Монголд холливудын түвшний кино цогцолбор байгуулна

2015 оны 05 сарын 19

 

БСШУ-ы сайд Л.Гантөмөр өнөөдөр Америкийн нэгдсэн улсын Холивудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монголд Холивудын түвшний киноны цогцолбор байгуулах талаар ярилцлаа. Уулзалтад БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, “Hollywood film Academy”-ийн гэрээт төлөөлөгч “Cinemajic entertainment” компанийн захирал, продюсер Брэдли Хонг, Уолт Дисней компанийн харьяа ESPN, ABC, CBC, TS Turner Sport сувгуудыг үүсгэн байгуулагч, продюсер, Олимпийн зохицуулах продюсер Майкл Пёорл, Холивудын Тулааны урлагийн найруулагч, орлон тоглогч (Жет Ли, Жеки Чан, Жэйсон Стэдэм зэрэг Холивудын алдарт жүжигчдийн тулааны дасгалжуулагч. Карибын тэнгисийн дээрэмчид, Кун фу Панда, Оддын дайн гэх мэт уран бүтээлүүд дээр ажиллаж байсан)  Эрик Чан, Өвөр Монголын киночдын нийгэмлэгийн тэргүүн Нин Чай, Монголын кино урлагийн зөвлөлийн тэргүүн Д. Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Эдгээр хүмүүс "Hollywood film school Mongolia" ХХК-ны урилгаар манай улсад ирээд байгаа юм. "Hollywood film school Mongolia" ХХК нь Холивудын киноны сургуулийн сургалтын модулийг худалдаж аван Монголын кино урлагийн сургуулиудад нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа энэ үеэр дуулгаж, БСШУ-ны сайдаас кино урлагийн сургалт явуулдаг төрийн өмчийн сургуулиудад дээрх модулийг нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн юм. Мөн Монголд Холивудын хэмжээний томоохон киноны цогцолбор байгуулж түүнийхээ харьяа кино урлагийн сургууль байгуулах, кино урлагийг дэмжих сан байгуулах, Уолт диснейг Монголд оруулж ирэхээр зорьж байгаагаа дуулган төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэхийг хүслээ. 

Уулзалтын төгсгөлд БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Та бүхнийг Монголд ирсэнд баяртай байна. Ялангуяа  Монголд Холивудын кино урлагийн сургалтыг нэвтрүүлж, сургууль байгуулах гэж байгаад их талархаж байна. Та бүхний зорьж буй Монголд Холивудын хэмжээний томоохон кино цогцолбор байгуулах ажил болон сургууль байгуулах ажилд бодлогын хэмжээнд дэмжлэг үзүүлэх болно. Үүний тулд киноны хуулиа яаралтай хийх шаардлагатай байгаа. Кино урлагийг дэмжих сан байгуулах саналыг ч мөн их дэмжиж байна. Франц улсад жишээ нь нэг хүн есөн ам.доллараар кино үзлээ гэхэд нэг ам.доллар нь тэр сан руу орж байдаг. Манайд энэ зохицуулалт их хэрэгтэй. Бид үүнийг хуулиндаа тусгаж өгнө. Монголд Моливуд байгуулах тухайд та бүхэн кино цогцолборынхоо техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслөө бэлдээд ирвэл бид Засгийн Газарт санал тавьж, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж болно” гэв. 

Мөн Холивудаас 2016 онд “Чингис хаан” кино бүтээхээр зорьж байгаа бөгөөд зураг авалтын 20 хувийг Монголд хийхээр төлөвлөжээ. Уулзалтын үеэр Хятадын Кино урлагийн төлөөлөгчид “Чингис хаан” киног Монгол улстай хамтран хийх хүсэлтэй байгаагаа мэдэгдээд, зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлэхэд туслалцаа хүсч байгаагаа илэрхийлсэн юм. БСШУ-ны сайд энэ ажилд ч мөн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийллээ.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба