BRT төслийн нэгдүгээр шатны санхүүжилтийг шийдвэрлэлээ

2015 оны 05 сарын 05

 

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар  хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” буюу BRT /Bus rapid transit/-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуулийн төслийг УИХ-аар баталсан. Уг хөтөлбөрийн анхан шатны санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Ж.Эрдэнэбат,  Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр нар гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын  баримт бичигт тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй замуудаар тусгай замын автобус эхний ээлжинд явуулахаар төлөвлөсөн. Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан, зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулдаг онцлогтой. Мөн нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай юм. Нийслэлийн ЗДТГ, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам 2009 оноос тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зөвшилцөж, төслийн урьдчилсан судалгаа хийхээр “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийг 2011 он хүртэл хэрэгжүүлсэн. Харин ажлын цар хүрээ ихтэй, томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын энэхүү төслийг салбарын бодлоготой уялдуулж санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, 7-10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая, Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийх юм.

Нэгдүгээр санхүүжилтийн хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

  • Босоо тэнхлэгийн дагуу 7.7 км замыг сайжруулах
  • Энхтайвны гүүрний өргөтгөлийн ажил
  • Босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусны 14 км шугамын барилгын ажил
  • Автобусны буудлууд байгуулж тохижуулах ажил
  • Босоо тэнхлэгийн дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн 14 км замын дэд бүтцийг сайжруулах ажил
  • Автобусны байршил тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх
  • Дараагийн шатны ажлын нарийвчилсан зураг төсөл зэрэг ажлыг Азийн хөгжлийн банкны 59.9 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээл, Дэлхийн байгаль орчны байгууллагын 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 17 сая ам.долларын хөрөнгөөр хийхээр төлөвлөж байна.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба