭН, НЭГДЭХ ЧАДВАР

2014 оны 12 сарын 08

  Өнөөдрийн зочин маань монголчууд социалист чиг хандлагаа өөрчлөн, шинэ нийгмийн босго алхах түүхийн эгзэгтэй, хүнд хэцүү үед Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж, их ачаа үүрч дүүрсэн бахархалт эрхэм Дашийн Бямбасүрэн. Зарим судлаачийн дүгнэлтээр өдгөөг хүртэл энэ хүн шиг чамбай, шударга, зарчимч Ерөнхий сайд гараагүй гэдэг. Нөгөө хэсэг нь “Монголын төр Бямбасүрэн гуайг огт ашиглаж чадаагүй нь харамсалтай” гэдэг юм билээ. Ам нээх бүртээ бодит түүх өгүүлж, үг бүр нь сургааль болсон энэ эрхэм хоржоонтой, ёжтойгоороо бас их алдартай. “Өнөөдөр” сонины “зараалаар” уншигч-сурвалжлагчийн үүрэг гүйцэтгэсэн Чулууны Ганболдыг монголчууд андахгүй. Түүнд ийм санал тавихад “Би Д.Бямбасүрэн гуайтай энгийн ярилцлага хийе. Хүмүүс түүнийг төрийн хар хүн, том эдийн засагч гэдгээр нь мэдэхээс биш, монгол түмний язгуур эрх ашиг, үндэснийхээ бахархал, удам хойчийнхоо төлөө юу хийсэн, ямар гавьяатайг нь тэр бүр ойлгохгүй, мэдэхгүй байх” гэсэн. Бид болзсон ёсоороо Бямбасүрэн гуайнд уулзацгаалаа.

Сайхан дурсамжуудыг хамтдаа бий болгосон журмын нөхөд, нөгөө талаар анд найз, ах дүүс болцгоосон энэ хоёр эрхэм монгол эрчүүдийн ёсоор хөөрөг солилцон мэндлээд, энэ тэрийг хөөрөлдөх зуураа Бямбасүрэн гуай “Чи намайг мэднэ, би хувийн амьдралаа нийтэд дэлгэх дургүй. Хоёрт, хүн хөгшрөөд үглээ гэх үү, хажуугаар нь жаахан цаасан малгай өмсгөчихв өл онгироод өөрийгөө магтах гээд байдаг өвчтэй болдог. Энэ бол түгээмэл үзэгдэл. Тэгэхээр тийм юмнаас холхон л ярилцъя. Өөр нэг зүйл гэвэл, бидний яриа хэн нэгэн хүнд тус болоосой, урьд хойчийн явдлаа ухаарах, цаашдын зам мөрөө олоход хэрэг болоосой гэж хүсэж байна” гэхэд сурвалжлагч маань “Улиг болсон, тогтсон зүйлийн талаар ярихгүйг хичээнэ ээ. Гэхдээ гарцаагүй ярьж л таарах байх даа. Тэгэхээр арай өөр өнцгөөс нь харах гэж оролдъё. За даа, Та тэгээд бүхнийг өөрийнхөөрөө л хийдэг шүү дээ” гэхэд бөөн инээдэм болж, Бямбасүрэн гуай “Өөрөө л мэддэг шүү дээ гэж үү. Соном өвгөний дүр гайхалтай шүү” гэснээр ерөнхийдөө ярилцлага маань албан ёсоор эхэллээ. Энд нэг зүйлийг зориуд онцлоход Ч.Ганболд өөр ажил мэргэжилтэй хэдий ч чадамжтай, мэдрэмжтэй, мэргэшсэн сэтгүүлчийн түвшинд сайхан ярилцлага хийсэнд талархъя.

-Та өөрийн бодрол, дурсамж болох “Үүрийн жавар”-аа 1996 онд бичсэн байх аа. Тэр номонд 1990-ээд оны эхэнд Монгол орон ямар байсныг буулгасан байдаг. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад бид явах замаараа явж уу. Ер нь дахиад нэг дурсамж бичих үү. Яагаад ингэж асуув гэхээр, хаа хамаагүй хүмүүс тэр үеийн гэрч мэтээр бичиж, яриад байх юм. Харин жинхэнэ гэрчүүд нь тэр бүр дуугарахгүй байна. Ер нь таны тэр номыг хэр олон хүн уншсан бол, цөөхөн хувь хэвлүүлээд, ойр дотнын хүмүүстээ л бэлэглэсэн санагдана?

-Тэр номыг өөртөө ч үлдээлгүй бэлэглээд дуусгасан байна билээ. Ардчилсан хувьсгал өрнөөд, нийгэм солигдох эхлэл тавигдаад, бүх юм гарааны шугамнаасаа өнгөрч байсан үед Монгол оронд чухамхүү юу болж байгааг бид ойлгохтой, үгүйтэй л байж. “Ардчилал, зах зээлийн цөвүүн цагт” гэж ирээд л ярьдаг байлаа шүү дээ. Тэгээд л тухайн үед чухам юу болж, яасан юм бэ гэдэг талаар хүмүүст хэлэх санаатай тэр номыг бичсэн. Миний бодлоор, хэрэв юм бичих болбол тухайн үйл явдалд оролцож явсан хүмүүс нь амьд сэрүүн байхад, худлаа хэлж, өөрийгөө магтахгүйгээр дүрслэх хэрэгтэй л дээ. 1990 оноос хойш 20 гаруй жил өнгөрчээ. Тэр үйл хэрэгт оролцож явсан зарим хүн мөнх бусыг үзүүлж, миний дараа төр засаг барьж байсан хүмүүс бас л наанатай цаанатай амьдарч байна шүү дээ. Тэгэхээр ийм үед дараагийн номыг бичих хэрэг байгаа ч юм уу даа. Мерфийн хууль гэж бий. Хүний ч, улс төрийн ч өмнө ялгаагүй буруу, зөв явах замын хоёр сонголт байхад эхлээд буруугаар нь, тэгээд ухаарсны дараа зөвөөр нь явдаг гэж. 1996 онд ардчилсан хүчин төрийн эрх авснаас хойш 18 жил өнгөрлөө. Эргээд харахад ерөнхий шугамаар бол урагш явсан хэдий ч, өнөөдөр нийгмийн амьдралд маань харамсалтай, харуусалтай зүйл их болжээ. Тэр утгаараа, сүүлийн хэдэн жил хэвлэлд өгсөн ярилцлагуудыг минь харвал нэлээд шүүмжилсэн байгаа. Энэ хүн хөгшрөөд их ярдаг болж гэсэн сэтгэгдэл төрөхүйц байгаа шүү. Хамгийн гол нь магтаалын үг хэлэх биш, олсноо бус, алдсанаа харж чадаж байвал зөв зам руугаа орох баталгаа бүрдэх юм болов уу гэсэн санаатай байдаг юм, би.

Одоо ч гэсэн Монгол орон засгаа сольчихоод дотроо эргэлзээ, тээнэгэлзээтэй сууж байна шүү дээ. Үүнд дүгнэлт өгөөд хувь хүний үзэл санаанаас бичиж болно. Бид Үндсэн хуулиндаа хүмүүнлэг нийгэм гэж зарласан шүү дээ. Саяхан философийн асуудлаар хийсэн нэг бага хурлын материал үзэж байтал манай том эрдэмтдийн хийсэн хоёр гол дүгнэлт байна л даа. Нэг нь иргэний нийгэм гэдэг нь нөгөөх капитализмыг л хэлдэг юм байна гэж, нөгөөх нь иргэний нийгэм бол капитализмын хөрсөн дээрх шатыг хэлдэг юм байна гэсэн ойлголттой байна. Тэгвэл би арай өөрөөр төсөөлж явсан, одоо ч тийм л байгаа. Бидний зорьж байгаа нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм. Зүгээр л иргэний нийгэм гэдэг ерөнхий нэр томъёо биш. Хүмүүнлэг гэдэг дотор хамгийн тэргүүнд хүн шударга үнэний хорвоод амьдрахыг хичээдэг юм байна. Тэрнээсээ бид холдчихлоо гэж би харамсаад, үгээ барж л сууна.

-Миний бодлоор Та үгээ хэлж, сануулж байх ёстой хүн. Харин авах, гээхийг нь тухайн хүн мэдэх биз.

-Сануулахын хувьд ч яах вэ, гэхдээ улс төрийн хүчнүүд маань томорчихсон, нөгөө хэдэн баячуудынхаа санхүүжилтэд пээдийчихсэн улс шүү дээ. Хүний үг автал хол. Хамгийн гол нь төрийн хуулиар намуудын цар хүрээг тогтоож, бугуйлдаж авахгүй бол нам, бүлэг, ах дүүгийн эрх ашиг Монголыг хөнтөрчих гээд байна. Тэрнээс биш жирийн монгол хүмүүсийн сэтгэл сэвтээгүй гэж боддог.

-Бидэнд дурсах зүйл олон бий. Тэр дундаас Дэлхийн монголчуудын холбоо, Монголын хөгжлийг дэмжих сан байгуулаад, нэг том ажил эхлүүлсэн гэж боддог. Төрийн уулуудыг тахих ёсыг сэргээсэн. Бурхан Халдуны төрийн тахилгыг сэргээхэд оролцсон хүмүүсээ дурсах ёстой. Тухайн үед би Монголын төрийн тахилгат уул хоёр, гурав л байдаг гэж ойлгосон. Гэтэл одоо энэ асуудал арай өөр зүг рүү яваад байх шиг. Ер нь төрийн тахилга гэж юу юм бэ, үүнийг тойрсон нүсэр ёслолыг хэлээд байгаа юм уу, эсвэл өөр юм уу?

-1995 оны зургадугаар сарын 11-нд болсон үйл явдал шүү дээ. Тавдугаар сарын 25-нд нь бид Бурхан халдунд очиж, байгаль хамгаалагчидтай овоог сэргээсэн. Тэр үед уул, усныхаа тахилгыг сэргээсэн юм. Би нэг зүйл боддог юм, уул, усаа тахиж, тэнгэрээ тайна гэж юуг хэлээд байна гэхээр хамгийн энгийнээр ахуйдаа буулгаад бодоход “Энэ нутгийн эзэн нь би шүү. Нутаг орон минь ариун дагшин юм шүү. Бид хамгаална” гэсэн хүн ардын хамтын сэтгэл юм. Тэрнээс биш нэг хүн очоод хишиг гуйх асуудал биш. Хоёрт, арай өргөн хүрээгээр тарнийн ёс руу оруулаад яривал уул, усны орчин нөхцөл гэдэг хүний сэтгэл санаа, биед маш хүчтэй нөлөөлдөг. Ийм цэг дэлхий дээр олон бий. Тэндээс өвөрмөц долгион гарах зэргээр сонирхолтой нөхцөл бий болдог. Өвөрмөц чанар юм. Тэрийг шинжлэх ухаан ч тогтооход хэцүү, эрдэмтэд үүнийг үгүйсгэдэггүй, телепортацийн, мөн хагарлын цэг ч гэх нь бий. Үүнийг олж, нээсэн ард түмэн сэтгэл санааны хувьд нэлээд өөр болдог шиг байгаа юм.

Монголчууд Бурхан халдун уулынхаа чанарыг олж, ойлгосон байх. Тиймээс Чингис хаан “Өглөө бүр шүтэж, өдөр бүр тахиж байя” гэж бичээд үлдээсэн амьд захиасын нэг цэг юм шүү дээ. Нөгөө талаасаа энэ уул гурван голын эх. Чингис хаан “Гурван голын эхэнд харийнхны хөлийг бүү тавиул” гэж зарлигдсан гээд монголчууд өдгөө ч ариун дагшнаар нь авч явж ирсэн. Энэ бүхнээс үүдэн бодоход Бурхан халдун уулыг тахих ёслолыг сэргээх нь Монголынхоо экологийн соёл, зан суртахуун, үзэл, философийн төлөвшилд нэмэр болсон байх. Тэр тахилга Чингис хаанаас эхтэй юм билээ. Тахилгыг сэргээн эхлүүлэх хоёр гол нөхцөл байсан. Нэгдүгээрт, овоог нь сэргээн, шүншиглэсэн. Тэгэхэд хоёр шүншиг байсан. Чи санаж байна уу, СУИС-ийн багш С.Бадрал жижигхэн бумба авчирсан. Сүүлдээ тахилгад Ерөнхийлөгч очих болоход “Цагаан шонхор”- ын Ч.Энхтайван гантигаар бумба хийлгэсэн дээ. Жинхэнэ тайлч уулын тахилга бол цантай байдаг. Тэр үед Бурхан халдуны тахилгын номны сураг тасарсан байсан. Бид сурагласаар яваад Хэнтийн Өмнөдэлгэр хавьцаа, нөгөөх нь Мөнгөнморьтын Галсан гэдэг өвгөнийд байдаг гэж сонсоод очсон. Тэгээд Галсан гуай тахилгын сангийн номыг өгсөн. Одоо Дамбажав хамбад тэр ном байх учиртай даа. Тахилгат уул хэд байдаг вэ гэсэн асуултад нэг түүх сөхье. 1879 онд Бурхан халдун, Богд хан, Отгон тэнгэр гэсэн төрийн гурван уулыг тахисан байдаг. Хожим Богд хааны зарлигаар уул тахих ёс, дэг журам гаргасан байдаг юм.

-Одоо эргээд бодоход бид их сонирхолтой, тустай зүйл хийжээ?

-Тэр үед Дэлхийн монголчуудын холбоо, Монгол туургатны овоо тахилгын сангаас гурван уулын тахилгыг сэргээх талаар Ерөнхийлөгчид санал тавьж, тахилгын ёс журам, номыг нь бид бичиж өгсөн. Бурхан халдун ууланд хар сүлд цэнгүүлэх ёслолын үеэр тахилгын номыг дуудах Шагдар генерал маань хуучин бичгээр уншдаггүй байсан учраас баруун гарт нь кириллээр бичсэн шипий (шпаргалка) бариулсныг санаж байна уу. Өөр сонирхолтой зүйл нь тэр тахилгад Өвөрмонголоос Хүлэг Боорчийн 38 дахь үеийн удмын хүн Гүржав гуай оролцсон. Саяхан нэг генерал хэвлэлд өгсөн ярилцлагадаа хар сүлдийг 2001 онд Тавантолгойд цэнгүүлж эхэлсэн гээд баахан авсан байна билээ. Харамсалтай. Хуучин нөхдөөсөө асуухгүй дээ гэж бодож суусан. Хурандаа Рааш хар сүлдний тухай анхны товхимол гаргасан шүү дээ. Одоо ингээд харахад уулын тахилга их өөр болж гэж бодох юм. Уг нь тогтсон дэг жаягтай, олон нийтийг хамарсан соён гэгээрүүлэх, бас тарнийн ёстойгоо холбоотой юм шүү дээ. Тиймээс тэнд очоод жааз хөгжим, концерт болгоод байх хэрэггүй. Харин тахилга тайллагын дараа найр наадам хийх ёс бий. Ер нь уулынхаа номын тайллагыг цөөхөн хүн очиж хийгээд, наана нь түмэн олон найр наадмаа хийхээр болж байх шиг байна. Үүнээс гадна Цэцээ гүний оройд Есөн хөлт цагаан тугны боржин чулуугаар хийсэн суурь байдаг шүү дээ. Бид 1993 онд бас энэ уулын тахилгыг сэргээсэн.

-Өөр нэг зүйл дурсахад, бид 1993 онд Дэлхийн монголчуудын анхдугаар чуулганыг санаачлаад хийсэн ч тухайн үед бодож, хүсэж байсан олон зүйл маань биелээгүй. Одоо харин цаг их өөр болжээ. Бидний хийж амжаагүйг залуучууд маань гүйцээж байгаад баярламаар. Дуучин Жавхлан тэр үед бидний бодож байсан урлагийн талын зүйлийг сэдээд, хийж яваад би бахархдаг. Тэр бүү хэл, хаа хамаагүй рок попын уралдаан тэмцээнд Халимаг, Буриад, Өвөрмонголоос оролцож байна. Тэр үед бид анхдугаар чуулганаа хийхэд багагүй саад бэрхшээлтэй тулгарч билээ?

-Чуулган хийнэ гэж Ерөнхийлөгч, Засгийн газарт санал тавьсны дараа УИХ-ын гишүүд маань панмонголизмыг сэргээх нь гэж биднийг, Ерөнхийлөгч П.Очирбатыг шүүмжлээд хэцүү л байсан. Гэхдээ тэр үеийн төрийн удирдлага зориг гаргаад, Дэлхийн монголчуудын чуулга уулзалт хийсэн. Хэдийгээр үйл явдал ганцхан удаа тохиосон ч энэ бол монголчууд гарал нэгтэйгээ, бидний хэл соёл хүн төрөлхтний үнэт зүйл гэдгийг ойлгуулахад их чухал түлхэц болсон. Монгол орон бол монголчуудынхаа голомт мөн юм байна, монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхээ сэргээсэн юм байна гэдгийг дэлхийгээр тархсан монголчууд ойлгосон. Үүний үндсэн дээр монголчууд хоорондоо харилцан, хамтран ажиллах холбоо үүссэн гэж боддог. Тэр үед бодсон олон зүйл биелсэн, олон зүйл биелээгүй. Одоогийн Ерөнхийлөгч маань монголчууддаа хандан “Монголдоо ирж, амьдар” гэж уриаллаа. Энэ бол төрийн бодлогоор гарсан нааштай өөрчлөлт.

-С.Баяр Ерөнхий сайд байхдаа анх тэр уриалгыг бас гаргасан шүү дээ.

-Тийм шүү. Тухайн үед та нарын сэтгэлийг эмзэглүүлээд яах вэ гээд орхисон тэр үеийн нэг нууцыг чамд дэлгэе. 1994 онд Жасрай гуай Орост албан айлчлал хийж ирээд надад “Юм их эвгүйрхэх нь. Черномырдинтэй уулзахад таван хуудас материал үзүүллээ. Дэлхийн монголчууд болон та нарын тухай. Хойд улс Дэлхийн монголчуудын холбоо гэдгийг Орос улсыг задлах бодлого дээр үндэслэгдсэн олон нийтийн байгууллага гэж үзэж байна. Тэгээд тэр холбоогоо далд хий гэсэн болзол тавьсан” гэж хэлсэн. Би 1993 оны арванхоёрдугаар сарын 26-нд Буриадад очсон юм. Тэндхийн Дотоод яамны сайд Долин гэж хүн Оросынхоо Дотоод яаманд “Монголд үндсэрхэг үзэл сэргэлээ. Бямбасүрэн гэдэг хүн Оросын бүрэн бүтэн байдлыг задлах Дэлхийн монголчуудын чуулган зохион байгуулаад, харин Ерөнхийлөгч Очирбатын ухаалаг бодлогын үр дүнд хүсэл нь биелсэнгүй. Гэхдээ болгоомжтой бай” гэсэн өргөх бичиг явуулсан байдаг. Энэ мэт буруу ойлголт байсан. Уг нь би тэр чуулга уулзалтынхаа бичиг баримт, илтгэл, тэндээс гаргасан тунхаг бичиг гээд бүгдийг нь хавтаслаад Орос, Хятадын ЭСЯ-дад өгсөн шүү дээ. Тэгээд дараа нь юу болсон гэхээр ХОТОШ банкин дахь Дэлхийн монголчуудын холбооны дансыг хамчихсан шүү дээ. Тэгэхээр нь би Жасрай гуайд “Төр засаг маань ингэж байгаа бол бид наадахыг чинь улс төр болгоод яах вэ гэсэн. Үндсэндээ тэрнээс хойш бид юм хийж чадаагүй л дээ. Уг нь Монголдоо байгаа гурван сая хүрэхгүй монголчуудын хувьд хоёр хөршөө задалж, бутлах биш, гадаадад байгаа долоон сая орчим туурга нэгтэнтэйгээ нийлээд монгол хэл соёл, түүх гэсэн үнэт зүйлээ хойч үедээ өвлүүлж өгөх үүднээс эхэлсэн ажил л даа.

-1996 оны сонгуульд таны удирдаж байсан Монголын сэргэн мандалтын нам Ерөнхийлөгчийн засаглалыг хамгийн тохиромжтой тогтолцоо гэж тунхаглан, оролцсон. Өнөөгийн байдлаас эргээд харахад манайд засаглалын аль тогтолцоо нь илүү тааламжтай, боломжтой гэж Та үзэж байна вэ?

-Миний бодол одоо ч хэвээр. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, Ерөнхийлөгчийн засаглал гэдгийг хүмүүс Америкийн загвараар парламент нь тусдаа, Ерөнхийлөгч нь бүх юмаа зангидаад суудаг юм шиг хардаг болж. Миний бодлоор ардчилсан тогтолцоо гэдэг нь 1789 оны Францын хувьсгалаас дэгтэй юм шүү дээ. Тиймээс би Францын хууль тогтоомжийг их сонирхдог юм. Тэр үед мөрийн хөтөлбөр гаргаж байхдаа ч европынхны үндсэн хуулийг үзсэн. Одоо Америк, Европ, Орос, Хятад, Японы гээд бусад улсын Үндсэн хуулийг харьцуулаад харахад Францынх илүү ухаалаг байдаг. Тэнд гурван гол асуудал бий. Нэгд, манай Үндсэн хуульд ч ялгаагүй Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн гээд зарлачихсан. Тэгэхээр Ерөнхийлөгч төрийн салаа мөчрүүдийн үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй байх ёстой. Хоёрт, парламент нь хяналттай байх асуудал. Тэр үед мөрийн хөтөлбөрт маань манай парламент хоёр шаттай байна гэж байсан. Нэг шаттай парламент гэдэг бол эмээлээ гэдсэндээ авсан морь шиг давхидгийг бид одоо харж байна. Өнөөдөр парламент дээр юу ч болж магадгүй болсон. Төрийн бодлого хаашаа ч эргэж магадгүй, хэдэн хүн тэнд өөрийн эрх ашигт нийцүүлэн захиалгаар хууль гаргаад сууж байдаг. Харин хоёр танхимтай парламент гэдэг нь Франц маягийнх. Хуулийн төслийг хоёр танхимаараа зэрэг хэлэлцүүлдэг, санал зөрвөл нийлж хуралддаг. Мөн дээд танхим нь нөгөөхөө хянаж явдаг зарчимтай юм. Гуравт, тэр үед бид хөтөлбөртөө мөн таван салаа төрийн тухай тусгасан. Одоогийнхоор бол бид хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван зүйлийн тухай ярьдаг. Гэтэл Монголын төрийн түүхийг сөхөөд үзэхэд, 1231 онд Өгөөдэй хаан Засгийн газраа төвхнүүлэхдээ л Түшмэдийн яам байгуулсан.

Төрийн хүнийг сонгох, шалгаруулах, хүмүүжүүлэх, хянах бүх тогтолцоо нь төрийн дотоод хяналт байж. Одоо Төрийн албаны зөвлөл гэж бий. Гэхдээ бизнесийнх ч юм уу, төслийнх ч юм уу гэмээр ажилладаг байгууллага байна. Уг нь тийм байх ёсгүй. За, нөгөө тал нь төрийн хяналт. Төрийн байгууллага нь хуулиа яаж хэрэгжүүлж байна. Манайд нэг лоозон хэлдэг болж. “Хуулийн дор амьдарна” гэж. Хуулийг төрд шургалсан хэдэн нөхөр эрх ашгийнхаа үүднээс гаргаад, баталчихсан бол тэрнийх нь дор амьдарна гээд мөлхөөд байвал гутамшигтай бус уу? 2000 онд ардчилсан хүчин арчигдаад, ер нь улс төрийн тавцангаас хөөгдчихсөн байх үед бид нэгдэж одоогийн АН-ыг байгуулсан шүү дээ. Одоо бид анхны зорилго, ардчиллаасаа улам бүр холдсоор Монгол маань либерал үзлийн хязгааргүй далай дунд л хөвөөд байх шиг санагдах юм. Далай хүртэл эрэгтэй байдаг, либерал үзэлд ч бас хязгаар бий. Улс, үндэстнийхээ онцлог, амьдралынхаа орчныг харж явахгүй бол зүгээр л гаднын номонд бичсэнээр улсаа удирдана гэвэл бүтэхгүй.

-Яг үүнтэй холбогдуулаад намын тухай таны бодлыг сонсмоор байна. Бид нам гээд талцаад байх юм уу. Засагт гарсан нам нь цөөхөн хүн амтай, боловсон хүчний хомсдолтой энэ айлын хэрэгтэй хүмүүсийг байх ёстой газарт нь байлгахгүй хоморголон халаад, солиод л яваад байх уу. Үүнийг яаж шийдэх ёстой юм бэ?

-Би энийг их гайхдаг болоод байгаа. Ер нь манайханд нам шүтэх үзэл их шингэсэн улс л даа. Намгүй л бол болохгүй юм шиг. Олон намын үзлийг яагаад дэмждэг вэ гэхээр үзэл гэдэг нь улс үндэстэнд хамгийн үнэтэй зүйл. Үзэлгүй үндэстэн, үзэлгүй төр гэдэг бол Монголын гүн ухаанд бичсэнээр харанхуйд тэмтчин яваа хүнтэй адил. Юун дээр ч гишгэж магадгүй, ямар ч нүхэнд унаж магадгүй. Тиймээс үзлийн хувилбар, сонголттой байна гэдэг тэр улс, үндэстний том баялаг. Үүний тулд олон намын үзэл хэрэгтэй. Энэ дундаас сонголт хийх боломжтой. Ганцхан үзэл байх юм бол эргээд хуучин тогтолцоо руугаа явна. Тэгж явсаар байгаад бүх юм дууссаны дараа “Өө онхолдчихлоо” гэж ойлгодог. Харин онхолдох гээд байгааг чинь хэлж, засах боломж бүрдүүлдэг нь нам гэдгийн хамгийн үнэт зүйл нь гэж боддог. Миний харж байгаагаар, манай намууд үзэлгүй болчихож. Үүний илрэл аль ч нам нь бизнесийн төв шиг болчихсон. Намууд сонгуульд ороход бэрх байдаг л даа. Сонгуульд өрсөлдсөн нь их зардал гаргадаг, өрөнд ордог гээд санхүүжилтээр хүнд байдалд ордог. Тэгэнгүүт нөгөө бизнесийн томчуул “Би мөнгө өгнө, санхүүжүүлнэ” гэдэг. Дараа нь тэд үүнийхээ төлөөсөнд “Надад сайдын суудал өг, эсвэл УИХ-д нэр дэвшүүлнэ ээ, нөхөөр” гэж явсаар өнөөдөр намуудын байдал ерөөсөө үзэл гэхээсээ төрийн суудлыг наймаалцдаг төвүүд болчихсон байна. Энэ тухай би 2005 оноос хойш хэлж байгаа.

Намууд маань төрийн суудал худалддаг ломбард, лангуу болчихлоо гэж. Хамгийн харамсалтай нь, 2000 оноос хойш монголчууд бид худал хуурмагийн орчинд 10 гаруй жил амьдарлаа. Хатуу үг байж магадгүй. Яагаад ингэж хэлж байна гэхээр сонгуульд намуудын өгсөн амлалтуудын нэг нь ч биелсэнгүй. Цалин, тэтгэвэр нэмнэ гээд л сайхан амлана. Дөрвөн жил ясыг чинь гартал инфляцаар мөлжчихөөд, сонгуулийн өмнөхөн тэтгэврийг 20, 30 хувь нэмсэн болж харагдана. Амлалтын дараагийн дөрвөн жилд биднийг сайн мөлхүүлнэ дээ. Тэгэхээр намууд ийм байх ёстой юм уу? Өнөөдөр энэ гацаанаас гарахын тулд намуудын хуулийг өөрчил. Тэд хариуцлагатай байх ёстой. Сураг дуулах нь ээ, УИХ-аар намын санхүүжилтийн асуудлыг ярихаар бэлдээд байгаа гэнэ. Хувааж идсэн нь багадаад байгаа бололтой, намуудыг төсвөөс санхүүжүүлэх юм гэсэн. Би дотроо хараал тавиад л сууж байгаа. Нөгөө талаар намуудыг олон түмний хяналтад оруулахын тулд ил тод байлгах ёстой. Тэр намын үзэл нь юу юм, одоогийн байдалдаа ямар дүгнэлт өгч байна, жишээлэхэд, монголчууд сая засгаа солилоо. АН Засгийн газраа яагаад солих болсон талаараа зарчмын бодлогын дүгнэлт өгсөнгүй. Ингэснээр шинээр бүрдүүлэх шинэ Засгийн газраа маш хүнд байдалд тавьж байна шүү дээ. Ерөнхий сайд нь өмнөх Засгийн газрын бодлогоо үргэлжлүүлэх юм уу, эсвэл өөр юм хийх үү, яах ёстой юм гээд байж байна. Тэндээс Ерөнхийлөгч нь “Өөр юм хийх ёстой, энэ бол золионы Засгийн газар” гэдэг, гэтэл УИХ-д өмнөх бодлого үргэлжилнэ гээд байдаг. Хэрэв өмнөхөө үргэлжлүүлэх юм бол ер нь шинэ Засгийн газраар яах юм. Ийм байдлаас харахад намуудыг шинээр зохион байгуулах шаардлагатай болсон гэж бодож байгаа. За, байз улс төр оруулахгүй гэсэн чинь, яана аа, орчихлоо л доо.

-Та одоогийн засгийн тухай ярилаа. Та бол шинэ Монголын түүхэнд хамгийн анхны эвслийн засгийг тэргүүлсэн Ерөнхий сайд. Одоогийн Засгийн газар ч яг тиймэрхүү л байдалд орох нь уу даа?

-Миний тэргүүлж байсан Засгийн газар огт өөр л дөө. УИХ-ын сонгууль 1990 оны долдугаар сарын 29-нд болоод, ардчилсан нам, хүчнүүд хэдийгээр сонгогчдын 40 хувийн санал авсан ч гэсэн УИХ-ын суудлын 15 хувийг л авсан юм шүү дээ. 85 хувийг нь Хувьсгалт нам авсан. Тэр үед дэлхийн социалист систем нурж, бид шинэ замд орох хэрэгтэй гээд, бас үндэсний эв нэгдлийг эрхэмлэнэ гэж Засгийн газартаа ардчилсан хүчнүүдээс оруулсан эвслийн Засгийн газар юм. Тэр бол одоогийнхтой адил сайдын суудал наймаалцсан засаг байгаагүй. Ялгаа нь энэ. Одоо бол бодлогын тухай ярихгүй, суудал л гэх юм. Ер нь эвсээд явахад муу юм биш, гагцхүү өөртөө шүүмжлэлтэй хандаж, сөрөг хүчнийхээ дуу хоолойг хаах хэрэггүй. Эс бөгөөс дотроосоо ялзарна. Ийм явдал олон боллоо. Манайхан үндэсний эв нэгдлийг сөрөг хүчинтэй байхтай холбох юм. Сөрөг хүчингүй бол эв нэгдэл хангагдахгүй мэт ойлгодог хандлага байх шиг. Үндэсний эв нэгдэл бол зөв зам дээрээ хүчээ төвлөрүүлэн, нэгдэх чадвар. Бидэнд алдсан зүйл олон байна. Жишээ нь, өнгөрсөн Засгийн газрын үед Монголын газрыг гадаадынханд дуудлагаар худалдана гэсэн хуулийн төсөл барьсан. Үүнийг ард түмэн хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ бол үндэстний оршихуйд маш том аюул. Хэдийгээр дэлхийн зах зээлд газраа худалдах явдал байдаг ч, бидний хувьд өвөрмөц байршил, ёс заншил, амьдрах орчинтой учраас тийм явдал байж болохгүй. Асар уудам нутагтай, гуравхан саяул. Мөнгөтэй гаднынхныг ирээд суу гэвэл амархан дүүргэж болно. Тэр үед чи хэн билээ гэдэг асуулт гарна.

-Тэгвэл гаднын хөрөнгө оруулалтын тухай таны бодол?

-Гаднын хөрөнгө оруулалт гэдэг чинь огт өөр асуудал. Гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэж байгаа хүмүүст хоёр тал байна гэж боддог. Жишээ нь, Оюутолгойн анхны гэрээг 2005 оны нэгдүгээр сарын 5-нд би интернэтээс аваад Ерөнхий сайд, Аюулгүйн зөвлөл, УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороонд аваачиж өгсөн. Ийм гэрээ хийж болохгүй. Үндсэн хуулиар газарын баялаг ард түмний баялаг, төрийн өмч гэж заасан. Бид уг нь ийм орд газрыг тийм нөхцөл, болзлоор ашиглуулах тул тендерт оролцох хүн байна уу гэж зарлах ёстой байсан. Тэгээд тэр болзлоо гэрээндээ тусгах байсан. Гэтэл манайхан анхнаасаа явсаар байгаад гаднынхны гарт ороод, нөгөөхөөсөө мөнгө гуйгаад, сүүлдээ гэрээ хийж байхдаа ч мөнгө гуйгаад, 2009 онд гэрээ байгуулахдаа эзний байр сууринаас хандаж чадаагүй. Миний ойлгосноор, гаднын хөрөнгө оруулалт хоёр янз байна. Нэгд, хаана түүхий эд, хямд ажиллах хүч байна тэнд хөрөнгө оруулаад ашиг олох сонирхолтой хүмүүс. Хамгийн нийтлэг ийм хүмүүс Австрали, Африк, Монгол гээд хаа саагүй явж л байдаг, ашиггүй бол гараад явчихна. Нөгөө хэсэг нь тодорхой геополитикийн үүднээс хамтран ажиллана гэдэг. Монголчууд энэ хоёроос өөр, манай хууль дүрмийг хүндлээд, монголчуудтай хамтран ажилладаг гурав дахь сонголтын тухай ярих ёстой, гэхдээ монголчууд тэдэнд шударга ханддаг байх хэрэгтэй. Миний бодлоор, Монгол анхнаасаа “Та нар Оюутолгойн уурхайг ашигла. Манайх ашгийн 30 хувь, гадагш нь зөөж гаргасны 20 хувийн ашиг, мөн НӨАТ авна гээд нөгөө талд нь ордын үнэлгээгээ ярих байсан биз. Бид зэсээ боловсруулна, харин чи хамтрах уу” гэсэн бол ямар ч маргаан байхгүй. Монгол 34 хувиар орчихсон болохоор цаад хүн ашгаа бага гаргуулах нь ашигтай. Одоо ийм хувилбар гараад цаад хүн чинь тийчигнээд байгаа хэрэг.

-Монголд ер нь гаднын хөрөнгө оруулалт хэрэгтэй юү, үгүй юү?

-Би ингэж хэлээд байна шүү дээ, гаднын чөлөөтэй хөрөнгийг татна гэдэг дэлхийн жам. Гагцхүү тэр хөрөнгө оруулалт хөгжил дэвшилд чинь тус болдог байх ёстой. Өөрийг чинь цагаан яс болтол мөлжөөд явах юм бол тийм юмны төлөө гүйгээд хэрэггүй. Бид өөртөө ашигтай, хөгжил дэвшилдээ хэрэглэхүйц хөрөнгө оруулалт хийж чадсангүй л дээ. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт хийж байхад Монголын хэний ч гэлээ компани нийлүүлэлт хийгээд сайхан баяжлаа л даа. Төсөв ч нэлээд подойгоод авсан, тэр үед. Үргэлж ийм их хөрөнгө оруулалт урсаад байхгүй шүү дээ. Ийм нөхцөлд өөрсдийгөө авч явах ухаан хэрэгтэй байна. Тийм чадвар байхгүй нөхцөлд гаднын хүн ирээд бидний өмдийг шувтлаад аваад явахад шалдан үлдэх гэрээ хэлцэл хийгээд байна. Эрдэнэтийн гэрээний асуудал эхэндээ их хүнд байсан юм. Явсаар 1991 онд гэрээгээ өөрчилсөн. Одоо Монголын эдийн засгийн гол тулгуур болоод явж байна. Адаглаад Эрдэнэтийнхээ гэрээг Оюунтолгойн гэрээ хийхдээ дэлгээд тавихгүй яасан юм бэ.

-Оюутолгойн гэрээний хувьд би өөр ойлголттой байдаг. Гэхдээ энэ тухай та бид хоёр дараа санал бодлоо хуваалцаж болох байх. Шинэ Ерөнхий сайдтай боллоо. Шинэ засагт зөвлөгөө хэлээч гэвэл Та юу гэх бол?

-Шинэ засгийн хувьд би дөрвөн зүйлийг их сонирхон харж байгаа. Нэг нь нэлээд улиг болсон асуудал байж магадгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Төвбанкны ерөнхийлөгч маань Америкт сургууль төгссөн. Тэгэхээр нэг ёсондоо америк маягийн засаглал тогтов оо. Энэ бол нүдэнд ил байгаа зүйл. Энэ юу гэсэн үг вэ. Өндөр боловсролтой хүмүүс төр барьж байна гэх үү, эсвэл Монголын төрийн бодлого Америкийн жолоодлогод орж байна гэж харах уу. Хоёр хөрш үүнийг өөр нүдээр харж байгаа гэж би бодож байгаа. Харах эрхтэй, харах ёстой. Монголчууд ч өөрсдөө үүнийг бас анзаарах ёстой. Саяхан хоёр орны Төрийн тэргүүд ирээд хамтын ажиллагаа, харилцаанд цоо шинэ уур амьсгал, нөхцөл бүрдүүлээд явлаа. Ийм нөхцөлд гуравдагч хөршөө бид орхиогүй гэдэг утгаар харах юм бол хэрэгтэй, нааштай байж болох. Гэтэл олон улсын одоогийн уур амьсгалын нөхцөлд хоёр хөрштэйгөө харилцахдаа жаахан хөндлөнгийн байр суурьт очих юм бол бэрхшээл ч учруулж болох асуудал, наадах чинь. Хоёр дахь нь, түрүүн хэлсэнчлэн Алтанхуягийн Засгийн газрыг буулгахдаа нам нь, УИХ нь зарчмын дүгнэлт өгөөгүй. Хувь хүнийх нь зан чанар, үйлдэл юм уу, АТГ оролцож байгаа асуудлаар буулгав уу, эсвэл төрийн бодлогод өөрчлөлт оруулахаар буулгав уу.

АН ҮЗХ-гоо хуралдуулахдаа Гүйцэтгэх зөвлөл болон бүлэг дээрээ ярихдаа маш хариуцлагатай хандах ёстой байсан ч тэгээгүй. Миний бодлоор Монгол төрийн бодлогод маш том гажуудал гарсан. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш жил гаруй хугацаанд эдийн засгийн хямрал явчихлаа, эдийн засгийн өсөлт нөгөө хөөстэй тоогоор дөнгөж зургаан хувь. Хамгийн гол асуудал юу гэхээр үндэснийхээ өв баялгийг үнэгүйдүүллээ, ордынхоо төлбөрүүдийг буурууллаа, эдийн засгийн орон зайгаа задлаад хаячихлаа, их хөрөнгө оруулсан нь 30 жилийн, бага оруулсан нь баталгаагүй ч юм уу орчинд бид орчихлоо, ноднингийн хөрөнгө оруулалтын хуулиас хойш. Төрийн зохицуулалтын боломж алдагдаад, жолоогоо бүр тавьчихлаа. Газрын хууль гэхэд үндэснийхээ эрх ашгийн эсрэг яваад байна. Мөн өр зээлийн асуудал. Энэ бүхэнд үнэлэлт дүгнэлт өгсөн бол одоогийн Засгийн газарт орж ажиллахад амар байсан, яах ёстой вэ гэдгээ ойлгоход нь. За, гуравдугаарт, төр бол маш нарийн зүйл. Одоо төрийн бодлогын хамгийн хүнд зүйл нь юу байна гэхээр эдийн засаг. Энэ төрийн бодлогын асуудлын дээд түвшинд ярих ганц цэг маань Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байдаг. Тэнд эдийн засгийн асуудлаар ярихад Ерөнхийлөгч маань сэтгүүлч, УИХ-ын дарга инженер, Ерөнхий сайд нь түүхийн багш. Би суурь мэргэжлээр нь ярьж байна л даа. Ингээд харахаар эдийн засгийн асуудлыг яг амьдрал дээр буусан мэдлэгтэйгээр, тэрнийг гардаж, хөшүүргээ бариад ажиллах чадвартай хүн ҮАБЗд өнөөдөр алга. Энэ нөхцөлд яах вэ, Сангийн сайд, Төвбанкны ерөнхийлөгчийн амаар явна. Энэ хоёр хүн Монгол төрд эдийн засгийн гол тулгуур нь болж гарч ирнэ. Сангийн сайд хэн байх вэ гэдэг том асуулт.

Миний бодлоор УИХ-ын гаднаас хүн авахдаа маш чадварлаг, зохицуулах чадвартайг нь харах ёстой. Сангийн сайдаар ажлаа мэдэхгүй хүн очих л юм бол дууслаа. Ийм эмзэг гурван асуудал байгаа. Одоогийн Ерөнхий сайд яах вэ гэхээр, миний бодлоор, нэгэнт Монголын амьдрал ийм эгзэгтэй цэгт тулсан учир маш зоримог, хатуу, далайцтай алхмууд хийх ёстой. Харамсалтай нь Ерөнхий сайд мөрийн хөтөлбөр гаргахгүй гэлээ. 10 зүйлийг томъёолоод, би ийм юм хийнэ гээд, нэгдүгээрт нь Монголын татварын бодлогыг шинэчлэх байсан. За, нөгөө талд нь төсөв байна. Эдийн засгаасаа түрүүлээд өсчихсөн төсвийг чанга авах хэрэгтэй, хянах хэрэгтэй. Төсөв танах боломж байна. Бүр хатуу ярих юм бол сая төсөв батлахдаа 438 тэрбум төгрөгийн алдагдалтай баталлаа шүү дээ. Үүнийг алга болгож болох байсан. Хамгийн эхний үүсвэр нь төрийн ажилтнуудын цалинг нэмнэ гэж 340 тэрбумыг авлаа даа. Төр муу ажиллаад, инфляц үүсгээд, эдийн засгаа хямруулчихлаа. Тэгсэн байтал цалинг нь нэмж яах юм бэ. Ард түмэн тэвчээд байхад, та нар ч тэвч гэж хэлээд нэг жил бүсээ чангалахад яадаг юм. Миний ойлголтоор бол хямрал дуусаагүй. Дараагийнх нь ипотекийн зээлээс үүссэн хямрал эхэлнэ. Ерөнхий сайд өнөөдөр маш дорвитой арга хэмжээ авах ёстой. Монгол ажилчид өнөөдөр барилгаа бариг л дээ. Өнгөрсөн жил 28.000 ажилчин гаднаас авлаа. Тэдний цалин хөлсөнд 240 сая доллар гадагш шилжүүллээ. Тэднийг ажиллуулахын тулд зургаа, долоон зуун сая доллараар импортын материал авна биз дээ. Ингээд нэг тэрбум долларыг өндөр байшингууд барихад зарцууллаа. Үүний хүндрэлийг монголчууд үүрээд байна шүү дээ. Ирэх жил гаднаас авах ажилчдын квотыг өөрчлөх хэрэгтэй. Одоо барилгын компаниудад татварын хуулиас гадна 268 төрлийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Үүнээс амин чухал бишийг нь хасах ёстой. Ер нь хөнгөлөлт бүрийн цаана авлига, өөр сонирхол байгаа шүү.

-Хүссэн ч, хүсээгүй ч Бямбасүрэн гуайтай ярихад дээрх сэдвүүд рүү ордог. Тэгэхээр хувийн амьдралаа ярих дургүйг тань мэдэх ч, нэгэн зүйлийг эргэн санахад, бид гурван жил нэг дээвэр доор, Дуламханд гуай, Энхтуяа хоёроороо тэжээлгээд, цалингүй, тэгсэн хэрнээ өглөө бүр зангиагаа зүүгээд, цүнхээ үүрээд явдаг байлаа. Та бид хоёрын цаана их том ар тал байсан. "Орчлонгийн хүрд" номондоо Та хайрлаж дурлахуйн ухааныг тодорхойлсон байдаг. Ер нь гэр бүлийн үнэ цэний талаар ярих уу?

-За тэр яах вэ дээ. Монголдоо тус нэмэртэй зүйл хийхсэн гэж явсан. Нэг сонирхолтой зүйл саналаа. Би 1995 оны нэгдүгээр сарын 24-нд Сорост захиа бичсэн юм. Академич Д.Содном гуай надад “Тийм нэг хүн байдаг. Монголд элэгтэй хандах байх” гэсэн л дээ. Тэр үед Монголын хөгжлийг дэмжих сан нийгэмлэг байгуулаад маш олон төсөл санаачиллаа. Хэрэгжүүлэхэд их мөнгө зарцуулна. Тэгээд 1996 онд Америкт очоод Соростой эзэмшил газарт нь уулзахдаа боловсрол, номын сан гэхчлэн төслийнхөө саналуудыг танилцуулсан. Манай сангийнхан тэр төслүүдээ тун аятайхан аваад явчихсан. Мөн ч их мөнгө зарцуулсан даа. Хожим нь Соросын нийгэмлэг ч Монголд байгуулагдсан. Тэгээд бодох нь ээ, бид хоёр цалингүй байсан ч монголчууддаа олон зуун сая долларын тус болсон байх гэж боддог. П.Эрдэнэжаргал (тэр үед МХДС-ийн гүйцэтгэх захирал, эдүгээ Нээлттэй нийгэм хүрээлэнгийн захирал) маань үнэхээр хүч гаргаж зүтгэсэн. Одоо ч зүтгэж л байна. Монголчуудын оюуны ертөнцийг өөрчлөх, иргэний нийгмийн үзэл санааг хөгжүүлэх гээд элдэв зүйлд тус болсон доо. Би та нартаа баярлаж явдаг юм шүү. Гэр бүлийн тухай гэвэл, надад нэг ойлголт байдаг юм. Ер нь амьдрахын учир утга юу юм бэ. Хүн өөрөө идэхийн төлөө, гоё харагдахын тулд яваад байвал амьдрал утгагүй болчихож байгаа юм. Хүн хүний төлөө, амьдралаа бусдад зориулж явах юм бол амьдрал утга учиртай байдаг. Энэ амьдралыг утгатай болгоход хамгийн анхдагч уурхай нь гэр бүл, үр хүүхэд шүү дээ. Монголчуудын хувьд хамгийн эрүүл ухаалаг философитой түмэн юм уу даа. Европынхныг хараад байхад, төрийн тэргүүд нь эхнэрээ солиод хэл аманд өртөөд байхаар жаахан харамсдаг юм. Ер нь хүн ханиа сонгосон л бол түүнд амьдралаа зориулах нь чиний анхдагч үүрэг. Ингэж чадаж байвал улс, нийгмийнхээ тухай бодож чадна. Манай Дорнын гүн ухаанд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг чинь их учиртай. Гэр бүл дотроо зөв үзэл, хүмүүжил төлөвшүүлж чадаагүй хүн төрд зөв бодлого төлөвшүүлж чадахгүй гэж үздэг. Тиймээс гэрээ яаж авч явав гэдэг нь төрийн хүний том шалгуур болдог ухаантай л даа. Монголчуудын нэг үнэт зүйл бол ачлал, хүндлэл. Эцэг эхээ ачлах, хүндлэх нь их том соёл юм шүү.

-За, Бямбасүрэн гуай зав цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Бас ийм сайхан уулзалт зохион байгуулж, ярилцах боломж олгосон “Өнөөдөр” сонинд талархъя.

Уншигч-сурвалжлагч маань албан томилолтоо ийнхүү дуусгасан ч, тэдний дунд сайхан дурсамжууд хөвөрч, улс орны тухай санал бодлоо хуваалцан, санаж, мэдэж авахад тустай сайхан түүхүүдийг Бямбасүрэн гуай ярьж өгсөн. Яриан дундаас нь “шүүрчихмээр” олон гоё сэдэв, санаа байх аж. Түүнчлэн оюутан болоод удаагүй байхдаа шалгалт өгөхөөр нэг шөнийн дотор орос номыг “ба бэгүй” цээжилж байснаа ч өвгөн хуучилсан. Зочин маань үе үе өөрийгөө “Өвгөн” гэж ярих нь албаны яриа аль хэдийнэ дууссаныг илэрхийлэх шиг.

Тэмдэглэсэн Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.56 Gol yumii ni yariulaxgui taslaad l bnada ...
202.70.38.186 Та юу гэж бодож байна ..Үүнийг маш олон хүн уншаасай
202.70.38.186 Та юу гэж бодож байна ..Үүнийг маш олон хүн уншаасай
203.91.118.170 Улс, үндэстнийхээ онцлог, амьдралынхаа орчныг харж явахгүй бол зүгээр л гаднын номонд бичсэнээр улсаа удирдана гэвэл бүтэхгүй. Үүнийг л дэлгэрүүлж яримаар байж дээ. Хэн хэнээ мэддэг хүмүүс гэхэд яг чухал асуудал дээр төвлөрсөнгүй ээ. Бямбасүрэн гуайн өөрийнхөө алдсан зүйлийнх нь талаар анализ хийлгэж ярьсан бол. Үй олон ажилчид гудамжинд хагядаж ирээдүйд итгэх итгэлээ гээж, зорилгогүй амьдралд халтиран орсоныг юу гэж дүгнэж байгаа бол гэдгийг л өөрийнх нь амнаас сонсмоор байдгийн. Бүсээ чангалж, малынхаа буянаар өлсгөлөнгүй давсан ард олныг энэ хүний нүдээр харахад ямар байгаа бол .....

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.