МУИС-ийн бүртгэл маргааш дуусна

2015 оны 07 сарын 01

 

МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал О.Мөнхбатаас тус сургуулийн элсэлтийн бүртгэлтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Их, дээд сургуулиуд элсэгчдээ энэ сарын 5-ныг хүртэл бүртгэнэ. Зарим нь наймдугаар сарын 20-25-ны хооронд бүртгэнэ гэж байна.  Танайхыг бүртгэлийн хугацаагаа сунгасан гэж сонссон. Элсэлтийн бүртгэл хэдэн хувьтай байна вэ?

-Манай сургууль бакалаврт элсэгчдээ орон даяар, цахим хэлбэрээр бүртгэж байна. Бүртгэл амжилттай үргэлжилж байгаа бөгөөд нийт элсүүлэх элсэгчийн хяналтын тооноос давсан. Тэдний 48 хувь нь Улаанбаатар хотоос, 52 хувь нь орон нутгаас цахимаар бүртгүүлсэн байна. Үнэнийг хэлэхэд хэдийгээр бид судалгаа хийж эрсдлээ тооцсон ч цахим бүртгэл маань орон нутагт ямар байх бол гэж санаа зовж суусан. Хөдөө орон нутагт бүртгэл ийм амжилттай явж байгаа нь хот, хөдөөгүй интернеттэй болж, компьютер нийтийн хэрэглээ болсны илэрхийлэл юм байна гэж баярлаж сууна. Үүний зэрэгцээ элсэгч, тэдний эцэг эх, иргэдийн зүгээс “МУИС-ийн бүртгэлийн хугацааг сунгаж өгөөч, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг гартал бүртгэлээ үргэлжлүүлнэ үү” гэж биеэр, утсаар, нийгмийн сүлжээгээр бидэнд олонтоо хандсан. Иймд бид элсэлтийн бүртгэлээ маргаашийн 18.00 цаг хүртэл сунгалаа. Манайх намар нэмэлт элсэлт авдаг байсныгаа 2014 оноос бүрэн зогсоосон. Өнгөрсөн онд гэхэд элсэлтээ 99.6 хувьтай авч элсэгчийн дундаж оноо 650-д хүрч улсын дунджийг тэргүүлсэн.

-Энэ жилийн элсэгчид зарим сургуулийн хаяг, нэршлийг солих, танай сургуулийг Монголын үндэсний их сургуультай андуурах зэргээр төөрч будилж байна  гэх юм. Үнэн үү?

-Энэ асуудал зөвхөн энэ жил биш, өнгөрсөн жилээс цөөнгүй тохиолдох болсон. Учир нь зарим хувийн сургуулийн нэрний товчлол нь МУИС-тай андуурагдахаар болсны зэрэгцээ бас зориудаар буруу мэдээлэл түгээж, элсэгчдийг төөрүүлдэг тул зарим иргэд хүүхдээ МУИС-д орууллаа гэтэл тэр нь хувийн сургууль болж таардаг. Тэгээд “Хүүхдээ тэнд сургахгүй МУИС-д сургана" гэж өргөдөл  гаргадаг. Ер нь хууль журмынхаа үүднээс ч, академик ёс зүйн хувьд ч, хариуцлагатай байх зарчмын үүднээс ч ийм байж болохгүй. Тэгээд ч Үндэсний, Монголын гэдэг нэрийг хувийн байгууллагад өгдөггүй. Иймээс холбогдох газрууд нь энэ асуудлыг нэг мөр шийдтэл эцэг, эхчүүд, оюутан сурагчид МУИС бол Монголын улсын, үндэсний тэргүүлэх их сургууль гэдгийг санаж анхааралтай хандаасай гэж хүсэх байна.   

-МУИС элсэгчдээ цахимаар бүртгэж байгаа. Элсэгчид хэрхэн бүртгүүлэх вэ?

-Шинэ хичээлийн жилээс элсэлт бүхэлдээ цахим хэлбэрээр явагдана. Өөрөөр хэлбэл, burtgel.num.edu.mn цахим хуудаст Боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлэх юм. Өмнө нь бүртгүүлэгч тухайн мэргэжлийн хөтөлбөрт элсдэг байсан бол одоо бүрэлдэхүүн сургуульд элсээд суурь хичээлүүдийг судалсны дараагаар хөтөлбөрөө сонгоно гэсэн үг.   

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба