МӨНХИЙН ДАЙСНУУДЫН НЭГДЭЛ буюу ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ

2015 оны 05 сарын 22

Олон хүнийг хямд өртгөөр ажиллуулах нь ажил олгогч, эздэд ашигтай. Харин ажилчид хөдөлмөрөө аль болох өндөр үнээр арилжих сонирхолтой. Ашиг, сонирхлын энэ ялгаа, зөрчилдөөн нь тэднийг мөнхийн дайснууд болгодог. Ажилтан цалингаа нэмүүлэх, ажлын нөхцөлөө сайжруулах, эрх ашгаа хамгаалахаар ганцаараа тэмцвэл эрх мэдэлтний өмнө хүчин мөхөстөнө. Харин ч бүр ийм үг цухуйлгасныхаа төлөө ажлаас “хусагдах” эрсдэлтэй нүүр тулдаг. “Ажиллаж чадахгүй бол зайгаа тавь. Дараагийн хүн нь бий шүү” гэх нь ч энүүхэнд. Учир нь хэнийг ажилд авах, халахаа эзэн л мэднэ. Гэтэл амьдралын эх үүсвэр болсон ажлаасаа салахыг хэн ч хүсэхгүй. Иймээс ажилтан эрх нь зөрчигдсөн ч хэлээ хазаад өнгөрөх, эсвэл өөр ажил хайхаас аргагүй болдог. Харин тэд нэгдэж, үйлдвэрчний эвлэл байгуулбал эзэнтэйгээ эрх тэгш харилцах боломжтой. Түүнчлэн санал бодлоо илэрхийлэх, шаардлага тавих, хэлэлцээр хийх замаар тэмцэж, эрх ашгаа хамгаална.


Харамсалтай нь иргэд үүнийг мэддэггүй, нөгөө талаас ажил олгогчид өөрсдөөс нь том дуугарах үйлдвэрчний эвлэлийг аль болохоор байгуулахгүй байхыг эрмэлздэг. Үүнээс болж, хөдөлмөрийн маргаан гарлаа гэхэд ажилтан эрхээ хамгаалж чадахгүйд хүрч, хохирдог байна. Шинээр байгуулагдсан цайны газрын эзэд үйлчлүүлэгчдээ татахын тулд тухайн салбарт олон жил ажилласан зэргэлдээх газрын ажилчдад илүү хөлс амлан ажиллуулжээ. Ажилчид долоон сар ажиллахад эзэн амласан хөлсөө өгсөнгүй. Иймээс тэд гомдол гарган, шүүх цагдаа болсон ч гэрээ байгуулаагүй, мөн үйлдвэрчний эвлэлгүй учраас хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохироод үлдэж. Өөр нэг жишээ. Нэр бүхий компанийн хэсэг ажилтан Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулсанд компанийн удирдлага нь дургүйцэж, хороо байгуулахыг дэмжсэн 49 ажилтныг халсан байна. Ажилтнууд шүүхэд хандсанаар нөхөн олговор авчээ.

Энэ бол үйлдвэрчний эвлэлтэй, эвлэлгүйн ялгаа. Үйлдвэрчний эвлэл бол ажилтан, ажилчдын эвлэлдэн нэгдэж байгуулсан иргэний нийгмийн байгууллага. Үйлдвэрчний эвлэл байгуулахын тулд хоёр болон түүнээс олон хүн үзэл бодлоороо нэгдэж, хамгийн ойр байгаа ийм төрлийн байгууллагад хандаж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд л хангалттай. Түүнээс биш хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Нэг байгууллагад хэдэн ч үйлдвэрчний эвлэл байж болохоос гадна ажил олгогч ч эвлэлдэн нэгдэх эрхтэй бөгөөд гишүүдийн хандив, татвараар үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтооно. Гэхдээ үйлдвэрчний эвлэл байгуулсан төдийгөөр бүх зүйл сайхан болчихгүй. Ажил олгогчид үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, гишүүдийн татварыг дураараа захиран зарцуулахыг шаарддаг зэргээс шалтгаалж тус байгууллага хараат бусаар ажиллаж чаддаггүй гэнэ.


Үйлдвэрчний эвлэлийн гишүүд ажлаас халагдах, албан тушаал, цалин хөлс буурах зэргээр хөдөлмөрлөх эрхээ зөрчүүлдэг. Ийнхүү ажил олгогч байгууллагын удирдах албан тушаалтан, захиргааны албан хаагчид үйлдвэрчний эвлэлийн гишүүд, сонгуульт ажилтныг ялгаварладаг нь саад бэрхшээл болдог аж. Гэхдээ үйлдвэрчний эвлэлтэй ажилчид эвлэлгүй байгууллагын хүмүүсийг бодвол эрхээ илүү хамгаалуулдаг. Хүний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдох эрхийг хамгаалах нь үйлдвэрчний эвлэлийн хамгийн том зорилго. Манайд аймаг, нийслэлийн 22, авто зам, барилга, боловсрол, шинжлэх ухааны гэх мэт мэргэжил, үйлдвэрлэлийн 14 холбоо, 2329 эвлэлийн хороо, 219.3 мянган гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. МҮЭХны дүрэмд зааснаар тус холбоо нь Засгийн газар, улс төрийн нам, ажил олгогчид болон бусад этгээдээс хараат бус байж, үйл ажиллагаагаа чөлөөтэй, бие даан явуулах ёстой.

Гэхдээ энэ үүргээ биелүүлж байгаа эсэхийг холбогдох албаны хүмүүсээс тодруулахад “МҮЭХ нь социализмын дараа тогтолцоо нь эвдрээгүй байгууллага. Иргэний нийгмийн байгууллагын шинжээ хадгалж чадаагүй, улс төрийн нөлөөнд орсон, өөрийн хуультай, байцаагчийн эрхтэй хүмүүс байдаг ч нийгэмд өөрчлөлт хийх, хүний амьдралыг сайхан болгох гэхээсээ илүүтэйгээр хувийн ашиг сонирхолд автах гээд байдаг “уламжлалт” шинжээсээ хагацаж чадаагүй” гэж шүүмжилсэн. Угтаа иргэний нийгмийн шалгуур бол ашиг сонирхлоороо нэгдсэн бүлэг хүмүүсийн нэгдэл, бусармаг зүй бус үйлдлийг арилгахын төлөө дуугарах тайз, ядарсан хохирсныг өмгөөлөгч байх ёстой. Энэ шалгуураар МҮЭХ-г шүүвэл хаана яваа нь тодорхой. Үйлдвэрчний эвлэлд ажиллаж буй хүмүүсээс судалгаа авахад 34 хувь нь ажлаасаа болж дарамтлуулдаг, 28 хувь нь ажлын байрны баталгаагүй болдог, долоон хувь нь сахилгын шийтгэл хүлээдэг, үр дүнгийн урамшууллаас хасагддаг, 31 хувь нь ялгаварлан гадуурхагддаг гэж хариулсан байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх зохицуулалт тодорхой бус тул үйлдвэрчний эвлэлийн гишүүд, сонгуульт ажилтнууд хууль тогтоомжид заасан эрхээ эдэлж чаддаггүй гэнэ. Иймээс үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ажилчид эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалахад ажил олгогчийн зүгээс дарамт, шахалт үзүүлэх явдалд хариуцлага хүлээлгэх хэм хэмжээг хуульчлах шаардлагатай байгааг албаныхан онцоллоо. Түүнчлэн ажил олгогчид Үйлдвэрчний эвлэлийн хороог тараахаар оролдож, жагсаал, цуглаан хийхэд саад учруулан, сонгуульт ажилтны үйл ажиллагааг дэмждэггүй гэнэ. Энэ нь эргээд үйлдвэрчний эвлэлийнхэн ажилчдын эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой болоход нөлөөлдөг аж.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Г.АДЪЯА: Үйлдвэрчний эвлэлийг тарааж, бутаргах сонирхол албан тушаалтнуудад байна

МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Олон оронд үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг татан буулгах болсон гэсэн мэдээлэл хэвлэлээр гараад байгаа. Энэ үнэн үү?

-Үйлдвэрчний эвлэлийн хүч, эрх мэдлийг сулруулах зорилготой ийм мэдээлэл гарах болсон. Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн, эрх зүйн үйл ажиллагаа олон улсад баталгаажсан байдаг. Ажилчид хэнээс ч зөвшөөрөл авахгүйгээр эрх ашгаа хамгаалахын тулд эвлэлдэн нэгдэх эрхтэй. Манай байгууллага гишүүнчлэлээрээ Азидаа дээгүүрт, 26 орчим хувьтай байгаа. Хөдөлмөрийн гэрээтэй хоёр хүн тутмын нэг нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн байна. Гадаадын улс оронд үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн харин ч хүчээ авч буй. Дэлхийн 188 орон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүнчлэлтэй, үйлдвэрчний эвлэлээ хүлээн зөвшөөрсөн.

-Манай үйлдвэрчний эвлэлийн байгууллага хаана хүрээд, хаана нь хүрч чадахгүй байна вэ?

-Ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой ашиг сонирхлыг хамгаалах, боломжтой цалин олгох, зохистой цагийн тогтолцоо бүрдүүлж, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах зэрэг хүрээгээр манай үйл ажиллагааг тодорхойлж болно. Бид энэ бүхнийг 100 хувь хангасан гэж хэлэхгүй. Ямар ч байсан үйлдвэрчний эвлэлтэй газрын ажиллагсдын цалин хөлс эвлэлгүй газраас илүү байгаа нь статитистик, судалгаагаар батлагддаг. Монголчуудын цалин дэлхийн дунджаас доогуур байгаа. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх нь бидний зорилго. Хоёрдугаарт, хүн эрүүл, аюулгүй орчинд ажиллах ёстой.

2014 онд л гэхэд 330 гаруй хүн үйлдвэрлэлийн осолд орсон байна. Барилгын салбарт л гэхэд 26 хүн нас барлаа. Аюулгүй байдлын үзүүлэлтээр Монгол дэлхийд мөн л сүүл мушгиж байна. Аюулгүй, эрүүл нөхцөлд хөдөлмөрлөх орчин бүрдэх яагаа ч үгүй. Бүх салбарт хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ. Үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай. Нийгмийн хамгаалал, даатгалын үйлчилгээний гадна малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч гээд олон мянган хүн байсаар байна. Хөдөлмөр эрхэлж байгаа 1.15 сая хүний 53 хувь нь зохион байгуулалт, хамгаалалтгүй салбарт ажилладаг. Манай Хөдөлмөрийн хууль тэнд үйлчилж, тэднийг хамгаалж чаддаггүй.

-Танайх 2014 онд хэдэн хүний эрх ашгийг хамгаалсан бэ?

-Сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотойгоор ажлын байр, цалин тогтворгүй байна. Иймээс манайд хандах иргэдийн тоо нэмэгдсэн. Манайд хуульч, өмгөөлөгчдийн баг ажилладаг. Үүгээрээ дамжуулж, ажлаас хууль бусаар халагдсан хүмүүст өмгөөллийн туслалцаа үзүүлдэг. 2014 онд 3861 хүнд хууль зүйн зөвлөгөө өгсөн. Гишүүн 79 хүнд хууль зүйн зөвлөгөө өгснөөс 97 хувийнх нь асуудлыг шийдвэрлэсэн. 2015 оны улсын төсвийг батлуулахад цалин хөлсөнд мөнгө нэмэх боломжгүй гэж байсан бол бид цалин, хөлс нэмэгдүүлэхэд 130 тэрбум төгрөг суулгуулсан. Энэ бол том үр дүн.

Манайх 1992 оноос эхлэн гишүүд, хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон нийгэм, эдийн засгийн ашиг сонирхлыг нь хангуулах зорилгоор Засгийн газар болон ажил олгогч эздийн улсын хэмжээний байгууллагатай Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт улсын хэлэлцээр 17 удаа байгуулсан. Энэ хүрээнд 2014 онд 180 мянган төрийн албан хаагчийн цалинг үе шаттайгаар нэмэгдүүллээ. Түүнчлэн хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй 100 мянга орчим гишүүдийнхээ цалин хөлсийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд 10-18 хувиар нэмэгдүүлсэн.

-Манайд хууль, эрх зүйн орчин ямар байна вэ?

-Үйлдвэрчний эвлэлийн эрхийг доройтуулсан зүйл хууль, эрх зүйн орчинд байхгүй. Харин төрийн захиргааны байгууллага, хүмүүсийн зан үйлдлээс болж, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд саад болохыг оролдох, нийгэмд ийм байгууллага хэрэггүй гэсэн ойлголт төрүүлэх, үйл ажиллагааны хүрээг хумих, сулруулах байдал ажиглагддаг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг тарааж, бутаргах сонирхол албан тушаалтнуудад байх шиг байна.

-Үйлдвэрчний эвлэлийг төрд орох шат дамжлага болгон ашиглаж байна гэж хардах хүн олон байдаг. Үүнийг та юу гэж үздэг вэ?

-Энэ бол үйлдвэрчний эвлэлд сонгогчдын итгэх итгэл өндөр байгааг харуулж байна. Хэн ч гэсэн Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхтэй. Үйлдвэрчний эвлэлийн дарга л байна, өөр юу ч хийхгүй гэсэн олон улсын болон үндэсний хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй. Үйлдвэрчний эвлэлийнхэн гадна жагсаал хийхээс парламентад орох нь илүү үр дүнтэй. Үүнийг төрд суух шат дамжлага гэхээсээ иргэдийн итгэл гэж харж байна.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба