50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ХАНДИВААР БАРИНА

2015 оны 07 сарын 01

Чингэлтэй дүүрэг цэцэрлэгийн насны 19.500 гаруй хүүхэдтэй. Гэвч тэдний 67.2 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг. Байгаа хэдэн цэцэрлэгтээ хүүхдүүдээ “чихээд, чихээд” гарсан тоо нь энэ. Тус дүүрэгт нэгээр тогтохгүй олон цэцэрлэг ашиглалтад орж байж, хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадна. Монголын Залуучуудын холбоо зургадугаар сарыг “Хүүхдийнх” хэмээн тодотгож, тэдэнд зориулсан олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа.

Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн ЗДТГ, ИТХ-тай хамтран залуусын дэмжлэгээр 50 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг барихаар болсон явдал. Дээрх байгууллагын төлөөлөл өчигдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, тус дүүргийн алслагдсан 19 дүгээр хороонд эл цэцэрлэгийг барихаар болов. Энэ хороо 2-5 насны 1000 орчим хүүхэдтэй ч 75 хүүхдийн багтаамжтай ганцхан цэцэрлэгтэй бөгөөд тэнд нь 150 хүүхэд хичээллэдэг аж.

Шинэ цэцэрлэг барихад урьдчилсан байдлаар 250 сая төгрөг хэрэгтэй гэнэ. Иймээс Монголын Залуучуудын холбоо хандивын аян өрнүүлж, сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж дэмжлэгээр цэцэрлэг барих юм байна. Энэхүү санаачилгыг дэмжсэн залуус эхнээсээ цемент, тоосго зэрэг барилгын материалаар туслахаа мэдэгджээ. Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир “Цэцэрлэгийг 19 дүгээр хорооны байрны дэргэд барихаар төлөвлөсөн” гэсэн бол Монголын Залуучуудын холбооны Удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Эрдэнэбат “75, 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих боломж бий ч газрынхаа хэмжээнд тааруулж 50 хүүхдийнхийг барьж байгаа.

Ямар технологиор барихаа зөвшилцөж байна. Залуус идэвхтэй оролцож, бидний санаачилгыг дэмжээрэй. Хандиваар цугласан мөнгийг хэрхэн, юунд зарцуулж байгаагаа тухай бүрт нь мэдээлнэ” гэлээ. Барилгын ажил энэ сарын 3-нд эхэлж, цэцэрлэг есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орсон байх юм.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба