Музейнхэн хамгаалдаг уу, хулгайлдаг уу /Цуврал-2/

2015 оны 07 сарын 02

Өв гэдэг тухайн үндэстний оюуны ой санамж. Энэ ой санамжид музейн үзмэр, сүм хийд, эд өлгийн зүйлс, булш, хиргисүүр, хадны сүг зураг, бичээс, хөшөө, чулуу, сүм хийдийн туурь зэрэг багтдаг. Харин өдгөө бид ой санамжаа алдахдаа хүрлээ. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил бол ой санамжгүй улс үндэстнийг юутай адилтгах нь зохилтой юм бол.

Манайх улс болон орон нутгийн 43 музейтэй, тэдгээрт 228.652 үзмэр хадгалагдаж буй нь гурван жил дамнан хийж, саяхан дүнгээ танилцуулсан музейн сан хөмрөгийн тооллогоор тодорхой болов. 200 мянга байтугай өв бидэнд байсан ч он жилүүдийн уртад алдахыг нь алдаж, бэлэглэхийг нь бэлэглэсээр үлдсэн нь ердөө энэ. Үүнээс 776 нь хосгүй үнэт буюу ганц ширхэг, дахин давтагдашгүй ур хийцтэй бүтээл. 2008 оноос хойших дөрвөн жилийн хугацаанд бид 39 үзмэрээ ор сураггүй тавиад туучихаж. Эдгээр өвийг алдсан хүмүүс нь хамгаалах ёстой музейнхэн. Албаныхан үзмэр дутсан гэдэг нь алга болсон гэсэн үг биш. Зарим нь эргээд олдсон хэмээн тайлбар тавьж байна. Тийм байлаа гэхэд дутсан гэх үзмэрүүдийн ердөө нэг нь л олдож, бас нэгийг нь музейд байх шаардлагагүй үзмэр гэж өгсөн хүнд нь буцаасан байгаа юм. Үлдсэн 37 үзмэрийн гурав нь л хулгайлагдаж, 10 нь долдугаар сарын 1-ний үймээнээр алга болсон, нэгийг нь Японд болсон үзэсгэлэнд явуулаад алдчихсан. 23 үзмэр тодорхой шалтгаангүй сураг алдарснаас Төв аймгийн музейд ажиллаж байсан сан хөмрөгийн эрхлэгч Э.Оюун нь ажлаа хаян, БНСУ руу явснаас шинэ эрхлэгч томилж, ажил хүлээлцэхэд 12 түүхийн дурсгал элсэнд асгасан ус мэт алга болжээ. Энэ мэт музейн ажилтнуудын хариуцлагагүй байдал нэгээр тогтохгүй олон. Хөвсгөл аймгийн музейн сан хөмрөгч тооллогын бүртгэлийг засварлаж, үзмэрийг бүртгэлээс хасан, компьютерт байсан бүртгэлийг устгасан бол Завхан аймгийн музейн манаач ажлын байрандаа архидсанаас “хамтрагчдынхаа” гарт амиа алдаж, үзмэрүүдээ тонуулсан. Мөн олон музейн захирал, сан хөмрөгч үзмэрээ дур мэдэн устгаж, акталжээ. Чухам ямар шалтгаанаар тэднийг устгасан нь одоог хүртэл тодорхойгүй байна. Устгасан гэж тэмдэглэчихээд, өндөр үнээр зарчихсан байх ч магадлалтай. Үзмэр алдагдаж, ор сураггүй болсныг музейн ажилтан, удирдлагуудтай холбохоос өөр аргагүй. Цоожтой өрөөнөөс үзмэр өөрөө гараад явчихаагүй нь ойлгомжтой. Хэрэгтэн хаа нэгтээ нуугдаж байгаа. Харин хэн гэдэг нь одоог хүртэл илрээгүй нь хулгайч дотроосоо юм биш биз гэх хардлага төрүүлж байна.

Хийсэн хэргийн хүнд, хөнгөн, учруулсан хохирлын хэмжээгээр гэмт хэрэгтэнд ял оноодог. Гэвч өнгөрсөн хугацаанд соёлын өв иштэй чихрийн үнэд ч хүрдэггүй байсан нь хэрэгтэнд оноох ялын хэмжээнд нөлөөлдөг байж. Соёлын өвийг ямар нэг эд бараа, хувцас, цахилгаан хэрэгсэл шиг үнэлэх аргагүй. Гадаадын орнуудад бол музейн үзмэрийг үнэлдэггүй жишиг байдаг юм байна. Гэхдээ хохирол учирсан тохиолдолд түүх, соёл, шашин, урлаг, уран сайхны бэлгэдэл, зах зээлийн үнэлгээгээр нь тооцдог аж. Харин манайд үнэлгээчин байдаггүй, зөвхөн санхүү, бүртгэлд тусгах үнэ л тогтоодог гэнэ. Соёлын өвийн төвийн мэргэжилтэн Ш.Энхтуяа “Бусад оронд үзмэрийн үнэлгээ, бүртгэлжүүлэлт, хамгаалалтад санаа зовохоо болиод удаж буй. Тэд зөвхөн үзмэрээ олон нийтэд хэрхэн хүргэх вэ гэдэгт л анхаардаг. Харин манайд ийм нөхцөл бүрдээгүй байна” гэж ярилаа.

2008 оны тооллогоор 206.109 үзмэрийг зургаан тэрбум төгрөгөөр үнэлжээ. Аль тэртээ 1990-ээд оны үед тогтоосон үнийг саяхныг хүртэл мөрдөж байж. Тус үнэлгээгээр бол Монголын үндэсний музейгээс алга болсон гаанс 500, лааны тавиур 100 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Харин 2013 онд Сангийн сайдын 140 дүгээр тушаалаар Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам гаргаж, энэ дагуу үзмэрүүдийн үнэлгээг шинэчлэн тогтоосон ч мөн л шаардлагатай хэмжээнд хүрээгүй гэсэн. Зургаан тэрбум орчим төгрөгөөр л үнэлэгдэж байсан соёлын өвийг шинэ журмаар үнэлэхэд 87 тэрбумд хүрчээ. Эдгээрийг музейн 635 ажилтан хамгаалж байна. Тэдний олонх нь ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа ч тэдэн дотор хумсаа нуусан муур хэд байгааг таах аргагүй юм.

2012-2015 оны сан хөмрөгийн тооллогоор 10 музейгээс 39 үзмэр дутсан. Өмнөх дугаартаа бид зургаан музейн 21 үзмэрийн тухай мэдээллийг хүргэсэн бол энэ удаа үлдсэн 18 үзмэрийг танилцуулж байна. 39 гэдэг бол ердөө 2008 оноос хойших хугацаанд дутсан үзмэрийн тоо. Тэрнээс өмнөх арван жил, түүний цаадах зуун жилд хэчнээн мянган өв маань бусдын гараар орсон юм бүү мэд. Одоо халаглахад хэдийнэ хожимдсон. Харин үлдсэн хэдэн өвөө хамгаалах боломж бидэнд бий.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Ч.НАЦАГНЯМ: МУЗЕЙН ХАМГААЛАЛТ БОЛОМЖИЙН БАЙГАА

БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Нацагнямаас алга болсон үзмэрүүдийн талаар тодрууллаа.

-39 үзмэр ямар шалтгаанаар дутсан бэ?

-Ихэвчлэн хулгайд алдагдсан, зарим нь хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихсон байдаг. Санаатайгаар гэмтээсэн, үрэгдүүлсэн, хадгалалт, хамгаалалтын байдлаас болоод эвдэрсэн үзмэр байхгүй.

-Музейн удирдлагууд үзмэр алга болсныг хэзээ мэдсэн бэ. Арай тооллогын үеэр л мэдсэн юм биш биз.

-Олонх нь алга болсон даруйд мэдсэн байна лээ. Зарим үзмэрийг өмнөх тооллогын үеэр сан хөмрөгч нь хулгайлсан байсан.

-Музейд Монголын түүх хадгалагдаж байгаа. Түүнийг хадгалан, хамгаалж, олон нийтэд таниулан, сурталчлах үүрэгтэй байгууллага нь музейнхэн. Гэтэл энэ хүмүүс өөрсдөө хулгайлах боллоо. Энэ юутай холбоотой вэ?

-Янз бүрийн халдлагатай холбоотойгоор музейн үзмэр алга болж байна. Дотроосоо үзмэр хулгайлсан тохиолдол ч мэр сэр гарсан.

-Музейн хамгаалалт хэр байна вэ?

-Хөрөнгө санхүүдээ таарсан, боломжийн байгаа. Бид жил бүр сайжруулж байна. Үзмэр нэг бүр нь дохиололтой музей байхад шилэн хорго, өрөөндөө дохиололтой нь ч бий. Ер нь бүх музей дохиолол хамгаалалтын системтэй.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба