Гол өөрчлөлт бидний бүтээл дээр л гарна.

2015 оны 05 сарын 24

БСШУЯ-наас Соёл урлагийн менежмент, бүтээлч үйлдвэрлэл соёл урлагийн удирдах ажилтны сургалт хийсэн. Энэ үеэр Дорноговь аймгийн музейн захирал Д.Цагаандарьтай уулзаж, зарим зүйл тодрууллаа.  

-Сургалтаас та юу хүлээж байна вэ? 

-Манай соёлын бодлого өнөөдрийг хүртэл үүлэн чөлөөний нар шиг байсан. Нэг нар гараад л, нэг сүүдэр тусаад л. Хэдийгээр яам нь өөрчлөгдсөөр байсан ч хуучин бодлогоо нэг их эвдэлгүй явсаар ирсэн. Энэ удаагийн сургалт бол харин гаргасан бодлогоо нэгж дээрээ хэрхэн авч явах зөвлөгөөг орон нутаг гэлтгүй соёлын салбарт чөмгөө дундартал ажиллаж байгаа мэргэжилтнүүддээ өгсөн, их үр дүнтэй ажил болж байна.

-Ерөнхийдөө соёл урлагийн менежментийг сайжруулъя. Бүтээлч үйлдвэрлэлийг идэвхжүүлье л гэж яамны зүгээс сургалт зохион байгуулж байгаа юм байна. Та эндээс юу ойлгож авсан бэ?

-Салбарын яамнаас түүхэндээ анх удаа ийм сургалт зохион байгуулж байна. Соёл урлагийн бүх байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж байсныг би л хувьдаа мэдэхгүй байна. Менежмент гэдэг бол үйл ажиллагааг хэрхэн зөв, оновчтой зохион байгуулах вэ л гэсэн үг шүү дээ. Эхний хичээлүүдийг сонсч байхад үнэхээр бодох ёстой зүйлийг бид боддоггүй байжээ. Бид өөрсдөө хийж байгаа ажлаа мэдэж байгаа л гээд байдаг болохоос биш яг ийм нүд, чих сэргээсэн сургалтад суухаар бас дутуу л байдаг юм байна.

-Тэгэхээр энэ сургалтаар та бүхний үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарах бол?

-Мэдээж өөрчлөлт гарна. Гэхдээ тэнгэр онгойсон мэт гэнэт л гэрэлтээд эхлэхгүй л дээ. Ямар бүтээл гаргах вэ гэдгээсээ эхлээд нарийн төлөвлөнө. Гол өөрчлөлт бидний бүтээл дээр л гарна. Ер нь ингэж гал тогоонд нь, жинхэнэ хөрсөн дээр ажилладаг хүмүүсээ цуглуулж, онол, арга зүйн зөвлөгөө өгч байгаад их баяртай байна. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба