80 хүүхдийн ээж

2016 оны 01 сарын 20

Өөрийн дөрөв, өрөөлийн 76 хүүхдийг нэг халуун ам бүл болгон өсгөж яваа эмэгтэйн тухай сонсоод өнгөрсөн даваа гаригт Дархан-Уул аймгийг зорилоо. Нар баруунтаагаас ээж, хөхөмдөг тэнгэрт хэдэн хэрээ зэллэн нисэх, тэртээд айлын яндангаар утаа суунаглах нь Монголын минь амар амгалан гэлтэй.

Байгаль дэлхийн цагаан өмсгөл дээр нар тусан гялтганах нь эгээ л эрдэнэ мэт. Эгэл хэрнээ энгүй хүмүүс бидний дунд оршин байдагт талархнам. Идэр есийн хүйтэн хацар хайравч сэтгэлд дулаахан байна.

Нар хэзээ ч, хэнийг ч ялгадаггүй. Түүнийг бэлгэдэж, бас Наран улсаас дэмжлэг авдаг учир “Нарны хүүхдүүд” гэж нэрийдсэн асрамжийн төвд ирлээ. Энэ өнөр өтгөн гэр бүл оройн хоолоо идэхээр шуугилдаж таарав.

Хоолоо тэд өөрсдөө хийжээ. Хүүхдүүдэд асрамжийн газар гэдэг үг хүндхэн тусдаг учраас тэд “Нарны хүүхдүүд” гэр бүл хэмээн нэрийднэ. Ах, эгч нь дүүгийнхээ эцэг эхийн хуралд сууж, урагдсан хувцасыг нь оён, нэг л гэр бүл мэт аж төрдөг “Нарны хүүхдүүд” өдгөө 6-17 насны 40 хүүхэдтэй гэр бүл болжээ.

Энэ гэрийн өрхийн тэргүүн нь С.Эрдэнэчулуун. Нүдэнд дулаахан эл эмэгтэйн хичээл зүтгэл, хөдөлмөрөөр хүүхдүүд нь 15 удаа арлын Япон оронд урлагийн тоглолт хийж, орлогоороо Амьдрах ухааны төв, Урлагийн сургууль, охидын байраа барьжээ.

Төвийнхөө дэргэд нарийн боовны цех ажиллуулан, гурван цэцэрлэгт нийлүүлдэг. Хүнд нөхцөлд амьдардаг, цэцэрлэгт хүмүүжиж буй 100 хүүхдэд тэд олсон орлогоороо тусалдаг аж. Хүнсний технологчийн заавраар хүүхдүүд боов, талх хийж, багачууд нь жинлэх, уутлах ажлыг нугална.


Япон, Саитама хот. 2008 он

Түүнчлэн хүүхдүүд дулаарахаар ногоо тарьж, намар хурааж, борлуулан хичээлийн хэрэгслээ бэлтгэдэг. Япончууд урсгал зардал болон хүүхдүүдийн хувцсанд мөнгө төсөвлөдөггүй. Түүнээс гадна дулаан, ус, хоол ундны зардлыг аль 2007 оныхоор төсөвлөсөн учраас мөнгө тэдэнд илүүдэхгүй.

Учир мэдэхгүй хүмүүс С.Эрдэнэчулууныг шүүмжилнэ. Харин тэр “Энэ хэдэн хүүхэд л болж байвал намайг юу гэх нь хамаагүй” гээд хээв нэг сууна. Нарийн боов, оёдлын цех, урлан, урлагийн сургууль байгуулснаа юман чинээ тоохгүй.

Урлагийн сургуульд тус төвийн хүүхдүүд хичээлийн бус цагаар уран нугаралт, оёдол, морин хуур, ятга, хөөмий, ёочин, япон хэл заалгадаг. Цаашид төгсөгчдөө ажлын байр, өөрийгөө санхүүжүүлэх Амьдрах ухааны төв байгуулах, урлагийн чуулгатай болох нь түүний зорилго.

Зах зээлд шилжсэн 1990 оноос хойш нийгэмд тэнэмэл хүүхэд гэх нэршил үүсэж, томоохон суурин, тэр дундаа төмөр зам дагуух аймгуудад ийм хүүхдүүдийн “арми” бий болсон. Иймээс 2000 онд Английн хүүхдийг ивээх сан Монголд таван асрамжийн газар байгуулсны нэгнийх нь суурин дээр “Нарны хүүхдүүд”-ийг бий болгож, 20 хүүхэдтэйгээр үүдээ нээсэн аж.

МУБИС-ийг түүхийн багш, пионерын удирдагч мэргэжлээр төгссөн С.Эрдэнэчулууныг Хүүхдийн эрхийн төвд ажиллаж байх үед нь “Нарны хүүхдүүд”-ийг даалгажээ. Гэсэн ч бүх зүйл бодсон шиг амар байсангүй. Ажлаа авсан эхний өдрөөс л цагдаад дуудагдсан гэдэг. Гэхдээ түүнд ухрах зам байгаагүй.

20 хүүхдийн ирээдүй гагцхүү түүнээс л шалтгаална. Иймээс тэр хичээсэн. Сургууль завсардсан, “хүнд” гэгддэг хүүхдүүдтэй ажиллаж байсан туршлага нь түүнд хэрэг болжээ. Учир нь тухайн үед тэрбээр хүүхдийг гудамжинд гарахаас сэргийлэх зорилгоор “Японы энхтайвны салхи” байгууллагын хөтөлбөр хэрэгжүүлж, 395 хүүхэд хамруулсан аж.

Ингэхдээ тэдэнд мөнгөний үнэ цэнийг мэдүүлэх зорилгоор хүүхдүүдэд цалин өгч, гар урлалын зүйл бүтээлгэн, жуулчдад борлуулжээ. Хичээлийн жил дуусахад дээрх байгууллагад зургаан сая төгрөг тушаасан аж.

Түүний хичээл зүтгэлийг үнэлэн, төслөө гурав биш таван жил хэрэгжүүлэхээр сунгасан байна. Үүний үр шимийг тэнэмэл, орон гэргүй, ямарваа нэг шалтгаанаар боловсрол эзэмшиж чадахгүй байсан 1975 хүүхэд хүртсэн аж.

Асрамжийн төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс ердөө ганцхан жилийн дараа л Японы Окинава хотод урлагийн тоглолт хийв. “Олон сайхан хүүхэд байхад зөвхөн асрамжийн төвийн хүүхдүүдийг авч явлаа” гэж түүнийг шүүмжлэх нь магтахаасаа олон байж.

Түүнээс хойш жил бүр эл төвийн хүүхдүүд тус улсад тоглолт хийж, төвийнхөө орлогыг бүрдүүлж буй. Гэхдээ бүх зүйл бодсон шиг амар байгаагүй. 2007 онд орчуулагч болон зарим багш нь санхүүжүүлэгч байгууллагад ташаа мэдээлэл хүргэснээс 10 сар санхүүжилтгүй хэцүүджээ.

Хүүхдүүдээ хоосон хонуулахгүйн тулд хөл хүрэх газраа явж, байгууллага бүрийн хаалга татсан ч хэн ч туслаагүй тул өөрийнхөө дөрвөн өрөө байрыг зарж, гэрээ банкинд барьцаалан, хүүхдүүдээ хоолтой хонуулж байсан үе С.Эрдэнэчулуунд бий. Гэдэс цувдайгаар гэдсээ зогоож байсан өдрүүд ч цөөнгүй.

Дайны хажуугаар дажин гэгчээр түүнийг мөнгө завшсан хэрэгт холбогдуулан, шалгажээ. Байцаагч нэлээн явдал болсны эцэст үнэн мөнийг тогтоон, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Зовох үед хүний чанар танигддаг гэдэг. Түүнийг хамгийн сайн ойлгож, дэмжсэн хүмүүс бол багш нар нь. Тэд 10 сар цалингүй ажилласан. Энэ үед С.Эрдэнэчулуун нэг зүйлийг ойлгож. Хүнээс мөнгө гуйх биш, өөрөө хөл дээрээ босох хэрэгтэй гэдгийг. Банкинд барьцаалж авсан зээлийнхээ үлдэгдлээр оёдлын дөрвөн машин авч, хүүхдүүд, багш нартайгаа хамт юм оёх болсон байна.

Энэ тухайгаа япончуудад захидлаар мэдэгдэн, ирж үзэхийг урьжээ. Олон удаа захиа бичсэний эцэст тэд ирж, нөхцөл байдалтай танилцаад, хүүхдүүдийн бүтээлийг худалдан авч, тус төвийг дэмжих болжээ.

Ийн байдал хэвийн болсон аж. Тус төвийн сэтгэл зүйч Ж.Оюунчимэг 2007 онд цалингүй ажилласан багш нарын нэг. Тэрээр “Манай дарга зоригтой, шийдэмгий хүн. Түүнд итгэж, бас хүүхдүүдийнхээ төлөө цалингүй ажиллаж байсан.

Тэглээ гээд надад муудсан зүйл байхгүй. Хүүхдийн буян заяа түшдэг юм байна. Хүнд хэцүү үед дарга маань гэрээсээ хоол зөөгөөд л, бэрээсээ хүртэл мөнгө зээлж байсан. Одоо бидний нийгмийн асуудлыг шийдэж өгсөн” гэв.

Хүүхэд нь насанд хүрснээр аав, ээжийн үүрэг дуусчихдаггүй. “Нарны хүүхдүүд”-ийнхэн их сургуульд элсэх болов. Сургалтын төлбөр бас л толгойны өвчин. Япончуудад энэ тухайгаа хэлтэл халгаасангүй.

Харин япончуудын “Гутал ав” гэж илгээсэн мөнгийг дүү нар нь өмсөх гуталгүй хэрнээ ах, эгчдээ “Сургалтын төлбөртөө нэмэрлэ” хэмээн өгчээ. Үүнийг харсан япончуудын элэг эмтэрч, дахин мөнгө цуглуулан сургалтын төлбөрийг нь төлсөн байна. Тэр үеэс хойш япончууд их, дээд сургуульд элсэгчдийн төлбөрийг хариуцах болжээ.

“Нарны хүүхдүүд” төвөөс өрх тусгаарласан 35 хүүхдийн 33 нь их, дээд сургууль, бусад нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурсан. Өдгөө АНУ, Швейцарь, Японд тус бүр нэг хүүхэд суралцаж байна. “Манай хүүхдүүдийн 14 нь гэр бүл болцгоосон. 11 ач, зээгээ үзлээ.

Асрамжийн төвд өссөн гэхээр л болж бүтэхгүй мэтээр ойлгож, “Золбин юмтай суух гэлээ” гэдэг хүн бий. Зарим хүүхдийнхээ хадамтай нь уулзана. Өнчин өрөөсөн хүнийг хүлээж авахгүй хүн ч бий” гээд С.Эрдэнэчулууны хоолой сааралтав. Хүүхдийнхээ нүүрийг улайлгахгүй, өөрийг нь гэх хүн байдаг юм шүү гэж мэдрүүлэх гэсэндээ тэр эхийн сэтгэлээр тэдэнд ханджээ.

“Хүүхдүүдийг маань таньсан хүмүүс ажилсаг, сүрхийг нь магтана. Миний хүүхдүүд хаана ч, хэнд ч гологдохгүй өрхийн эзэн, айлын эзэгтэй болоод явж чадна” хэмээн тэднийгээ магтахдаа харин дуртай.

“Нарны хүүхдүүд” гаднаас бэлэн бүтээгдэхүүн авдаггүй, бүх зүйлийг өөрсдөө хийдэг, блокны машин авч, өөрсдөө блок цутган хашаагаа барьсан нь түүний магтаал оргүй бишийг батална.

Намайг очиход оёдлын цех нь Цагаан сарын дээлний захиалгад дарагдсан, хүүхдүүд Японы сүмд 1000 орчим хүүхэлдэйн кимоно оёж байв. Энэ мэтчилэн тэдний хийдэг, хийсэн бүхнийг дурдвал мундахгүй.

“Нарны хүүхдүүд”-ийн том охидын нэг Г.Энхгэрэл бүжиглэдэг, нугардаг, дуулдаг, ятга тоглодог. БСШУ-ы сайдын нэрэмжит, тэргүүний авьяаслаг сурагч жуух хүртсэн тэрбээр “Багш маань биднийг төрүүлсэн хүүхдээсээ дутахгүй хайрладаг.

Бидний хамгийн хайртай хүн, бас ээж маань. Хааяа аав болох нь ч бий. Би долоон настайдаа энд ирсэн. Багшийнхаа ачаар өдий зэрэгтэй яваа. Японд тоглолтоор гурван удаа очсон. Би багш шигээ хүн болж, олон хүүхдэд туслахыг хүсдэг” хэмээн ярив.

С.ЭРДЭНЭЧУЛУУН: ХҮҮХДҮҮД МААНЬ ӨВДӨХГҮЙ Л БОЛ

БУСАД НЬ БОЛНО

“Чин сэтгэлээсээ хайрлаж чадвал уярдаггүй зүрх гэж байдаггүй. Хүүхэд цэцэгтэй адил. Хайр дутсанаас хүүхэд “хатаж, хорчийдог”. Энэ цэцэгний ус нь хайр” хэмээх С.Эрдэнэчулуунтай ярилцлаа.

Тэрбээр хүүхдүүдээ өвөртөлж унтдаг гэсэн. Хүүхэд эхийн хайрыг үгүйлж бэтгэрдэг учраас энэ орон зайг нөхөхийн тулд тэр.

-Хэдэн жилийн өмнө “Дэлхийн энхийн их наадам” төрийн бус байгууллагаас “10 төгрөгний хүч” аян зарласан. Аянаас цугласан мөнгийг танайд өгсөн гэж сонссон.

-Манайд 27 сая төгрөг өгсөн. Энэ аян монголчууд зорьж, нэгдэж чадвал 10 төгрөг ч багадахгүйг харуулсан. Бид тэр мөнгөөр дулааны шугамаа өргөтгөн, Амьдрах ухааны төвөө тохижуулж, иж бүрэн зургаан компьютер авсан.

-Та хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

-Анх арга барилаа олохгүй их зүйл уншиж, судалсан. Тэгээд монгол арга, ухаан илүү санагдсан. Гэхдээ хүүхэд бүрийг нэг аргаар хүмүүжүүлнэ гэж байхгүй. Хөдөлмөр бол хамгийн сайн багш.

Хүүхдийн нэг зүйлийг биш, бүх чадварыг нь хөгжүүлэхийг хичээдэг. Хүүхдүүдийг эхлээд өөртөө итгэлтэй, мөрөөдөлтэй, зорилготой болгохыг зорьдог.

-Та 2015 оны “Энхийн шагналтан”. Монгол дахь энхтайвны байгууллагууд энэ шагналаа нүдээ олж өгчээ.

-Нийгэм, улс төрийн салбарт бусдад үлгэр дууриал болохуйц хүмүүст өгдөг шагнал. Өнгөрсөн жил би энэ шагналыг хүртсэн.

Өмнө нь Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нар хүртсэн. Маргааш энэ жилийн “Энхийн шагналтан” тодорно.

-Таны ажлын сайхан нь юу вэ?

-Хүүхэд бол цагаан цаас. Цэцэг цэврүү шиг хэдэн хүүхэдтэйгээ хамт байхаас өөр жаргал үгүй. Миний ажил муу үг унагахын аргагүй сайхан. Хүүхэд л юм хойно хэл ам татална. Заримдаа ил гаргахгүй ч багш нараас нь хүүхдүүдээ өмөөрнө өө.

Сүүлдээ хүүхдүүдээ бусдаас харамладаг болдог юм байна. Эд ч бас биднийгээ харамлана. Хүн хүндээ дасна гэдэг л энэ байх. Хүүхдүүд маань өвдөж, зовохгүй л бол би бусдыг нь яаж ийгээд болгоно.

-Өнгөрсөн хугацаанд “дийлэхгүй” явуулсан хүүхэд бий юү?

-Хамаатан, садан нь гарч ирээд авч явсан хүүхэд бий. Тэрнээс би өсгөж чадахгүй гээд буцаасан хүүхэд байхгүй.

-Хүний олон хүүхэд өсгөнө гэхэд гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ. Танай хүүхдүүд ээжийгээ харамлаж байв уу?

-Би хүүхдүүддээ эцэг, эх гэж хэн болох, өнчин хүүхдүүд ямар өрөвдмөөр тухай их ярьдаг байсан. Анх том хүүдээ “Ээж нь 20 хүүхэдтэй боллоо. Чи ах нь учраас үлгэр дууриал болох ёстой” гэж захиж байсан.

Гэвч ихэнх цагаа энд өнгөрөөгөөд, өөрийнхөө хүүхдүүдэд цаг гаргаж чадаагүй. Гэтэл бага маань PC тоглоод, буруу замд орох гээд байх болсон. Тэгэхээр нь энд хүүхдүүдтэй хамт байлгаж, бага дээр нь зассан шүү.

Одоо хүүхдүүд маань тусдаа гарсан ч энд байнга ирдэг. Нэг айлын хүүхдүүд шиг л байдаг.

-Та хүүхдэд мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэхийг хичээдэг гэсэн. Таны хувьд мөнгө гэж юу вэ?

-Бараа таваар худалдаж авах хэрэгсэл. Мөнгө олохын тулд хөдөлмөрлөх ёстой гэдгийг хүүхдүүддээ ойлгуулахыг хичээдэг. Хөдөлмөрлөж чаддаг хүн хэзээ ч мөнгө олно. Хөдөлмөр л хүнийг бий болгоно.

Хэчнээн сайн сурдаг байгаад хүмүүжилгүй бол хүн болж чадахгүй. Тийм учраас хүн болгох нь эх хүний, багш хүний гол үүрэг.

Япон, Саитама хот. 2008 он

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.212.133 MUNDAG XVN SHVV MINII BAGSH

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба