“БАТ-ҮҮЛ ДАРГАА НАР ХАЙРЛА”

2015 оны 05 сарын 13

Ийм үгтэй, бас “Хүүхдүүд бид гадаа тогломоор байна”, “Гишгэх газар алга”, “Аюулгүй амьдармаар байна”, “Газрын наймаагаа зогсоо”, “Гэрээгээ зөрчихөө боль” гэсэн лоозонг байрныхаа цонхон дээр ярайтал хаджээ. Эд бол “Гранд” плазагийн ард байрлах 16 давхар байрны оршин суугчид. Тэд байрных нь урд зочид буудлын барилга барьж буйг эсэргүүцэж, хөл хүрэх газраа хүртэл яваад арга мухардахдаа тэмцлийн ийм хэлбэрийг сонгосон нь энэ. Үгүй ядаж л сонгууль дөхөж байгаа юм чинь дүүргээс нь УИХ-д сонгогдсон эрхмүүд үүнийг хараад, хариу арга хэмжээ авах байх гэж итгэжээ. Иргэдийн амьдардаг тус 16 давхар байр таван блокоос бүрддэг юм билээ. Хоёр нь 2012 оны арванхоёрдугаар сард арай чамай ашиглалтад орж, 200 гаруй хүн хүчээр шахуу орох оронтой болжээ.

Гэхдээ эл байрыг өдий хүртэл улсын комисс хүлээж аваагүй юм билээ. Зарим иргэн бүр 10 жил айлаар явж байж байрандаа орсон гэнэ. Тус байрыг Хятадын хөрөнгө оруулалттай “Ти Си Ди” компани бариулжээ. Ингэхдээ цөөн хүний хүчээр олон жил барьсан гэнэ. Энэ нь дүүрч гэхэд байрны гадна талын тохижилт, хүүхэд тоглох талбай байтугай явган хүний зам ч алга. Ийм байтал орон сууцны нарыг хааж, урд талд нь зочид буудал барихаар хүрэн хашаа хатган, дотор нь шороо овоолж, газар ухан, суурь цутгажээ. “Нурах аюултай” хэмээн бичсэн хашааны дэргэд оршин суугчдын 10-аад машин байв. Уг нь энд зочид буудал биш орон сууц, үлдсэн зайнд нь ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол барих ёстой байж. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас барилгын ажил эхэлж, оршин суугчид үүнтэй тэмцэн, газар ухсан байсныг нь болиулжээ.

Улмаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандахад барилгын зай хэт ойрхон байна хэмээн таван метрээр холдуулсан гэнэ. Гэтэл саяхнаас хоорондын зайг харин ч ойртуулж, сууриа цутгаад эхэлсэн гэж иргэд ярив. Барилгын ажлаа шөнө хийдэг тул оршин суугчид хоёр шөнө нойргүй хонож, дүүргийн цагдаагийнхныг ч дуудсан байна. Харамсалтай нь гурав дахь шөнөөс цагдаа нар ирсэнгүй. Учрыг тодруулахад “Дарга нар наана чинь очиж болохгүй гэсэн” хэмээсэн аж. Нас бага, цус шингэн залуучууд бухимдахдаа нэгнийхээ аминд хүрч магадгүй байхад цагдаагийнхан нь иргэнийхээ амийг гаргуунд гаргасан хэмээн оршин суугчид бухимдаж байна. Барилгын үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдийн машины цонх, шилийг хагалах болсон тул тэд энэ талаар ярихаас цааргалах болжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн иргэн “Би III, IV хорооллын байраа зараад энд байр захиалсан. Хамгийн гол нь газар дор хоёр давхар 270 машины дулаан зогсоолтой, үнэ нь 10 сая төгрөгөөс хэтрэхгүй гэсэнд нь болсон юм. Харамсалтай нь, дараа нь зогсоолоо 45 сая төгрөгөөр үнэлсэн. Ногоон байгууламж, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайгүй нь бидний эрхийг зөрчиж байна. Ийм жаахан талбайд зочид буудал барихаар яах болж байна аа. Бид насан туршдаа аюултай орчинд амьдрах нь. Одоо нийслэлийн Мэргэжлийн хяналт болон Ерөнхий төлөвлөгөөний газарт хандахаар “Өмнө нь ийм хүсэлт гаргаж байсан” гээд хүлээж авдаггүй. Хотын даргатай уулзъя гэхээр цаг авна. Тэгээд нэг сараас наашгүй. Монголын төр 200 хүний биш, яагаад нэг компанийн төлөө үйлчлээд байгаа юм бол. Өвөл нэг айлд гал гарахад галын машин орж чадаагүй. Бидэнд одоо хандах газар алга. Яахаа мэдэхгүй, мухардчихаад байна. Бат-Үүл даргаа бидний эрх насан туршид минь зөрчигдөх нь ээ. Та холбогдох хүмүүсээр нь шалгуулж өгөөч” хэмээн манай сониноор дамжуулан нийслэлийн Засаг даргаас тусламж хүслээ.

“Ти Си Ди” компани байрныхаа 16 дугаар давхарт байрладаг юм билээ. Ажилтнууд нь “Бид энэ газар юу барихыг мэдэхгүй. Манайтай ямар ч хамааралгүй” гэсэн юм. Тоглоомын талбай барихаар төлөвлөж байсан хэрнээ одоо болохоор мэдэхгүй гэдэг нь сонин. Зочид буудлын барилгын захиалагчаар “Солонго лайн”, гүйцэтгэгчээр “Гарнет бриллиант” компани ажиллаж байгаа аж. “Гарнет бриллиант” компанийн ерөнхий инженер Ө.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ газарт орон сууц, хүүхдийн тоглоомын талбай барихаар төлөвлөж байсан гэсэн. Яагаад зочид буудал барихаар болсон бэ?

-Зочид буудлын барилгыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл бий. Анх энэ хотхоны бүтээн байгуулалт 2008 онд эхэлсэн. Нийслэлээс баталж өгсөн ерөнхий төлөвлөгөөнд анхнаасаа зочид буудлын барилгын зураг төсөл байсан. Ногоон байгууламж, машины зогсоол ч төлөвлөгдсөн хэвээрээ байгаа. Бид дураараа барилга барих гээгүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар барилгын өндрөөс хамаарч хоорондын зайг 15-45 метр гэж тогтоосон байдаг. Манай барилгын зай орон сууцнаас 45 метр зайтай байгаа. Хууль зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Энд 16 давхар олон улсын зэрэглэлтэй зочид буудал барина. Ирэх онд манайд АСЕМ-ийн уулзалт болно. Үүнд бид хувь нэмэр оруулж, төрөөс нэг ч төгрөг авалгүй, хувийн хөрөнгө оруулалтаар том бүтээн байгуулалт хийж байна. АСЕМ-ийн уулзалтаас өмнө зочид буудлыг ашиглалтад оруулна.

-Барилга хоорондын зайг таван метр холдуулсан ч эргээд бүр ойртуулсан гэж иргэд ярьсан. Зураг төслийг анх батлагдсанаас нь өөрчилсөн юм биш үү?

-Зураг төсөл 2014 онд батлагдсанаасаа хойш өөрчлөгдөөгүй. Энд “Хуашинь” нэртэй хятад хоолны ресторан байсан. Тэр барилгыг буулгаж, хогийг нь зайлуулж байхад иргэд бидний ажилд саад болсон. Үлдэгдэл хогийг барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу ажлаа эхлээд явж байхдаа хаясан. Зарим иргэн мөнгө өгвөл эсэргүүцэхээ болино гэж хэлсэн.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба