2015 оны 07 сарын 02
МУИС энэ жилээс бакалаврын хөтөлбөрт элсэгчдээ онлайнаар бүртгэж эхэлсэн. Элсэгчид, эцэг, эх, иргэдийн хүсэлтийн дагуу тус сургууль бүртгэлээ өнөөдрийн 18.00 цаг хүртэл сунгаад байгаа. Бүртгэлийн явцын талаар МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал О.Мөнхбатаас тодруулахад “Элсэгчдийн хяналтын тооноос давсан хүн бүртгүүлээд байна. Тэдний 48 хувь нь Улаанбаатараас, 52 хувь нь орон нутгаас цахимаар бүртгүүлсэн. Үнэнийг хэлэхэд, бид судалгаа хийж эрсдэлээ тооцсон ч цахим бүртгэл маань орон нутагт ямар байх бол гэж санаа зовж суулаа. Манай сургууль намар нэмэлт элсэлт авдгаа 2014 оноос больсон. Өнгөрсөн онд элсэлтээ 99.6 хувьтай аван, элсэгчдийн дундаж оноо 650-д хүрч, улсын дунджийг тэргүүлсэн” гэлээ.
Тус сургуульд элсэх хүсэлтэй хүмүүс Боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ http://burtgel.num.edu.mn цахим хуудсанд нэвтэрч, зааврын дагуу бүртгүүлнэ. Ингэхдээ оюутан тусгай нэг хөтөлбөрт бус, элсэхийг хүссэн бүрэлдэхүүн сургуулийн багц хөтөлбөрт хүсэлтээ гаргах юм. Ерөнхий шалгалтын дүн гармагц элсэхийг хүссэн тухайн бүрэлдэхүүн сургуульд оноогоор нь жагсааж элсүүлэх аж. Элсэгчид суурь хичээлээ үзэж дууссаны дараа мэргэжлээ сонгоно. Тэнцсэн оюутан 48 цагийн дотор суурь хураамж 100.000 төгрөгөө төлөх ёстой. Эс бөгөөс тус сургуульд сурахаас татгалзаж байна гэж үзээд, дараагийн хүүхдэд боломж олгох гэнэ.
Э.ЭРДЭНЭ
Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба