Нурах аюултай болсон байранд 200 гаруй иргэн амьдардаг

2015 оны 04 сарын 22

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны хажуу талын үерийн даланг "Би Жи Би Жи" компани нураан, барилга барих гэснээс болж тус байрны суурь нь хазайжээ. Иймээс Дүүргийн онцгой комисс өчигдөр 15.00 цагийн орчимд хуралдаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд эргэн тойрныг нь цагдаа, онцгой байдлын албаныхан хамгаалалтад аваад байна. Зарим иргэн машиндаа ойр зуурын эд хогшил, хувцас, үнэт зүйл, бичиг баримтаа ачин явж байв. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар байрыг гурван хоног лацдаж, 49 айлын 200 гаруй оршин суугчдыг буудалд байрлуулахаар болсон гэнэ.

Дүүргийн удирдлагууд энд барилга барих боломжгүй гэдгийг зөвшөөрөл олгосон байгууллага болон "Би Жи Би Жи" компанийнханд удаа дараа мэдэгдсэн ч үр дүнд хүрээгүй аж.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба