Т.Аюурсайхан: Дугуй түгжүүлсний төлбөр төлөх ёсгүй

2015 оны 05 сарын 19

 

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Машинаа ачуулж, 70-80 мянган төгрөг төлсөн, дугуйгаа түгжүүлсэн иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ. Буруу шийдвэр гаргасан нийслэлийн Засаг дарга, ИТХ уу, эсвэл  мөнгө хураасан аж ахуйн нэгж нь үү?

-Чухам аль байгууллага хохирол барагдуулахыг шүүх тогтооно.

-Машинаа ачуулж, 70-80 мянган төгрөг төлсөн иргэдэд зөрүүг нь олгоно гэсэн үг үү?

-Үгүй. Шийдвэр бүхэлдээ хууль бус учраас иргэдийн хохирлыг 100 хувь барагдуулна.

-Нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хуулийн хүрээнд гаргасан. Нийслэлийн ИТХ ийм шийдвэр гаргах эрхтэй эсэхийг ярих эрх бүхий байгууллага нь ШӨХТГ биш” гэж мэдэгдсэн. Танайх ИТХ-ын шийдвэрийг хянах эрх бүхий байгууллага мөн үү?

-Өрсөлдөөний тухай хуулийн гуравдугаар зүйлд зааснаар манай байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шалгах эрхтэй. Улсын байцаагчийн дүгнэлтийг зөрчил гаргасан хүмүүс хүлээж авсан. Тэд энэ шийдвэртэй санал нийлэхгүй бол манай байгууллага, эсвэл шүүхэд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Буруутай этгээд тус бүрийг 960 мянган төгрөгөөр торгосон. Үүнийг хууль бус гэж үзвэл 14 хоногийн дотор эрх бүхий байгууллагад гомдол гаргах боломжтой. Гэвч хэн ч гомдол гаргаагүй. 

-Одоо ч гэсэн автомашины дугуйг түгжин, хураамж авсаар байгаа. Иргэд мөнгө төлөх ёстой юу?

-Хууль зөрчсөн шийдвэр учраас төлөх ёсгүй.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба