Машинаа ачуулж, 70-80 мянган төгрөг төлсөн, дугуйгаа түгжүүлсэн иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлнэ

2015 оны 05 сарын 19

 

Автомашин ачих болон дугуй түгжихтэй холбоотойгоор гаргасан нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын шийдвэрээс хэд хэдэн зөрчил илрүүлснээ ШӨХТГ өнгөрсөн гуравдугаар сард танилцуулсан. Тодруулбал, автомашин зөөж, шилжүүлэх эрх бүхий 14 аж ахуйн нэгж байдгаас 13 нь хувийнх. Тэд улсын төсөвт нэг ч төгрөг төлдөггүй. Мөн машин ачих төлбөрийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тогтоосон нь хууль бус шийдвэр гэнэ. Учир нь холбогдох хууль, журамд зааснаар энэ мөнгийг Цагдаагийн ерөнхий газрын дарга тогтоох ёстой байжээ. Харин ЦЕГ-ын дарга өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх зардлыг 55.000 төгрөг байхаар тогтоосноор алдаагаа зассан байна. Гэтэл энэ хугацаанд 9230 иргэн машинаа ачуулж, тус бүр 70-80 мянган төгрөг, нийт 647.7 сая төгрөгийн хураамж төлжээ. Түүнчлэн нийслэлийн ИТХ-аас гаргасан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” нь хүчин төгөлдөр бус аж. Холбогдох хуульд машинаа нэгдүгээр эгнээнд байрлуулж, хөдөлгөөнд саад учруулбал зөөж, шилжүүлнэ гэж заасан. Гэтэл нийслэлийн ИТХ-аас журам гаргаж, хуульд зааснаас өөр зохицуулалт хийсэн нь хууль зөрчжээ. Үүнээс болж 11.700 иргэн авто машиныхаа дугуйг түгжүүлж, 234 сая төгрөг төлсөн байна. Тэдний хохирлыг барагдуулахаа ШӨХТГ-аас мэдэгсэн бол нийслэлийн холбогдох албаны хүмүүс “ШӨХТГ нийслэлийн ИТХ-ын шийдвэрт хяналт тавих эрх бүхий байгууллага биш” хэмээсэн. Тэгвэл өчигдөр ШӨХТГ-аас иргэдийн гомдлыг хүлээн авч, 2013 оноос 2014 оны арваннэгдүгээр сарын 20-ны хооронд машинаа ачуулж, 70-80 мянган төгрөг төлсөн болон өнөөдрийг хүртэл дугуйгаа түгжүүлсэн иргэдийн хохирлыг барагдуулж, стратегийн өмгөөлөл үзүүлэхээр болсноо мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор тус газар “Шударга төрийн төлөө” төрийн бус байгууллага, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Иргэд ШӨХТГ-т хандаж, хохирлоо барагдуулах боломжтой гэнэ. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба