Угсраа автобус үйлчилж эхэллээ

2015 оны 08 сарын 17

18.7 метр урт, таван хаалгатай, тус бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй угсраа 20 автобус долдугаар сарын 9-нөөс Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны чиглэлд үйлчилгээнд явах байв.

Гэвч эцсийн зогсоолуудад эргэх талбайг томсгох, автобусны буудлын халаасыг битүүлэх, нэгдүгээр эгнээг тусгаарлах, мөн магистрал шугамын засвартай холбоотойгоор үйлчилгээнд явах хугацааг хойшлуулсан юм.

Тэгвэл өнгөрсөн бямба гаригт эдгээр автобус Энхтайваны өргөн чөлөөгөөр иргэдэд үйлчилж эхэллээ. 160 хүний багтаамжтай энэ автобус одоо явж байгаа автобуснуудаас харьцангуй бага “ходоодтой” аж.

Угсраа автобус барих жолооч нараас шалгалт авч, тэнцсэнийг нь сургалтад хамруулжээ. Автобус эвдэрвэл Беларусь улсын “МАЗ” компани засах юм байна. Тус компани хоёр жил ийм үйлчилгээ үзүүлэх гэрээтэй.

Таван шарын уулзвараас Офицеруудын ордны чиглэлд угсраа автобус явж эхэлсэнтэй холбогдуулан, мөн замын хөдөлгөөний ачаалал, чиглэлийн давхцалыг бууруулах зорилгоор нийслэлийн Тээврийн газар автобусны зарим чиглэлийг өөрчиллөө.

Тодруулбал, төв замаар долоон чиглэлийн том оврын 150 автобус, троллейбус, хотын баруун захаас Таван шар, Саппоро хүртэл, зүүн захаас Офицеруудын ордон, “Дүнжингарав” худалдааны төв хүртэл богино эргэлтээр зургаан чиглэлд том оврын 52 автобус үйлчилгээнд явна.

Түүнчлэн Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, “Найрамдал” зуслан, Биокомбинат, Эмээлт, Хонхор, Баруунтуруун зэрэг 13 чиглэлд том оврын 38, дунд оврын 30 автобус иргэдэд үйлчлэхээр боллоо.

Дээрхээс бусад 30 чиглэлд том оврын 500 автобус хуучин маршрутаар явах гэнэ.

Э.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба